Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 5161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эх 1 гудамж, 1510а тоотод оршин суух Алтан бургас овогт Наянбуугийн Даваадаш /Регистрийн дугаар ОА63092611/-ийн ажилласан жил тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Даваадаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Даваадаш шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 

“Наянбуу овогтой Даваадаш миний бие 1985 оны 7 сарын 16-ны өдрөөс Зөвлөлтийн СМУ, Бурводстрой Увс аймгийн Баруунтуруун суман дахь усжуулалтын салбарт жолоочоор ажилласан. Зөвлөлтийн Бурводстрой Баруунтуруун суман дахь усжуулалтын салбар нь 1990 оны 9 сард Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн харьяанд шилжсэн юм. Хөдөлмөрийн дэвтэрт өөр байгууллагад шилжих болсон учир СМУ. Бурводстрой удирдах газрын даргын 1990 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 264 дүгээр тушаал дээр Баруунтурууны Сангийн аж ахуйн тамга дарсан байсан, тамганы зөрүүтэй байна гэсэн.

Зөвлөлтийн СМУ. Бурводстрой Увс аймгийн Баруунтуруун суман дахь усжуулалтын салбарт ажиллаж байсан талаарх баримтыг Увс аймгийн архив, улсын архивт шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Өвчний учир группт орох болсон учир ажилласан жилээс 5 жил нь хасагдаад байна. Иймд намайг 1985 оны 7 сарын 16-ны өдрөөс 1990 оны 8 сарын 25-ны өдрийг хүртэл Зөвлөлтийн СМУ. Бурводстрой Увс аймгийн Баруунтуруун суман дахь усжуулалтын салбарт ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Даваадаш нь 1985 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Зөвлөлтийн СМУ, Бурводстрой Увс аймгийн Баруунтуруун суман дахь Усжуулалтын салбарт ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.

 

Тэрээр, өвчний учир группт орох гэтэл түүний хөдөлмөрийн дэвтэр дээр Зөвлөлтийн СМУ, Бурводстрой Увс аймгийн Баруунтуруун суман дахь Усжуулалтын салбараас ажлаас чөлөөлөгдсөн тушаалын бичвэр дээр Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн тамга дарагдсан байгаа тул уг салбарт ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

Баруун туруун сангийн аж ахуйгаас олгогдсон Хөдөлмөрийн дэвтэр хэрэгт авагдсан байна. Уг хөдөлмөрийн дэвтрийн 6-7 дугаар талд “Зөвлөлтийн СМУ, Бурводстрой удирдах газрын даргын 1985 оны 08-р сарын 07-ны өдрийн 133-р тушаалаар 1985.07.16 Зөвлөлтийн Бурводстрой Увс аймгийн Баруунтуруун суман дахь усжуулалтын салбарт жолооч ажилчнаар ажиллуулав”, 8-9 дүгээр талд “СМУ, Бурводстрой удирдах газрын даргын 1990 оны 09-р сарын 03-ны өдрийн 264-р тушаалаар 1990.08.25 Өөр байгууллагад шилжих болсон тул жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөв” гэж бичигдсэн байна.

 

Хөдөлмөрийн дэвтэрийн 8-9 дүгээр талд бичигдсэн “СМУ, Бурводстрой удирдах газрын даргын 1990 оны 09-р сарын 03-ны өдрийн 264-р тушаалаар” гэсэн бичвэр дээр Увс аймгийн Баруунтурууны сангийн аж ахуйн тамга дарагдсан байна.

 

Үндэсний төв архивын 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 324 дугаартай тодорхойлолтод “Үндэсний төв архивын сан хөмрөгт Увс аймгийн Баруунтуруун сумын Бурводстрой байгууллагын бүгд он /он/-ы баримт шилжиж ирээгүй тул Наянбуу овогтой Даваадаш-нд холбогдох баримтыг шүүж үзэж лавлагаа гаргах боломжгүй байна” гэжээ.

 

Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 152 дугаартай Архивын лавлагаанд “Увс аймгийн Баруунтуруун сумын СМУ-Бурводстрой удирдах газрын баримт манай архивт шилжиж ирээгүй тул Наянбуу овогтой Даваадашийн ажилласан жилийг шүүн үзэх боломжгүй байна” гэжээ.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу бүрджээ.

 

Шүүхэд дуудагдсан гэрч Б.Хүрэлбаатар “Баатар овогтой Хүрэлбаатар миний бие 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл Зөвлөлтийн СМУ, Бурводстрой Увс аймгийн Баруунтуруун суман дахь усжуулалтын салбарт жолоочоор ажилласан. Энэ хугацаанд иргэн Н.Даваадаштай хамт тус салбарт жолоочоор ажиллаж байсан нь үнэн болно” гэж мэдүүлсэн.

Шүүхэд дуудагдсан гэрч З.Гансүх “Загд овогтой Гансүх миний бие 1986 оны 6 сараас 1989 оны 7 сар хүртэл Зөвлөлтийн СМУ, Бурводстрой Увс аймгийн Баруунтуруун суман дахь Усжуулалтын салбарт жолоочоор ажиллаж байсан. Энэ хугацаанд жолооч Н.Даваадаш хамт тус салбарт ажиллаж байсныг үнэн болохыг тодорхойлж байна” гэж мэдүүлсэн.

 

Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах  нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Алтан бургас овогт Наянбуугийн Даваадаш /Регистрийн дугаар ОА63092611/-г 1985 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Зөвлөлтийн СМУ, Бурводстрой Увс аймгийн Баруунтуруун суман дахь Усжуулалтын салбарт жолоочоор ажиллаж байсныг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЦЭРЭНДОЛГОР