Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2016/05006/и |
Дугаар | 5006 |
Огноо | 2016-06-30 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 5006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2б хэсэг, Баатархайрхан гудамж, 1620 тоотод оршин суух Ерөөлт-Очир овогт Нямдоржийн Дашдаваа /Регистрийн дугаар ГП56070211/-ийн ажилласан жил тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Дашдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Дашдаваа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“Н.Дашдаваа миний бие 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс Булган аймгийн “Сансар” тэжээлийн аж ахуйд жолоочоор ажилласан. 1992 онд тус тэжээлийн аж ахуй нь хувьцаат компани болж, “Ургац” гэж нэрийг нь өөрчилсөн. 1992 оны 01 дүгээр сард “Ургац” хувьцаат компанид жолоочоор орж, 1999 оны 09 дүгээр сар хүртэл ажилласан. Надад анх тэжээлийн аж ахуйд орсон тушаалаас өөр “Ургац” хувьцаат компанид орсон болон халагдсан тушаал баримт архиваас шүүж үзэхэд олдохгүй байна. Булган аймгийн архиваас лавлахад байхгүй гэсэн хариу өгсөн. Булган аймгийн архивд нэг удаа гал гарсан байдаг.
Иймд намайг 1982 оны 06 дугаар сарын 15-наас 1992 оны 01 дүгээр сарын 02 хүртэл “Сансар” тэжээлийн аж ахуйд, 1992 оны 01 дүгээр сарын 02-ноос 1999 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл “Ургац” хувьцаат компанид ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Дашдаваа нь 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Булган аймгийн “Сансар” тэжээлийн аж ахуйд, 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1999 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл “Ургац” хувьцаат компанид жолоочоор ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.
Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл түүнийг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын шийдвэр олдохгүй байгаа тул ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
Ногооны комбинатаас 1977 оны 07 дугаар сарын 14-ний өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр хэрэгт авагдсан байна. Уг хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар талд “Комбинатын даргын 1977 оны 7-р сарын 14-ний 45 тоот тушаалаар “Ногооны комбинатын автограшид автомашины слесараар авч ажиллуулав”, “Комбинатын даргын 1979 оны 05-р сарын 15-ны өдрийн 30 тоот тушаалаар “мөн комбинатад жолоочоор авч ажиллуулав”, 6-7 дугаар талд “Комбинатын даргын 1980 оны 01-р сарын 04-ний өдрийн 10 тоот тушаалаар “мөн комбинатад цамхагийн хяналтын жижүүрээр ажиллуулав”, “Ногооны комбинатын даргын 1982 оны 06-р сарын 25-ны өдрийн 120 тоот тушаалаар “”Мэргэжлийн ажилд шилжих болсон тул хяналтын жижүүрийн ажлаас чөлөөлөв”, “Тэжээлийн аж ахуйн даргын 1982 оны 06-р сарын 15-ны өдрийн тушаалаар “Булган аймгийн Гурванбулаг тэжээлийн аж ахуйд УАЗ-469 машины жолоочоор авч ажиллуулав”, “Сансар ТАА-н даргын 1992-01-02-ны өдрийн 01 тоот тушаалаар “Тус ТАА нь хувьцаат компанийн зохион байгуулалтанд шилжсэн тул жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлж, Ургац компанид шилжүүлэв”, “Ургац” ХК-н захирлын 1992 оны 01 сарын 02-ны 01 тоот тушаалааар “Булган аймгийн “Ургац” ХК-д жолоочоор авч ажиллуулав”, “Ургац” ХК-н захирлын 1999 оны 08 сарын 21-ний 57 тоот тушаалаар “Булган аймгийн Рашаант сумын “Ургац” ХК-н жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөв” гэж бичигдсэн байна.
Булган аймгийн Архивын тасгаас хуулбарлан авсан 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот “Ажилд томилох тухай” тушаалын 1 дэх заалтад “Нямдоржийн Дашдавааг УАЗ-469 машины жолоочоор 6-р сарын 15-ны өдрөөс ..... томилон ажиллуулсугай...” гэж бичигджээ.
Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаартай “Архивын лавлагаа олгох тухай” албан бичигт “Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23-р хорооны харъяат Нямдорж овогтой Дашдаваагийн Рашаант сумын Сансар ТАА-д 1982-1991 онд жолооч, Ургац компанид 1993-1995 онд жолооч байсан цалингийн цэс архивт байгаа тул лавлагаа олгов” гэж бичээд цалингийн цэсийг хүснэгтлэн бичжээ.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасны дагуу бүрджээ.
Шүүхэд дуудагдсан гэрч П.Энхтуяа “...Миний бие 1982 оны 6 дугаар сард гэр бүлийн хүний хамт Булган аймгийн Сансар тэжээлийн аж ахуйд Н.Дашдаваа жолоочоор, би тогоочоор ажилласан юм. 1992 оны 1 дүгээр сараас эхлэн тус аж ахуй нь задран “Ургац”, “Хөгнө”, “Сансар” гэж 3 хувьцаат компани болсон. Нөхөр маань “Ургац” компанид жолооч,, би “Сансар” компанид боловсон хүчний туслах болон холбоочин хийж байсан. Нөхөр маань 1999 оны 9 дүгээр сар хүртэл тус “Ургац” компанид ажиллаж байсан нь үнэн” гэж мэдүүлсэн.
Шүүхэд дуудагдсан гэрч Н.Нямсүрэн “...Н.Нямсүрэн миний бие 1982 оны 6 дугаар сард Сансар тэжээлийн аж ахуй анх байгуулагдахад ах Н.Дашдаваагийн гэр бүлийн хамт ирж тулгын чулуу тавилцаж байсан. Ах жижиг тэрэгний жолооч, би том машины жолоочоор ажиллажд байгаад 1992 онд хувьцаат компани болон задарч ах Н.Дашдаваа “Ургац” компанид жолоочоор орж ажиллаад 1999 оны сүүлчээр ажлаасаа чөлөөлөгдсөн нь үнэн...” гэж мэдүүлсэн.
Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ерөөлт-Очир овогт Нямдоржийн Дашдаваа /Регистрийн дугаар ГП56070211/-г 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Булган аймгийн Гурванбулаг сумын “Сансар” тэжээлийн аж ахуйд жолоочоор, 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1999 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Булган аймгийн Рашаант сумын “Ургац” хувьцаат компанид жолоочоор ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР