Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 5026

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 37-518 тоотод оршин суух Хотгойд овогт Бямбабатын Тэнгэрцэцэг /Регистрийн дугаар ШУ92022204/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатар хайрханы 2б хэсэг, 1632В тоотод оршин суух Боржигон овогт Ганбатын Сампил /Регистрийн дугаар СЕ90032412/-т холбогдох,

 Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Тэнгэрцэцэг, хариуцагч Г.Сампил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Тэнгэрцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Б.Тэнгэрцэцэг миний бие нь 2010 онд Г.Сампилтай хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 3 сарын 4-нд охин Бүжинсар төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2014 оны 12 сараас салж тус тусдаа амьдрах болсон. 2015 оны 6 сараас хойш охин маань миний асрамжин доор өсөж торниж байгаа, одоо бид тус тусын амьдралтай, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Сампилийн Бүжинсард хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Тэнгэрцэцэг шүүх  хуралдаанд өгсөн тайлбартаа:

 “Хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандсан. Би охин С.Бүжинсарыг эцэг Г.Сампилтай уулзуулж баймааргүй байна. Хүүхэдтэйгээ уулзуулахаар цэцэрлэгт нь явуулахгүй бүр мөсөн аваад явах юм уу, эсхүл хүүхдэд маань ээжийг нь буруугаар ойлгуулж, муугаар хэлдэг учраас уулзуулах дургүй байдаг. Бид хоёр хамт амьдраад, хоёулаа ажил хийгээд гэр орон, машин тэрэг гээд бүхнийг босгосон. Тэр бүхнийг салаад хоёр тийшээ болохдоо энэ хүн бүгдийг нь авсан. Би юу ч аваагүй, охиноо өсгөж байгаа. Тийм болохоор ээжийндээ амьдарч байна. Г.Сампил өөрөө энэ хүүхдийг харж хандаж чадахгүй, чи авахгүй бол асрамжинд өгнө гэсэн болохоор би тухайн үед харах боломжгүй байсан ч хүүхдээ очиж авсан. Тиймээс би хүүхдээ зовоохгүйн тулд аль болох холбоогүй байхыг хүсдэг. Цаашид хүүхэдтэйгээ уулзуулах шаардлагагүй” гэв.

Хариуцагч Г.Сампил шүүхэд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч Б.Тэнгэрцэцэг нь надад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна. Б.Тэнгэрцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрч байна. Бидний дундаас 2012 оны 03 сарын 04-ний өдөр охин Бүжинсар төрсөн, одоо 4 настай” гэжээ.

Хариуцагч Г.Сампил шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“Бид зан харилцааны таарамжгүй байдлаас болоод салж тусдаа амьдарсан. Одоо манай хүн өөр хүнтэй гэр бүл болж байгаа юм байна лээ. Хүүхэд маань 3 нас хүртлээ надтай хамт байсан юм. Би хүүхдээ маш их санадаг. 6 сар орчим уулзахгүй байж байгаад саяхан шүүхэд өгөхийн өмнө дансаар мөнгө шилжүүлсэн. Ийм тохиолдолд л би хүүхэдтэйгээ ярьдаг. Утсаар яриулдаггүй. Утас авч өгөөд явуулахаар тэрийг нь унтраачихдаг. Сая хүртэл уулзахдаа дахиад утас авч өгөөд явуулсан. Энэ асуудлыг Б.Тэнгэрцэцэгт хэлж ойлгуулж өгнө үү. Охин маань надтай хамт байдаг байхад Б.Тэнгэрцэцэг хүүхэдтэйгээ уулздаггүй байсан. Хааяа утсаар ярина. Би өөрөө ч гэсэн уулзуулахгүй гэдэг байсан. Тэгээд одоо эсрэг байдал гаргаад байна. Надтай ч өөрөө холбогддоггүй, дугаараа солиод 6 сар алга болчихсон. Сая шүүх дээр дуудагдаж ирээд би Б.Тэнгэрцэцэгийн дугаарыг авч холбогдсон. Бид хоёр ярилцаад би шүүхээр чинь шийдүүлье, гол нь хүүхдээ их санаж байгаа учраас хүүхэдтэйгээ уулзмаар байна гэсэн. Авч явснаас нь хойш би хүүхэдтэйгээ хоёр удаа л уулзсан. Хоёр удаа уулзахдаа гадуур дагуулж яваад хувцас хунар авч өгсөн. Одоо миний утсанд бүх бичлэг нь байгаа. Бид хоёр хоёулаа ажилтай хамт байдаг байсан. Охин маань манай ээж дээр байсан. Тэгээд энэ хүн амьдарч чадахгүй гээд яваад өгсөн. Би хоёр, гурван сар хүүхдээ хараад хамт байх болсон. Сүүлдээ ажлаасаа гараад хүүхдээ хардаг байсан. Хүүхдээ аваад таксинд хүртэл явдаг байсан. Ийм байхад Б.Тэнгэрцэцэг хүүхдээ тоодоггүй байсан. Би гуйж очиж хүүхдээ уулзуулсан. Би хүүхдээ өөрийнхөө асрамжинд авах хүсэл байгаа боловч одоогоор орон байр байхгүй, гадаад улс руу явах гэж байгаа болохоор хүүхдээ эхийнх нь асрамжинд өгөхөд татгалзах зүйл байхгүй. Цаашид явж ирээд хүүхдээ авъя гэж бодож байгаа” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Тэнгэрцэцэг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч Г.Сампил хүлээн зөвшөөрчээ.

Зохигч Б.Тэнгэрцэцэг, Г.Сампил нар гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдний  дундаас 2012 оны 03 дугаар сарын 04-ний өдөр охин С.Бүжинсар /Регистрийн дугаар УЛ12230447/ төрсөн нь хүүхдийн төрсний бүртгэлийн 0000778213, Г-1523 дугаартай төрсний гэрчилгээ, хүүхэд эрүүл бойжиж байгаа нь “Увидаст-Од” өрхийн эрүүл мэндийн төвийн  2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолт, хүүхэд эхийн асрамжид амьдарч байгаа нь Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдов.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу бүрджээ.

 

Охин С.Бүжинсар одоо төрсөн эх Б.Тэнгэрцэцэгийн асрамжид амьдарч байгаа ба, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил тэжээн тэтгүүлэх эрх үүсэх журамтай болохыг тодорхойлсон ба мөн  хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу зохигчид хүүхдийн тэтгэлгийн хэмжээний талаар тохиролцоогүй тул хүүхдийн тэтгэлгийн хэмжээг шүүх хуульд зааснаар тогтоох үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар насанд хүрээгүй хүүхэд болох охин С.Бүжинсарыг  төрсөн эх Б.Тэнгэрцэцэгийн асрамжид үлдээхээр зохигчид харилцан тохиролцсон, нэхэмжлэгч  хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэснийг хариуцагч зөвшөөрч байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Г.Сампилаар хүүхдийг тэжээн тэтгүүлэхээр  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

Охин С.Бүжинсарыг  төрсөн эхийнх нь асрамжид үлдээснээс үл хамааран хүүхдийн эх Б.Тэнгэрцэцэг нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлэхэд, мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 3-д заасан хүүхэд, эцэг /удам угсаа/-ээ мэдэх, халамж хүртэх, харилцаа холбоотой байх эрхээ эдлэхэд эцэг Г.Сампилд саад учруулахгүй байх  үүрэгтэй.

 

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боловч шүүхээс эрх зүйн үйлчилгээ үзүүлсний зардлыг хариуцагчаас гаргуулахгүй байх үндэслэл болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно” гэжээ.

Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар 2016 онд мөрдөгдөх амьжиргааны доод түвшингийн хэмжээг Улаанбаатар хотод нэг сард 183,700 төгрөгөөр тогтоосон тул хариуцагчаар нөхөн төлүүлэх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар нэг жил буюу 12 сарын хугацаанд төлөх хэмжээнээс тооцож тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан, хариуцагч Боржигон овогт Ганбатын Сампил /Регистрийн дугаар СЕ90032412/-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 2012 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин С.Бүжинсар /Регистрийн дугаар УЛ12230447/-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Г.Сампилаас хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 31,003 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан, Г.Сампилаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦЭРЭНДОЛГОР