Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 33

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй,

            Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

            Иргэдийн төлөөлөгч: Б.Түмэнбаяр,

            Хохирогч: Т.Б ,                                                                                                                   

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Оюунгэрэл,

            Шүүгдэгч: Б.Н ,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Баяд овгийн Б.Н д холбогдох эрүүгийн 1928000160009 дугаартай нэг хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 11-нд Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум 1 дүгээр багт оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Баяд овгийн Б.Н , /регистрийн дугаар ................................./

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Бат-Эрдэнэ овогтой Б.Н  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын төвд Түмэнбаяр овогтой Т.Б гийн цээжин тус газар нь хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Н  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай ангийн жил бүр зохион байгуулдаг нэрэмжит тэмцээн болсон. Орой тэмцээн тарчихаад манай ангийнхан О ыд очсон. Тэгээд удалгүй эргээд соёлын төв орсон. Тэр үед соёлын төвд бүжиг болж байсан. Бүжиг тараад О , С , Х , Ц , Т.Б  бид хэд буудалд орж 1 шил архи хувааж уусан. Манай ангийнхан О ыд очиж уусан байсан болохоор би тухайн үед их согтсон байсан. Буудалд байхад Х , Т.Б  2 маргалдаад байсан. Ц  бид 2 буудлын гал зуух руу ус авахаар ороход чанасан мах байснаас идсэн. Т.Б , Х  2 маргалдаад байхаар нь гаръя гээд бүгд буудлаас гарсан. Гадаа гараад Т.Б  Х-гыг цохиж авчихаад над дээр ирээд намайг бас цохьсон. Би зөрүүлээд өшиглөсөн. Тэрүүхэн хооронд Т.Б г хутгалсан байсан. Т.Б  цаашаа буудлаас 500 метр орчим зайд байсан дэлгүүрийн хажуугаар гүйгээд явчихсан. Нэг мэдэхэд миний гарт хутга байсан. Тэр үед би их сандарсан байсан учраас Т.Б гийн араас гүйгээд олоогүй. Эргээд буудлын гадаа ирэхэд хамт явж байсан хүмүүс байхгүй байсан. Тэгэхээр нь Хаан банкны хажууд байдаг хамаатныдаа хонох гээд очиход хаалгаа тавьж өгөөгүй. Тэгээд дотуур байранд очоод унтаж байхад өглөө 5 цагийн үед сумын 2 цагдаа ирж намайг авч явсан.” гэв.

Хохирогч Т.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...”2019 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө тухайн хэрэг болсон. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны орой бүжиг болоод би Ц  гэх найзтайгаа бүжигт очсон. Хүн олон цуглаагүй болохоор нь бид 2 дэлгүүр ороод 1 шил 0,5 граммын Ерөөл нэртэй архи аваад гэрт нь очсон. 0,5 граммын Ерөөл архины талыг уучихаад талыг нь унтахдаа ууя  гээд үлдээчихээд орой 09 цагийн үед клуб орсон. Би бүжиглэж байгаад шөнийн 01 цагийн үед гарч ирсэн. Тэгээд найзындаа очиж амаръя гэхэд түр хүлээж бай гэсэн. Эхнэр нь клубын эрхлэгч хийдэг юм. Ц  гэрт нь үлдээсэн архиа аваад ирсэн байсан. Түүнийг хувааж уучихаад зогсож байхад С , О , Б.Н  нар хүрч ирээд буудал орж 1 шил архи уучихаад таръя гэсэн. Тэгээд буудалд очоод 5, 6-уулаа 1 шил архи уугаад сууж байхад Ц , Б.Н  2 алга болчихоод байсан. Би 1 шил 0,5 Ерөөл архины талыг 2-уулаа хувааж уусан байсан. Архи бүжиглээд бараг гарсан байсан болохоор би бараг эрүүл байсан. Буудал руу очиход нээх согтуу хүн байгаагүй. 2 шил 0,75 граммтай Соёрхол архи авсан байсан. Түүнээс 1 шил архийг нь уугаад дуусч байхад Х  намайг чи сумын начин болсон гэл үү халз үзье гээд байсан. Тэгээд бид хоёрыг муудалцаад байж байхад Ц , Б.Н  2 орж ирээд гараад зодолд гаръя гээд бүгд буудлаас гарсан. Х  намайг зодолдъё гээд цээж рүү цохиж аваад байхаар нь куртикээ тайлж хажууд зогсож байсан Ц д өгсөн. Б.Н  ч гэсэн миний хажууд зогсож байсан. Би Х ыг барьж аваад түлхсэн чинь Б.Н  Х д наадахаа алаач гэж хэлж байгаад намайг шууд хутгалчихсан. Б.Н  өөрөө эрүүл байсан. Намайг хутгалчихаар нь би зугтаж байж амиа аварсан бусдаар бол би өөрөө согтуу байсан бол дахиад дайрах ч юм уу эсвэл намайг дахиад хутгалах байсан. Би зугтаахад хойноос гүйцээнэ гээд туулгасан. Би Б.Н тай зодолдоогүй, цохиж аваагүй. Х , Б.Н  2 эгч дүүсийн хүүхдүүд миний эмчилгээ хийлгэсэн хохирлыг барагдуулна гээд барагдуулаагүй. Эмчилгээний зардлаа гаргуулах хүсэлтэй байгаа. Цаашид  эмчилгээ хийлгэх, эмчийн хяналтанд байх шарлагатай, баруун уушги болохгүй байгаа наалдац үүссэн” гэв.

Эрүүгийн 1928000160009 дугаартай хэргээс:

            Хохирогч Т.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 01 дүгээр сарын 06-ны орой 20 цагийн үед cумын төвд У  ахынд ирсэн. Тэгээд найз Ц той гэрт нь очиж уулзаад бид хоёр Соёлын төв ороод юм үзэж байгаад удалгүй гараад дэлгүүр ороод 0,5 граммын Ерөөл нэртэй архи аваад Ц гийнд очиж хоёул хувааж ууж байгаад талыг нь үлдээгээд Соёлын төв ороход бүжиг болж байсан. Бүжиг ч тарсан, тэгэхэд шөнийн 24 цаг болж байсан. Тэгсэн Х , Б.Н , С, О  нартай таараад хамт бүгдээрээ Эрүүл мэндийн төвийн ард байдаг Эрчмийн буудал руу очсон. Тэндээ 0.75 граммын Соёрхол нэртэй архийг юм ярингаа хувааж ууцгаасан. Нэг шил архи дуусч байсан чинь Х  зодолдъё халзагная гээд далчиганаж байснаа гаръя гээд бид хоёр гарсан. Араас тэр хэд гараад ирсэн. Тэгсэн Х  хувцсаа тайлаад Б.Н д өгснөө миний өөдөөс далчиганаад зодолдож байтал Б.Н  Х  руу наадахаа ал гээд хашхираад байхаар нь чи юу гээд байгаа юм бэ гээд Б.Н  руу алхаад очтол гэнэт цээж рүү хутгаар л дүрэх шиг болсон. Тэгэнгүүт би хутгалуулчихлаа гээд айгаад шууд зугтаасан. Тэгсэн араас чамайг ална гээд Б.Н  туулгасан. Тэгээд би зугтаагаад У  ахынд очиход Цолмон эгч байсан. Би хутгалуулчихлаа эмч дуудаарай гэж хэлээд удалгүй цагдаа эмч нар ирсэн. Би Б.Н г танина, төрөл садангийн холбоо байхгүй. Б.Н гийн аав нь намайг Мандал-Овоо сумын эмнэлэгт хэвтэж байхад ирж уулзсан. Х  руу Б.Н  хэлэхдээ наадахаа алаач гэж хэлэхээр нь чи юу гэнээ гээд очтол гэнэт хажуугаас хутгаар цээж рүү хутгалсан. Хутга барьсан байхыг анзаараагүй. Намайг хутгалсаны дараа гартаа хутга барьсан байсан. Тэгээд би шууд зугтаасан. Тухайн үед архи ууж байхад Б.Н  Ц  хоёр гэнэт гарч яваад нэг хэсэг алга болсон. Удалгүй орж ирээд архи ууцгаасан. О , Х , Б.Н , Ц  нар байсан. С   архи ууж байхад эхнэр нь дуудаад явсан байсан. Би тийм их согтоогүй ямар ч байсан болсон асуудлыг мэдэж байсан. Одоо уушги руу цээжин бие рүү хатгуулж өвдөөд байгаа. Баруун талд тавьсан гуурсны нүх ерөнхийдөө гадагшаагаа эдгэж байна гэсэн. Ер нь цээжний баруун хэсэг хөхний зүүн талд хутгалсан 4 оёдол тавиулсан байгаа. Цээж хавьд хөндүүрлээд юм залгиж болохгүй амьсгаа авч болохгүй байсан. Б.Н гийн өгсөн 700.000 төгрөгтэй нийлээд 2.000.000 шахуу төгрөгийн хохирол учирсан. Б.Н  надад эмчилгээний зардал гэж 700.000 мянган төгрөг өгсөн. Хэргийн материалтай танилцаж, шүүх хуралд сууна. Өөрөөсөө гаргасан нийт 1.300.000 төгрөгийг нэхэмжилж байна Бие эрүүл болохгүй байна. Бие эрүүл болговол надад санал гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хх 13-14 дүгээр хуудас/,

Гэрч Б.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 02 цаг 40 минутанд манай сувилагч манай гэрт ирж эмнэлэг дээр яаралтай дуудлага ирлээ гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг рүү очиход цээжин тус газраа мэсний шархтай цус их хэмжээгээр алдсан байдалтай эрэгтэй хүн ирсэн байсныг хүлээн авч цус тогтоох эмчилгээ амин үзүүлэлтийг дэмжих эмчилгээ, тайвшруулах эмчилгээ жижиг мэс ажилбар хийсэн. Ирэхдээ дунд зэргийн согтолттой байсан. Ер нь тийм их юм яриагүй, ээжийг дууд сувилагчаа гээд таниад байсан. Тэгэхээр тийм ухаангүй согтуу байгаагүй, хүнд хутгалуулсан гэсэн юм огт яриагүй. Гүн нь 7-8 см, өргөн 4-4.5 см мэсний шархтай, уушгины баруун доод булан зурхний гялтан хальс гэмтсэн, дицинон 4 мг-р булчинд, еааic /яак-/ 100 мг-р булчинд, витамин С 4-граммын 6 гр натритай холиод судсан, натри хлорид 4000 мл судсанд дуслаар, серивкал 2 гр 8 гр натритай судсанд эрэнгэр 750 граммыг судсанд дуслаар, метрогел 100 мл 8 цагаар судсанд дуслаар, запазолин 8 цагаар 1 саяаар судсанд, 1 гр морпен 8 гр натритай шингэлээд 15 минутын зайтай 3-3 гр-аар булчинд эмчилгээ хийсэн. Одоо биеийн байдал дунд зэргийн байгаа.” гэх мэдүүлэг /хх 19 дүгээр хуудас/,

Гэрч С.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ”2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 13 цагийн үед буудал ажиллуулдаг А  тэр өдөр тэмцээнд оролцоод завгүй байна та 2 галчийн хоол хийгээд өгөөч гэхээр нь буудалд очиж жигнэсэн гурилтай ястай шөл хийж дуусаад 2 галчаа дуудаад хоолыг нь өгч явуулсан. Эрчмийн даргын эхнэр Ан тэгэхэд угаалга хийнэ гээд анх А гаар онгойлгуулсан байсан... Бор иштэй хутга гээд яригдаад байхаар нь тэгж бор иштэй хутга манайд байхгүй гэж бодсон. Тэгээд таны үзүүлсэн хутга чинь ком хутга байдаг. Нээх хэрэглээд байдаггүй хутга байгаа юм. Таны үзүүлсэн хутга манай буудлын хутга мөн байна. Энэ хутга шиг дахиад нэг хутга байгаа, бас заадуур байгаа.” гэх мэдүүлэг /хх 21-22 дугаар хуудас/,

Гэрч А.Х  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ”2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай багшийн нэрэмжит сагсан бөмөгийн тэмцээн болсон. Орой 20 цагийн үед дуусаад үргэлжлээд Сумын соёлын төвд нийтийн бүжиг болоод орой 24 цагийн үед бүжиг тарсан. Тэгээд Т.Б  О  Б.Н  бид нар Эрчмийн буудалд очоод 2 шил 0,75 граммын Соёрхол нэртэй архитай очоод нэгийг хувааж ууж дуусгаад буудлаас гарсан. Тухайн үед би Т.Б тэй архи ууж байхдаа Т.Б  би сумын начин болсон чи бол надтай янз бүрийн юм яриад байхгүй гээд дайрч давшилж байгаад буудлаас гарсан. Тухайн үед Т.Б  янз бүрийн юм яриад байсан ч тэрийг нь сайн санахгүй байна. Тэгээд буудлаас Т.Б  бид хоёр түрүүлээд гарсан. Араас Ц , О , Б.Н  гарч ирсэн. Т.Б  гарч ирэнгүүтээ баруун шанаа хавь руу цохиход нь би газар унасан. Тэгээд босоод ирсэн чинь Т.Б  цаашаа гүйж байсан. Би босоод араас нь гүйсэн. Т.Б  хаашаа гүйгээд алга болсныг нь мэдээгуй. Тэгээд би гэрлуүгээ харьсан. Б.Н  Т.Б гийн хаана хутгалсаныг хараагүй, Т.Б г Б.Н  араас нь элдэж гүйж байгаад эргээд ирэхдээ би Т.Б г хутгалчлаа гэж хэлсэн. Тэгэхэд нь би итгээгүй. Тэгээд харьсан. Худлаа яриад байгаарай гэсэн чинь нээрэн хутгалчлаа гэж байсан. Өөр юм яриагүй. Тэгээд бид хоёр салаад гэр гэр рүүгээ харьсан. Өнөөдөр өглөө эмнэлэг ороод Т.Б г хутгалуулсан байна лээ гэж мэдсэн. Тэгээд Б.Н  Т.Б г хутгалсан юм байна гэж мэдсэн. Хаанаасаа хутга гаргасныг нь мэдээгүй гэнэт л гүйлдээд явсан. Тэр хутгыг хараагүй мэдэхгүй. Гэнэт л маргалдаж байснаа буудлын хашааны хаалгаар гүйлдээд явсан. Би Б.Н гаас түрүүлээд буудлын хашаанд ирэхэд хэн ч байгаагүй. Миний араас Б.Н  ирсэн. Би тухайн үед нилээн халамцуу гэхдээ өөрийн ухаантай юу болж байгааг мэдэж байсан. Миний биед гэмтэл учраагүй.” гэх мэдүүлэг /хх 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Б.Ц  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ”2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр орой 20 цагийн үед сумын соёлын төвд нийтийн бүжиг болоод орой 24 цагийн үед бүжиг тарсан. Тэгээд Т.Б , Х , О , Б.Н  бид нар Эрчмийн буудалд очоод 2 шил 07,5 граммын Соёрхол нэртэй архийг хувааж ууцгаасан. Архи ууж байх үед Т.Б  Х тай маргалдаад байсан. Тэгж байснаа тэр хоёр гадаа гарч маргалдаад нэг нэгнийгээ цохихоор нь би очоод салгасан. Тэгэхэд араас О  Б.Н  хоёр гарч ирсэн. Тэгтэл гэнэт Т.Б  Б.Н  Х  нар гүйгээд явсан. О  бид хоёр буудлын гадаа үлдсэн. Тэгээд би гэр рүүгээ харьсан. Би Б.Н  Т.Б  нарыг танина, төрөл садангийн холбоо байхгүй. Б.Н  Т.Б  нар халамцуу тасартлаа согтоогүй байсан. 2 шил архи хувааж уусан. Харанхуй байсан болохоор хэн хэнийгээ цохьсоныг хараагүй, цаг нилээд орой болсон шөнийн 02 цаг өнгөрч байсан. Маргааш нь Х  ярихдаа Б.Н  Т.Б гийн цээжний баруун хэсэгт мээмний тэр хавьд нь хутгалсан байна лээ гэж ярьж байсан. Т.Б  л лав би начин хүн гээд маргалдаад байсан. Яг юунаас болсныг нь мэдээгүй. Хаанаас хутга гаргасаныг нь мэдээгүй, гэнэт л гүйлдээд явсан. Т.Б  хөдөөнөөс 21 цагийн үед манайд ирсэн. Тэгээд бид хоёр 1 шил Соёрхол нэртэй 0.5 граммын архи хувааж уучихаад Соёлын төв рүү бүжгэнд хамт явсан.” гэх мэдүүлэг /хх 25-26 дугаар хуудас/

Гэрч Б.О  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ”2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай багшийн нэрэмжит сагсны тэмцээн болсон. Тэгээд орой манайд ангийн хэдэн залуус 2 шил архи хувааж уучихаад 20 цагийн Соёлын төв рүү бүжгэнд явцгаасан. Бүжиг 24 цаг гээд тарсан. Тэгээд Т.Б , Ц , Б.Н , С   бид нар буудал руу очиж 2 шил Соёрхол нэртэй архи байснаас 1 шил архийг уугаад дуусч байтал С  ын эхнэр нь залгаад С   яваад өгсөн. Тэгээд архи ч дууссан. Хэдүүлээ тарцгаая гээд би түрүүлээд урагшаа алхаад буудлын хашаа руу бие засаад зогсож байтал тэр хэд гарч ирсэн. Тэгсэн Х  Б.Н  хоёр маргалдаад байх шиг байсан. Тэгтэл Т.Б  түрүүлээд гүйсэн. Араас нь Б.Н  Х  хоёр туулгаад хашаанаас гараад гүйцгээсэн. Тэгээд юу болоод байгаа юм бол гээд араас нь явтал тэр хэд алга байсан. Тэгээд би гэр рүүгээ хариад амарсан.” гэх мэдүүлэг /хх 27-28 дугаар хуудас/

Гэрч Э.Д  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 01 дүгээр сарын 07-ны орой 17 цагийн үед гэрээс гараад хойд хашааны хаалгаар гарах гээд явж байтал хашаан дотор хаалганы зүүн хэсэгт хэдэн модон банз хураалгаатай байдаг дээр цагаан эрээн иштэй нилээд урт хутга байхаар нь сэжиг хүрээд хашаанаас гаргаж хаях гээд барьж яваад зүүн хашаан дээгүүр давуулаад шидчихээд гэр рүүгээ орсон. Би Б.Н г танина. Манай аавын төрсөн ахынх нь хүүхэд байгаа юм. Цагаан эрээн иштэй нилээн урт хутга байсан. Манай хутга биш байхаар нь хашаа давуулаад шидсэн. Бүрэнхий болж байсан болохоор цус мэт зүйл байсныг нь анзаараагүй. Би 2019 оны 01 дүгээр сарын 06-нд би ээлжтэй эрчим дээр гал түлж байсан. Гэртээ байгаагүй.” гэх мэдүүлэг /хх 29 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.Б.Н  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ”2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай багшийн нэрэмжит сагсны тэмцээн болсон юм. Тэгээд орой нь бүжиг болоод 23 цагийн үед тарсан. Тэгээд Х , Т.Б , С  , Ц  бид хэд соёлын төвийн баруун урд байдаг Эрчмийн буудал руу явцгаасан. Будалд очоод 1 шил 0,75 граммын Соёрхол нэртэй архи хувааж ууцгаасан. Архи ууж байхад Т.Б  Х тай маргалдаад байсан. Тэгээд архи ч дууссан, буудлаас гаръя гээд бүгдээрээ гарцгааж байсан чинь Т.Б  Х тай буудлын гадаа маргалдаж байснаа Х ыг цохьсон. Тэгэхэд би тамхи татаад зогсож байсан. Т.Б  над руу ирэнгүүтээ Ня пизда минь гэж хэлсэн. Хэлэнгүүтээ миний нүүр рүү цохихоор нь зөрүүлээд Т.Б гийн хөл хавь руу өшиглөсөн. Тэгээд барилцаж зууралдаж байхдаа Т.Б гийн цээж хавьд нь нэг удаа хутгалсан. Тэгтэл Т.Б  цаашаа зугтахаар нь араас нь гүйсэн. Буудлын зүүн талын дэлгүүрийн цаагуур ороод явсан тэгээд олдоогүй. Би эргээд буудлын гадаа гүйгээд ирсэн чинь манай хамт явсан хэд бүгд алга байсан. Тэгээд би гэр рүүгээ харьсан. Тухайн үед шөнийн 02 цаг өнгөрч байсан байх. Т.Б  бид хоёрт маргалдсан хэрэлдсэн ямар нэгэн зүйл болоогүй манай найзыг цохингуутаа намайг ирж цохихоор нь би зөрүүлээд хөл хавьд нь өшиглөсөн Т.Б  бид хоёрт өс хонзонгийн зүйл байхгүй. Архи хэтрүүлэн уугаад нилээн согтсон байсан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед сандраад Т.Б гийн цээжний аль хэсэгт нь хутгалсан юм бол гээд араас гүйсэн. Тэгээд эмнэлэг рүү дагуулж яваад үзүүлэх санаатай л араас нь гүйсэн юм. Тэгсэн олдоогүй. Т.Б  зугтсан тэгээд би гар руугаа хартал гарт хутга байсан. Тэгээд би Т.Б г хутгалчихлаа гээд хутгаа тэр дор нь хаячихаад араас нь гүйсэн. Дамдинсүрэн манай ээжийн дүүгийн хүүхэд байгаа юм. Тэднийд хонох гээд очсон чинь хаалгаа тавиагүй. Хутгыг надаас өөр хүн тэр айлын хашаанд аваачиж тавихгүй гэж бодож байна. Тухайн үед согтсон байсан болохоор сайн санахгүй байна. Надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй, мах идэж байхдаа халаасандаа хийсэн байсан. Архины халамцуудаа аваад халаасандаа яах гэж авснаа сайн санахгүй байгаа юм. Би Т.Б г хутгалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Намайг Т.Б г хутгалах үед хажууд О , Х , Ц  нар байсан. Бид нар буудалд орохдоо жижүүр сахиулд нь хэлээгүй, онгорхой байхаар нь орсон. “Т.Б тэй соёлын төвд болсон бүжгэн дээр таарсан. Тэр хутгыг буудлын гал зуухнаас авсан. Миний авсан хутга иш нь бордуухан билүү саарал ч билүү тиймэрхүү өнгийн хутга байсан санагдаад байгаа юм. 20 гаруй см урттай, өргөн нь 3-4 см өргөнтэй хутга байсан. Т.Б  Х  хоёр архи ууж байхдаа маргалдаад байсан. Тэгээд буудлын гуанзнаас хутга авсан байсан. Тухайн үед архи ууж байхдаа гуанз руу орсон чинь 2-3 чанасан хавирга байсныг идэж байхдаа хутга аваад халаасандаа хийсэн байсан. Надад болон манай найзад гэмтэл учраагүй.” /хх 46-47, 17-18 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн № 56 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Т.Б гийн биед цээжний хөндийн өмнө хэсгээр нэвтэрч уушгийг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 заалтаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх 33 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн № 66 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.2.3.4. Б.Н гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх 31 дүгээр хуудас/,

Шүүх сэтгэц гэм судлалын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн № 3/19 дугаартай дүгнэлтэд: “а. Б.Н  нь сэтгэцийн хувьд эрүүл болно. б. Б.Н  нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. в. Б.Н  нь хэрэг хариуцах чадвартай. г. Б.Н  нь хэрэг гарах үеийн сэтгэц эрүүл болно.” гэх дүгнэлт /хх 39-41 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтаар хураагдсан хутганы гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-9 дүгээр хуудас/, хохирогч Т.Б гийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчтөний түүх /хх 51, 52-65 дугаар хуудас/, хохирол төлбөрийн баримтууд /хх 89-91 дүгээр хуудас/ шинжлэн судлав.

Эрүүгийн 1928000160009  дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Ял шалгах хуудас /хх 66 дугаар хуудас/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоол /хх 69-71 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Н гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 75 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мэргэжлийн сургалттай бүрэн дунд сургуулийн дүнгийн маягт /хх 78 дугаар хуудас/, арилжааны банкуудын тодорхойлолт /хх 80-86 дугаар хуудас/ шинжлэн судлав.

Иргэдийн төлөөлөгч Б.Түмэнбаяр  шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ”Архи ууснаас болж энэ хэрэг болсон байна. Б.Н  гэм буруу нь тодорхой боллоо.” гэсэн болно.

Шүүгдэгч Б.Н  согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын төвд Т.Б  А.Х  нарыг маргалдаж байхад шүүгдэгч Б.Н  А.Х ыг өмөөрч хохирогч Т.Б гийн цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Т.Б гийн “Би Х ыг барьж аваад түлхсэн чинь Б.Н  Х д наадахаа алаач гэж хэлж байгаад намайг шууд хутгалчихсан.” гэх мэдүүлэг, гэрч  А.Х ын “Т.Б г Б.Н  араас нь элдэж гүйж байгаад эргээд ирэхдээ би Т.Б г хутгалчлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн № 56 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Т.Б гийн биед цээжний хөндийн өмнө хэсгээр нэвтэрч уушгийг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдсон зэргээр хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардлагатай шинжээчийн гаргасан дүгнэлт зэрэг нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, хассан зөрчил тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Б.Н гийн гэм бурууг шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Н  өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж байсан, хохирол хор уршгийг зориуд хүсч үйлдсэн байх тул шууд санаатай гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Прокуророос шүүгдэгч Б.Н гийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хутга буюу зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.

Энэхүү зүйлд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгох ба “зэвсэг” нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. Харин “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж хуульд тайлбарлажээ.

Иймд хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Б.Н г зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

 Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны № 56 дугаартай дүгнэлтээр: “1. Т.Б гийн биед цээжний хөндийн өмнө хэсгээр нэвтэрч уушгийг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 заалтаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлтээр тогтоогдсон ба шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 2.274.790 төгрөгийг хохирогчид төлсөн байна.

Шүүгдэгч Б.Н гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Н  урьд нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан байх ба 2015 оны Өршөөлийн хуулиар үлдэх 08 сар 26 хоногийг өршөөн хэлтрүүлсэн болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байна./хх-66 дугаар хуудас/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүнн дүгнэлээ.

Иймээс шүүгдэгч Б.Н г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэв.

Учир нь: Шүүгдэгч Б.Н  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүний хор уршгийг арилгахад гарсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Хохирогч Т.Б гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, эдгэрэлт нь эмчилгээний үр дүнгээс шалтгаалах тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Н  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23 см урттай ажлын хэсэгтэй 13 см цагаан өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Н д хорих ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Баяд овгийн Б.Н г зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Б.Н г 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Шүүгдэгч Б.Н  нь хохирогч Т.Б д хохирол төлбөрт 2.274.790 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Цаашид гарах эмчилгээний зардлаа хохирогч Т.Б  нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 23 см урттай ажлын хэсэгтэй 13 см цагаан өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 8. Шүүгдэгч Б.Н  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ДЭЛГЭРМАА

                        ШҮҮГЧИД                                     Э.ОЮУН-ЭРДЭНЭ

                                                                     З.ТӨМӨРХҮҮ