Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 013/2017/01093/и |
Дугаар | 001/ХТ201701093 |
Огноо | 2017-10-05 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ201701093
Б.Бийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар шийдвэр,
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2017/00054 дүгээр магадлалтай,
Б.Бийн нэхэмжлэлтэй,
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох,
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А., нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.
Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би сумын Засаг даргын Тамгын газрын жолоочоор 11 жил ажилласан. Цагдаагийн газраас намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж, 384.000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулсан. Ажил олгогч 2016-12-02 -ны өдөр ажлаас халсан. Засаг даргын Тамгын газрын даргын Б/12 дугаар тушаал хууль зөрчсөн үндэслэлгүй эрхийн акт юм. Би 2016-01-20 -ны өдөр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан ба уг гэрээний 20-д гэрээг цуцлах үндэслэлүүдийг тусгаж, харилцан тохиролцсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-т ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг зохицуулсан байдаг.Би хөдөлмөрийн гэрээ шууд цуцлах ноцтой зөрчил гараагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-д заасныг баримтлаагүй гэрээг цуцалж ажлаас халсан. Ажил олгогчийн Б/12 дугаар тушаал нь миний эрх ашиг сонирхлыг хөндсөн эрхийн акт бөгөөд аливаа этгээд захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах талаар Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6 д хуульчилсан байна. Надад урьдчилан мэдэгдээгүй, сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл хүргүүлэх, тайлбар гаргуулах зэрэг ажиллагаа явуулаагүйгээр шууд тушаал гарган ажлаас чөлөөлсөн нь ажил олгогч Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6, 25, 26, 27 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн. Тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх ба хуульд нийцээгүй тушаал, шийдвэрийг хууль бус гэж үзэх, хүчингүй болгох үндэслэл болно. Иймд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016-12-02-ны өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгож, Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын Засаг даргын Тамгын газарт жолоочоор ажиллаж байсан Б.Бээр 2016-11-29 -ний өдөр Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, нягтлан бодогч, санхүүгийн албаны дарга нарын хамт аймаг явж байх замд Улаанхус сумын Согогийн гүүрний наад талд сумын цагдаагийн ажилтнууд биднийг зогсоон жолоочийн бичиг баримтыг шалгаж мөн согтуурлыг шалгасан юм. Энэ үеэр манай жолооч архи уусан нь тогтоогдож согтуурлын зэрэг нь 0.61 болж тогтоогдлоо гэж хурлын тэмдэглэл хөтлөн, машиныг хураан авч хамт явж байсан Х.Муратбект хүлээлгэн өгч явуулсан. Тэгээд цагдаа нар бидэнд одоо энэ жолооч машин барих эрхгүй болсон, эрхийг хассан бичгийг тусдаа хүргүүлэх болно гэж хэлээд биднийг явуулсан. Энэ бүгдийг жолооч Б.Б хамт байж хүлээн зөвшөөрсөн ба машинаа Х.Муратбект өгч, машины арын суудалд сууж аймагт очиж, машины багаж хэрэгслийг хүлээлгэж өгсөн. Дараа нь Б.Б миний конторт хамт байж “.. хэцүү юм боллоо, манаач юм уу нэг ажилд аваарай ...” гэж ярилцаж түүний хуучин барьж байсан БӨА 74-08 автомашиныг өөрт нь олгож өгөхийг хүсэж, өөрийн алдаандаа гэмшиж ажлаас гарах болсныг ойлгосон байсан. 2016-12-02-ны өдөр Улаанхус сум дахь Цагдаагийн хэсгийн албан мэдэгдэл ирсэн ба үүний дагуу би Б.Бэд хэлж ажлаас чөлөөлөх тухай мэдэгдсэн. Цагдаагийн хэсгийн албан мэдэгдэлд жолоодох эрх хасагдсан байх тул цаашид тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх зэрэг заалтуудыг үндэслэн Б.Бийг ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан “...Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох...” тухай Б.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2017/00054 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналт гомдолдоо “ ...шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд зааснаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ингэснээр шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Шүүхийн дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтойгоор зөрчлөө. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4-т заасан "хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан” гэдгийг буруу ойлгосны улмаас ажилтны хөдөлмөрлөх эрхэд нь хууль бусаар халдсан юм. Тухайлбал, шүүхээс “Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Улаанхус сум дахь цагдаагийн хэсгийн 2016-11-30-ны өдрийн 05 дугаартай Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан байх тул цаашид тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх талаар албан мэдэгдлийг эрх бүхий байгууллагын шаардлага хэмээн буруу дүгнэсэн нь хуулийг ноцтойгоор зөрчсөн явдал болно. Хуулийн энэхүү хэм хэмжээ нь хөдөлмөрийн гэрээний талуудын өөрөөр хэлбэл, ажил олгогч эсхүл ажилтны санаачилгаар бус, тодорхой нөхцөл үүссэн үед хөндлөнгийн этгээд буюу Монгол Улсын бусад хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллагын шаардсанаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай юм. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Улаанхус сум дахь цагдаагийн хэсгийн даргад өөрт нь огт хамааралгүй Засаг даргын Тамгын газрын даргаас ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахыг шаардах эрхийг хуулиар олгоогүй байна. Нөгөөтээгүүр, уг мэдэгдэх хуудсанд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахыг шаардсан нэг ч үг, өгүүлбэр байхгүй байхад ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг тухайн мэдэгдлийг үндэслэн цуцалж байгаа нь хуульд нийцэхгүй байгаа болно. Тухайн цагдаагийн хэсгээс өгсөн мэдэгдлийн утга агуулга нь зөвхөн жолооч Б.Бийн жолооны эрх нь хасагдсан учраас жолоо бариулахгүй байхыг анхааруулсан шинжтэй байсан. Түүнээс биш түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг нь цуцлахыг шаардсан зүйл байгаагүй юм. Иймээс ажил олгогчийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр нь хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүйг анхан болон давж заалдах шатны шүүх анзаараагүй юм. Миний үйлчлүүлэгч Монгол хэл сайн мэдэхгүй учир шүүх хуралдаанд эх хэлээрээ мэдүүлэг тайлбар өгч байгаа. Анхан шатны шүүхээс орчуулагч томилсон боловч хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 101-104 дүгээр зүйлд зааснаар орчуулагчийн эрх, үүргийг тайлбарласан баримтад гарын үсэг зуруулж аваагүй юм. /анхан шатны шүүх хуралдааны видео бичлэгээс хараарай/ Ингэснээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй байхаар хуульчилсан байдаг. Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж танилцуулахдаа ямар нэгэн хууль баримтлаагүй юм. Ингэснээр анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд ...шийдвэр, ...магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.Б нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016-12-02 -ны өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгох, Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоох шаардлага тавьсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэгч согтуугаар машин жолоодсон... автомашин барих эрхгүй болсон тул ажлаас нь халсан...” гэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгч тал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан” гэдгийг шүүх буруу ойлгосон... цагдаагийн хэсгийн даргад ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахыг шаардах эрхийг хуулиар олгоогүй... цагдаагийн мэдэгдэх хуудсанд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахыг шаардсан өгүүлбэр байхгүй, харин жолооны эрх нь хасагдсан учраас жолоо бариулахгүй байхыг анхааруулсан... орчуулагчид эрх үүрэг танилцуулж гарын үсэг зуруулаагүй...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сар хассан бөгөөд энэ хугацаа дууссан ...” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Захиргааны шийтгэл ногдуулах тухай 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрээр Б.Бийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27.1-д зааснаар 384.000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б/12 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгчийг жолоочийн ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байв.
2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэр, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5 дугаартай мэдэгдэлийг “...эрх бүхий байгууллагаас гаргаагүй ...” мөн “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг үндэслэлгүй хассан...” гэх гомдлыг Б.Б холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлсэн баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг эрх бүхий байгууллага хассан гэж үзнэ.
Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан байх тул ажил олгогч “...хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох...” тухай Хөдөлмөрийн тухай хуулийн заалт, “... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох...” тухай Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн заалтыг баримтлан ажилтныг ажлаас нь чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсгийн “...шаардсан...” гэдэгт хөдөлмөрийн гэрээг цуцлахыг бус, харин дуусгавар болгох нөхцөл, үндэслэлийг ажил олгогчид гаргаж өгөх, хүргүүлэхийг ойлгоно.
Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоос өөр аргагүй үндэслэл, нөхцөлийг эрх бүхий байгууллага ажил олгогчид тавьж, уг үйл баримтыг үндэслэн ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан, уг зохицуулалтыг шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ тухай нэхэмжлэгчийн гомдлоор шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй.
2. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцсон байх бөгөөд орчуулагч талуудын тайлбар, шүүх хуралдааны явц зэргийг буруу орчуулсан гэж талууд маргаагүй, хэргийн 42 дугаар талд буй баримтаас үзвэл орчуулагчид эрх, үүргийг нь танилцуулсан байх тул энэ тухайн гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.
3. Захиргааны шийтгэл ногдуулах тухай 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрээр Б.Бэд “... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сар хасах...” шийтгэл ногдуулсан бөгөөд 6 сарын хугацаа дуусан байгаа нь түүнийг жолоочийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй, энэ тухай нэхэмжлэгчийн гомдол Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд нийцээгүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2017/00054 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч Б.Б хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ