Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 311

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН 

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 08 сарын 26                         Дугаар 311                                        Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны  “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг тэжээлийн барилгын 13 айлын 3 тоотод оршин суух, /РД:ЛД65012508/ Омьби овогт Доржийн Цэцэгмаа

 

 ”Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2016.08.01-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Цэцэгмаа, нарийн бичгийн даргаар Д.Эрдэнэцэцэг нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Хүсэлт гаргагч Д.Цэцэгмаа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие нь 1981-1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар ажилллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр болон бичиг баримт 2010 онд Сүхбаатар сумын Цагаан тэмээний говь гэдэг газар нутаглаж байхад гэр шатахад хамт шатаж, үгүй болсон. Иймд тухайн ажиллаж байсан үеийн цалингийн түүвэр болох Сүхбаатар аймгийн архивын тасгийн 2016 оны 03 сарын 22-ны өдрийн 69/15 тоот лавлагааг үндэслэн 1981-1990 оныг дуустал Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ

 

                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлтийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Омьби овогт Доржийн Цэцэгмаа нь 1981 оны 05 дугаар 01-ээс 1990 оны 08 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016.03.22-ны өдрийн 69/15 тоот лавлагаа, тухайн үед хамт ажиллаж байсан гэрч Д.Энхсайханы шүүхэд өгсөн “Д.Цэцэгмаа нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдлийн 1980-1991 оныг хүртэл тасралтгүй малчин, тууварчнаар ажиллаж байсан. Эднийх Тэрэм овооны урд энгэрээр өвөлждөг, Гайхамшигт, Хавтгайтаар зунждаг малчин айл байсан. Одоо ч малаа маллаад л явж байгаа. Эднийх хонин суурь малладаг байсан. Насаараа мал маллаж байгаа хүн. Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд 1980-1991 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. Бид нэг нэгдэл хамт ажиллаж байсан болохоор Д.Цэцэгмаагийн ажиллаж байсан байдлын талаар нь сайн мэднэ” гэх, гэрч С.Мажигсүрэнгийн “. . . Д.Цэцэгмаа нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдлийн Үржил бригадад 1980-1991 оныг хүртэл тасралтгүй малчин, тууварчнаар ажиллаж байсан. Эднийх мал тууварт их явдаг, голдуу бог мал малладаг айл байсан. Тэрэмийн уулаар өвөлждөг, Бонгын хоолойгоор хаварждаг, хойд дээрээ гараад зунжчихдаг байсан. Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд 1979-1989 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. Манайх Бонгын хоолойд эмчилгээ тэжээлийн цэг дээр малчин байсан юм. Бид нэг нэгдэл, нэг нутагт хамт байсан болохоор Д.Цэцэгмаагийн ажиллаж байсан байдлын талаар нь сайн мэднэ “ гэх  мэдүүлгүүдээр нотлогдож байх тул 1981 оны 05 дугаар 01-ээс 1990 оны 08 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар ажиллаж ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна. 

 

Нэхэмжлэгч Д.Цэцэгмааг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Омьби овогт Доржийн Цэцэгмааг 1981 оны 05 дугаар 01-ээс 1990 оны 08 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-т зааснаар нэхэмжлэгч Д.Цэцэгмааг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  хүсэлт гаргагч Д.Цэцэгмаа шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба уг гомдлыг хэрэг шийдсэн шүүхээр дамжуулан гаргаж болохыг дурдсугай.   

   

                

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ш.ОЮУНГЭРЭЛ