Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 208/МА2024/00017

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 150/ШШ2023/00181 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч ******* ******* ТӨХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай

Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнгөнзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар, Ц.Ихбаяр /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Галтаа, П.Сумъяа нарыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ...******* овогтой ******* миний бие нь ******* ******* ТӨХК-д 2022 оны 09-р сарын 23-ний өдрөөс Санхүү тайлан, бүртгэлийн хэлтсийн даргаас эхлээд Санхүү, эдийн засгийн газрын дарга хүртэл ажиллаж байсан. Гэвч ******* ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал ******* нь гэнэтийн байдлаар 2023 оны 03-р сарын 01-ний өдөр Б/208 тоот тушаал гарган намайг ажлаас халсан. Тухайн тушаалд дараах зөрчлүүд гаргасан тул ажлаас шууд халсан гэж тайлбарладаг боловч тухайн шалтаг шалтгаанууд нь үндэслэл нотолгоогүй зүйлүүдээр буруутгагдаж байна.

Үүнд: 1.Компанийн эд хөрөнгийн тооллогыг хуульд заасан хугацаанд зохион байгуулах үүргээ биелүүлээгүй, үр дүнг удирдлагад тайлагнаагүй гэх

 Гүйцэтгэх захирлын 2022/12/26-ний өдрийн А/292 тушаалаар жилийн эцсийн тооллого хийх, тайлагнах үүргийг Ерөнхий инженер бөгөөд Үйлдвэрлэл технологийн газрын дарга *******д даалгасан байдаг. ******* ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын дээрх тушаалаар үндсэн хөрөнгийн тооллогыг 2022 оны 12-р сарын 19-ний өдрөөс 12-р сарын 30-ны өдрийн хооронд хийж, 2023 оны 01-р сарын 12-ны өдөр тооллогын тайланг танилцуулахаар Тооллогын комиссын ахлагч ******* /Өмч хамгаалах Байнгын зөвлөлийн дарга/-д даалгасан тушаалыг тухайн хугацаанд гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Үйлдвэр технологийн газрын дарга болох ******* нь өөрөө гаргаж, гарын үсэг зурсан байдаг. Гэвч өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга ******* нь үндсэн хөрөнгийн тооллогын үйл ажиллагаанд огт оролцоогүй бөгөөд хууль заасан өмч хамгаалах байнгын зөвлөлийн даргын үүрэг болон өөрийн гаргасан тушаалын хэрэгжилтэд хяналт тавиагүй.

Үндсэн хөрөнгийн тооллогыг 2023 оны 01-р сарын 15-наас 25-ны хооронд үндсэн хөрөнгийн нягтлан бодогч ******* нь Ерөнхий нягтлан бодогч миний удирдлага дор тооллогыг ахлан гардан хийж, 2023 оны 02-р сарын 09-ний өдөр үйлдвэрийн дарга, удирдлагуудад тайланг тавьсан. Иймд дээрх зөрчлийг миний бие хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна.

 2.Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдлийг зохих журмын дагуу бүрдүүлээгүй, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй гэх.

Үүнтэй холбоотой байгууллагын санхүү бүртгэлийн тайлан болон Санхүү, эдийн засгийн газрын ажлын тайлан гэх мэт баримт бичгүүдээр хийгдсэн бүх ажлууд харагддаг.

 3.Ажилтан сонгон шалгаруулах журмыг зөрчин эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байхад санхүү, бүртгэл, тайлагналын хэлтсийн дарга, Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн дарга нарыг эрх мэдлээ хэтрүүлэн аман байдлаар томилж ажил хүлээлцсэн гэх.

Миний бие ажилд хүн томилох эрх бүхий албан тушаалтан биш ба тухайн этгээдийг ажилд томилсон, ажил хүлээлцсэн зүйл огт байдаггүй. Миний чиг үүрэгт байдаггүй зүйлээр ажлаас халсан нь үндэслэлгүй байна.

 4. 2022 оны Санхүүгийн тайланг үнэн зөв илэрхийлээгүй гэх.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.4-д зааснаар Гүйцэтгэх санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна гэсэн байхад миний биед холбогдуулж хариуцлага тооцож байгаа нь Гүйцэтгэх удирдлага өөрөө хариуцлагаас зугтаж буй үйлдэл юм. Мөн жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийгдэж байгаа тул аудитын дүгнэлтийг эцэслэн гартал шууд алдаатай гаргасан гэж дүгнэх нь үндэслэлгүй юм. Иймд "******* *******" ТӨХК-ийн Санхүү, эдийн засгийн газрын даргын ажилд эргүүлэн тогтоолгож өгнө үү... гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбат нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухайд манай байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д "Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны бус байнгын ажиллагаатай комиссыг 20 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагад байгуулна" гэж заасны дагуу гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/274 дугаар тушаалын дагуу компанийн "Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс"-ыг байгуулсан.

Мөх хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д "Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй" 154.2-т "Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй", гэж заасны дагуу "******* *******" ТӨХК нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссыг байгуулсан бөгөөд тус комиссоор хуульд заасан журмын дагуу урьдчилсан журмаар шийдвэрлүүлэх боломжтой байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т "Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаарх нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно", 65 дугаар зүйл "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах", 65.1-д "Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана" 65.1.3-т "шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал" гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 150/ШШ2023/00181 дугаартай шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч *******ыг ******* ******* ТӨХК-ийн Санхүү, эдийн засгийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ******* ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 54,968,944 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ******* ТӨХК-иас 502,995 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын иргэн *******ын нэхэмжлэлтэй, ******* ******* ТӨХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрпэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 сарын өдрийн 150/ШШ2023/00181 дугаартай шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.Анхан шатны шүүх маргаан бүхий иргэний хэрэгт Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй тухайд:

 Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ТӨХК-д холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгож, албан тушаал бууруулан ажиллуулсан хугацааны цалингийн зөрүүг гаргуулах, ажил албан тушаал бууруулан ажилласан хугацааны цалингийн зөрүүнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэх гэж тодорхойлсон билээ.

Хариуцагчийн хувьд дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах байдлаар татгалзлаа илэрхийлсэн. Үүнд:

******* ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 5/558 дугаар тушаалаар *******ыг компанийн Санхүү тайлан бүртгэлийн хэлтсийн даргаар 2 сарын хугацаатай туршилтын гэрээ байгуулж, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/109 дүгээр тушаалаар тухайн албан тушаалд жинхлэн томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг.

Улмаар Гүйцэтгэх захирлын 2022 оны 12. дугаар сарын 26-ны өдрийн А/291 тоот Компанийн зохион байгуулалтын нэгжүүдийн дотоод бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай тушаалын хүрээнд санхүү тайлан бүртгэлийн хэлтсийн дарга *******ыг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/801 тоот тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, мөн өдрийн Б/802 дугаартай тушаалаар Санхүү эдийн засгийн газрын даргаар дэвшүүлэн томилсон байна.

Ийнхүү албан тушаал нь өөрчлөгдсөнтэй холбогдуулан тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахаар удаа дараа мэдэгдэж байсан боловч ажилтан Б.Аптансувд нь хөдөлмөрийн гэрээгээ байгуулаагүй байдаг ба албан тушаалд үргэлжлүүлэн ажиллаж хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаа үрэлжлүүлэн цалин хөлсөө ч мөн авч байсан болно.

Дээрх хугацаанд ******* нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж сахилгын ноцтой зөрчил гаргасан тул гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/208 дугаар тушаалаар *******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн байна.

Гэтэл шүүхээс нэхэмжлэгч ******* нь төлбөрийн даалгаврьн баримт кассын орлого зарлагын ордер бэлэн мөнгө хүссэн өргөдөл, төлбөр гаргах хүсэлт зэрэг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудад байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар гарын үсэг зуруулаагүй өөрөө баталгаажуулж гарын үсэг зураагүй байх бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй, өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байх тул энэ зөрчил нь тогтоогдож байна.

Мөн ажилтан сонгон шалгаруулах журмыг зөрчиж, эрх бүхий албан тушаалтны шийдвэр зраагүй байхад санхүү бүртгэл, тайлагналын хэлтсийн дарга, төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн дарга нарыг эрх мэдлээ хэтрүүлэн аман байдлаар томилж, ажил хүлээлцүүлсэн компаний нууцыг бусдад задруулах нөхцөл байдлыг бий болгосон зөрчил гаргасан тухайд юмпанийн захирлын зөвлөлийн хурал дээр энэ асуудлыг тантай ярьсан 2022 оны 12 дугаар сарын 23,26-ны өдөр ирэх гэж байгаад болилоо 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ирэхээр болсон ирэх үед нь та байгаагүй гэж хугацааг дурьдснаас үзвэл тухай зөрчлийг мөн хугацаанд гаргасан зөрчлийг илрүүлсэн гэж үзэхээр байна.

Гэтэл хариуцагч байгууллага тухайн зөрчилд 2023 оны 03 сарын 01-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасныг зөрчсөн гэж үзлээ гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь дээрх зөрчлүүдийг гаргаснаа нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, мөн зөвлөлийн хурал дээр захирлын хувьд ийм асуудал гарсан сураг байна тийм үү? гэж өөрөөс нь тодруулж асууж мэдснээр өөрөө ажилтнуудыг өөрчилснөө ч хүлээн зөвшөөрсөн, мөн гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр ч нотлогдож байхад хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж дүгнэсэн нь хуулийн зүйл заалтыг буруу хэрэглсэн гэж үзэхээс өөр аргагүй байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй ерөнхий нягтлан бодогч нь жилийн эцсийн тооллогыг хийх үүргээ комисст миний нэрийг оруулаагүй гэх үндэслэлээр би буруугүй хэмээн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр гомдол гаргаж түүнд нь шүүхээс гүйцэтгэх захирлын гаргасан сахилгын шийтгэл үндэслэлгүй гэж байгаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маш их гомдолтой байна.

Дээрх зөрчлүүдийг нэхэмжпэгч нь гаргасан байна гэж дүгнэсэн атлаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир хариуцлага тооцсон нь үндэслэлгүй байна гэж шүүхээс дүгнэжээ.

Гэтэл нэхэмжпэгч нь тухайн байгууллагад дөнгөж ажилд ороод огт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй биш бөгөөд ерөнхий нягтлан бодогч бөгөөд санхүү тайлан бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан түүндээ хөдөлмөрийн гэрээ байгуулж ажпын байрны тодорхойлолттой танилцсан байдаг.

Тийм ч учраас үргэлжлүүлэн албан тушаалд дэвшүүлэн тавьж ажиллаж байсан ба ажилтан өөрөө хөдөлмөрийн гэрээгээ байгуулж нөхцлөө тохирсон байх ёстой хэдий ч ажилтан өөрөө гэрээгээ байгуулах талаар хүсэл зоригоо илэрхийлж байгаагүй, гэсэн хэдий ч цалин хөлсөө аваад хөдөлмөр эрхлэлт хэвийн үргэлжилж байсан гэдгийг шүүхээс харж үзэхийг хүсч байна.

2.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухайд:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний ундсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг хариуцагчийн татгалзалтай холбоотой шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг огт үнэлээгүйд гомдолтой байна. Тодруулбал хэрэгт авагдсан баримтуудаар иргэн ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд ******* ******* ТӨХК-ийн Санхүү бүртгэл, тайлагналын хэлтсийн даргаар, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс Санхүү эдийн засгийн газрын даргаар томилогдон ажиллаж байсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд нэхэмжпэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үргэлжилж байсан гэдэг нь тодорхой харагдана.

Гэтэл талууд ажлын байр албан тушаал гүйцэтгэх үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заахыг шаардана. Иймээс ажил олгогчоос гаргасан хөдөлмөрийн дотоод журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй харин дээрх журмын заалтыг зөрчвөл ноцтой зөрчил-д тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтган үзэж болох юм гэж дүгнэсэн нь тухайн ажилтан огт хөдөлмөрийн гэрээгүй байсан мөн хөдөлмөрийн дотоод журмыг баримталсан нь буруу гэж дүгнэсэн нь хариуцагчийн эрх хууль ёсны эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Төрийн өмчит хувьцаат компаний ерөнхий нягтлан бодогч бөгөөд санхүүгийн газрын дарга хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн дотоод журам мөрдөж ажиллах, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй мөртлөө эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн ажилтан ажилд авах, ажилтнуудын ажпын байрыг солих зэргээр хууль зөрчсөн үйлдэл гаргасан үйл баримт нь ийнхүү дээрх нотлох баримтуудаар нотлогдоно.

Шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийг талуудын гаргасан нэхэмжлзлийн шаардлагын хүрээнд, талуудын гаргасан тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөх ёстой байсан атал зөвхөн нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь учир дутагдалтай байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 150/ШШ2023/00181 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Занабазарын шүүхэд гаргаж байгаа тайлбар болон давж заалдах гомдолтой ижил байр суурьтай байна гэв.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Сумъяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын анхан шатны шүүх нь шийдвэрийг хуульд заасан үндэслэлгүй гаргасан гэж үзэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтад заасныг зөрчсөн. Учир нь гэвэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн татгалзалтай холбоотойгоор 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нотлох баримтын хамт хүсэлт гаргаж өгсөн байдаг. Уг хүсэлтдээ иргэн ******* нь тухайн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа гүйцэтгэх захирлын гарын үсгийг дуурайлгаж мөнгө шилжүүлсэн асуудал гарсан байна. Үүнийг сая мэдсэн учир хавтаст хэрэгт бэхжүүлж өглөө. Үүнтэй холбоотойгоор гарын үсэгт шинжилгээ гаргуулъя гэсэн саналыг оруулдаг. Гэтэл шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт гэж хэлдэг. Гэтэл хавтаст хэрэгт нотлох баримт өгчихсөн. Одоо ч гэсэн 2 дугаар хавтаст хэргийн 91 дүгээр талд байгаа. Энэ тал дээр байгаа нотлох баримтыг үндэслэж, хүсэлтийг гаргаж гарын үсгийг шинжилгээнд өгөх гэтэл тэр өдрийнхөө шүүгчийн захирамжаар санхүү хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэж байх хугацааны зүйл байна. Одоо нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй зүйл гээд уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Бүтцийн өөрчлөлт орж санхүү эдийн засаг нь газар гэж өөрчлөлт орсон. Газрын даргаар энэ хүн дахиад томилогдож байгаа юм. Санхүү эдийн засгийн газрын дарга дахиад л ерөнхий нягтлан бодогчийнхоо үүргийг гүйцэтгэнэ. Тиймээс нэг хоёрдугаар гарын үсгийг дахиад л зурна. Гэтэл захирлыг байхгүй хооронд гарын үсгийг зурчихсан байгаа юм. Гүйцэтгэх захирал Наранбаатар захирал энэ миний гарын үсэг биш гэж хэлдэг. Ийм учраас хүсэлтийг шийдвэрлэх ёстой гэж дэмжиж оролцсон боловч шүүхээс хүлээж аваагүй орхиод хэргийг цааш үргэлжлүүлснээр үндэслэл бүхий шийдвэр гарахад сөрөг буюу үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэхээс өөр аргагүй болоод байна. Нэгэнт зохигчдоос хүсэлт гаргаад шинжээч томилуулъя гээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.6 болон 48.7-д заасны дагуу шинжээч томилуулъя. Гарын үсэг мөн эсэхийг тодруулъя. Энэ гарын үсэг мөн бол эрүүгийн хэрэг болчихоод байна. Яагаад гэвэл мөнгөний баримтад гарын үсэг зурагдчихаад байна. Тийм учир шалгуулахаар хүсэлт гаргасан ч шийдвэрлээгүй учир энэ шийдвэр хүчингүй болгож анхан шатны шүүх рүү буцаах үндэслэлтэй болж байгаа шүү гэдгийг давж заалдах шатны шүүгчид анхаарч үзэх байх гэж бодож байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Галтаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч *******ын хувьд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр санхүү тайлан хэлтсийн дарга буюу ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж эхлээд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/208 тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон. Ерөнхийдөө 6 сарын хугацаанд ажилласан. Ажиллаж байх хугацаандаа гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 01-ний Б/208 тушаалаар 4 алдаа зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэж байгаа. Энийг өөрөө хүлээн зөвшөөрдөг. ... Өмгөөлөгчийн зүгээс П.Сумьяа өмгөөлөгчтэй санал нэг байна. Анхан шатны шүүх рүү буцаах үндэслэлтэй гэж харж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх маргаан бүхий иргэний хэрэгт хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй тухайд гэж давж заалдах гомдол гаргасан. Үүнд ******* ******* ТӨХК-н гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 292 дугаартай тушаалаар үндсэн хөрөнгийн тооллогыг 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд санхүүгийн холбогдох баримтуудыг үндэслэн зөв чанартай хийж гүйцэтгэж, үлдэгдлийг баталгаажуулан 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дотор тооллогын тайланг танилцуулахыг комиссын ахлагч *******д даалгаж тооллогын комиссын бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар баталсан байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 20.2.6 дахь заалтад эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгчтэй тооцоо хийж үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах үүргийг зохион байгуулж удирдах үүрэгтэй боловч хариуцагч ******* ******* ТӨХК-наас төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т зааснаар төрийн өмчит хуулийн этгээдийн эрх баригч нь тооллого эхлэхээс өмнө өмч хамгаалалтад хяналт тавих үүрэг бүхий болон холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан хоосон комисс байгуулж болно гэж заасныг удирдлага болгож тооллогын комисс зохион байгуулж танилцуулгыг тооллогын комиссын ахлагч *******д даалгаж шийдвэрлэсэн байдаг. Мөн тухайн тооллогын комисст *******ыг оруулаагүй байх тул түүнийг компанийн тооллогыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, үр дүнг удирдлагад тайлагнаагүй гэх үндэслэлгүй байна.

... *******ыг ноцтой зөрчил гаргасан гэж үзэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй бөгөөд хууль бус шийдвэр гаргасан байна. Тус хэрэг нь анхан шатны шүүх дээр 8 сарын хугацаанд хэлэлцэгдэж, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тусад заасан өөрийн татгалзлыг нотлох үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч ******* нь Монгол улсын Үндсэн хуульд заасан ажил мэргэжилээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах зэрэг Монгол улсын өөрт олгогдсон үндсэн эрхээ эдэлж чадахгүйд хүрч өнөөдрийг хүртэл эрх нь зөрчигдсөөр байгааг нэмж хэлэх хэрэгтэй.

... Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хэргийн оролцогчийн хуульд заасан эрх хязгаарлагдсан, мэтгэлцэх зарчим хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан суманд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг ******* ******* ТӨХК-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар ...уг гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, ажлаа хууль журмын дагуу зохих ёсоор гүйцэтгээгүй, удаа дараа зөрчил гаргасан нь нотлогдсон, байгууллагын эрх ашгийг хохироосон ноцтой үйлдэл гаргасан нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлтэй... гэж маргажээ.

3.Анхан шатны шүүхээс зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөс удаа дараа гаргасан ...Тус компанийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн кассын тайлангийн 55 дугаар талд авагдсан кассын гүйлгээний жагсаалт баримтанд гүйцэтгэх захирал Наранбаатар гэж зурагдсан гарын үсэг түүний өөрийнх нь гарын үсэг мөн эсэхийг тогтоох зорилгоор шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж өгнө үү гэсэн хүсэлтийг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж дүгнэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасан.

Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийг ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, байгууллагын эрх ашгийг хохироох үйлдэл гаргасан гэсэн тайлбар гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба эрх бүхий этгээдийн гарын үсэг мөн бишийг тогтоох эрх хэмжээ тэдэнд олгогдоогүй тул өөрсдийн тайлбарыг нотлох баримтыг шүүхээр гаргуулах, бүрдүүлүүлэх хүсэлт гаргасныг буруутгах боломжгүй бөгөөд шүүхээс тэдний хүсэлтийг хангахаас татгалзах үедээ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэсэн дүгнэлтийг хийсэн нь тэдний эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болж байгаа бөгөөд мэтгэлцэх болон талуудын тэгш эрхийн зарчим алдагдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж заасан ба хэрэгт хамаарал бүхий шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

4.Түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн талаарх тайлбар танилцуулга эхлээгүй байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр шүүгчээс татгалзах тухай хүсэлт гаргахад тухайн хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр хүсэлт гаргаагүйд тооцон гэж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулан цааш үргэжлүүлсэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүх хуралдаан даргалагч буюу шүүгч хэргийн талаар танилцуулснаар эхэлнэ гэж заасан бөгөөд энэхүү шүүх хуралдааны шатанд хэргийн талаар танилцуулаагүй, хэлэлцүүлэг эхлээгүй байсан гэж үзнэ.

Дээрх хэргийн талаарх танилцуулах гэдэг ойлголт нь шүүгч шүүх хуралдааныг нээгээд, ирц илтгэх, ирцийг бүртгэж оролцогчдын санал авах, зохигчдын биеийн байцаалттай танилцах, эрх үүрэг танилцуулах, шүүх бүрэлдэхүүн оролцогчдыг танилцуулан татгалзал бий эсэхийг шалгах, хүсэлт шийдвэрлэх гэсэн үе шатуудыг дуусгаж, шүүгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн талаар танилцуулснаар шүүхийн хэлэлцүүлэг эхэлдэг.

Гэтэл хүсэлт шийдвэрлээд түүнийгээ танилцуулах үе шатанд татгалзлын асуудлыг тавьсан ба шүүгч уг татгалзлын асуудлыг шүүх хуралдааныг завсарлуулж өөрөө эрх зүйн актаар шийдвэрлэх, эсхүл шүүх хуралдааныг хойшлуулж ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлсний эцэст шүүх хуралдааныг цааш явуулах нь зохистой юм.

Өөрөө хэлбэл хэргийн оролцогчоос шүүгчийн хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан эсэхийг ерөнхий шүүгч хянан үзэж дүгнэн шийдвэрлэх нь талуудын тэгш эрхийн зарчмын хэрэгжилттэй холбоотой, шүүх хөндлөнгийн байх байр суурийг илэрхийлнэ.

Анхан шатны шүүх хариуцагч ******* ******* ТӨХК-ийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж шүүх хуралдааныг явуулсан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай давж заалдсан гомдол үндэслэлтэй тул гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5.Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн шийдвэрлэлтийн талаар дүгнэлт хийгээгүй болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 150/ШШ2023/00181 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 502,994.72 /432,794.72+70,200/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ