Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00913

 

 

     

 Ч.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/00595 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А ХХК-д холбогдох, 18,929,238 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2022 оны 07 сарын 08-ны өдөр А ХХК-тай автомашины лизинг /түрээс/-ийн гэрээг байгуулж, **-** У** улсын дугаартай Приус-40 маркийн автомашиныг 30 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлээр авсан. Уг автомашины үндсэн төлбөр 33,000,000 төгрөг бөгөөд урьдчилгаа 10,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 23,000,000 төгрөгийг 2022 оны 07 сарын 08-ны өдрөөс 2025 оны 01 сарын 08-ны өдрийг хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 1,174,619 төгрөг төлөхөөр гэрээ байгуулж, сар бүр төлж байсан. 2023 оны 02 сарын 13-ны өдрийн байдлаар нийт төлөх ёстой дүн 8,728,562 төгрөг байгаагаас 7,803,238 төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл 2023 оны 03 сарын 02-ны өдөр А ХХК-аас залгаж алданги 1,300,000 төгрөгийг нэхсэн. Зээлийн дараагийн төлөлт хийх хугацаа 2023 оны 03 сарын 08-ны өдөр байсан. 2023 оны 03 сарын 03-ны өдөр Ялалт плазагийн ойр ажилтай явж байхад А ХХК-ийн менежер н.Б автомашиныг хурааж авсан. Энэ тухай цагдаад мэдэгдсэн боловч иргэний хэрэг гээд хүлээж аваагүй. Гэрээнд заасны дагуу төлбөрийн зөрчлөө төлж арилгах 14 хоногийн нэмэлт хугацааг олгоогүй. Мөн гэрээгээр тохиролцоогүй үүргийг надаас шаардсан ба 2023 оны 04 сарын 06-ны өдөр тухайн компаниас утсаар залгаж бэлэн 10,000,000 төгрөг төлөөд автомашинаа ав, шүүх, цагдаагаар явбал чамд л хохиролтой зэргээр сүрдүүлж гэрээнд тусгаагүй төлөлтийг шаардсан. Ч.Н-г зөрчлөө арилгахад хариуцагч тал гэрээнээсээ татгалзсан байгаа. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д зааснаар талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Иймд Ч.Н-ийн төлсөн 18,929,238 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй тул санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох автомашиныг хурааж аваад зөрчлөө арилгасан тохиолдолд гэрээгээ үргэлжлүүлэх шаардлагыг тавьсан. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулснаас хойш 3 дахь сараас эхлэн дутуу төлөлт хийсэн. Нийт 10 сарын хугацаанд 11,746,190 төгрөг төлөхөөс 8,303,238 төгрөгийг төлсөн, 3,442,952 төгрөг үлдсэн. Ч.Н-д хуулийн дагуу гэрээний үүргээ биелүүлэх шаардлагыг тавьсан боловч хүлээж аваагүйн улмаас маргаан үүссэн. Гэрээнээс татгалзсан тохиолдолд өгсөн, авснаа буцаадаг. Энэ гэрээг бол дуусгавар болгосон байгаа. 2023 оны 04 сарын 10-ны өдөр гэрээ цуцлах талаар мэдэгдсэн. Автомашины үнийг төл, төлбөрөө төлж чадахгүй бол автомашин унаж явах үед үүссэн 180,000 төгрөгийн торгууль, тээврийн хэрэгслийн татвар, гэрээнд заасан түлхүүр хувилсан зардал, оношилгоонд оруулсан зардал, үнэлгээ хийлгэсэн зардал гэх мэт төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 262 дугаар зүйлийн 262.1-д тус тус зааснаар А ХХК-аас 2022 оны 07 сарын 08-ны өдрийн ********-* дугаартай Автомашины лизинг /санхүүгийн түрээс/-ийн гэрээний дагуу төлсөн 18,929,238 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Н-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,541 /246,966+31,575/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 278,541 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах, эсхүл гэрээг цуцлах аль агуулгаар шаардлага гаргасан нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зөв тодорхойлоогүй. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа үндэслэх хэсгийн 8-д Ч.Н гэрээний үүргийн зөрчил гаргасан гэж дүгнэлт хийсэн нь өөр хоорондоо үгүйсгэгдэж, хэргийн бодит байдалтай нийцээгүй.

4.2.   Нэхэмжлэгч нь үүргийн зөрчил удаа дараа гаргасан учир гэрээний 2.9-д заасан хугацааг 2023 оны 03 сарын 03-ны өдөр автомашин хураан авахдаа өгсөн. Талууд 14 хоногийн хугацаан дээр маргаагүй. Гэрээ цуцлах мэдэгдэлийг автомашин хураан авсан өдрөөс хойш 37 хоногийн дараа өгсөн байхад шүүх 2023 оны 03 сарын 03-ны өдөр гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.3.  Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах нь зөвхөн хүчин төгөлдөр гэрээний ойлголт юм. Иймээс гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус эсвэл гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон бол өгсөн, авснаа буцаах үр дагавар талуудын хувьд үүснэ. Талуудын хооронд байгууллагдсан гэрээг нэхэмжпэгч хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаагүй. Шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнээгүй. Хууль буюу гэрээнд заасны дагуу А ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгосон байхад гэрээнээс татгалзсан гэж үзэж Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

4.4.  Шүүх гэрээнээс татгалзсан хугацааг 2023 оны 03 сарын 03-ны өдөр гэж тогтоож дүгнэсэн атлаа 2023 оны 02 сарын 11-ний өдрөөр тооцоолол хийсэн нь үндэслэлгүй.

4.5.  Шүүх төлбөрийг төлөх үүргээ хэр хэмжээгээр зөрчсөн эсэхийг шалгахдаа нийт гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ, хэтэрсэн хугацаа зэргийг зөв тодорхойлоогүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуульд зааснаар үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх, үүргийн ноцтой зөрчил байгаа эсэх, үүрэг гүйцэтгэхтэй холбоотой хугацаа, үүргийг гүйцэтгэх талаар шаардлага хүргэгдсэн эсэх нөхцөл байдлын талаар хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, гэрээний үүргийн мөнгөн дүнгийн тооцоолол буруу гаргаснаас болж шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Ч.Н тухайн автомашиныг худалдан авах зорилгоор авсан. Түрээсийн гэрээний зүйл нь аж ахуйн үйл ажиллагаанд зориулагддаг. Ч.Н автомашиныг ашиглаж аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй байсан. Ч.Н, А ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.   Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч А ХХК-д холбогдуулан гэрээний дагуу төлсөн 18,929,238 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, хх 166-168/

3.   Талууд 2022 оны 07 сарын 08-ны өдөр Автомашины лизинг /санхүүгийн түрээс/-ийн гэрээ байгуулж, уг гэрээгээр А ХХК нь Приус-40 маркийн автомашиныг Ч.Н-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгөх, Ч.Н нь урьдчилгаа 10,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэгдэл 23,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаанд хувааж төлөх, ийнхүү төлсөн тохиолдолд А ХХК нь Приус-40 маркийн автомашиныг Ч.Н-ийн өмчлөлд шилжүүлэн өгөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 6-10/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.2-т заасан шинжийг агуулаагүй байх тул ...талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан... гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

4.   Худалдан авагч Ч.Н нь 2022 оны 07 сарын 08-ны өдрөөс 2023 оны 02 сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд 18,222,333 төгрөгийг төлөх үүрэг хүлээснээс нийт 18,929,238 төгрөгийг худалдагч А ХХК-д төлсөн болох нь холбогдох дансны хуулгаар нотлогдсон. /хх 59-66/

5.   Худалдагч А ХХК нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар худалдан авагч Ч.Н-гээс гэрээнд заасны дагуу хэсэгчлэн төлөх төлбөрийн үүргийг шаардах эрхтэй байтал гэрээний зүйл болох **-** У** улсын дугаартай, Приус-40 маркийн автомашиныг 2023 оны 03 сарын 03-ны өдөр буцаан авсан нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдаагүй тул хариуцагч А ХХК нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан түрээсийн зүйлийг буцаан авах эрхийг хэрэгжүүлэх эрхгүй.

6.   Хариуцагч А ХХК нь гэрээний зүйл болох автомашиныг 2023 оны 03 сарын 03-ны өдөр буцаан авсан байх тул Ч.Н-тэй байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

Худалдагч гэрээгээс татгалзсаны үр дагавар нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д зааснаар талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх явдал юм.

7.   Хариуцагч А ХХК нь автомашин нэхэмжлэгч Ч.Н-ийн эзэмшил, ашиглалтад байх хугацааны засвар үйлчилгээ /гупер засвар, түлхүүр/, торгуулийн зардалд нийт 800,000 төгрөгийг /500,000 + 120,000 + 20,000 + 20,000 + 50,000 + 20,000 + 50,000 + 20,000/ төлсөн байх тул уг зардлыг нэхэмжлэлийн шаардлага болох 18,929,238 төгрөгөөс хасч, үлдэх 18,129,238 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй. /хх 76-77, 81-86/

Харин хэргийн 87-р талд авагдсан К ХХК-д төлсөн гэх 63,228 төгрөгийн баримт нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай зардал болохыг хариуцагч тал тайлбарлаж чадаагүй.

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/00595 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...18,929,238... гэснийг ...18,129,238... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...278,541... гэснийг ...248,596... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч А ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 252,597 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.НЯМБАЗАР