Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 242

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,      

хохирогч А.С ,   

шүүгдэгч Э.О , түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О   овогт Э-ын  О-д холбогдох эрүүгийн дугаартай, 187/2019/0143/Э индекстэй хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....-ний өдөр Булган аймагт төрсөн, .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “......-нд нягтлан бодогч ажилтай, ам бүл -..... хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо ....... оршин суух, ял шийтгэлгүй, О   овогт Э-ын  О /РД:............/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.О  нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Солонгос улс руу явах үедээ өөрийн Хаан банкны дансанд түр байршуулсан байсан иргэн А.С гийн 5.000.000 төгрөгийг “Би Алтан хөтөч ХХК-ийн ажилтан байна” гэж хуурч өөрийн Хаан банкны 5037209981 дугаарын данс руу шилжүүлэн авч залилан бусдад 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.О  нь нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Солонгос улс руу явах үедээ өөрийн Хаан банкны дансанд түр байршуулсан байсан иргэн А.С гийн 5.000.000 төгрөгийг Би Алтан хөтөч ХХК-ийн ажилтан байна мөнгөө яаралтай хий гэж хуурч өөрийн Хаан банкны 5037209981 дугаарын данс руу шилжүүлэн авч залилан бусдад 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Э.О ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч А.С гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Солонгос Улс руу явах зорилгоор Азжаргал гэх хүнтэй гэрээ байгууллагаад 5.000.000 төгрөгийг байршуулсан. Тэгээд Солонгос Улс руу яваад ирсан. Намайг Солонгос яваад ирсэн өдрөөс хойш О утсаар залгаад байршуулсан 5.000.000 төгрөгөө авмаар байна гэсээр байгаад О өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. Тэгээд би барьцаанд тавьсан хашаа байшингийн гэрчилгээ болон бичиг баримтаа авъя гэтэл манай захиарл байхгүй байгаа ирэхээр нь өгнө гэж хэлээд одоо хүртэл өгөөгүй. О 5.000.000 төгрөгнөөс 1.000.000 төгрөгийг өгсөн одоо 4.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Хохирогч А.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 6 дугаар сард Солонгос улс руу визний материал бүрдүүлэхэд 5.000.000 төгрөг шаардлагатай байсан. Ингээд зарын дагуу О гэдэг хүнтэй холбогдоод Азжаргал гэдэг хүнээс 5.000.000 төгрөг авч би өөрийн Хаан банкны дансанд түр байршуулсан байсан. Ингээд 2018 оны 7 дугаар сард Солонгос яваад 9 сард буцаж ирсэн. Ирээд байж байтал О над руу залгаад мөнгөө авъя гэсэн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө Оюунзултай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх Жуковын Хаан банкин дээр уулзаад Солонгос явахдаа байршуулсан 5.000.000 төгрөгийг өөрийн 5023431366 дугаарын данс руу шилжүүлж авсан. Тэндээсээ гараад хүннү молл дээр ирсэн ба тэр үед миний данс руу 5.000.000 төгрөг орсон байсан. Тэгээд шууд Оюунзулын хаан банкны данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Би анх 5.000.000 төгрөгийг Азжаргал гэдэг хүнд хашаа байшингийн гэрчилгээгээ барьцаалж авсан байсан. О намайг Азжаргалтай уулзуулсан. 5.000.000 төгрөгийг буцааж өгөхөд хашаа байшингийн гэрчилгээгээ явъя гэхэд Отгонбаатар захирал гадаад явсан, сэйфэндээ бичиг баримтыг чинь хийгээд явсан байна гэж хэлсэн. Удалгүй 14 хоногийн дараа Азжаргал над руу утасдаад 5.000.000 төгрөгөө авъя гэж хэлсэн. Би түүнд О-д өгсөн гэхэд О манай байгууллагад ямар ч хамаагүй хүн гэсэн. Ингээд би О-д залилууснаа мэдсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6/

            4. Гэрч В.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллагад О хамтарч ажилладаг зүйл байхгүй. Урьд нь нийгмийн даатгалд ажиллаж байсан гэхээр нь би өөрийн байгууллагын нийгмийн даатгалын тайланг гаргуулдаг байсан. Түүнд цалин хөлс өгч байгаагүй, өөрөө сайн дураараа тусалдаг байсан. О нь их зальтай яриатай, манай байгууллагад нягтлан хийдэг гэж манай байгууллагын нэрийг барьж фэйсбүүк дээр Солонгос улсын виз гаргаж өгнө, виз гарсны дараа мөнгө авна, материал бүрдүүлэхэд тусална гэх зэргээр зар оруулж хүмүүстэй уулзаж мөнгө аваад залилаад байгаа асуудал үүсч манай байгууллага дээр хүмүүс ирж мөнгө нэхсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/

            5. Гэрч Ө.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Оюунзултай хамтарч Солонгос улсын визний материал бүрдүүлж өгнө эсвэл материал хуурамчаар бүрдүүлж өгнө гэж хамтарч ажиллаж байгаагүй. О нь ганцхан удаа Одгариг гэдэг хүний эмнэлгийн виз албан ёсоор гаргуулах гэж визний материалыг өгч байсан. Би Алтан хөтөч ХХК-нд ажиллахгүй 1 жил болж байгаа учраас Оюунзултай уулзаад байдаггүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/         

           6. Хохирогч А.С , яллагдагч Э.О  нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 29, 44/      

          7. Шүүгдэгч Э.О ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Алтанхөтөч нар ХХК-нд хувиараа зав чөлөөгөөрөө нийгмийн даатгал болон татварын тайланг гаргаж өгдөг байсан. Уг компани нь Солонгос улс руу явах иргэдэг визний зөвлөгөө өгдөг, материал бүрдүүлж өгдөг юм. Мөн Солонгос явж байгаа хүмүүсийн 5.000.000 төгрөгийг хүүтэй байршуулж өгдөг. Отгонбаатар захирал намайг чи манай байгууллагад 5.000.000 төгрөг байршуулах хүн олж ирээд хүүнээс нь цалин авч болно гэсэн учир би Сайнсанаа гэдэг хүнийг авчирч уулзуулаад хашаа байшингийн гэрчилгээг барьцаалж 5.000.000 төгрөгийг хүүтэй байршуулж визинд ороод виз нь гарсан. Гэрчилгээ нь Отгонбаатарт үлдсэн. Сайнсанаа хүрч ирээд 5.000.000 төгрөгөө банкнаас аваад Отгонбаатарт өгөөд гэрчилгээгээ авах ёстой байсан. Тэр үед Отгонбаатар Солонгос улсад байсан. Тэгэхээр нь би Отгонбаатарын авах ёстой 5.000.000 төгрөгийг би Алтан хөтөч ХХК-ийн ажилтан байна гэж худлаа хэлээд өөрийнхөө Хаан банкны 5037209981 дугаарын данс руу шилжүүлэн авсан. Тухайн үед мөнгөний хэрэг байсан учир хэрэглэчихсэн юм. Одоогоор 1.500.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн хохирлыг цалингаасаа төлөхөөр тохиролцсон байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.О  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Э.О  нь нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Солонгос улс руу явах үедээ өөрийн Хаан банкны дансанд түр байршуулсан байсан иргэн А.С гийн 5.000.000 төгрөгийг “Би Алтан хөтөч ХХК-ийн ажилтан байна” мөнгөө яаралтай хий гэж хуурч өөрийн Хаан банкны 5037209981 дугаарын данс руу шилжүүлэн авч залилан бусдад 5.000.000 төгрөгийн хохирол учруулж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Э.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.О ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол /1.000.000 төгрөгийг А.С д төлсөн/ үлдсэн 4.000.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч А.С гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...О 5.000.000 төгрөгнөөс В.Азжаргалд хүүнд нь 500.000 төгрөг бэлнээр 500.000 төгрөг нийт 1.000.000 төгрөгийг өгсөн байсан. Одоо 4.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...О-д хориулмааргүй байна, хохирлоо төлүүлж авах хүсэлттэй байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /...32 настай, эмэгтэй, “Повер Флоренс” ХХК-нд нягтлан бодогч ажилтай, ам бүл -6, эцэг, эх, дүү, 3-9 насны 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.О ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.  

Шүүгдэгч Э.О ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.         

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О аас 4.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж хохирогч А.С  /РД:УЗ99051765/-д олгохоор шийдвэрлэв.    

            Э.О д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Э.О  нь хохирогч А.С д 1.000.000 /нэг сая/ төгрөг төлснийг дурдаж, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч О   овогт Э-ын  О-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О   овогт Э-ын  О-ыг  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.О д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

            4. Э.О д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Э.О  нь хохирогч А.С д 1.000.000 /нэг сая/ төгрөг төлснийг дурдаж, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О аас 4.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж хохирогч А.С д олгосугай.     

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.О д сануулсугай.

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР