Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 5007

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 3-48-2 тоотод оршин суух Боржигон овогт Төмөрийн Бат-Эрдэнэ /Регистрийн дугаар ХП64022571/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ 23 гудамж, 560 тоотод оршин суух Цагаан овогт Мягмаржавын Оюунгэрэл /Регистрийн дугаар ОЮ74082007/,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ 23 гудамж, 560 тоотод оршин суух Баяжих овогт Пүрэвийн Сосоржав /Регистрийн дугаар РЮ60012055/,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13 дугаар хороолол, 152 дугаар байр, 77 тоотод оршин суух Цагаан овогт Мягмаржавын Пүрэвдорж нарт холбогдох

Зээлийн гэрээний үндсэн төлбөр 5,000,000 төгрөг, хүү 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Т.Бат-Эрдэнэ би М.Оюунгэрэл, Д.Сосоржав нартай 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр аман гэрээ байгуулж 5,000,000 төгрөг, 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай 2013 оны 12 дугаар сарын 25 хүртэл зээлдүүлсэн. Гэтэл энэ хугацаанд өгч чадахаа больж 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэрээ хийж 4 сараар сунгасан, энэ хугацаанд үндсэн мөнгө 5,000,000 төгрөг, хүү 2,000,000 төгрөг болсон байсан, нийт 7,000,000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 25-нд өгнө гэж гэрээ хийсэн.  Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч М.Оюунгэрэл, Д.Сосоржав, М.Пүрэвдорж нар нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийг хариуцагч М.Оюунгэрэл, Д.Сосоржав, М.Пүрэвдорж нараас гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Т.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“Миний бие нь П.Сосоржавыг н.Дэжидээс 5,000,000 төгрөгийг зээлж авахад зуучилж өгсөн юм. н.Дэжид, П.Сосоржав нар нь утсаар ярьж харилцан тохиролцсон. Анх зээлэхдээ 10 хувийн хүүтэй зээлсэн байдаг. Тухайн үед мөнгийг би н.Дэжидээс аваад П.Сосоржавт дамжуулан өгсөн тул н.Дэжид нь надаас мөнгөө нэхээд байх тул хуулийн дагуу өргөдөл бичиж П.Сосоржаваас үндсэн зээлийг хүүгийн хамт нийт 7,500,000 төгрөгийг гаргуулахыг хүсэж байна. Өнөөдрийг хүртэл П.Сосоржав нь зээлсэн мөнгөө төлөхгүй, н.Дэжид надаас мөнгөө нэхээд байхаар нь шүүхэд хандахаас өмнө П.Сосоржавыг хайж байхад нэг хүн П.Сосоржавт өгөхөөр гэрийн мод авч ирсэн. Ингээд би н.Дэжидээс зээлсэн мөнгөндөө гэрийн мод авах уу гэж асуухад 1,500,000 төгрөгөөр үнэлэн авах боломжтой, илүү их мөнгөөр авахгүй гэж хэлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа П.Сосоржавтай шүүх дээр уулзахад гэрийн модыг зээлийн төлбөрт өгөхийг санал болгосон, гэвч тэр нь 1,500,000 орчим төгрөгөөр үнэлэгдэж байгаа учраас тэдний саналыг хүлээн авах боломжгүй байна. Би мөнгө зээлдүүлэхдээ гэрээ байгуулаагүй байсан боловч 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу мөнгөө нэхэмжилж байна. Хариуцагч М.Оюунгэрэл, Д.Сосоржав нар нь гэрийн модоо үлдээгээд сураггүй алга болсон. М.Пүрэвдоржийг хариуцагчаар татсан байсан, тэр энэ зээлд хамааралгүй тул түүнийг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан. Хариуцагч М.Оюунгэрэл, Д.Сосоржав нараас зээлийн төлбөрийг гаргуулж өгнө үү” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Бат-Эрдэнэ нь хариуцагч М.Оюунгэрэл, Д.Сосоржав, М.Пүрэвдорж нарт холбогдуулан Зээлийн гэрээний үндсэн төлбөр 5,000,000 төгрөг, хүү 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч М.Оюунгэрэл, Д.Сосоржав нар Т.Бат-Эрдэнээс зээлсэн мөнгийг төлөх боломжгүй тул зээлийн төлбөрт гэрийн мод өгч зээлийг барагдуулах санал тавьсныг нэхэмжлэгч хүлээн авахаас татгалзсан.

Нэхэмжлэгч, хариуцагч нар 5,000,000 төгрөг зээлж, зээлдүүлсэн талаар маргаагүй.

Т.Бат-Эрдэнэ нь М.Оюунгэрэл, Д.Сосоржав нартай 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр аман гэрээ байгуулж 5,000,000 төгрөг, 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай 2013 оны 12 дугаар сарын 25 хүртэл зээлүүлэхээр харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байх бөгөөд энэ тохиролцоо нь тухайн үед зохигчдын хүсэл зоригийн чөлөөт илэрхийлэл байсан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч 5,000,000 төгрөгийг хүлээн авснаар тухайн мөнгийг захиран зарцуулах эрх үүсч, энэ үеэс зээлийг буцаан төлөх үүрэг бий болно.

М.Оюунгэрэл, Д.Сосоржав нар зээлийн төлбөрийг тогтоосон хугацаанд өгөөгүй тул талууд харилцан тохиролцож 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 2,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 25-нд өгөхөөр гэрээ хийсэн байна. /хх-6-7 дугаар тал/ 

Зохигчдын хооронд 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т “нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино”, 199.2-т “хэлэлцэн тохирсон хэлбэрээр үүргийн харилцаа үүсэхэд гэрээг тохирсон хэлбэрээр байгуулсан байвал зохино” гэсэн заалтад нийцэж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Зохигчид хүү тогтоосон зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар бичгээр байгуулсан байх ба зээлсэн 5,000,000 төгрөгт хүү тооцох, зээлдэгч тал нь үндсэн зээлийг хүүгийн хамт төлөх үндэстэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч зээлийн хүү 2,500,000 төгрөгийг ямар баримтыг үндэслэн нэхэмжилж байгаа талаар үндэслэл бүхий тайлбар гаргаж нотлох баримтаар нотлоогүй болно.

Зохигчид 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 2,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.Бат-Эрдэнэ нь М.Пүрэвдоржийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан боловч, тэр энэ зээлд хамааралгүй гэж үзэн түүнийг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр М.Пүрэвдоржийг хариуцагчаар татаагүй болно.

Хариуцагч М.Оюунгэрэл, Д.Сосоржав нар нь нэхэмжлэлийг хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар “нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг “Мэдэгдэх хуудас”-аар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

         ТОГТООХ нь:                                                                                               

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан, хариуцагч М.Оюунгэрэл, Д.Сосоржав нараас зээлийн гэрээний үүрэгт 7,000,000 /долоон сая/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Бат-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Оюунгэрэл, Д.Сосоржав нараас 126,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Бат-Эрдэнэд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЦЭРЭНДОЛГОР