| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2023/00433/И |
| Дугаар | 210/МА2024/00953 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2024/00953
| 2024 оны 05 сарын 06 өдөр | Дугаар 210/МА2024/00953 |
Э.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 14-ний өдрийн 183/ШШ2024/00716 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г ХХК, Р ХХК-иудад холбогдох, гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 36,550,538 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Г.Э, хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Э.Б нь **-** УР улсын дугаартай L CLG856 маркийн авто ачигч, **-** ** улсын дугаартай S маркийн зам индүүдэгч, S RS 2200 маркийн**-** **, **-** улсын дугаартай зам индүүдэгчийн өмчлөгч болно. Г ХХК, гүйцэтгэх захирал Ш.У, Р ХХК, гүйцэтгэх захирал Д.Б нар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж болох**-** **, **-** ** улсын дугаартай зам индүүдэгчийг түрээсээр ажиллуулахаар тохиролцож улмаар Р ХХК-тай 2022 оны 04 сарын 29-ний өдөр "Техник түрээслэх гэрээ"-г бичгээр байгуулж, нэг сарын 14,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр болсон. Үүний дараа дахин нэг зам индүүдэгчийг ажиллуулах хүсэлт тавьсны дагуу **-** ** улсын дугаартай зам индүүдэгчийг 2022 оны 05 сарын 09-ний өдрөөс эхлэн нэмж операторын хамт ажиллуулсан. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд **-** ** улсын дугаартай L CLG856 маркийн авто ачигч, **-** ** улсын дугаартай S маркийн зам индүүдэгч, S RS 2200 маркийн**-** **, **-** улсын дугаартай зам индүүдэгч зэрэг 4 ширхэг техник хэрэгслийг тус бүр 1 сарын 14,000,000 төгрөгөөр операторын хамт ажиллуулахаар тохиролцсон. Гэрээ байгуулсны дараа Г ХХК, захирал Ш.У индүүний урьдчилгаа төлбөрт 4,200,000 төгрөгийг Э.Б-д шилжүүлсэн. 2022 оны 04 сарын 29-ний өдрийн түрээсийн гэрээний дагуу**-** **, **-** ** улсын дугаартай зам индүүдэгчийг 2022 оны 04 сарын 29-ний өдрөөс 2022 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл өдөрт 10 цаг, тус бүр 48 хоног, **-** ** улсын дугаартай, зам индүүдэгчийг 2022 оны 05 сарын 09-ний өдрөөс 2022 оны 06 сарын 15-ны өдрийг дуустал өдөрт ажлын 10 цагаар нийт 38 хоног, **-** ** улсын дугаартай авто ачигчийг 2022 оны 05 сарын 21-ний өдрөөс 2022 оны 06 сарын 21-ний өдрийг дуустал өдөрт ажлын 10 цагаар 31 хоног ажиллуулсан. Дээрх 4 тоног төхөөрөмж Э.Б миний өмчлөлийн хөрөнгө бөгөөд техник түрээслэгчтэй гэрээ байгуулах, операторын үйл ажиллагааг хянах, зохицуулахыг Ч.Б миний зөвшөөрлөөр гүйцэтгэж, хариуцагч компанитай харилцаж байсан болно. Түрээслэгчтэй байгуулсан 2022 оны 04 сарын 29-ний өдрийн "Техник түрээслэх тухай" гэрээний 2.1-д заасны дагуу 2 ширхэг зам индүүдэгчийн урьдчилгаа төлбөрт 4,200,000 төгрөг, сүүлд нэмж түрээслэсэн 2 техникт мөн адил 30 хувийн урьдчилгаа төлбөрийг төлөх ёстой байтал урьдчилгаа төлбөр төлөх болон гэрээний 2.2-т заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд ажил гүйцэтгэх явцдаа үлдэгдэл төлбөрийг шаардахад төлбөрөө төлөөгүй тул 2022 оны 06 сарын 22-ны өдрөөс эхлэн ажил зогсолт хийж, улмаар түрээслэгчийн эрх бүхий ажилтан нь утсаа авахгүй, ямар нэгэн хариу өгөхгүй, уулзахгүй зугтаад байсан тул 2022 оны 07 сарын 03-ны өдрөөс эхлэн ажиллах боломжгүйд хүрч арга буюу техникээ буцаан татаж гэрээг цуцалсан. Хариуцагч Г ХХК-иас техник тус бүрд төлөх тооцоог гаргаж өгсөн. Үүнд:**-** ** улсын дугаартай индүүний 48 хоног ажилласан түрээсийн төлбөрт 21,707,527 төгрөгийн төлбөр төлөхөөс 2022 оны 05 сарын 01-ний өдөр урьдчилгаа 4,200,000 төгрөг, 2022 оны 05 сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 9,200,000 төгрөг төлж, үлдэгдэл 12,507,527 төгрөгийн үлдэгдэлтэй. **-** ** улсын дугаартай индүүний 48 хоног ажилласан түрээсийн төлбөрт 21,707,527 төгрөгийн төлбөр төлөхөөс 2022 оны 04 сарын 28-ны өдөр урьдчилгаа 4,200,000 төгрөг, 2022 оны 05 сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 06 сарын 08-ны өдөр 4,000,000 төгрөг, нийт 13,200,000 төгрөг төлж 8,507,527 төгрөгийн үлдэгдэлтэй. **-** ** улсын дугаартай ковш машины 31 хоног ажилласан түрээсийн төлбөрт 13,774,194 төгрөгийн төлбөр төлөхөөс 2022 оны 05 сарын 31-ний өдөр буюу ажил эхэлснээс 10 хоногийн дараа 4,200,000 төгрөг төлж, 9,574,194 төгрөгийн үлдэгдэлтэй. **-** ** улсын дугаартай, индүүний 38 хоног ажилласан түрээсийн төлбөрт 17,161,290 төгрөгийн төлбөр төлөхөөс 2022 оны 05 сарын 12-ны өдөр 4,200,000 төгрөг, 2022 оны 05 сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 06 сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөг, нийт 11,200,000 төгрөг төлж 5,961,290 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй буюу техникийн төлбөрт нийт 74,350,538 төгрөг төлөхөөс нийт 37,800,000 төгрөгийн төлбөр төлж, 36,550,538 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Түрээслүүлэгч миний зүгээс техникүүдээ буцаан татсан 2022 оны 07 сарын 03-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагч Р ХХК болон Г ХХК нь үлдэгдэл төлбөр 36,550,538 төгрөгийг төлж барагдуулахгүй байна. Иймд хариуцагч Г ХХК болон Р ХХК-иудаас гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 36,550,538 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Г ХХК хариу тайлбартаа: Манай компани Р ХХК-аар шаардлагатай тоног төхөөрөмж дамжуулан түрээслэж, ажлыг манай компани гүйцэтгэдэг байсан. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын далангийн ажлыг гүйцэтгэхээр болсон. Р ХХК-аар дамжуулан хэд хэдэн тоног төхөөрөмж түрээслэн авсан. Нэхэмжлэгч Э.Б болон Г ХХК нарын хооронд ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй. Учир нь нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 40 дугаартай Техник түрээслэх тухай гэрээ нь Р ХХК болон Ч.Б нарын хооронд байгуулагдсан байна. Мөн шүүхэд гаргаж өгсөн 2022 оны 05 сарын 20-ны өдрийн 42 дугаартай Техник түрээслэх тухай гэрээ-нд түрээслэгч Р ХХК-ийг төлөөлж захирал Д.Б, түрээслүүлэгч нь Ч.Б гэж тусгасан боловч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний эрх зүйн харилцааны хүсэл зоригийн илэрхийлэл харагдахгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гэрээ цуцлагдсаны улмаас учирсан хохиролд 36,550,538 төгрөг гаргуулна гэж тодорхойжээ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан эрх зүйн харилцаа үүсээгүй тул гэм хорын хохирол үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэдэн хувийг манай компани хариуцах нь тодорхойгүй байна. Түүнчлэн гэрээг Ч.Б-тай байгуулсан атал Ч.Б гэрчээр оролцож байгаа нь ойлгомжгүй бөгөөд Э.Б-г төлөөлж гэрээ байгуулсан баримт байхгүй. Ч.Б нэхэмжлэгчийг төлөөлж гэрээ байгуулсан гэх боловч манай компанитай байгуулаагүй, бид өгсөн дансанд нь төлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Р ХХК хариу тайлбартаа: Манай компани нь Улаанбаатараас-Дархан чиглэлийн авто замын байгууламжийн ажилд Г ХХК-ийн ажил гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр нь хангаж, хамтран ажилласан. Манай компани Ч.Б-ын индүүдэгч машиныг түрээслэн авч, Г ХХК-д өгч ашиглуулсан. Г ХХК-тай өнөөдрийг хүртэл тодорхой хэмжээний тооцоо дуусаагүй байгаа. Мөн Э.Б-гаас ямар нэгэн техник хэрэгслийг түрээслэж аваагүй. Авто зам, засварын хүнд машин механизм өндөр үнэтэй байдаг тул ихэвчлэн ББСБ болон өөр хүмүүсийн нэр дээр бүртгэлтэй эсвэл барьцаанд байгаа тоног төхөөрөмжүүд байдаг. Тиймээс түрээслэгч нар түрээсийн төлбөрөө өгсөн дансанд нь түрээсийн төлбөрийг, хүссэн гүйлгээний утгыг бичиж шилжүүлдэг. Хэрэгт цугларсан баримтаар энэ үйл баримт тогтоогдоно. Манай компани Э.Б-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй тул бидний хооронд гэрээний төлбөр болон гэрээ цуцлагдсаны хохирол, гэм хорын төлбөрийн харилцаа байхгүй. Харин Ч.Б-тай түрээсийн гэрээ байгуулсан тул түрээсийн үлдэгдэл төлбөрийг энэ хүнтэй тооцоо нийлнэ. Иймд нэхэмжлэгч Э.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 288 дугаар зүйлийн 288.2.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Б-ийн хариуцагч Г ХХК, Р ХХК нарт холбогдуулан гаргасан гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 36,550,538 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 340,703 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.
5.1. Техникүүдийг Э.Б-ийн зөвшөөрлөөр Ч.Б гэрээ байгуулан хариуцан ажиллаж байсан талаар хариуцагч нарт мэдэгдсэн, хариуцагч нар мэдэж байсан болох нь хэрэгт авагдсан 40, 42 дугаартай техник түрээслэх тухай гэрээнүүд, Г ХХК-ийн захирал Н.У-аас Э.Б-ийн Х банк ХК дахь ********** тоот данс руу нийт 5 удаагийн гүйлгээгээр 20,200,000 төгрөг шилжүүлж байсан үйл баримтаар нотлогдоно.
5.2. Гэрч Ч.Б нь анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ нэхэмжлэгч Э.Б-г ...Ажил гүйцэтгэж байгаа талбай дээр 20 гаруй хоног тус техникүүдийг хариуцан ажиллаж байсан... хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. Мөн гэрч Ч.Б нь гэрчээр мэдүүлэг өгөх үедээ ч тухайн техникүүдийн түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч Э.Б авах талаар маргадаггүй бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрдөг.
5.3. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу хамтран хариуцах талаар тодорхой хэлсэн байхад шүүх хариуцагч нарыг хэдэн төгрөгийг хариуцах эсэх талаар огт яриагүй мэтээр үндэслэх хэсэгтээ дурдан шийдвэр гаргасан байна.
5.4. Талууд гэрээг цуцалсан талаар маргаагүй бөгөөд түрээсийн гэрээний 2.2-т заасан төлбөр төлөх үүргээ хариуцагч нар бүрэн биелүүлээгүй бөгөөд ажил гүйцэтгэх явцдаа үлдэгдэл төлбөрийг шаардахад төлөөгүй тул 2022 оны 06 сарын 22-ны өдрөөс эхлэн ажил зогсолт хийж, улмаар түрээслэгч болон ажилтан нь утсаа авахгүй, хариу өгөхгүй, уулзахгүй, зугтаад байсан тул 2022 оны 07 сарын 03-ны өдрөөс эхлэн ажиллах боломжгүйд хүрч арга буюу техникээ буцаан авч гэрээг цуцалсан. Энэ талаар хариуцагч талд заавал мэдэгдэх шаардлагагүй. Мөн үлдэгдэл төлбөрөө шаардахад хариуцагч нар гэрээ байгуулсан хаягтаа байгаагүй нь шуудангийн баримт болон эрэн сурвалжлуулах ажиллагаанаас харагдаж байхад шүүх хариуцагч нарт мэдэгдээгүй мэтээр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
5.5. Гэрч Ч.Б 2023 оны 09 сарын 26-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд ...төлбөрийн үлдэгдлийн талаарх тооцооллыг Г ХХК-ийн цаг бүртгэгч н.Х билүү Х гэсэн хийсэн... гэж мэдүүлэг өгсөн ба нэхэмжлэгчээс Г ХХК-ийн явуулсан тооцооллын дагуу нэхэмжлэлээ гаргасан гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид тайлбарласан. Мөн Г ХХК-ийн төлөөлөгч З.А 2023 оны 09 сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд "...нийт өр төлбөртэй талаарх асуудлаа excel дээр баталгаажуулаад явуулсан байсан... хэмээн хэлсэн байтал шүүх үүнийг үнэлж дүгнэлгүй, шийдвэр гаргасан байна.
5.6. Г ХХК нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбарт техникүүдийг авч ажиллуулсан болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд Э.Б болон Ч.Б нарын данс руу түрээсийн төлбөр шилжүүлдэг байсан нь дансны хуулгуудаар нотлогддог.
5.7. Г ХХК-тай нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний харилцаатай байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогддог ба Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд Г ХХК болон Р ХХК нар хамтран ажилласан талаар 2023 оны 09 сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А нь ...Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил дээр хариуцагч хоёр компани хамтарч ажилласан уу гэхэд ... Бусад төрлийн ажил дээр нэгнийгээ дэмжих байдлаар оролцдог..." гэж мэдүүлсэн байхад анхан шатны шүүх эдгээрийг дүгнэж үзэлгүй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
5.8. 2024 оны 02 сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжпэгчийн өмгөөлөгч оролцоогүй байтал анхан шатны шүүх шийдвэрт оролцсон мэтээр шийдвэрт тусган шүүх хуралдаанд оролцон тайлбар хэлсэн мэтээр дурдсан ба шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зөвхөн өмгөөлөгчийн хэлсэн хуулийн зүйл, заалтыг няцаасан, мөн нэхэмжлэгчээс ямар нэгэн тайлбар гаргаж шүүх хуралдаан дээр мэтгэлцээгүй мэтээр шүүхийн шийдвэртээ дурдаж байгаа нь шүүгч аль хэдийн хурал болохоос өмнө шийдвэрээ гаргасан байсан гэх эргэлзээг яах аргагүй төрүүлж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Техник түрээслэх тухай 40, 42 дугаартай гэрээнүүд Ч.Б болон Р ХХК нарын хооронд байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, манай компани нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцаанд ороогүй. Нэхэмжлэгч тал техник түрээсийн гэрээг хэн байгуулснаас үл хамааран техникийн өмчлөгч нь Э.Б гэж тайлбарладаг. Гэтэл хөдлөх эд хөрөнгийн тухайд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-д зааснаар эзэмшил, ашиглалтад шилжсэнээр өмчлөх эрх үүсэхээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл, Ч.Б тухайн эд хөрөнгийг эзэмшиж, ашигласны үндсэн дээр Р ХХК-тай гэрээ байгуулж, түрээсийн төлбөрийг авсан үйл баримт тогтоогдсон. Уг гэрээний үүрэг шаардах эрх бүхий этгээд Ч.Б учир Э.Б шаардах эрх үүсэхгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Г ХХК, Р ХХК-иудад холбогдуулан гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 36,550,538 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар ...нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, эрх зүйн харилцаанд ороогүй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч Э.Б нь Р ХХК, Ч.Б нарын хооронд байгуулагдсан 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 40 тоот болон 2022 оны 05 сарын 20-ны өдрийн 42 тоот Техник түрээслэх тухай гэрээ-г тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.
4. Нэхэмжлэгч Э.Б нь түрээсийн гэрээний зүйл буюу **** ** улсын дугаартай S RS8200 маркийн зам индүүдэгч, **** ** улсын дугаартай S RS8200 маркийн зам индүүдэгч, **** ** улсын дугаартай S RS8200 маркийн зам индүүдэгч, **** ** улсын дугаартай L CLG856 маркийн авто ачигч зэрэг механизмын өмчлөгч болох нь хэрэгт авагдсан техникийн тодорхойлолтуудаар нотлогдсон.
5. Гэвч дээрх нөхцөл байдал нь нэхэмжлэгч Э.Б-д Техник түрээслэх тухай гэрээ-ний үүргийг хариуцагч нараас шаардах эрхийг олгохгүй. Учир нь:
5.1. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж заасан ба нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Р ХХК, Г ХХК-иудын хооронд ийнхүү хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл хийгдээгүй байна.
5.2. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж заасан ба хэрэгт Э.Б-гаас Ч.Б-т түүний нэрийн өмнөөс бусад этгээдтэй хэлцэл хийх эрхийг олгосон итгэмжлэл авагдаагүй байна.
Гэрч Ч.Б-ын шүүхэд өгсөн мэдүүлэг нь Э.Б-аас Ч.Б-т бүрэн эрх олгосныг нотлох баримт болохгүй. Энэ талаарх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
5.3. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д ...үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан тул хариуцагч Г ХХК-аас нэхэмжлэгч Э.Б-д мөнгө шилжүүлж байсан үйл баримт нь нэхэмжлэгч Э.Б-ийн шаардах эрхийг нотлохгүй. Энэ талаарх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол мөн үндэслэлгүй.
6. Энэхүү магадлал нь 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 40 тоот болон 2022 оны 05 сарын 20-ны өдрийн 42 тоот Техник түрээслэх тухай гэрээ-ний талууд эдгээр гэрээтэй холбоотой шаардлагыг шүүхэд гаргахад саад болохгүй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 14-ний өдрийн 183/ШШ2024/00716 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Э.Б-гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 340,703 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Д.НЯМБАЗАР