Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2019/0128

 

 

Н.У-ийн нэхэмжлэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч          Ч.Тунгалаг

Шүүгчид:                        Л.Атарцэцэг

       Г.Банзрагч

       Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:               Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж   

Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/489 дүгээр захирамжийн “Бадмаараг орчлон” ХХК, мөн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/94 дүгээр захирамжийн “Б о” ХХК, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/587 дугаар захирамжийн “Ц т” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0799 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0111 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Амарсайхан, гуравдагч этгээдүүдийн төлөөлөгч Р.Баттулга, гуравдагч этгээд “Ц” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Оюунболд нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0799 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.3.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Уранчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/489 дүгээр захирамжийн “Б о” ХХК, мөн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/94 дүгээр захирамжийн “Б о” ХХК, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/587 дугаар захирамжийн “Ц т” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0111 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0799 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол       

3. Н.Амарсайхан миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийи 221/МА2019/0111 шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

4. Н.Уранчимэгийн нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох хэргийн гуравдагч этгээд нь шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0799 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо: “...Хэргийн нөхцөл байдал болон хэрэг 1 дүгээр хавтас 217-219 дэх хуудас баримтаас харахад 2015 оны 12 дугаар сарын 7, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд гаргасан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамжийг шийдвэрийн үндэслэлээ болгосон нь үндэслэлгүй байна. Уг захиргааны хэрэг маргааны хянан шийдвэрлэх 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар дээрх иргэний хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй, шүүх тэр талаар тодруулаагүй, шүүхийн шийдвэрт дүгнээгүй байна” гэжээ.

5. Гэтэл тус газартай холбоотой маргааны нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаргаж түүнээс хойш гуравдагч этгээд нь тухайн асуудалтай холбоотой нотлох баримт гаргуулах хүсэлт шаардлага огт гаргаж байгаагүй. Харин анхан шатны шүүхээс шийдвэр гарсны дараа цаг хожих нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээхэд саад болж байна.

6. Түүнээс гадна, Н.Уранчимэгийн нэхэмжлэлтэй хэрэг нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/489 дүгээр захирамж нь хууль ёсны дагуу гарсан эсэхийг хянан шийдвэрлэх зорилготой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа юм.

7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2019/0111 тоот магадлалд “...Н.Уранчимэг нь Б.Эрдэнэбилэгийн 10 хувийн хувьцаа эзэмшдэг “Т ф” ХХК-ийн хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаар маргаж буй иргэний хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх баримтуудыг цуглуулах нь “Т ф” ХХК-ийн газрын эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжуудын улмаас нэхэмжлэгч Н.Уранчимэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна.” гэжээ.

8. Гэтэл нэхэмжлэгч нь Н.У нь Б.Эрдэнэбилэгийн хоорондох иргэний хэрэг нь ач холбогдолтой байж болзошгүй гэж үзэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шийдэгдэж дуустал хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх Иргэний хэргээс үл хамааран Захиргааны хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн атлаа одоо тус хэрэг нь ач холбогдолтой байж болзошгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

9. Иймээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2019/0111 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасантай нийцсэн байна.

11. Нэхэмжлэгч Н.У-ээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/489 дүгээр захирамжийн “Б о” ХХК, мөн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/94 дүгээр захирамжийн “Б о” ХХК, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/587 дугаар захирамжийн “Ц т” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

12. Нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар шаардсан дээрх маргаан бүхий захиргааны актаар “Т ф” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрших, эзэмших эрхийн 0172347 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 18627308811656 дугаар бүхий 8200 кв.м газрыг “Т ф” ХХК-иас гуравдагч этгээд “Б о” ХХК-д, “Б о” ХХК-иас “Ц т” ХХК-д тус тус шилжүүлсэн байна.

13. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “Дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай” Н.У-ийн нэхэмжлэлээр Б.Э, “Т ф” ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүгчийн 624 дүгээр захирамжаар “Т ф” ХХК-ийн газар эзэмших эрхийн 0172347 дугаар гэрчилгээтэй, 8200 кв.м газартай холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг даалгаж шийдвэрлэсэн байна.  

14. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүгчийн захирамжаар маргаан бүхий газарт ямар нэгэн тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг даалгаж шийдвэрлэснээс хойш хариуцагч дээрх захирамжуудаар уг газрыг бусдад шилжүүлсэн болохыг анхан шатны шүүхээс тогтоож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ уг үйл баримттай холбоотой нөхцөл байдлыг шалгаагүй, нотлох баримтуудыг бүрэн цуглуулж тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүйг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол гомдлоор хязгаарлахгүй” байхаар заасан байх тул уг зөрчлийн улмаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох хуулийн үндэслэлгүй байна. 

16. Түүнчлэн магадлалд дурдсан нэхэмжлэгч “Н.У-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг шалган тогтоож, энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох” дүгнэлтийг хяналтын шатны шүүх хуралдаанаас үгүйсгэх боломжгүй юм.

17. Иймд, анхан шатны шүүх магадлалд дурдсан зүйлүүдийг шалгаж тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлсний эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0111 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН