Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00855

 

 

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00855

 

 З.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/01154 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х ХХК-д холбогдох, 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцачийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2017 оны 01 сарын 21-ний өдөр Х ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, Тээвэрчдийн гудамж, **-р байрны *** тоот орон сууцыг зээлээр худалдан авахаар тохиролцсон. Гэтэл Х ХХК гэрээний дагуу байрны төлбөрийг сар бүр тогтмол авч байсан хэдий ч өмчлөх эрхийн гэрчилгээг Н.А, О.Г нарт гарган, орон сууцыг албадан чөлөөлөхийг шаардаж эхэлсэн. Дээрх этгээдүүд маргаан бүхий орон сууцыг худалдаж аваагүй, тухайн орон сууцанд амьдардаггүй атлаа Х ХХК болон менежер Ж.О нартай хамтран миний худалдан авсан орон сууцыг залилан мэхэлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Шүүхийн шийдвэрээр намайг тус байрыг чөлөөлөхийг даалгасан. Тухайн маргаанд гуравдагч этгээдээр Х ХХК оролцсон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 сарын 26-ны өдрийн 01466 дугаар магадлалд дурдсаны дагуу надад 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Тус компани нь З.М-тэй 2017 оны 01 сарын 21-ний өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-гээр компанийн өмчлөлийн Баянгол дүүрэг, **-р хороо, Тээвэрчдийн гудамж **-р байрны ** давхарт байрлах, 65,83 м.кв талбай бүхий орон сууцыг 2018 оны 09 сарын 01-ний өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж худалдаж авахаар харилцан тохиролцсон. Гэвч З.М гэрээгээр тохирсон хугацааны дотор төлбөрийг хийгээгүй. Х ХХК-аас З.М-т тооцоогоо хийхийг удаа дараа сануулж мэдэгдэж байсан. Үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй тул 2022 оны 03 сарын 22-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, гэрээг цуцалсан. Талуудын хооронд үйлдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа-гаар орон сууц захиалгын гэрээний дагуу төлж байсан төлбөрийг орон сууцны түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцож, орон сууцыг 2023 оны 11 сарын 22-ны өдрийг хүртэл түрээслэхээр болсон. З.М 2023 оны 11 сарын 30-ны өдөр орон сууцыг чөлөөлж өгсөн. З.М-ийн нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/01743 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 сарын 26-ний өдрийн 210/МА2023/01466 дугаартай магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн. З.М нь гэрээгээр тохирсноор орон сууцыг анх хүлээж авсан байдлаар нь хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан боловч холбогдох засвар үйлчилгээг хийж өгөөгүй бөгөөд орон сууцны засварт манай компани 10,000,000 гаруй төгрөгийн үйлчилгээ хийсэн болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг үндэслэн З.М-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Х ХХК-аас 12,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.М-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,905 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Х ХХК-аас 206,905 төгрөг гаргуулан З.М-т олгож шийдвэрлэжээ.

4.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:

4.1.  Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж, тайлбар бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.6-д тус тус заасныг илтэд зөрчсөн.

4.2.  Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 01 сарын 21-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ-ний үүргээ нэхэмжлэгч З.М нь биелүүлээгүй тул Х ХХК гэрээнээс татгалзаж, гэрээний 5.1-д заасныг үндэслэн Тооцооны үлдэгдлийн баталгаа-ны баримт үйлдсэн. Уг баталгааны дагуу З.М-ийн амьдарч байсан 2017 оны 01 сарын 21-ний өдрөөс 2023 оны 01 сарын 22-ны өдрийг хүртэл хугацааг гэрээний 5.1-д заасны дагуу түрээсийн төлбөрт тооцсон. Гэтэл анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг байхгүй мэтээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн.

4.3.  Мөн Х ХХК-ийн зүгээс орон сууцыг 2023 оны 11 сарын 22-ны өдрөөс өмнө чөлөөлж өгсөн тохиолдолд эвлэрэх боломжтой талаар гаргасан санал байдаг. Гэвч З.М орон сууцыг 2023 оны 12 сарын 01-ний өдөр чөлөөлж өгсөн. Иймд Тооцооны үлдэгдлийн баталгаа-ны дагуу З.М-тэй аливаа төлбөр тооцоо байхгүй болно. Мөн З.М илүү төлөлт хийгээгүй бөгөөд гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, үүргээ биелүүлж чадаагүй тул гэрээг цуцалсан.

4.4.  2023 онд анхан болон давж заалдах шатны шүүхээр хэргийг тал бүрээс нь шинжлэн судалж эцэслэн шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг зөрчиж иргэний хэрэг үүсгэж шүүхээр шийдвэрлэсэн үйл баримтыг дахин хянан хэлэлцсэн нь хуулийн холбогдох зүйл заалтыг илтэд зөрчсөн.

4.5.  Хэргийн бодит байдалд нэхэмжлэгч З.М нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй тул Х ХХК-аас Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан Тооцооны үлдэгдлийн баталгаа-г үйлдсэн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхойлж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь Х ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг илтэд зөрчсөн шийдвэр гаргалаа.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:  

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамж хуваарилсан заалтад өөрчлөлт оруулав.

2.   Нэхэмжлэгч З.М нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ ...давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсаны дагуу... гэж тайлбарлажээ. /хх 1/

Хариуцагч нь дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа... гэж тайлбарлан маргажээ. /хх 18/

3.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/01743 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 сарын 26-ны өдрийн 210/МА2023/01466 дугаар магадлалаар нэхэмжлэгч Н.А, О.Г нарын нэхэмжлэлтэй, хариуцагч З.М-т холбогдох, орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Н.Ариунаа, О.Г нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, **-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16030/, Тээвэрчдийн гудамж, **-р байрны *** тоот хаягт байршилтай 65.83 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг З.М-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн байна. /хх 4-6, 7-9/

4.   Дээрх маргаанд хариуцагч Х ХХК нь гуравдагч этгээдээр оролцсон байх ба давж заалдах шатны шүүх хуралдаанд ...2023 оны 11 сарын 22-ны өдрөөс өмнөх цаг хугацаанд маргааныг шүүх шийдвэрлэсэнтэй холбоотойгоор 12,000,000 төгрөгийг хариуцагч З.М-т буцаан олгоход татгалзах зүйлгүй... гэсэн тайлбарыг гаргасан болох нь магадлалын хянавал хэсгийн 6-д тусгагджээ. /хх 9-арын нүүр/

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар гуравдагч этгээдийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд тооцогдоно.

6.   Дээрх хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан баримтыг нэгтгэн дүгнэж үнэлэхэд:

6.1.  Н.А, О.Г нарын нэхэмжлэлтэй, З.М-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалыг З.М-ийн нэхэмжлэлтэй, Х ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхгүй, улмаар ...нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа... гэх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

6.2.  Нэхэмжлэгч З.М нь шүүхийн магадлалд тусгагдсан Х ХХК-ийн тайлбарыг үндэслэн 12,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан зохицуулалтад нийцжээ.

7. Хариуцагч талын гаргасан ...шүүх 2022 оны 03 сарын 22-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа-г үнэлээгүй... гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Учир нь, уг Тооцооны үлдэгдлийн баталгаа-наас хойшхи цаг хугацаанд буюу 2023 оны 07 сарын 26-ны өдөр Х ХХК нь 12,000,000 төгрөгийг З.М-т буцаан олгох хүсэл зоригийг илэрхийлсэн байна. /хх 9-арын нүүр/

8.   Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/01154 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,905 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 45 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 206,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.М-т буцаан олгосугай гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Х ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 03 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 207,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.НЯМБАЗАР