Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00914

 

 

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00914

 

Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 28-ны өдрийн 181/ШШ2024/00806 дугаар шийдвэртэй,

 Нэхэмжлэгч: Ч ХХК,

Хариуцагч: Н,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Ө.М,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Х ХК, Э.Б, М.Э нар,

Үндсэн шаардлага: ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 сарын 28-ны өдрийн 3/6 дугаар тогтоол, 3/8 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай,

Бие даасан шаардлага: ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 сарын 28-ны өдрийн 3/6 дугаар тогтоол, 3/8 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай,

иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дугаар захирамжаар Ч ХХК-аас 1,195,621,533 төгрөгийг гаргуулж, Х ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ө.М-гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн **-р хороо, Б, З-гийн гудамж, ***-р байрны *** тоот хаягт байрлах 152 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэгдсэн, Б, З-ийн гудамж,***-р байрны В2 давхрын ** тоот хаягт байрлах 12 м.кв талбайтай автозогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206036708 дугаарт бүртгэгдсэн, Б, З-ийн гудамж,***-р байрны В2 давхрын ** тоот хаягт байрлах 12 м.кв талбайтай автозогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн **-р хороо, Ү, З-ийн гудамж, **/* байрны ** тоот хаягт байрлах 97.15 м.кв талбайтай орон сууц, М.Э-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн **-р хороо, Ү, З-ийн гудамж, **/* байрны ** тоот хаягт байрлах 14.4 м.кв талбайтай автозогсоол зэрэг хөрөнгүүдийг битүүмжилж, хурааж, үнэлгээ тогтоох ажиллагаа хийгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 сарын 28-ны өдрийн 3/8, 3/6 дугаартай тогтоол гарсныг 2023 оны 03 сарын 10-ны өдөр мэдсэн. Төлбөр төлөгчөөс барьцаа хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүлээн аваад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэгтэй танилцахад шийдвэр гүйцэтгэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасны дагуу барьцаа хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлээгүй, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу анхны албадан дуудлага худалдаа явуулах талаар хуульд заасан хугацааны өмнө нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй байсан. Мөн 2023 оны 02 сарын 28-ны өдрийн 3/8 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолд Ө.М-гийн өмчлөлийн автозогсоолуудыг шинжээчийн тогтоосон үнийн дүнгийн 70 хувиас бага үнээр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар дурдсан байсан. Н-аас Ч ХХК-ийн барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээний тухай маргаан анхан шатны шүүхээр шийдэгдсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс үнэлгээтэй холбоотой маргааныг 2022 оны 03 сарын 04-ний өдрийн магадлалаар шийдсэн. Тухайн барьцаа хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол 2023 оны 02 сарын 28-ны өдөр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар үнэлгээ тогтоосноос хойш 2 сарын дотор эд хөрөнгийг худалдан борлуулах анхны албан дуудлага худалдаанд оруулах ёстой. Гэтэл 2022 оны 04 сарын 18-ны өдрөөс хойш 2023 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд буюу 2 сарын хугацааг хэтрүүлж анхны албадан дуудлага худалдааг зарласан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн. Хуульд заасан хугацаанд дуудлага худалдааг зарлаагүй учраас тухайн дуудлага худалдаа үндэслэлгүй. Иймд Н-ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 сарын 28-ны өдрийн 3/6, 3/8 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.   Гуравдагч этгээд Ө.М бие даасан шаардлагадаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Ө.М-гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй, 152 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Ү-********** дугаар бүртгэлтэй, ** м.кв автозогсоол, Ү-********** дугаарт бүртгэлтэй 12 м.кв автозогсоол, Ү-********** дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан борлуулж, төлбөр барагдуулахаар шийдвэрлэсэн. Н нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг зөрчсөн. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 сарын 28-ны өдрийн 3/6, 3/8 дугаартай Ө.М-гийн өмчлөлийн хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дугаар захирамжаар Ч ХХК-аас 1,192,526,143 төгрөгийг гаргуулж, "Х" ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууц, автозогсоолуудыг тус тус битүүмжилж, хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон. Н-аас 2023 оны 03 сарын 17-ны өдөр зохион байгуулагдах үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2023 оны 02 сарын 28-ны өдрийн 3/6 болон 3/8 дугаар тогтоолуудыг 2023 оны 03 сарын 02-ны өдрийн 04-155/4105 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2023 оны 03 сарын 02-ны өдрийн 040 дугаарт нийтэд мэдээлэх үүргээ биелүүлсэн. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожих зорилгоор шүүхэд хандан төлбөрийн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХК нь тайлбартаа: Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 20280918 дугаар шийдвэр гүйцэтгэх тухай тогтоол гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Төлбөр төлөгч үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, төлбөр авагчийн эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд Ч ХХК-аас гаргасан 2023 оны 02 сарын 28-ны өдрийн 3/8, 3/6 дугаартай анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолуудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н-т холбогдох үл хөдлөх хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай хэрэг хянагдаж байна. Ө.М-гийн өмчлөлийн гэх орон сууц, автозогсоолууд зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулахаар Н-аас тогтоол гаргасныг хүчингүй болгох тухай маргааныг шийдвэрлэж байгааг миний бие Н-аас 2023 оны 11 сарын 13-ны өдөр мэдлээ. Миний бие дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2018 оны 05 сарын 12-ны өдөр Ө.М-тэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр худалдаж авсан. Харин Ө.М нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөлийг шилжүүлж өгөхгүй шалтаг хэлсээр олон жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдад барьцаалсан байна. Мөн миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдээр Ө.М-гийн зээлийн төлбөр барагдуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэжээ.

6.   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Э шүүхэд тайлбар гаргаагүй болно.

7.   Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар Н-ын 2023 оны 02 сарын 28-ны өдрийн 3/6, 3/8 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, гуравдагч этгээд Ө.М-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

8.   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

8.1.  Маргаан бүхий Хан-Уул дүүргийн **-р хороо, Б /*****/ хотхон, З-ийн гудамж, ***-р байрны *** тоот хаягт байрлах 152 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, мөн Хан-Уул дүүргийн **-р хороо, Б /*****/ хотхон, З-ийн гудамж,***-р байрны В2 давхрын ** тоот хаягт байрлах 12 м.кв талбайтай автозогсоол, Хан-Уул дүүргийн **-р хороо, Б /*****/ хотхон, З-ийн гудамж,***-р байрны В2 давхрын ** тоот хаягт байрлах 12 м.кв талбайтай автозогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2018 оны 05 сарын 12-ны өдөр Ө.М-тэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр худалдан авсан. Ө.М нь гэрээнд заасан үүргээ биелүүлж үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөлийг шилжүүлж өгөхгүй шалтаг тоочсоор олон жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд надад худалдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдад барьцаалсан байна. Миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдээр Ө.М-гийн зээлийн төлбөр барагдуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авч, өнөөг хүртэл шударгаар эзэмшиж, ашиглаж буй миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон.

8.2.  2024 оны 01 сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, өөрийн худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлөхийг Н-т даалгах бие даасан шаардлагыг гаргасан. Шүүх миний хүсэлтийг удаан хугацаанд шийдвэрлэхгүй хүлээлгэсээр 2024 оны 02 сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь миний зөрчигдсөн эрхийг шүүхээр сэргээлгэх эрхийг зөрчсөн үйлдэл болсон.

8.3.  Миний бие Ч ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш учраас өөрийн өмчлөх эрхийг тогтоолгож, баталгаажуулахаар үл хөдлөх эд хөрөнгүүдийн оршин байх газрын буюу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 сарын 12-ны өдрийн 183/Ш32024/01422 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна. Уг өмчлөгчөөр тогтоолгох маргааныг хянан шийдвэрлэж үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөх эрх бүхий этгээдийг шүүхээр тогтоохоос өмнө тухайн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасны дагуу Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н-т холбогдох анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг 2024 оны 02 сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан боловч 2024 оны 02 сарын 28-ны өдрийн хурал дээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

9.   Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөлөөгч С.О давж заалдах гомдолдоо: Давж заалдах гомдлын агуулгыг дэмжин оролцож байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Б-ийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.   Нэхэмжлэгч Ч ХХК нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 сарын 28-ны өдрийн 3/6 дугаар тогтоол, 3/8 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг, гуравдагч этгээд Ө.М нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 сарын 28-ны өдрийн 3/6 дугаар тогтоол, 3/8 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг тус тус хариуцагч Н-т холбогдуулан гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Гуравдагч этгээд Э.Б нь нэхэмжлэгчийн байр суурийг дэмжиж, гуравдагч этгээд Х ХК нь хариуцагчийн байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бол гуравдагч этгээд М.Э нь тодорхой байр суурийг илэрхийлээгүй байна.

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дугаар захирамжаар хариуцагч Ч ХХК-аас 1,192,526,143 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгож, барьцаа хөрөнгө болох Ө.М-гийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн **-р хороо, Ү /17040/, З-ийн гудамж, 21/4 байрны ** тоот хаягт байршилтай 97.15 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн **-р хороо, З хороолол, А гудамж, **-р байрны **** тоот хаягт байршилтай 132.22 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн **-р хороо, С гудамж, *** байрны ** тоот хаягт байршилтай 169.58 м.кв талбайтай 6 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн **-р хороо, З хороолол, А гудамж, **-р байрны ** тоот хаягт байршилтай 15.5 м.кв талбайтай автозогсоол, Хан-Уул дүүргийн **-р хороо, Б /*****/, З гудамж, ***-р байрны *** тоот хаягт байршилтай 152 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн **-р хороо, Б /*****/, Зайсан гудамж,***-р байрны В2 давхрын ** тоот хаягт байршилтай 12 м.кв автозогсоол, Хан-Уул дүүргийн **-р хороо, Б /*****/, Зайсан гудамж,***-р байрны В2 давхрын ** тоот хаягт байршилтай 12 м.кв автозогсоол, М.Э-ийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн **-р хороо, Ү /******/, З-ийн гудамж, **/*-р байрны ** тоот хаягт байршилтай 14.4 м.кв талбайтай автозогсоол, Сүхбаатар дүүргийн **-р хороо, **-р хороолол, ** байрны ** тоот хаягт байршилтай 86 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

4.   Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч Ч ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ө.М, хариуцагч Н, гуравдагч этгээд М.Э нарын хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй.

5.   Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Э.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

5.1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Н нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өмнө дурдсанчлан, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дугаар захирамжаар гуравдагч этгээд Э.Б-ийн худалдан авсан гэх орон сууц, автозогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээр Ч ХХК-ийн хүлээсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх тул гуравдагч этгээд Э.Б-ийн гаргасан ...миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээр зээлийн төлбөр барагдуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна... гэсэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр байгаа тохиолдолд ...Ө.М үл хөдлөх эд хөрөнгүүдийг надад худалдсан атлаа бусдад барьцаалсан байсан... гэсэн гуравдагч этгээд Э.Б-ийн давж заалдах гомдол хангагдахгүй буюу шүүх барьцаа хөрөнгөтэй холбоотой асуудлыг дахин шийдвэрлэхгүй юм.

5.2.  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа Э.Б-ийн нэхэмжлэлтэй, Ө.М-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөгчөөр бүртгүүлэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н-т холбогдох ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 сарын 28-ны өдрийн 3/6 дугаар тогтоол, 3/8 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4-т заасан зохицуулалтад нийцжээ.

Иймд гуравдагч этгээд Э.Б-ийн гаргасан ...иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн... гэсэн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

6.   Анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ холбогдох эрх зүйн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд Э.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 28-ны өдрийн 181/ШШ2024/00806 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...122 дугаар зүйлийн 122.5... гэсний өмнө ...44 дүгээр зүйлийн 44.4, ... гэж нэмж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Б-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2024 оны 04 сарын 10-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, 2024 оны 04 сарын 19-ний өдөр төлсөн 70,200 төгрөг, нийт 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.НЯМБАЗАР