| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0105/э |
| Дугаар | 2019/ШЦТ/107 |
| Огноо | 2019-04-26 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/107
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Б.Догмиддорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авгацуул овогт С.Б-д холбогдох 1921000830064 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг “Хулстай” гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Авгацуул овогт С.Б.
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг “Хулстай” гэх газарт иргэн П.С-ын эзэмшлийн хар алаг зүсмийн нэг тооны гүүг хулгайлж, 1000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хийсэн хэргийн талаар өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа ойлгож байна” гэв.
Хохирогч П.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Манай малчин Даваа 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр адуугаа хураагаад бүртгэхэд хар алаг зүсмийн 8 настай гүү алга байна гэж над руу утсаар хэлсэн. Намайг Улаанбаатар хотоос ирэхэд манай сумын С.Б гэх залуу манай алдсан хар алаг зүсмийн 8 настай гүүг авсан гэж байсан. ...Миний хувьд шүүгдэгчээс хохиролд 800.000 төгрөг авсан. Нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэжээ. /хх-ийн 9 тал/
Гэрч Г.Батдаваа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн орчим С.Б гэх айлын баруун урд худгийн хажууд манай хар алаг зүсмийн гүү харагдаж байсан. Маргааш нь адуугаа авах гээд очиход хар алаг гүү маань байхгүй байхаар нь ойр орчимоор харахад худгаас урагш 300 орчим метр зайд хонхор газар манай алдсан гэх хар алаг гүүний гэдэс, шийр байхаар нь С.Б гэх айл руу очиход С.Б эхнэрийнх бие нь өвдөөд Дорнод аймгийн төв рүү явсан гэж гэрт нь байсан хамаатны хүн хэлэхээр нь С.Бтай утсаар ярьж гүүгээ асуухад би мэдэхгүй гэж байснаа дараа нь би махалсан гэж хэлсэн” гэжээ. /хх-ийн 10 тал/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 7 тал/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20, 22 тал/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 21, 23 тал/
С.Б-н яллагдагч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 12, 17-18 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Авгацуул овогт С.Б нь 2019 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг “Хулстай” гэх газарт хохирогч П.С-ын эзэмшлийн хар алаг зүсмийн нэг тооны гүүг хулгайлж, 1000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...худгийн урд талд хар алаг зүсмийн гүү хэвтээд босохгүй байхаар нь хэвтэж байсан газар нь нядлаад аавынхаа Harrier маркийн 76-58 ДОР улсын дугаартай машинд ачаад аймгийн төв орсон...” гэх мэдүүлэг, хохирогч П.С, гэрч Г.Батдаваа нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Б-ыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч С.Б-г бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох С.Б-н эзэмшлийн 5000.000 /таван сая/ төгрөгийн үнэлгээтэй “Harrier” маркийн ... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.С-т 1000.000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч С.Б нь хохирогчид 800.000 төгрөгийг төлсөн, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч С.Б-н ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Авгацуул овогт С.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Б-д тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б-д тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч С.Б-д хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох С.Б-н эзэмшлийн 5000.000 /таван сая/ төгрөгийн үнэлгээтэй “Harrier” маркийн ... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулан улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч С.Б-н эзэмшлээс битүүмжлэгдсэн 5000.000 /таван сая/ төгрөгийн үнэлгээтэй “Harrier” маркийн ... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн хадгалах хамгаалах үүргийг шүүгдэгч С.Б-д хүлээлгэсэн болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Б-н ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ