Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00956

 

 

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00956

 

 

Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/01443 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд Г.А-ыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээд Г.А-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, гуравдагч этгээд Г.А /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Баянгол дүүргийн **-р хороо, *** байрны ** тоотод оршин суугч Г.А нь байнга архидан согтуурч, ар гэрийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулж, архи уусны улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирох өндөр эрсдэлтэй, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, согтуурах мансуурах донтой нь эмнэлгийн байгууллагаар тогтоогдсон тул Г.А-ыг архины албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2.   Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие архи уудаг нь үнэн. Би хүүхэд болон ээжтэйгээ хамт ажиллаж, амьдардаг. Архи уудаг нь миний буруу. Гэхдээ настай ээж маань хэвтэрт орсон байгаа. Би сүүлийн 3, 4 жил ээжийгээ асарч байгаа, хүний гарт орсон. Дүүтэйгээ үл ойлголцол байгаа гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар Г.А-ыг архины албадан эмчилгээнд явуулж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Г.А-ыг албадан эмчлэх газарт хүргэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4.   Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: Миний бие хоёр харвасан, сахарын өвчтэй 82 настай ээжийгээ асарч хардаг байсан. Ээж маань 2024 оны 03 сарын 05-ны өдөр зөөврийн суултуураасаа унаж яс нь хугарч, хэвтэрт орж, хүний асаргаанд бүрэн орсон. Миний эгч Г.Б нь зүрх болон толгой эргэх өвчтэй тул ээжийг минь асарч халамжлахад хүндрэлтэй байдаг. Иймд миний бие хөгшин настай ээжийгээ харж асрахын хажуугаар архины муу зуршлаасаа татгалзаж, хуульд заасны дагуу гадуур архины эмчилгээнд хамрагдаж, эрүүл зөв амьдрахыг хүсэж байна. Иймд миний энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж нааштайгаар шийдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2.   Нэхэмжлэгч Б нь гуравдагч этгээд Г.А-ыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэл гаргасныг гуравдагч этгээд ...өндөр настай ээжийгээ асардаг... үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

3.   Хэрэгт авагдсан Цагдаагийн байгууллагад Г.Б-ын гаргасан өргөдөл, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн хуудас, Цагдаагийн байгууллагын цахим сангийн мэдээлэл зэргээс үзэхэд гуравдагч этгээд Г.А нь согтуурах, мансуурах донтой, эрүүл мэндийн хувьд албадан эмчилгээнд хамрагдах боломжтой, согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй болох нь тогтоогдож байна.

4.   Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан зохицуулалтад нийцжээ.

5.   Өндөр настай ээжийгээ асардаг гэх нөхцөл байдал нь гуравдагч этгээд Г.А-ыг архины албадан эмчилгээнд хамруулахгүй байх үндэслэл биш бөгөөд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8, 17 дугаар зүйлийн 17.1-д тус тус зааснаар албадан эмчлэх эмнэлэг нь албадан эмчлэх хугацааг тогтоох, албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох тухай саналыг шүүхэд хүргүүлэх эрхтэй тул ...албадан эмчилгээг дуусгавар болгож өгнө үү... гэх гуравдагч этгээд Г.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Түүнчлэн, гуравдагч этгээд Г.А-ын эгч Г.Б, дүү Г.Б нар нь өндөр настай ээжийгээ асрах боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

6.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Г.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/01443 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Г.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар гуравдагч этгээд Г.А-оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 Д.НЯМБАЗАР