Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 272

 

Г.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 33 дугаар магадлалтай, Г.Бд холбогдох 2114000000022 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваагийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Жалбуу овогт Г.Б нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

шүүгдэгч Г.Бс 957.295 төгрөг гаргуулан хохирогч Б.Жт олгуулж, хохирогчийн гаргасан 490.705 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга, аяга зэргийг устгаж, битүүмжлэгдсэн Самсунг А-71 загварын гар утсыг Г.Бд буцаан олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Г.Бы Жыг тонгорч унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарна.

Гэрч Т.Бийн “...Би Бийн хажууд зогсож байсан чинь Ж ах манай гэрийн урдуур тойроод гартаа эвхэгддэг хутга дэлгээгүй бариад хүрээд ирснээ Б рүү далайсан, би тэгэхээр нь Ж ах хутга барьсан байна шүү гэж хэлсэн. Б ах ирээд Ж ахыг боль гээд хэлсэн чинь Ж ах эргээд явсанаа гэнэт эргээд хутгаа дэлгээд Б рүү дайрсан чинь Б ах тонгороод шидсэн, Ж ах газар унасан. Баатарзориг дээлийнх нь ханцуйг атгаад Ж ахыг гэр рүү нь дагуулж явсан. Б тонгорч л унагаасан, цохиж, өшиглөөгүй, ...хажууд нь би Б, Баатарзориг бид гурав л байсан” гэх мэдүүлэг /хх-51/,

гэрч Б.Бийн “...эргээд хартал Ж ах ганцаараа Аюурын гэрийн араар хутгаа дэлгээд хүрээд ирсэн, Б рүү дайрах шиг болсон чинь Б урдаас нь очоод тонгороод унагаасан. Ж ахын хутгатай гарыг дээлийнх нь ханцуйгаар боож бариад дагуулаад гэр рүү нь ороод эхнэр Гэрлээд нь танай хүн чинь хүн рүү хутга барьж дайрч байна гэж хэлчихээд гараад явсан. ...Эвхэгддэг хутга байсан, хутганы ир нь нилээн лав гарсан байсан. Б цохиж өшиглөөгүй хөлөө тавиад нилээн даацтай тонгорсон” гэх мэдүүлэг /хх-54/,

гэрч Бийн “...Ж ах намайг адуугаа аваад зайл гээд байсан ...Тэгээд Ж ах гэр рүүгээ яваад ирснээ над руу дэлгээгүй эвхээтэй тонгоргоо бариад дайртал Б ах болиулсан, дахиад хутгаа дэлгээд дайрсан чинь Б ах барьж аваад тонгорсон, Баатарзориг гэх хүн Жыг дагуулаад гэр рүү нь явсан... Зөвхөн тонгорсон” гэх мэдүүлэг /хх-57/,

гэрч Г.Ггийн “...би гэртээ ороод галаа түлээд байж байсан чинь Ж орж ирж байж байснаа гэнэт гараад явсан, нэлээн байж байснаа мөр гэмтчихлээ гээд Баатарзоригтой ороод ирсэн... Аюурын гэр манай гэрээс зайтай болохоор Аюурын гадаа хүмүүс хэрэлдэж байгаа чимээ сонсогдохгүй. Ж мөрөө гэмтээчихээд орж ирэхдээ Б тонгорч шидээд мөр гэмтээлээ гээд ороод ирсэн, өөр юм яриагүй, Ж надад хэлэхдээ “хутга бариад явж байсан чинь тонгорчихлоо” гэж байсан. Ж ямар шалтгаанаар Аюурын гэрийн гадаа байсан хүмүүс дээр очсоныг сайн мэдэхгүй байна, гэнэт гараад явсан” гэх мэдүүлэг /хх-60/,

гэрч Г.Эийн “...би босоод үнсээ авчаад гарсан чинь Ж Баатарзоригтой цуг гэр рүүгээ орж байсан. Би цайгаа чаначаад Жынд ортол Б үүрж шидээд миний мөрийг гэмтээчихлээ гээд эхнэртэйгээ хоёулаа сууж байсан” гэх мэдүүлэг /хх-81/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 сарын 07-ны өдрийн 37 дугаартай “...Жын биед эгэм, далны холбоосны салалт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт /хх-107/,

Г.Бы гэрчээр болон яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, хохирогч Жын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр Г.Бы Жыг тонгорч унаган биед нь хүндэвтэр зэргийн хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцохгүй байх нөхцөлийг бүрэн хангасан гэж үзэхээр байна.

 Шүүгдэгч Б болон тухайн цаг хугацаанд хажууд байсан гэрчүүд бүгд “Ж эвхэгддэг хутгаа дэлгээд Б рүү дайрсан” талаар мэдүүлсэн байна. Мөн Б ч Ж өөр рүү нь хутгаа дэлгээгүй дайрсан, дахин хутгаа дэлгээд дайрсан талаар мэдүүлж байгаа нь Ж Бийн амь нас, эрүүл мэндэд халдаж довтолгоо хийснийг нотлох баримт гэж үзэж байна.

Анхан шатны шүүх “Б.Жыг Г.Бы эсрэг түүний эрхэд халдсан ямар нэгэн үйлдэл хийгээгүй буюу хууль бус үйлдэл хийснийг тэрээр таслан зогсоох зорилгоор аргагүй хамгаалалт хийх эрх үүсээгүй байна, ...Бд бодитой хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй” гэж дүгнэжээ. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Б мэдүүлэхдээ “надтай бол Ж маргалдаагүй, харин Б рүү дэлгээгүй хутга бариад дайрахад нь болиулсан, дараа нь хутгаа дэлгэж ирээд Б рүү дахин дайрахад Бийн амь нас, эрүүл мэндэд нь халдах гэж байна гээд үйлдлийг нь таслан зогсоох зорилгоор тонгорч унагаасан, хэрэв намайг таслан зогсоогоогүй бол Бийн биед халдах байсан, Жыг Бийг хутгалахаас, Бийг Жт хутгалуулахаас би хамгаалан уг үйлдлийг таслан зогсоосноос болж шүүхийн танхимд хэрэгтэн болоод зогсож байна” гэж мэдүүлдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...өөрөө, эсхүл бусдын...” гэж заасан бөгөөд Ж нь Бы гэрт байхдаа Б рүү хандан “адуугаа аваад зайл” гэх байдлаар маргаан үүсгэж, гэрээс гараад хоорондоо эвлэрсэн боловч Ж нь гэртээ ороод хутга авч ирээд Б рүү дэлгээгүй хутгатай гараараа 2-3 удаа далайсан, “хэн нь үхмээр байна” гэж хэлсэн, Б рүү шууд чиглэсэн үйлдэл хийж Б боль гэхэд үйлдлээ зогсоож буцаж явснаа хутгаа дэлгээд Бийг хутгалахаар дайрч байгаа үйлдэл нь үргэлжилсэн үйлдлээр Бийн амь нас, эрүүл мэндэд халдах гэсэн шууд чиглэсэн үйлдэл бөгөөд үүнийг таслан зогсоож тонгорч унагаасан үйлдэл нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болж байгаа юм.

Гэтэл анхан шатны шүүх аргагүй хамгаалалтыг тайлбарлахдаа заавал хохирогчийн биед гэмтэл учруулсан хүн буюу Г.Б руу хохирогчоос чиглэсэн үйлдэлд хариу үйлдэл хийхийг шаардаж байгаа нь, мөн давж заалдах шатны шүүхийн “Г.Бы мэдүүлгээс үзэхэд Б.Жын Д.Б рүү хутга далайж буй үйлдлийг чиглэсэн довтолгоон эхэлсэн гэж үзэхгүй, Б.Жын хутга далайсан үйлдлийг Д.Бийн амь нас, эрүүл мэндийг гэмтээх зорилготой үйлдэл гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтыг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна...

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “мах идэж байгаад хүмүүс маргах чимээнээр салгах зорилгоор гэрээсээ шууд гарсан, тэгэхдээ мах идэж байсан хутгаа авч гарсан” гэдэг. Хэрэв хохирогч мах идэж байхдаа хутгаа аваад гэрээсээ шууд гарсан бол хутга анхнаасаа дэлгээтэй байх байсан, мөн өөх огтолж идсэн гэдэг боловч тухайн үед эхнэр Гэрэлмаа нь галаа түлэх гэж байсан, ид өвлийн хүйтэн байсан зэрэг нь гал түлээгүй, цай чанаагүй байхад хүйтэн царцуу мах өөх идсэн гэхэд эргэлзээ түрүүлэхээс гаднаж эхнэр Гэрэлмаа нь Жыг мах идсэн талаар огт мэдүүлдэггүй, харин Жыг гаднаас гэртээ орж ирчихээд байж байснаа гэнэт гараад явсан гэдэг. Мөн Аюурын гадаа хүмүүсийн маргах чимээ Жын гэрт огт сонсогдохгүй, Аюурынх манайхаас зайтай байдаг гэх мэдүүлгийг өгдөг. Энэ нь хохирогч Жын “мах идэж байсан чинь Аюурын гадаа хүмүүс маргах чимээ гарахаар нь сандраад мах идэж байсан хутгаа аваад гарсан” гэх мэдүүлгийг үгүйсгэж байна...

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 сарын 20-ны өдрийн 2021/ДШМ/ЗЗ дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, Г.Быг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаас харахад Б.Ж нь Д.Бийн эсрэг хутга барин хууль бус довтолгоо хийсэн гэх үйл баримт тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, иргэн Д.Бийн хуулиар олгогдсон амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй бодитой довтолгооны шинж чанар үүссэн. Харин шүүгдэгч Г.Бы хувьд түүний эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэж дүгнэхээр байна. Учир нь хэргийн газарт тухайн нөхцөл байдлыг харсан гэрчүүд болох Г.Б, Д.Б, Б.Б нарын мэдүүлгээр тодорхой харагддаг.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх гэрчүүдийн мэдүүлгийг шүүгдэгчийн хамаарал бүхий этгээд гэсэн үндэслэлээр үнэлэхгүй, зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл хохирогч удаа дараа тогтворгүй мэдүүлэг өгч байсанд хоёр шатны шүүх ач холбогдол өгөөгүй. Хэргийг шууд харсан гэрч Г.Б нь шүүгдэгчийн төрсөн дүү, харин Д.Б, Б.Б нарын хувьд найз нөхдийн харилцаатай гэх боловч мөрдөн байцаалтын шатанд эдгээр гэрч нарт хууль сануулан байцаалт авсан. Түүнчлэн эдгээр гэрч нарын мэдүүлгийг хохирогчийн эхнэр болох Г.Ггийн мэдүүлгээр давхар нотолж байгаа.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалтыг халдагч этгээд зөвхөн өөр рүү нь чиглэсэн довтолгоон байхаар ойлгож дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Энэ нь хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдалд нийцээгүй дүгнэлт болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон Г.Быг цагаатгах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваагийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Бд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 07 цагийн үед Баянхонгор сумын Эрдэнэцогт сумын Эрхэт тамч 5 дугаар багийн нутаг “Ар хүйтэн” гэх газар Б.Жыг тонгорч унаган, биед нь эгэм, далны холбоосын салалт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин тухайн хэрэг гарахад хохирогч Б.Жын хууль бус үйлдэл шууд нөлөөлсөн байхад прокурор, шүүх түүний үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг бодитой үнэлэхгүйгээр, шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Жыг тонгорч унагаснаас гадна зодсон хэмээн ойлгомжгүй үйл баримтын дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар аливаа хүн өөрийн амь нас, эрүүл мэндээс гадна бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийх эрхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэмж хуульчилсан тул хохирогч Б.Жын Д.Бийн эсрэг хутга хэрэглэн довтолсон гэмт үйлдлийг өөр хэн нэгэн хүн хөндлөнгөөс таслан зогсоож, аргагүй хамгаалалт хийх эрхтэй гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Бы хувьд хохирогч Б.Жыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутга хэрэглэн Д.Бийн амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар заналхийлж довтлох үед тонгорч унагасан үйлдэл нь хохирогчийн илтэд буруутай, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилго агуулсан байх бөгөөд тэрээр хохирогч Б.Жын биед гэмтэл учруулахыг хүсч, тухайн хор уршигт зориуд хүргэсэн, эсхүл түүнийг тонгорч унагасны дараа үргэлжлүүлэн өшиглөж зодсон гэх үйл баримт шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

Тухайлбал, хэргийн үйл баримтыг шууд харсан гэрч Т.Б “…Б ах ирээд Ж ахыг боль гэж хэлсэн чинь Ж ах эргээд явснаа гэнэт эргээд хутгаа дэлгээд Б рүү дайрсан чинь Б ах тонгороод шидсэн. Ж ах газар унасан, Баатарзориг дээлийнх нь ханцуйг атгаад Ж ахыг гэр лүү нь дагуулаад явсан. … Тонгорч л унагаасан, өшиглөөгүй…” /хх-51/,

гэрч Б.Б “2021.01.01-ний өглөө … Ж ах ганцаараа Аюурын гэрийн гадаа хутгаа дэлгээд хүрээд ирсэн. Б рүү дайрах шиг болсон чинь Б урдаас нь очоод тонгороод унагаасан. Тэгээд би Ж ах, Б хоёр дээр очоод Ж ахын хутгатай гарыг дээлнийх нь ханцуйгаар боож бариад дагуулаад гэр лүү нь ороод эхнэр Гэрлээд нь танай хүн хүн рүү хутга барьж дайрч байна гэж хэлчихээд гарч яваад машинаа асаагаад эхнэрийн хамт гэр лүүгээ явсан...Тонгорч унагачихаад цохиж өшиглөөгүй” /хх-54/,

гэрч Д.Б “Би Б ахынд сууж байсан чинь Ж ах олон хүмүүстэй орж ирснээ намайг адуугаа аваад зайл гэж гэсэн. Тэгснээ гараад уулзая гэхээр нь би дагаад гарсан. Надаас уучлалт гуйсан юм. Тэгээд Ж ах гэр лүүгээ яваад ирснээ над руу дэлгээгүй эвхээтэй тонгорог бариад дайртал Б ах болиулсан. Дахиад хутгаа дэлгээд дайрсан чинь Б ах барьж аваад тонгорсон. Тэгээд Баатарзориг гэж хүн Жыг дагуулаад гэр лүүгээ явсан. Б Жыг зодож цохиогүй, зөвхөн тонгорсон…” /хх-57/ гэж тус тус харилцан зөрүүгүй мэдүүлснийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх нөхцөл байдал байхгүй байхад шүүх тэдний хуульд заасан журмын дагуу өгсөн гэрчийн мэдүүлгүүдийг шүүхийн шийдвэртээ тусгасан атлаа хувийн сонирхлоор худал мэдүүлэг өгсөн гэж таамаглан үнэлэхгүй орхигдуулж, дан ганц хохирогчийн мэдүүлэгт тулгуурлан шүүгдэгч Г.Быг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шаардлагыг илтэд хангаагүй, зөрчсөн байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад хохирогч Б.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Бийг “адуугаа аваад зайл” хэмээн маргаан үүсгэж, улмаар гэрээсээ хутга авчирч хамт байсан хүмүүс рүү “хэн нь үхмээр байна” хэмээн заналхийлж, улмаар хутгатай гараа далайж Д.Бийн амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар халдан довтлох үед түүний хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор тонгорч унагасан шүүгдэгч Г.Бы үйлдэл нь Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн аргагүй хамгаалалтын шинжийг бүрэн агуулсан байх тул энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, Г.Быг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Г.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 33 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Г.Бд холбогдох Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.Быг цагаатгасугай.

 

                             

                                     ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

                                    ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН                                                                

                                                                                                           Б.БАТЦЭРЭН          

                                                                                                           Б.ЦОГТ

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН