Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00917

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 29 өдөр Дуга 210/МА2024/00917

 

 

Я.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/00693 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Я.Эын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа:

1.1. Т ХХК-ийн захирлын 2023 оны 05 сарын 31-ний өдрийн TKA JV LLC/R/DC1.5/bh/23-0083 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд 2023 оны 05 сарын 31-ний өдөр тушаалыг танилцуулсан.

1.2. Тус тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээний 15 дугаар зүйлийн 15.2 a, m(i), o, v(xiii) дэх хэсгүүдийг үндэслэсэн байна.

1.3. Миний бие хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг шууд зогсоох хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргаагүй, ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хариуцлагадаа хайхрамжгүй хандах, ёс зүйгүй үйлдэл, санаатайгаар хайхрамжгүй хандах зэрэг зөрчлүүдийг гаргаж байгаагүй. Тушаал өөрөө эрх зүйн акт болохын хувьд хэлбэрийн болон хууль зүйн шаардлагыг хангасан байхыг шаардана.

1.4. Т ХХК нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй, комиссыг одоо хүртэл байгуулаагүй тул Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 06 сарын 20-ны өдөр гомдол гаргасан боловч Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 07 сарын 18-ны өдрийн шийдвэрээр талууд харилцан тохиролцоогүй тул ажиллагааг дуусгавар болгосон байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуудийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу Я.Э намайг ажлаас үлдэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч тал хариу тайлбартаа:

2.1. Нэхэмжлэгч нь компани болон түүний зэргэлдээ компани болох ТМ ХХК-д ажиллаж байх хугацаандаа тэдгээрийн туслан гүйцэтгэгч компани болох А ХХК-ийн ажилтнуудаас шан харамж авдаг байсан талаарх гомдол мэдээлэл 2023 оны 03 сарын 13-ны өдөр компанид ирсэн. Үүнтэй холбогдуулан компанийн зүгээс 2023 оны 03 сарын 31-ний өдөр дотоод хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлсэн.

2.2. Уг хяналт шалгалтын ажлын тайлангаар нэхэмжлэгч нь 5,545,800 төгрөгийг зээл гэх нэрийдлээр А ын нэр бүхий ажилтнаас өөрийн дансаар хүлээж авсан, тэрхүү мөнгөн дүн нь А руу гэрээний дагуу төлсөн төлбөрийн тодорхой хувьтай нийцэж байгаа зэрэг нь дотоод хянан шалгалтын явцад нэр бүхий хүмүүстэй хийсэн ярилцлага, нотлох баримтаар тогтоогдсон байдаг.

2.3. Түүнчлэн А ын нэр бүхий ажилтнуудад холбогдох авилга, хээл хахуулийн талаарх гомдол мэдээлэл одоогоор Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгааг энд тэмдэглэх нь зүйтэй.

2.4. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил бөгөөд компанийн болон группын дараах дүрэм, журамд заасан хөдөлмөрийн гэрээг нэн даруй цуцлах ноцтой зөрчилд тооцогдож байна.

2.5. Хөдөлмөрийн тухай хууль (2021)-ийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт "хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн харилцааг цуцлахаар заасан зохицуулалтын дагуу компани нь 2023 оны 05 сарын 31-ний өдрийн ТКА JV LLC/R/DC1.5/bh/23-0083 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийг гэрээг дуусгавар болгосон ба тус тушаал нь хэлбэр болон агуулгын хувьд хуульд бүрэн нийцэж байгаа юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэг, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн TKA JV LLC/R/DC1.5 /bh/23-0083 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Я.Эыг Т ХХК-ийн ХТ мэргэжилтний ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч Т ХХК-аас 48,490,676/дөчин найман сая дөрвөн зуун ерэн мянга зургаан зуун далан зургаан/ төгрөгийг гаргуулж Я.Эт олгож, Я.Эын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, төлснийг баталгаажуулахыг хариуцагч Т ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Эын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар Т ХХК-аас 470,603 /дөрвөн зуун далан мянга зургаан зуун гурван/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

4.1. Нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй Нэхэмжлэгч нь А оос удаа дараа мөнгө, шан харамж авдаг байсан гэдэг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, хяналт шалгалтаар нэхэмжлэгчийн ганц удаагийн үйлдлийг бус үргэлжилсэн шинжтэй зөрчлүүд байсныг тогтоосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтууд болон компанийн хяналт шалгалтаар дээрх үйл баримт нь давхар нотлогддог.

Иймд нэхэмжлэгчийн дээрх зөрчлүүдийг хэд хэдэн удаагийн үйлдлээр илрэх үргэлжилсэн үйлдэл гэж үзнэ. Иймд энэ талаар хийсэн Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

4.2. Нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчил нь Эрүүгийн хууль (2015)-ийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.13 дах хэсэгт заасан нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авах гэмт хэрэгт тооцогдож байна.

Гомдол гаргагч нь А оос компанийн нэр бүхий ажилтнуудад (үүнд нэхэмжлэгчийг оруулан) шан харамж өгсөн хэргийг шалгуулахаар 2023 оны 05 сарын 16-ны өдөр Авлигатай тэмцэх газар (АТГ)-т мэдээлэл хүргүүлсэн байдаг. Тухайн мэдээлэл дээр үндэслэн АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Компани нь 2023 оны 10 сарын 23-ны өдөр нэхэмжлэгчтэй холбоотой эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэг АТГ дээр нээсэн эсэх талаар лавлагаа гаргуулахаар хүсэлт гаргасан хэдий ч анхан шатны шүүхээс хэрэгт хамааралгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана", 117 дугаар 117.1 дэх хэсэгт энэ хуулийн 65.1.3-65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол. шүүгч захирамж гаргана. гэж тус тус заасан. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа эсэхийг тодруулалгүй шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, компанийн эрх ашгийг дордуулсан гэж үзэж байна.

4.4. Түүнчлэн, 2023 оны 11 сарын 28-ны өдөр компани нь гэхэмжлэгчийн 5601141364 тоот дансны гүйлгээний хуулгыг Хаан банк ХК-аас гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс мөн хэрэгт ач холбогдолгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.

4.5. Тухайн дансны хуулга нэхэмжлэгчийн А оос мөнгө авсныг нотлох буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий баримтууд байсан юм. Учир нь нэхэмжлэгч нь өөрийн Хаан банкин дах 5601141364 тоот данснаас өөрийн 5006289294 тоот данс руу тодорхой хэмжээний мөнгийг компаниас А д гэрээний төлбөр төлсөн хугацаатай ойролцоо үед тогтмол шилжүүлж байсан байдаг.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт ...Давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн ... бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно... гэж заажээ.

 

2. Анхан шатны шүүх Я.Эыг Т ХХК-ийн ХТ мэргэжилтний ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч Т ХХК-аас 48,490,676 төгрөгийг гаргуулж Я.Эт олгож, Я.Эын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, төлснийг баталгаажуулахыг хариуцагч Т ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч шүүх хуралдааны өмнө зохигчид эвлэрэн хэлэлцээд эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрлийн гэрээний нөхцөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч Я.Э нь ХТ мэргэжилтний ажилд эгүүлэн томилуулах шаардлагаасаа татгалзах, хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгч Я.Эт ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 48,490,676 төгрөгийг олгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр тохиролцсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Дээрх нөхцөлөөр зохигч эвлэрэн хэлэлцсэнийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/00693 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Я.Э нь ХТ мэргэжилтний ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Т ХХК нь Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон өдрөөс 2024 оны 02 сарын 23-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 48,490,676 төгрөгийг нэхэмжлэгч Я.Эт олгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхээр зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 сарын 03-ны өдөр төлсөн 470,603 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч тал энэхүү магадлалыг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР