| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 201/2017/00022/Э |
| Дугаар | 2017/ДШМ/16 |
| Огноо | 2017-03-13 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | - |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2017/ДШМ/16
*******т холбогдох захиргааны зөрчлийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч А.Энхбаатар, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд явуулсан давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 92 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч, зөрчилд холбогдогч *******ын давж заалдах гомдлоор *******т холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2017 оны 03 сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн 1971 оны 10 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг, Ялалтын ******* тоотод оршин суух, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******.
******* нь 2017 оны 02 сарын 24-ний өдөр эхнэр *******г "...өнөөдөр надад 400000 төгрөгийг 17 цагийн өмнө олж өг, тэгэхгүй бол би чамайг ална, миний яахыг хараарай" гэж хэл амаар доромжилж, мөн Хэрлэн сумын 6 дугаар баг, 23 дугаар байранд байрлах хивс угаалгын газрын хаалгыг эвдэх гээд төмрөөр хөшиж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг заналхийлж, гутаан доромжилсон зөрчилд холбогджээ.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 92 дугаар шийтгэврээр: Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйлийн 1-д зааснаар ******* овогт *******гийн *******ыг 14 хоног баривчлах шийтгэл ногдуулж, албадан сургалтанд хамруулж, энэ зөрчилд хураагдсан эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримт ирээгүйг, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэврийг зөрчил гаргасан этгээд, хохирогч нар эс зөвшөөрвөл хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Зөрчилд холбогдогч ******* давж заалдах гомдолдоо: Миний бие 2017 оны 02 сарын 24-ний өдөр эхнэр *******тай 400000 төгрөгийн асуудлаасболж үл ойлголцон хэрүүл маргаан үүсгэн ...14 хоног баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн болно. Уг шийтгүүлсэн 14 хоногоос биеэр 7 хоногийг эдэлж байна. Би сүүлийн 10 жилийн хугацаанд архи гэдэг дон өвчнөөс татгалзан өнөөдрийг хүртэл хэрэглэхгүй эрүүл саруул амьдарч яваа билээ. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд даралт ихсэж архины нэвширсэн үнэрт харшил өгч толгой байнгын өвдөлтийн байдалтай байна. Иймд дээр дурдсан биеийн байдлыг харгалзан үзэж шийтгүүлсэн 14 хоногийг багасгаж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* нь 2017 оны 02 сарын 24-ний өдөр эхнэр *******г “ ... өнөөдөр надад 400,0 мянган төгрөгийг 17 цагийн өмнө олж өг, тэгэхгүй бол чамайг ална, миний яахыг хараарай “ гэж хэл амаар доромжилж дарамталсан, мөн өдрөө эхнэр *******гийн ажиллуулдаг Хэлэн сумын 6 дугаар баг, 23 дугаар байранд байрлах хивс угаалгын газрын хаалгыг эвдэх гэж төмрөөр хөшиж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг заналхийлсэн, гутаан доромжилсон зөрчил гаргасан болох нь зөрчлийн материалд авагдсан зөрчилд холбогдогч болон гомдол гаргагчийн тайлбарууд, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Иймд шүүхээс *******т 14 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсан нь түүний гаргасан зөрчлийн хэр хэмжээнд нь тохирсон байх тул түүнд оногдуулсан баривчлах шийтгэлийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 92 дугаар шийтгэврийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д зааснаар энэхүү магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР
ШҮҮГЧИД А.ЭНХБААТАР
З.ЭНХЦЭЦЭГ