Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 5124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс,

1973 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 9-348 тоотод оршин суух, Алаг адуу овогт Нэргүйгийн Болдбаатар /РД:ХИ73032811/-т архины албадан эмчилгээ хийлгэх  хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч, Баянзүрх дүүрэг Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Болор /хэсгийн байцаагч/, гуравдагч этгээд Н.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.                                                                                                                                                                  

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн дэслэгч М.Болор шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 9-348 тоотод оршин суудаг Н.Болдбаатар нь 2010 оноос хойш байнга архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдсэн, нийтийн хэв журмыг байнга зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Эрүүлжүүлэхэд удаа дараа орж байсан тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг түүний эхнэр Н.Мөнгөнцэцэг нь цагдаагийн хэлтэст ирүүлсэн.

Өмнө нь  удаа дараа захиргааны арга хэмжээ авахуулж байсан бөгөөд Согтуурах, мансуурах донтой өвчний 2 дугаар зэрэгтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул Согтуурах, мансуурах, донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Н.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 2010 оноос хойш архи уусан. Архины албадан эмчилгээнд явмааргүй байна. Өөрөө гарчих байх гэв.

Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох  баримтуудыг шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь тус шүүхэд Н.Болдбаатарыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд тус цагдаагийн хэлтэс Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.

Н.Болдбаатар нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүргийн 9-414а тоотод оршин суудаг болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Тэрээр 2010 оноос хойшхи хугацаанд эрүүлжүүлэгдэн захиргааны арга хэмжээ авагдаж байсан тухай Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн цахим лавлагааг ирүүлсэн байна.

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.

Хэрэгт Цагдаагийн байгууллагын ирүүлсэн баримтууд, согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэсгийн байцаагч болон  түүний эхнэр Н.Мөнгөнцэцэг нарын өргөдөл, 13 дугаар хорооны засаг дарга Г.Батболдын тодорхойлолт авагдсан  байна.

 

Н.Болдбаатар нь “Архинд донтох өвчний 2 дугаар зэрэг” өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар Алаг адуу овогт Нэргүйгийн Болдбаатарыг /РД:ХИ73032811/ архины албадан эмчилгээнд явуулсугай.

2. Н.Болдбаатарыг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

3.Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн цагдаагийн  1 дүгээр хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдсугай.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЦЭРЭНДОЛГОР