Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/ма2024/00929

 

 

 

 

 

 

 

 

2024 05 01 210/МА2024/00929

 

 

Б.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2024/00619 дугаар шийдвэртэй,

Б.М-гийн нэхэмжлэлтэй,

Р ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Р ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 21/111 дугаартай сертифкат олгох гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Баян худалдааны төвийн хүнсний захад - тоот 15 м.кв талбайг 9,000,000 төгрөгөөр 5 жил эзэмших эрх авсан. Гэрээний 4.1-д 1 жилийн дотор сертифкатыг буцааж, энэхүү гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд гэрээний төлбөрийг Р ХХК нь 3 сарын дотор бүрэн буцааж төлнө. гэж заасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрээг цуцлах хүсэлтээ Р ХХК-д өгсөн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй байна. Иймээс сертификат олгох гэрээг цуцалж, Р ХХК-аас 9,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Б.М нь тухайн лангууг худалдан авахаар сертификатийн гэрээ байгуулсан. Сертификат буюу эрхийн бичиг хэвлэж, уг сертификат авсны дараа түрээсийн гэрээ байгуулна. Түрээсийн гэрээ байгуулсны дараа үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Тухайн гэрээ 5 жилийн хугацаанд хүчинтэй. Уг талбай нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа. Нэхэмжлэгч өөрөө худалдан борлуулах бол манай зүгээс нэр шилжүүлэх боломжтой. Нэхэмжлэгч өөрийнхөө нэр дээр байгаа лангууг хариуцагчаас нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн нэр дээр байхад дахин мөнгө гаргах боломжгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний тухай хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигч талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн сертификат олгох 21/111 дугаартай гэрээг цуцлан хариуцагч Р ХХК-аас 9,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Р ХХК-аас 158,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М т олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь Р ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн миний эзгүйд шүүх хуралдааныг хуралдуулж эрхээ хамгаалах, мэтгэлцэх боломж олгоогүй. Уг нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч хэлэлцээд үнэн зөв, бодитой шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын шүүхэд ирүүлсэн тайлбарын агуулга: Хариуцагч тал шүүх хуралдаанд ирдэггүй, удаа дараа хойшлуулдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь нэхэмжлэлийн талаар сайн мэдэхгүй байна гэсэн тайлбар өгсөн нь 9,000,000 төгрөгийг буцааж өгөхгүй хугацаа хойшлуулж байгаа байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Р ХХК-д холбогдуулан сертификат олгох гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Р ХХК , Б.М нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 21/111 дугаартай сертификат олгох нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч нь - дүүргийн 40 дүгээр хороонд байрлах Баян худалдааны төвийн хүнсний захад худалдаалах чиглэлээр - тоот 15 м.кв талбай бүхий ажлын байрны түрээсийн онцгой эрх олгон гэрээний нэгдүгээр хавсралтаар сертификат, хоёрдугаар хавсралтаар Б талын зарах барааны нэр төрлийн хөрөнгийг шилжүүлэх, түрээслэгч нь гэрээний 2.1-д заасны дагуу - тоот талбайн түрээсийн онцгой эрхийн сертификатын анхны үнэ 9,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ./хх6-8/

3.1. Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, гэрээ хүчин төгөлдөр байна.

4. Б.М нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Р ХХК -ийн санхүүд хүнс-- тоот талбайн урьдчилгаа гэх утгаар 4,000,000 төгрөг, мөн Баян зах хүнс-- тоот үлд төлбөр гэх утгаар 5,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан кассын орлогын ордероор тогтоогдсон./хх-11, 12/

5. Түрээслүүлэгч Р ХХК нь гэрээний 3.1.2-т Б.М ийг гэрээний төлбөрөө бүрэн төлсөний дараа ажлын 5 хоногийн дотор сертификатыг түрээслүүлэгчийн нэр дээр гаргаж өгөх-өөр тохиролцсон боловч уг үүргийг биелүүлээгүй, энэ талаар маргаагүй байна.

6. Нэхэмжлэгч Б.М нь уг - дүүргийн 40 дүгээр хороонд байрлах Баян худалдааны төвийн хүнсий зах ашиглалтад ороогүй гэх үндэслэлээр 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Иргэний хуулийн 204 дугаар зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзаж буйгаа Р ХХК-д мэдэгдсэн ба энэ байдлыг хариуцагч тал үгүйсгэж няцаагаагүй.

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 3.1.7-д түрээслэгч зөрчил гаргаагүй бол гэрээ байгуулагдсанаас хойш 1 жилийн дотор сертификатыг буцааж, гэрээнээс татгалзах эрхтэй гэж тусгаснаас үзвэл нэхэмжлэгч төлбөрөө төлсөн боловч уг объект ашиглалтад ороогүй байдалтай холбоотойгоор гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй.

Иймд түрээсийн гэрээг дуусгавар болгосон нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.2-т заасан зохицуулалтад нийцсэн, энэ талаарх үйл баримтыг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байна.

Иймээс нэхэмжлэгч Б.М нь гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн 9,000,000 төгрөгөө буцаан гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан талаар маргаангүй тул хариуцагч Р ХХК -аас 9,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М т олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь ...итгэмжлэгдсэн төлөөлөгчийн миний эзгүйд шүүх хуралдааныг хуралдуулж эрхээ хамгаалах, мэтгэлцэх боломж олгоогүй. гэх агуулгаар гомдол гаргажээ. Хэргийн баримтаас үзвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мэдсэн гэж шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зурсан байх тул хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд өөрөө бэлтгэх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. - дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2024/00619 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ЦОГТСАЙХАН