Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 307

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН 

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 08 сарын 22                                  Дугаар 307                                           Баруун-Урт

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар: 

 

Хүсэлт гаргагч Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 7 дугаар баг Боловсрол хорооллын 13-7 тоотод оршин суух Дулам овогт Сүрэнгийн Чулуунцэцэг 

 

Ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлт ирүүлснийг 2016.06.16-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.Чулуунцэцэг, нарийн бичгийн даргаар Б.Цолмон нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч С.Чулуунцэцэг шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие 1984-1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчин, ногоочин, саальчин зэрэг ажлуудыг хийж байсан. Тэр үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй болсон. Сүхбаатар аймгийн Архивын тасгийн лавлагаагаар 1984-1985 онд ажиллаж байсан цалингийн зэс байна. 1986-1989 оныг дуустал ажилласан цалингийн зэс тушаал шийдвэр нь сумын ЗДТГ шатахад шатаж үгүй болсон байна. Миний бие бага насандаа Дорж гэдэг айлд өргүүлсэн. Өргөж авсан аав, ээж, ах нар намайг 

Цэцгээ гэж нэрээр нэрлэж байсан. Иймд 2016.02.14-ний өдрийн 36/15 тоот дугаартай аймгийн архивын тасгийн цалингийн жагсаалтын эзэмшигч мөн тул 1984-1989 оныг дуустал Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 2-р бригадад малчин, ногоочин, саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлтийн зарим хэсгийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Сүрэнгийн Чулуунцэцэг нь багадаа Доржийн гэдэг айлд үрчлэгдэж Цэцгээ нэртэй байсан болох нь түүний төрсөн эгч С.Алтанцэцэгийн шүүхэд өгсөн “С.Чулуунцэцэгийг 4 настай байхад нь Доржийн гэдэг айлд өргүүлсэн. Ээжийг нь Янжин гэдэг. Бид ээжийнхээ хамт амьдардаг байсан. Манай ээжийг Сүрэн гэдэг. Албан ёсоор өргүүлсэн бичиг баримт аваагүй, хүүхдийн мөнгийг ээж авдаг байсан болохоор албан ёсны нэр нь бол Сүрэнгийн Чулуунцэцэг юм. Чулуунцэцэг бол хэдийгээр миний төрсөн дүү мөн боловч багадаа айлд өргөгдсөн учир биднээс хөндий өссөн. Бид Цэцгээ л гэдэг юм “ гэх мэдүүлэг, гэрч Г.Довдондоржийн “Чулуунцэцэг бол Сүрэн гэдэг хүүхнээс гарсан. Доржийн гэдэг айлд өргөгдсөн. Тэр айл нь 1 хүүтэй, тэгээд Цэцгээг өргөж авсан” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байх тул аймгийн Архивын 2016.02.24-ний өдрийн 36/15, 2016.04.19-ний 176/15 тоот лавлагаануудыг Сүрэнгийн Чулуунцэцэгийнх мөн гэж үзэж үнэлэх боломжтой байна. 

 

Мөн С.Чулуунцэцэгийн 1983 оны 06-р сарын 20-оос 1986 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчин, туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь аймгийн Архивын тасгийн  2016.02.24-ний өдрийн 36/15, 2016.04.19-ний 176/15 тоот лавлагаанууд, Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1983 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 34 тоот 8-р анги төгсөж илгээлтээр ХАА-н үйлдвэрлэлд хуваарьлагдсаныг ажилд томилох тушаал болон гэрч Г.Довдондорж, Ч.Бямбажав нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх тул 1983-1986 оныг хүртэл ажиллаж байсныг тогтоох боломжтой байна. Харин 1986-1989 онуудад ажиллаж байсан нь гэрчийн мэдүүлгээс өөр нотлох баримтаар нотлогдохгүй байх тул энэ удаад ханган шийдвэрлэх боломжгүй байна. Иймд дээрх онуудад ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлж дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч С.Чулуунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орологод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Дулам овогт Сүрэнгийн Чулуунцэцэгийг 1983 оны 06 дугаар сарын 20-оос 1986 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчин, туслах ажилчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

 

2. С.Чулуунцэцэг нь 1986-1989 онуудад ажиллаж байсан талаараа нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.Чулуунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  хүсэлт гаргагч С.Чулуунцэцэг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба уг гомдлыг хэрэг шийдсэн шүүхээр дамжуулан гаргаж болохыг дурдсугай.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ш.ОЮУНГЭРЭЛ