Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00912

 

 

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00912

 

М.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 101/ШШ2024/01041 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н-т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б, Д.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Зээлийн гэрээний барьцааны зүйл болох М.А-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, Баянзүрх дүүргийн **-р хороо, Н гудамж, ***-р байрны *** тоот хаягт байрлах 108.92 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 480,470,000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний Ф ХХК-ийн 2023 оны 09 сарын 11-ний өдрийн үнэлгээний тайланг М.А миний бие муу байсан тул 2023 оны 10 сарын 10-ны өдөр өмгөөлөгчөөрөө дамжуулан танилцсан. Орон сууцны одоогийн зах зээлийн үнэлгээ нь м.кв нь 5,000,000 төгрөг буюу 108.92 м.кв талбай нь 544,600,000 төгрөг болно. Н-ын шинжээчээр томилсон Ф ХХК-ийн үнэлгээ нь миний орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур, үндэслэлгүй үнэлсэнд гомдолтой байна. Иймд Ф ХХК-ийн 2023 оны 09 сарын 11-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол шүүхэд гаргасан үндэслэл илэрсэн бол шийдвэр гүйцэтгэгч ажлын 3 өдрийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх, хуулийг шууд утгаар нь хэрэгжүүлж мөн хуулийн 27.2.5-д заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь биш гэхэд, хэсэгчлэн дуудлага худалдааг түдгэлзүүлж, миний зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах эрхийг минь зөрчихгүй, худалдагдсан тул орон сууцаа чөлөөл гэх мэтээр надад шахалт, дарамт учруулахгүй байх бүрэн боломжтой байсан. Н, түүний ажилтнууд хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлдэггүй, хэт нэг талыг барьж төлбөр авагч талд үйлчилж, төлбөр төлөгчид ажиллагааны баримтыг цаг хугацаанд нь танилцуулдаггүй, аливаа мэдэгдлийг шуудангаар хүргүүлэх байдлаар ханддаг, шуудан нь ажлын цагаар ирж, гэрт хүн байхгүй байгааг тэмдэглээд буцаадаг, түүний дараа төлбөр төлөгчид утсаар мэдэгддэг зэрэг нь цаг хугацаа алдахад хүргэдэг тул орон сууц суллах мэдэгдлийг миний бие хүлээн авахаас татгалзсан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, 2023 оны 10 сарын 27-ны өдрийн М.А-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, Баянзүрх дүүргийн **-р хороо, Н гудамж, ***-р байрны *** тоот хаягт байрлах 108.92 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 342,000,000 төгрөгөөр худалдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/00601 дугаар шийдвэрээр Б.Б, М.А нараас 301,728,150 төгрөгийг гаргуулж У ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.А-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, Баянзүрх дүүргийн **-р хороо, Н гудамж, ***-р байрны *** тоотод байрлах 108.92 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар шинжээч томилж, шинжээч орон сууцыг 480,470,000 төгрөгөөр үнэлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дуудлага худалдаа нь хуульд заасан журмаар явагдсан гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар хариуцагч Н-т холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, Баянзүрх дүүрэг, **-р хороо, Н гудамж, ***-р байр, *** тоот хаягт байрлах, 108.92 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэгч М.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу үнэлгээний тайлан, дүгнэлтийг танилцуулаагүй, харин 1 хуудас мэдэгдэл танилцуулсан. Шүүх энэ 1 хуудас мэдэгдлийг танилцуулсан тэмдэглэлийг, Хөрөнгийн үнэлгээний тайлан танилцуулсан байна гэж дүгнэж шийдвэр гаргасан нь бодит байдалд нийцэхгүй. Тухайн мэдэгдлийг хожим харахад доод хэсэгт нь хөрөнгийн үнэлгээний тайланг хавсаргав гэж заасан байсан. Гэхдээ бодит байдалд надад ямар нэг үнэлгээний материал хүлээлгэж өгөөгүй. Иймд миний бие 2023 оны 10 сарын 10-ны өдөр өмгөөлөгчөөрөө дамжуулан танилцсаны үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үнэлгээний тайлан 20 гаран хуудас баримтыг надад танилцуулж, хүлээлгэж өгсөн бол энэ талаар баримт үйлдэгдэх ёстой. Тэгж байж л миний эрх хангагдах учиртай гэж үзэж байна. Гэтэл шүүх 1 хуудас мэдэгдэл танилцуулсан тэмдэглэлийг үнэлгээний тайлантай танилцуулсан байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв надад хуульд заасны дагуу үнэлгээний тайланг танилцуулсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т заасны дагуу бие даан худалдан борлуулах эрхээ хэрэгжүүлэх боломжоор бодитой хангагдах ёстой байсан. Гэтэл бүх үйл ажиллагааг хариуцагч байгууллага хэлбэрийн төдий хийж байгаа нь миний эрхийг зөрчиж байна.

4.2.  Шинжээч томилсон тогтоолоор Н.Ц гэж хувь хүнийг томилсон байхад Ф ХХК гэх хуулийн этгээд үнэлгээний тайлан үйлдсэн нь ойлгомжгүй байна. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад Ф ХХК нь нь хариуцагч байгууллагатай хамтран ажиллах, эсвэл ажил гүйцэтгэх гэрээтэй болох нь тогтоогдсон. Шүүхийн шинжилгээний хуульд заасны дагуу шинжээч томилж байгаа нь угтаа хөндлөнгийн, хараат бус, ямар нэг ашиг сонирхолын зөрчилгүй, ялангуяа гэрээний харилцаанд тулгуурлаагүй байх зорилготой. Гэтэл шинжээчийн өмнөөс гэрээт компани хөрөнгийн үнэлгээ хийгээд байгаа нь шинжээч хөндлөнгийн байх, хараат бус байх хуулийн заалтуудыг зөрчиж байгаагийн дээр тухайн компанийн хамаарал бүхий бусад этгээд шинжээчийн дүгнэлтэд нөлөөлөх боломжийг олгож байна. Ялангуяа Ф ХХК нь надтай, манай гэр бүлийн хүмүүстэй холбоотой үнэлгээг дагнан хийгээд байгаа нь ашиг сонирхолын зөрчилтэй, зориуд хэн нэгний захиалгаар үнэлгээ хийгээд байгааг харуулж байгаа бөгөөд энэ үндэслэлүүдээр тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

4.3.  Анхан шатны шүүх шинжээч гэж, нэг бол үнэлгээчин гэж тайлбарлаад, эсвэл хуулийн этгээдийн хэн аль нь байх нь шүүхийн шийдвэрт ялгаагүй юм шиг дүгнэлт хийгээд байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй. Хариуцагч байгууллага тогтоолоор шинжээч томилсон, дүгнэлт гаргаж ирүүлэхийг даалгасан. Шинжээчтэй холбоотой эрх, үүргийг таннлцуулсан, ямар нэг хуулийн этгээд, эсвэл гэрээний үндсэнд ажил үүрэг гүйцэтгэх үнэлгээчинд биш. Шүүхийн хуульд нийцээгүй дүгнэлт нь хуулийг буруу тайлбарлаж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж байна.

4.4.  Шинжээчийн дүгнэлтэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7, 18.1.8-д заасныг заавал тусгагдах ёстой. Гэтэл Ф ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд энэ талаар тусгагдаагүй. Үүний цаана миний эрх зөрчигдөж байна. Өөрөөр хэлбэл, ямар нэг үзлэг, хэмжилт хийгдээгүй, түүнд хэн оролцсон нь тодорхой бус байхад үүнийг үндэслэлтэй, бусдын эрхийг зөрчөөгүй байна гэж тайлбарлах эрх хэнд ч байх ёсгүй. Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хуулийн шаардлагуудыг хангаагүй, шинжилгээний объектын шинж байдал, онцлогт үндэслээгүй учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй.

4.5.  Ф ХХК-ийн үнэлгээний тайлангийн 1.8.2-т Бид үнэлж буй хөрөнгийн шинж байдлыг тодорхойлох зорилгоор биет үзлэгийг 2023 оны 09 сарын 08-ны өдөр хийж гүйцэтгэсэн гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй. Өөрөөр хэлбэл, үнэлгээний тайлан нь худал мэдээлэлтэй байна.

4.6.  Үнэлгээ хийж, дүгнэлт гаргах үйл явц нь дээрх байдлаар холбогдох хууль, мөн хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байхад түүний үр дүн болох үнэлгээнд дүгнэлт хийж, мэтгэлцэх шаардлагагүй гэж миний бие үзсэн. Өөрөөр хэлбэл, хууль зөрчсөн үйл ажиллагаа, үйл баримтын үр дүн нь хууль ёсны байх боломжгүй. Гэтэл шүүх үнэлгээний үндэслэлийн талаар мэтгэлцээгүй гэж дүгнэсэн нь хуулийг нэг мөр ойлгох, хуулийг буруу тайлбарласан үйлдэл гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: 2023 оны 08 сарын 29-ний өдрийн Шинжээч томилох тухай тогтоолоор Н.Ц-ийг шинжээчээр томилсон. 2023 оны 09 сарын 11-ний өдрийн 4-15416980 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч М.А нь биечлэн хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцаж, тайлангийн 1 хувийг гардаж авч, гарын үсгээ зурсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 1 сарын хугацаанд өөрөө худалдан борлуулах хугацаа авах боломжтой байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар төлбөр төлөгч нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үнэлгээний тайланг мэдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаагүй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: У ББСБ ХХК нь М.А т 200,000,000 төгрөгийг зээлээд 4 жил, шүүхийн шийдвэр гараад 2 жилийн хугацаа өнгөрсөн. 2023 оны 07 сарын 29-ний өдөр гүйцэтгэх хуудас гарч 2023 оны 08 сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн. Маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч тал 522,000,000 төгрөгөөр, гуравдагч этгээд 457,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал гаргасан. 2023 оны 08 сарын 29-ний өдөр талууд үнийн дүнд тохиролцоогүй учир шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй компаниар дүгнэлт гаргуулсан. Хөрөнгийн үнэлгээний тайлангаар 480,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд М.А гомдлоо гаргаагүй. 2023 оны 09 сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, 2023 оны 10 сарын 11-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасан нь гомдол гаргах хугацааг илт зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Н-т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлага анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шаардлагаа нэмэгдүүлжээ. /1хх 1-2, 177-178/

Хариуцагч нь дээрх шаардлагыг ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, нэхэмжлэгч хуульд заасан хугацаа хэтрүүлж шүүхэд гомдол гаргасан... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /1хх 71/

3.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/00601 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 210/МА2022/00992 дугаар магадлалаар хариуцагч Б.Б, М.А нараас 301,728,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У ББСБ ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн **-р хороо, Н гудамж, ***-р байрны *** тоот хаягт байршилтай 108.92 м.кв талбайтай 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /1хх 76-81, 82-86/

4. Дээрх шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2022 оны 08 сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр, магадлалд дурдагдсан барьцаа хөрөнгийг 2022 оны 12 сарын 09-ний өдөр битүүмжилж, 2023 оны 08 сарын 23-ны өдөр хурааж, төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нар үнэлгээг тохиролцоогүй үндэслэлээр 2023 оны 08 сарын 29-ний өдөр Н.Ц-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйлд тус тус нийцжээ. /1хх 89, 99-100, 102-104, 107-109, 113-114, 119/

5.   Шинжээч Н.Ц нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба төлбөр төлөгч М.А-ийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн **-р хороо, Н гудамж, ***-р байрны *** тоот хаягт байршилтай 108.92 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 480,470,000 төгрөгөөр тогтоожээ. /1хх 54, 31-56/

Дээрх шинжээчийн үнэлгээний тайланд Н.Ц гарын үсэг зурж, хувийн тамгаа дарсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан ...Ф ХХК үнэлгээний тайланг үйлдсэн... гэх тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй. /1хх 46/

6.   Шинжээч Н.Ц нь үнэлгээний тайландаа үнэлгээ хийсэн арга, аргачлал, үнэлгээний зүйлийн шинж, чанар /хэмжээ, байршил, ашиглалтад орсон он, бүтээц, хийц, инженерийн шугам сүлжээнд холбогдсон байдал, эдэлгээ г.м/-ыг тодорхой тусгасан байх тул нэхэмжлэгчийн гаргасан ...хөрөнгийн үнэлгээний тайлан нь хуулийн шаардлага хангаагүй, шинжилгээний объектын шинж байдал, онцлогт үндэслээгүй... гэх тайлбар, давж заалдах гомдол мөн үндэслэлгүй. /1хх 31-56/

7.   Шийдвэр гүйцэтгэх байгууллага хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасан хугацаанд буюу 2023 оны 09 сарын 12-ны өдөр төлбөр төлөгч М.А, Б.Б нарт мэдэгдсэн болох нь Н-ын 2023 оны 09 сарын 11-ний өдрийн Үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай 4-154/11980 тоот болон 4/154-16981 тоот мэдэгдэл, холбогдох шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мөн Н-т төлбөр төлөгч М.А-ийн гаргасан гар бичмэл зэргээр тогтоогдож байна. /1хх 123-126, 128-132/

Иймд нэхэмжлэгч М.А-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлэн шүүхэд гомдлоо гаргасан гэж үзнэ. /1хх 2-арын нүүрний дардас/

8.   Н-аас 2023 оны 10 сарын 27-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. /1хх 137-171/

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 101/ШШ2024/01041 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч М.А-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Д.НЯМБАЗАР