Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 262

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхамсүрэн,

улсын яллагч Д.Мөнхцэцэг,

шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч Х.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Б-ийн  Г-т  холбогдох эрүүгийн 1810008430199 дугаартай, 187/2019/0252/Э индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилга ашиглалтын инженер мэргэжилтэй, ......ажилтай, ам бүл ..... хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б  овогт Б-ийн  Г /РД:............./

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Г  нь 2018 оны 4 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын дэргэдэх дугуй засварын газарт хохирогч Д.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан аяга авч шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Г  нь 2018 оны 4 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Петровис шатахуун түгээх станцын дэргэдэх дугуй засварын газарт хохирогч Д.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан аяга авч шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Б.Г ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 5-н өдөр Баатарсүрэн, Цагаач бид гурав ногооны хашаа 20000 төгрөгөөр будсан.Тэгээд бид гурав петровис шатахуун түгээх станцын тэнд алхаж явсан чинь Баасанжав согтуу дугуй засварын хажууд байсан. Баатарсүрэн манай найз байна гээд очоод юу болсныг асуухад гар утсаа алдчихлаа гээд зогсож байсан. Тэр үед би шатахуун түгээх станцын камер шалгуулаад үзээч гэж хэлсэн.Тэгээд тэндээс Баасанжав, Баасансүрэн хоёр дугуй засвар руу орсон. Би тэнд Цагаачтай үлдээд Баасанжавын эд зүйлийг янзлаад дугуй засвар руу орсон. Гэтэл Баасанжав намайг босоод матлаа гээд цохьсон.Тэнд байсан залуус бид хоёрыг салгасан. Тэгээд би яагаад намайг цохиж байгаа юм бэ гэж асуухад намайг 2 удаа элэгдсэн. Тэр үед би айгаад ширээн дээр аяга байхаар нь аваад шидсэн...гэм буруугийн талаар маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байгаа... Би хохирогчид хохирлоо төлөх гээд 2 удаа очиход намайг эзэнтэй ярь гээд миний өгсөн 400.000 төгрөг, олон үйлдэлтэй хөрөөг аваагүй, хохирогчоос уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 4 дүгээр сарын 05-ны шөнийн 02 цагийн үед ажлаа хийж байхад зүс таних Хуягаа, Баатарсүрэн, Цагаач гэх 3 залуу орж ирээд ажил дээр архи уух гээд байхаар нь “та нар энд ууж болохгүй” гэхэд Хуягаа миний найзын дугуй засварын газар, би энд яагаад архи ууж болдоггүй юм гээд намайг орон дээр дараад хоолойноос бооход хажууд нь байсан Баатарсүрэн гэх залуу Хуягааг боль гээд аваад гарах үед Хуягаа азотын хийний аппарат дээр аяга авч над руу шидэж, миний толгойг оносон. Эмчилгээ хийлгэсэн төлбөрийг гаргуулж авмаар байна. ...Ажлын хөлс болон эмичилгээ хийлгэсэн нийт 1.220.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-19/

            3. Гэрч Ё.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дугуй засварт Баасанжавтай хамт ажилладаг. Баасанжав ажлын байран дээрээ хонож ажилладаг юм. ...10 цагийн үед ажил дээрээ очиход Баасанжав хаалга тайлж өгөхдөө цус болсон байсан. Би яасан талаар асуугаад цагдаад дуудлага өгсөн. Том аяга шидэж толгойг нь хагалсан байсан. Ажлаа хийж чадахгүй бие нь өвдөөд байгаа. Баасанжав толгойгоо хагалуулснаас хойш ямар ч байсан 7 хоног ажлаа хийгээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28,32-33/

            4. Гэрч Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баасанжав гартаа нэг юм бариад хойноос босоод ирэхээр нь Г ах хаалганы хажууд тавиур дээр байсан аягыг аваад Баасанджав руу шидэхээр нь Цагаач бид хоёр Г ахыг түлхэж гаргаад би дугуй засварын хаалгыг гаднаас нь хаатал Баасанжав орилоод гарч ирэх гээд байхаар нь хаалгыг гаднаас нь хэсэг дарж байгаад гайгүй болохоор нь Ганхуяг, Цагаач хоёрыг аваад явсан. ...Ганхуягийн шидсэн аяга нь Баасанжавын толгой хэсэгт оносон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49/

           5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4573/-ний дүгнэлт:

            -Д.Б-ын биед зүүн шанаанд няцарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            - Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            -Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 35/

             6. Шүүгдэгч Б.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Ганхуягийн дугуй засвараас гарах гэтэл Баасанжав араас юмаар цохих гээд далайхаар нь би үүдэнд компрессор дээр байсан аягыг авч шидчихээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-45/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4573/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.   

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.Г  нь 2018 оны 4 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын дэргэдэх дугай засварын газарт хохирогч Д.Б-ын ажил дээр архи уух гээд байхаар нь “та нар энд ууж болохгүй” гэхэд миний найзын дугуй засварын газар, би энд яагаад архи ууж болдоггүй юм гэх шалтгаанаар маргалдан аяга шидэж толгой тус газарт нь цохиж түүний биед зүүн шанаанд няцарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Б.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.  

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал /...50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилга ашиглалтын инженер мэргэжилтэй, “Сүлд Секьюрити” ХХК-нд камерын хянагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ гэсэн зэргийг харгалзан үзээд Б.Г ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.     

Хохирогч Д.Б-ын нотлох баримтаар гаргаж өгсөн /хх-60/ хуудсанд авагдсан баримтаас нотлох баримтын шаардлага хангасан 120.000 төгрөг, 55.000 төгрөг, 35.000 төгрөг нийт 210.000 төгрөгийг Б.Г аас гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй.           

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г аас 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Баасанжавт олгохоор шийдвэрлэв.  

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.     

Шүүгдэгч Б.Г ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.          

Б.Г т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б  овогт Б-ийн  Г-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Б-ийн  Г-ийг  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г т оногдуулсан 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

 

4. Б.Г т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Г т сануулсугай.   

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г аас 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Баасанжавт олгосугай.

 

7. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР