Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00955

 

 

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00955

 

 

 

Б.Б-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/01189 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ны нэхэмжлэлтэй, баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 1963 оны 12 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод мэндэлсэн. Үүнээс хойш 1979 онд Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, Авто тээврийн техником-д элсэн ороод 1982 оны 06 сарын 07-ны өдрийн 491 тоот тушаалаар 0168 дугаар цэргийн ангид цэргийн албанд татагдаж, 1984 оны 07 сарын 16-ны өдрийн 50 тоот мэдэгдлээр ар гэрийн гачигдлын улмаас цэргийн албанаас халагдсан болно. Гэвч анх намайг цэрэгт татагдан очиход миний цэргийн батлах буюу үнэмлэхийг нээхдээ миний овгийг эцэг болох Б-гээр бус намайг өсгөсөн өвөө болох Д-оор овоглож андуурч бичсэн болно. Үүнээс үүдэн одоо цэргийн албан хаасан бүх лавлагаа тушаал Д-ийн Б хэмээн гарч ирэх болсон бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч дээрх хугацаанд цэргийн алба хаасан хэмээн үзэх боломжгүй гэсэн тул улсаас тэтгэвэр тэтгэмж авах эрхээ эдлэх боломжгүй болж, эрх зөрчигдөх болоод байна. Иймд Б-ийн Б намайг 1982 оны 06 сарын 17-ны өдрийн 510979 дугаартай Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.   Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1982 оны 06 сарын 17-ны өдрийн 979 дугаартай Д овогтой Б-д олгогдсон Цэргийн батлахын эзэмшигчээр тогтоолгох тухай Б.Б-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

3.1.  Анхан шатны шүүх Б.Б намайг Д.Б, Л.Д нарын төрүүлсэн хүү байх ба 1964 оны 01 сарын 09-ний өдөр эцэг Д.Б овоглосон гэж тодорхойлсон атлаа н.Д гэх хүний талаарх нотлох баримт байхгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Одоогоор н.Д-ийн талаарх Архангай аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуйтай холбоотой баримт, лавлагаа архивт хадгалагдаагүй байна.

3.2.  Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын лавлагаа, цэргийн батлах дээр бичигдсэн ар гэрийн гачигдлаар, эсхүл хугацаа дуусч цэргийн албанаас чөлөөлөгдсөн баримтууд зөрж байгаа тохиолдолд нэмэлт нотлох баримт болох регистрын бүртгэл, цэргийн алба хаасантай холбоотой хувийн хэргийн мэдээлэл байгаа эсэхийг нягтлахгүйгээр шийдвэрлэсэн нь нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:  

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

2.   Нэхэмжлэгч Б.Б нь 1982 оны 06 сарын 17-ны өдрийн 979 дугаартай Цэргийн батлах-ын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

3.   Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

4.   Хэрэгт авагдсан 1982 оны 06 сарын 17-ны өдрийн 979 дугаартай Цэргийн батлах болон Б.Б-ны иргэний үнэмлэхний хуулбарт бичигдсэн төрсөн огноо, Б.Б-ны цэргийн дүрэмт хувцастай, хилийн цэрэг гэсэн мөрдөстэй фото зургийн хуулбар, Л.Д /Б.Б-ны төрсөн эх/-ын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 01 сарын 24-ний өдрийн 08/334 тоот тодорхойлолт зэргийг нэхэмжлэгчийн тайлбартай харьцуулан үнэлбэл Б.Б нь 1963 оны 12 сарын 23-ны өдөр Д.Б, Л.Д нарын 6 дахь хүүхэд болж мэндэлж, улмаар эцэг Д.Б-ийн төрлийн хүн болох н.Д-ийн гэрт өсөн хүмүүжиж, дараа нь 1982 оны 06 сард цэргийн албанд татагдаж, 1984 оны 07 сард цэргийн албанаас халагдсан болох нь тогтоогдож байна.

5.   Иймд Октябрийн районы АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Цэргийн хэлтсээс 1982 оны 06 сарын 17-ны өдөр Д-ийн Б нэр дээр олгосон 979 дугаартай Цэргийн батлах-ын жинхэнэ эзэмшигч нь Бүндэнгийн Батсайхан мөн болохыг тогтоосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/01189 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар нэхэмжлэгч Б-ийн Б-ыг Октябрийн районы АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Цэргийн хэлтсээс 1982 оны 06 сарын 17-ны өдөр Д-ийн Б-ны нэр дээр олгосон 979 дугаартай Цэргийн батлах-ын жинхэнэ эзэмшигчээр тогтоосугай гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б-ны гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Д.НЯМБАЗАР