Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 241

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Д.Мөнхцэцэг,   

шүүгдэгч Л.Ө , түүний өмгөөлөгч С.Баттамир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б  овогт Л-ийн  Ө-д  холбогдох эрүүгийн 1910002830168 дугаартай, 187/2019/0231/Э индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ......-нд Дорноговь аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..... хамт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршул таун ..... тоотод оршин суух, урьд 1994 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1,3, 86 дугаар зүйлийн 86.2-т зааснаар 15 жилийн хугацаагаар хорих, 1998 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 14 жил 4 сар 14 хоногийн хугацаагаар хорих, 2013 онд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар торгох ял тус тус шийтгүүлсэн, Б  овогт Л-ийн  Ө  /РД:....../ 

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Ө  нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 2-81 тоотод хохирогч Б.Долгоржавтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Л.Ө  нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 2-81 тоотод хохирогч Б.Долгоржавтай чи яагаад манай дэлгүүрт юм зарж байгаа юм бэ, чи миний өөдөөс хэрүүл хийлээ гэх шалтгаанаар уурлахад нь би таны өдөөс хэрүүл хийгээгүй шүү дээ гэж хэлэхэд түүний нүүрэн тус газарт нь гараа атгаж хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:  

1. Шүүгдэгч Л.Ө ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Б-Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн эгчийн ажил дээр байж байтал нөхөр нь болох Ө  орж ирээд чи яагаад манай дэлгүүр дотор юм зарж байгаа юм бэ гэж хэлээд уурласан. Тэгэхээр нь би одоо зарахаа больсон гэж хэлсэн чинь гарч явсан. Удалгүй буцаж орж ирээд чи миний өөдөөс тайлбар тавьж хэрүүл хийлээ гэж уурлахаар нь би таны өмнөөс хэрүүл хийлээ гэж уурлахаар нь би таны өмнөөс хэрүүл хийгээгүй шүү дээ гэж хэлсэн чинь намайг барьж аваад толгой руу гараа атгаж байгаад нилээд хэдэн удаа цохьсон. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Хэрэггүй юм үглэж байгаад хэрүүл маргаан гаргачихлаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/

            3. Гэрч Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Долгоржав эгч зогсоо зайгүй үглээд байхаар нь манай хүргэн ах Ө  араас нь очоод нүүр орчим нь гараараа нэг удаа цохьсон. Цохиулчихаад орилж чарлаад байсан. Би дээрээс бууж ирсэн бөгөөд миний харснаар нэг удаа цохиж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/

            4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1484/-ний дүгнэлт:

            -Б-Д биед зүүн шанаа, чих, чамархай, цээж, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            -Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

            -Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 25/

             12. Шүүгдэгч Л.Ө ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “....Долгоржав манай хоёр ажилтантай зогсоо зайгүй хэрүүл хийгээд байхаар нь боль гэж зөндөө шаардлага тавьж хэлсэн боловч үглээд байхаар нь уур хүрээд нүүр рүү нь нэг юм уу, хоёр удаа цохьсон. Нүүрний аль хэсэгт цохьсоноо санахгүй байна. Мөн энгэр хэсгээс нь татаад сандлаас босгосон. Хэргийн талаар ямар ч маргах зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Л.Ө  нь урьд 1994 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1,3, 86 дугаар зүйлийн 86.2-т зааснаар 15 жилийн хугацаагаар хорих, 1998 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 14 жил 4 сар 14 хоногийн хугацаагаар хорих, 2013 онд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар торгох ял тус тус шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-33/-аар тогтоогдлоо. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн ойлголт тусгагдаагүй тул Л.Ө ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1484/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Л.Ө  нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 2-81 тоотод хохирогч Б.Долгоржавтай “чи яагаад манай дэлгүүрт юм зарж байгаа юм бэ”, “чи миний өөдөөс хэрүүл хийлээ” гэх шалтгаанаар уурлахад нь “би таны өдөөс хэрүүл хийгээгүй шүү дээ” гэж хэлэхэд түүний нүүрэн тус газарт нь гараа атгаж хэд хэдэн удаа цохиж түүний биед зүүн шанаа, чих, чамархай, цээж, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.        

Иймд шүүгдэгч Л.Ө ий Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг  ойлгосон, хохирогч Б-Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/, түүний хувийн байдал /....41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Л.Ө д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Ө ий үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.        

Л.Ө д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б  овогт Л-ийн  Ө ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Л-ийн  Ө ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Ө д оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Л.Ө д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Л.Ө д сануулсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.Ө д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР