Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00954

 

 

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00954

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/01001 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А-т холбогдох, 2,182,436 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Б.А нь манай компанид сектор менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу хөлдөөгчийг шамшигдуулсан ба үүнийгээ хүлээн зөвшөөрч нийт 1,454,957 төгрөгийн өр төлбөр үүссэн байна. 2023 оны 04 сарын 18-ны өдөр IMT-TTG-23/29 тоот Өр төлбөр барагдуулах гэрээ-г байгуулж, 2023 оны 04 сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон боловч сайн дураар төлөхгүй байна. Иймд Б.А-аас 1,454,957 төгрөг, алданги 727,479 төгрөг, нийт 2,182,436 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. А ХХК-аас гаргаж өгсөн Б.А-тай байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 5.4.3, 7.3-т тус тус заасны дагуу ажил олгогч нь ажилтантай байгуулсан тооллогын комиссын акт байхгүй. Сахилгын эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг хүлээлгэсэн шийдвэр байхгүй. Зөвхөн гэрээ нь хүчин төгөлдөр бус талуудын хооронд анхнаасаа тохирсноороо байгуулагдаагүй байсан. Тийм учраас хөргөгчний үнэ болон алдангийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 2024 оны 03 сарын 01-ний өдөр гаргаж өгсөн баримтуудаас үзэхэд тухайн хөргөгчийн арлын дугаар нэг бүрийн тодорхойлогдох шинж нь харагдахгүй. Хэрэгт зарлагын 8 ширхэг нотариатаар батлуулсан баримт байдаг. Код 2100352 гэх дугаарын хойно О.А-аар төлүүлнэ гээд хариуцсан байршилд дурдсан. Б.А-ын хариуцах CU дэлгүүрт байршиж байсан хөргөгч 2016 оны 7 ширхэг хөлдөөгчнүүдийн арлын дугаартай тохирохгүй. Аль хөргөгч олдоод байгаа нь тодорхойгүй. Б.А-ыг шамшигдуулсан гэх асуудлыг хуулийн байгууллагаар шалгаж тогтоолгоно. Хувьдаа зарцуулсан гэх баримт байхгүй. Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ болон хөдөлмөрийн гэрээнд ажилтан эд хөрөнгийн хариуцлага хүлээхдээ зөвхөн өртгөөр нь хүлээдэг. Ирүүлсэн гэх 8 ширхэг хөргөгч нь Б.А-т хүлээлгэж өгсөн баримт гаргацтай биш. 4 хүний хэнд нь ямар хөргөгчийг хариуцаад хэн нь ямар хариуцлага хүлээлгээд байгаа нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хариуцагч Б.А-аас 1,750,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 432,436 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-аас 42,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч АХХК-д олгож шийдвэрлэжээ.

4.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Нэхэмжлэгч нь бодит хохирлын хэмжээгээ хэрхэн тооцсон нь тодорхойгүй. 200,000 төгрөг гэх дүнгээр тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т хохирлын хэмжээг бодит хохирлоор тодорхойлох зохицуулалтыг зөрчсөн.

4.2.  Хэрэгт авагдсан нотлох баримтад шамшигдуулсан гэх хөргөгчний үнийг 200,000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгааг болон түүнийг хариуцагч нь хүлээн зөвшөөрснийг нотолж буй гэх Сүлжээ дэлгүүрийн хариуцсан бүсэд дутсан хөргөгчийн нэгтгэл гэх баримтын үлдэгдэл өртөг гэх баганад хөргөгчнүүдийн элэгдэл хорогдол тооцсон үнийг тодорхойлсон. Энэ талаар хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны үед шүүгч нэхэмжлэгчээс асуухад тодорхой тайлбар хэлээгүй бөгөөд нэхэмжилж буй дүн нь элэгдэл хорогдол тооцсон үнэ гэж амаар хэлснийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч нь тодорхой тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг шинжлэн судлуулсан байхад анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй.

4.3.  Шүүх хуралдаанд хариуцагчийн хариу тайлбарт дурдсан үндэслэлүүдийг авч хэлэлцээгүй бөгөөд энэ талаар шийдвэрт дурдаагүй, ямар үндэслэлээр хариуцагчийн хариу тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байгаа талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

4.4.  Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээний зорилго нь нэхэмжилж буй хөргөгч биш өөр эд хөрөнгийг төлүүлэх тухай тодорхой бичсэн байхад тус гэрээг үндэслэн алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж хариуцагч мэтгэлцсэн. Гэтэл шүүхээс хариудагчийн хариу тайлбар, түүнийг нотолж буй баримтуудад ямар ч дүгнэлт хийж, тэдгээрийг няцаан үгүйсгэж буй үйл баримтуудыг дурдалгүй төлбөр барагдуулах гэрээ байгуулсан тул алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн хариу тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөлгүй хариуцагчаас 1,750,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Санхүү бүртгэлийн албанаас сүлжээ дэлгүүрийн хариуцсан бүсэд байрших дутсан хөлдөөгчийн нэгтгэлийг үндэслэн үлдэгдэл хохирлыг гаргаж ирсэн. Өр төлбөр барагдуулах гэрээг санхүүгийн тооцоо нийлсэн актууд болон тооллогын комиссын шийдвэрийг үндэслэж хийсэн. Акт байхгүй байгааг гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй.

Гэрээг анх байгуулахад тодорхой хугацааг зааж өгсөн баримтууд хэрэгт авагдсан. Заасан хугацаанд дутсан хөргөгчүүдээ авчирч өгөөгүй тохиолдолд 200,000 төгрөгөөр төлөхийг Б.А хүлээн зөвшөөрч өр төлбөр барагдуулах гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээ хүчин төгөлдөр учир хуулийн дагуу алдангиа нэхэмжлэх эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

2.   Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б.А-т холбогдуулан 7 ширхэг хөргөгчний үнэ 1,454,957 төгрөг, алданги 727,479 төгрөг, нийт 2,182,436 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...дутсан гэх хөргөгчний арлын дугаар тодорхойгүй, хөргөгчийг хүлээлгэн өгсөн баримтгүй, тооллогын комиссын акт байхгүй, нэхэмжлэгч хөргөгчний бодит өртгийг шаардаагүй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ. /хх 1-2, 25-26/

3.   Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл, дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.  Талууд 2023 оны 01 сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.А нь Сектор менежерээр ажиллах, А ХХК нь үндсэн цалин 950,000 төгрөгөөр цалинжуулах нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон; /хх 32-36/

3.2.  Мөн өдөр талууд Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх нөхцөлүүдийг тохирсон; /хх 37-39/

3.3.  А ХХК-ийн захирлын 2023 оны 03 сарын 09-ний өдрийн Б/122 дугаар тушаалаар Б.А-т ай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг ...3 ба түүнээс дээш хоногоор ажлын байраа орхин явсан нь хүндэтгэх шалтгаангүй... үндэслэлээр дуусгавар болгосон; /хх 41/

3.4.  Талууд 2023 оны 03 сарын 28-ны өдөр Сүлжээ дэлгүүрийн хариуцсан бүсэд байрших дутсан хөргөгчийн нэгтгэл гэсэн баримт үйлдэж, уг баримтад ...2016-2018 онд үйлдвэрлэгдсэн нийт 1,060,256 төгрөгийн үлдэгдэл өртөг бүхий 7 ширхэг хөргөгчийг дутаасан... тухай дурдаж, талууд гарын үсэг зурсан; /хх 9/

3.5.  Талууд 2023 оны 04 сарын 18-ны өдөр Өр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.А нь 1,454,957 төгрөгийн өр төлбөрийг 2023 оны 04 сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах, ийнхүү төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх 5-6/

4. Хариуцагч Б.А нь А ХХК-д Сектор менежерээр ажиллаж байх хугацаандаа 7 ширхэг хөргөгч дутааж, үүнийгээ хүлээн зөвшөөрч, ажил олгогчтой Сүлжээ дэлгүүрийн хариуцсан бүсэд байрших дутсан хөргөгчийн нэгтгэл, Өр төлбөр барагдуулах гэрээ-г тус тус үйлдэж, гарын үсэг зурсан байх тул хариуцагчийн гаргасан ...дутсан гэх хөргөгчний арлын дугаар тодорхойгүй, хөргөгчийг хүлээлгэн өгсөн баримтгүй... гэх татгалзал үндэслэлгүй.

Түүнчлэн, дээр дурдсан Сүлжээ дэлгүүрийн хариуцсан бүсэд байрших дутсан хөргөгчийн нэгтгэл гэсэн баримтад Зөвшөөрсөн гэсний ард хариуцагч Б.А, Тооллогын комисс гэсний ард нягтлан бодогч Ж.Т нар тус тус гарын үсэг зурсан байх тул хариуцагчийн гаргасан ...тооллогын комиссын акт байхгүй... гэх татгалзал мөн үндэслэлгүй.

 5. Иймд нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б.А-тай байгуулсан Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Сүлжээ дэлгүүрийн хариуцсан бүсэд байрших дутсан хөргөгчийн нэгтгэл, Өр төлбөр барагдуулах гэрээ зэргийг үндэслэн ажилтны учруулсан бодит хохирол, алданги шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

6. Харин хариуцагчийн гаргасан ...шүүх хөргөгчний бодит өртгийг анхаараагүй нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр хохирлыг гаргасан.. гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

Учир нь, дутсан 7 ширхэг хөргөгч нь 2016-2018 онд үйлдвэрлэгдсэн хөргөгч байх тул холбогдох элэгдэл хорогдлыг хассан дүн буюу 2023 оны 03 сарын 28-ны өдөр Сүлжээ дэлгүүрийн хариуцсан бүсэд байрших дутсан хөргөгчийн нэгтгэл гэсэн баримтад дурдсан 1,060,256 төгрөгөөр тооцож хариуцагч Б.А-аас гаргуулах нь зүйтэй.

7.   Иймд хариуцагч Б.А аас 7 ширхэг хөргөгчний үлдэгдэл өртөг 1,060,256 төгрөг, алданги 350,000 төгрөг, нийт 1,410,256 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтад тус тус нийцнэ.

Анхан шатны шүүх алдангийн хэмжээг 50 хувь буруулж, алдангид 350,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй учир уг дүнг магадлалын үндэслэл болгосон болно.

8.   Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн зохицуулалтыг зөв баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/01001 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д тус тус зааснаар хариуцагч Б.А-аас 1,410,256 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, үлдэх 772,180 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.1... гэснийг 56.2 гэж, ...42,950... гэснийг 35,514 гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.А аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 сарын 17-ны өдөр урьдчилан төлсөн 42,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 Д.НЯМБАЗАР