Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 325

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 09 дүгээр

сарын 05-ны өдөр                                  Дугаар 325                                    Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар баг, ”Дөхөм” гэх газар нутаглах, /РД: ЛЮ65033101, утасны дугаар 95817263/, Халх хорлоо овогт Мантайн Туяагэрэлийн

 

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Туяагэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч М.Туяагэрэл нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1980 оноос 1983 оны 7 дугаар сар хүртэл Асгат сумын “Соёмбо” нэгдэлд малчин, 1983 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээнд оёдолчноор тус тус ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтрийг манай сумын нийгмийн даатгалын байцаагч н.Нина баталгаажуулна гэж аваад өгөөгүй. Нэхэхээр танай хажуу айлд өгсөн гэдэг. Ийнхүү би хөдөлмөрийн дэвтэргүй болсон тул одоо ажиллаж байсан байдлаа шүүхээр баталгаажуулах шаардлагатай болоод байна. 

Иймд миний 1980 оноос 1983 оны 7 дугаар сар хүртэл Асгат сумын “Соёмбо” нэгдэлд малчнаар, 1983 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь

 

Хүсэлт гаргагч Халх хорлоо овогт Мантайн Туяагэрэл нь 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 07 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдэлд малчнаар, 1983 оны 07 дугаар сараас 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ. 

Хүсэлт гаргагч М.Туяагэрэл нь 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдэлд малчнаар, 1983 оны 07-р сараас 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан болох нь түүний тайлбар, шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 203/15 тоот лавлагааны хуулбар, Сүхбаатар аймгийн НААҮ-ний газрын харъяа Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1984 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 171 тоот тушаал, Сүхбаатар аймгийн НААҮ-ний газрын харъяа Ахуй үйлчилгээний комбинатын даргын 167 тоот тушаал, Сүхбаатар аймгийн НААҮ-ний газрын харъяа Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1986 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 91 тоот тушаал,Сүхбаатар аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1987 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 95 тоот тушаал, Сүхбаатар аймгийн НААҮ-ний газрын харъяа Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 220 тоот тушаал, Сүхбаатар аймгийн НААҮ-ний газрын харъяа Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 85 тоот тушаал, иргэний үнэмлэхний хуулбар,

 

               - гэрч Хэрээдийн Ундрах  овогт Жигжидийн Ганбаатар /РД: ЛА55041519/-ын  “М.Туяагэрэл нь 1980 онд Асгат сумын “Соёмбо” нэгдлийн “Дөхөм” бригадад илгээлтээр туслах малчнаар очиж байсан. Энэ үеэс таньдаг болсон. М.Туяагэрэл нь 1980 оноос 1983 оныг дуустал Асгат сумын “Соёмбо” нэгдлийн “Дөхөм” бригадад туслах малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Би Асгат сумын “Соёмбо” нэгдлийн “Дөхөм” бригадад мал зүйч, зоо техникчээр 1978-1990 он хүртэл ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

 

-гэрч Далхжав  овогт Далхжавын Бор /РД: ЛЮ49030761/-ын; “М.Туяагэрэл нь

Нийтийн ахуйн үйлчилгээнд 1983 оноос цуг ажиллаж эхэлсэн, энэ үеэс л таньдаг болсон. М.Туяагэрэл Сүхбаатар аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээнд 1983-1989 оныг дуустал оёдолчноор тасралтгүй ажиллаж байсан. Би Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээнд оёдолчноор 1969-1992 он хүртэл ажиллаж байсан. Одоо ч гэсэн хувиараа оёдлоо хийж байгаа” гэх мэдүүлгүүд зэргээр тус тус нотлогдож байна. 

 

Иймд Халх хорлоо овогт Мантайн Туяагэрэл нь 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдэлд малчнаар, 1983 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч М.Туяагэрэл нь  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Халх хорлоо овогт Мантайн Туяагэрэл нь 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдэлд малчнаар, 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээнд оёдолчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.Туяагэрэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЗУУ