Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 208/МА2024/00019

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай шийдвэр

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч Б.Булгачимэгт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: *******ээс хоёр хүний өмч болох орон сууцны өөрт ногдох хувь болох 35,000,000 төгрөг гаргуулах тухай,

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 12,262,500 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 47,262,500 төгрөг гаргуулах, *******т 47,262,500 төгрөг өгч, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Ганзам 7 дугаар багт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* бүртгэлтэй **** дугаар байрны ** тоотын гэрчилгээг ******* өөрийн нэр дээр шилжүүлж авах тухай

Сөрөг нэхэмжлэл: *******, ******* нарын хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Орон сууцны өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцож, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар баг, Ганзам, Ардчиллын гудамж *** дугаар байрны **** тоот, 38 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны гэрчилгээг *******ийн нэр дээр гаргаж өгөхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай

Хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баасанжав нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ******* гэдэг хүний үр хүүхдүүд болж дүү ******* бид хоёр төрж мэндэлсэн. Аав ээж хоёр бид хоёрт өөрсдийнхөө нэр дээр байсан Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 7 дугаар баг, Ганзам Ардчилал 1 дүгээр гудамж, 115 дугаар байр 11 тоотод улсын бүртгэлийн Ү-1317004676 бүртгэгдсэн орон сууцны зориулалтай 2 өрөө 70.000.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн. Бид хоёрын нэр дээр бэлэглэлээр шилжин ирсэн хоёр хүний өмч болон үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулахаар харилцан тохирсон . Ингээд зар тавьсны дагуу уг орон сууцыг хүн авахаар ирж үзэж үнэ тохирч авах болоход ******* гэнэт зарахгүй гэдэг байр суурийг илэрхийлж байна. Тиймээс миний бие тухайн орон сууцыг анх үл хөдлөх хөрөнгийн газар үнэлүүлж бүртгүүлсэн 70.000.000 төгрөгөөс өөрт оногдох 35.000.000 төгрөгийг *******ээс гаргуулах шаардлага үүссэн. Байрнаас өөрт оногдох хувиа гаргуулах шаардлага нь хүний асрамжид орсон аавыгаа аваад Улаанбаатар хот явж асарч амьдрах шаардлага гарсан учир ийм шийдэлд хүрсэн. Тиймээс орон сууцны нийт үнийн дүнгээс өөрт ногдох хувиа шүүхээр шийдүүлэх хэмжээнд хүрсэн юм гээд

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ..*******ээс хоёр хүний өмч болох орон сууцны өөрт оногдох хувь болох 35,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын үнийн дүнг 12,262,500 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 47,262,500 төгрөг гаргуулах, *******т 47,262,500 төгрөг өгч, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Ганзам 7 дугаар багт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* бүртгэлтэй ***** дугаар байрны ***** тоотын гэрчилгээг нэхэмжлэгч ******* өөрийн нэр дээр шилжүүлж авах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна гэжээ.

 Хариуцагчшүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Нэхэмжлэл гаргаад байгаа ******* нь аавын маань дагавар хүү 7 настай байхдаа Сэлэнгэд Өмнөговиос бид 3 дээр ирж цуг амьдарсан. ТЗ-ын 2-60 айлын **** тоот 2 өрөөг ягаан ***** айлын **** тоотод солиод хувьд гаргаад ээж аав бид хоёрын нэрийг оруулж хувьд шилжүүлэн авсан. 2004 оны 09 дүгээр сарын 06-нд хувьчилж авсан. Аав, ээж хоёр 2012 оны 04 дүгээр сарын 06-нд бид хоёрын дундаас гарсан ганц охин аав, ээж нь өнгөрөөд өгөхөд булаацалдах хүн их гээд ******* миний нэр дээр болгож өгсөн. Ээж эрүүл саруул амьд ахуй цагтаа охин хүүхэд байр оронгоо зарж үрж болохгүй шүү чамд хэрэгтэй гэж их захидаг байсан. Ингээд 2019 он гарснаас хойш ах ******* нь өдөр, шөнө, өглөө, оройгүй залгаж ахдаа ганц удаа тус болоод өгөөч ах нь гадагшаа явах гээд виз мэдүүлэх гэсэн ямар ч хөрөнгө байхгүй болохоор гарахгүй байна ахынхаа нэрийг бичүүлээд өгөөч гэрчилгээн дээрээ гэж хэдэн сар гуйж гуйвшсан. Би бас за ахдаа тус болъё гэж бодоод 2019 оны 09 дүгээр сарын 13-нд хамтран эзэмшигчээр нэрийг нь оруулсан. Тухайн үед ******* нь ах нь виз мэдүүлээд бүтээд гадагшаа явуул миний дүү байраа зарж худалдсан ч чинийх юм чинь ах нь итгэмжлэх хийлгээд үлдээе гээд итгэмжлэх хийж өгч байсан. 2019 оноос хойш хамтран өмчлөгч болчихоод виз мэдүүлсэн үгүйг нь сайн мэдэхгүй байна. Би бас арай ч ийм зүйл болно гэж бодоогүй болохоор асууж лавлаагүй. Энэ хугацаанд ******* нь дахиад л ахдаа тус болооч байраа банк бусд тавиад мөнгө аваад өг гэх зэрэг асуудал удаа дараа гаргаж байсан. Ээж битгий тавьж өг, байргүй болно гэж хэлээд би тавьж өгөөгүй. Энэ хүн тогтсон ажил өөрийн гэсэн гэр орон байхгүй одоо нэг итгээч туслаач гэхээр нь итгээд тусалсан нь буруу болжээ. Тухайн үед ах нь чамтай байр орон булаацалдахгүй гэж нэр усаа хамтрангаар бичүүлээд одоо аавыгаа асарна тэтгэнэ гэсэн нэрээр булаацалдаж байгаад нь би гайхаж байна.

...Итгэмжлэл гаргахдаа аавыгаа Улаанбаатар авч явж асармаар байна гэсэн. Аавыгаа харваад үхэх гэж байхад нь ирээгүй. Бие нь муу гэрээр асарч байхад нь бас ирээгүй нэг ч удаа нэг ч хоног, аавыг асрах, тэтгэх нь бүү хэл аав, ээжээр тэтгэврийн зээл дандаа авхуулж өр тавиулдаг байсан. Гуйж нэрээ бичүүлчихээд булаацалдахгүй визэнд оръя гэчихээд одоо ийм зан гаргаж байгаа нь анхнаасаа залилан мэхэлж байсан байна. Би байраа зарахгүй ээ харин намайг залилан нэрээ хамтран бичүүлсэн *******г гэрчилгээнээс нэрийг нь хасуулмаар байна. *******ы нэхэмжлэлийн агуулга худал болох нь миний эд хөрөнгийн лавлагаанаас харагдаж байна гээд

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

...*******ы нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй учир нь би *******д гадаад улс руу визэнд ороход үл хөдлөх хөрөнгөтэй байх шаардлагатай байна гэсний дагуу бэлэглэлийн гэрээг *******ы гуйлтын дагуу байгуулсан болно. Түүнээс биш миний хувьд түүнд өөрийн орон сууцаа хуваах талыг нь бэлэглэх ямар нэгэн хүсэл сонирхол байгаагүй. Бэлэглэлийн гэрээг хийсэн өдрөө ******* нь надад тухайн орон сууцыг худалдах, бусдад шилжүүлэх эрхийг 3 жилийн хугацаатай өгч байсан нь нотолно гэжээ.

 Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ:

...******* бэлэглэлийн гэрээг байгуулсан өдөр буюу 2019 оны 09 сарын 13-ны өдөр надад тухайн орон сууцыг бусдад худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, улсын бүртгэлд бүртгүүлэх, лавлагаа хүсэх, хүлээн авах үйлдэл хийх эрхийг 3 жилийн хугацаагаар олгосон ба энэ нь *******ы гуйлтаар гадаад руу виз гарахад дөхөм болгохын тулд дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээ болохыг баталж байгаа юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдоно гэж заасан тул 2019 оны 09 сарын 13-ны өдрийн ******* бид хоёрын хооронд байгуулсан Орон сууцны өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл бий болсон.

******* бид хоёрын хооронд байгуулсан 2019 оны 09 сарын 13-ны өдрийн Орон сууцны өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, мөн зүйлийн 56.1.3-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцож, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 баг Ган зам Ардчилал гудамж ***** байрны ***** тоот 38 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгөхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 онд ээж аав минь хоёулаа амьд сэрүүн бие нь эрүүл манай гэр бүл халуун ам бүлээрээ аз жаргалтайгаар энэ байранд нэрийг оруулахад ээж аавын минь хүсэлт гуйлтаар Булганчимэг татгалзахын аргагүй бид 4 гаргасан дөрвүүлэнгийнх нь шийдвэр. ******* 2019 оны 03 дугаар сараас хойш гуйж гуйвшаад бүхэл бүтэн 6 сарын хугацаанд гуйж гувшиж байсан бол ******* нотлохоор хэмжээний нотлох баримт хангалттай гаргах ёстой. Сөрөг нэхэмжпэл болон үндсэн нэхэмжлэлийн тайлбар дээр залилангийн шинж чанартай, аавыгаа асардаггүй байсан. Чимгээ гэдэг хүнийхээ байрыг тоглож алдсан, хэзээ ч намайг дагавар гэж дууддаггүй байтал дагавар хүүхэд гэж хэлсэн байна. Энэ зүйлийг худлаа ярьж байгааг нотлох баримтаар хамгийн эцсийн байдлаар гаргаж өгч байна. Худлаа ярьж байгаа шалтгаан нь аав минь амьд сэрүүн байхдаа *******т тэжээн тэтгүүлэх нэхэмжлэл гаргасан. Аав бид хоёр хуйвалдсан асуудал биш. Энэ бол гэр бүлийн гомдлын асуудал байгаа юм. ******* өвчтэй байхаас нь өөд болох хүртэл нэг ч удаа утсаар яриагүй, шүүхээр шийдүүлсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрдөггүй. Үл хүндэтгэж байсан. Сөрөг нэхэмжлэл гаргасан цаг хугацааг харвал аавыг өөд болсны намайг гэрчлэх хүнгүй гэсний үүднээс дараа сөрөг нэхэмжлэл гаргасан нь *******ийн худлаа ярьсан нь бүх зүйлээр нотлогдож байгааг илэрхийлж байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 276 дугаар зүйлиЙН 276.1, 478 дугаар зүйлийн 487.1, 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар *******ээс 47,262,500 төгрөгийг гаргуулж *******д олгож, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 7 дугаар багт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1317004676 дугаар 38 мкв 2 өрөө орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 56 дугаар зүйлийн 56.1.2,56.1.3-т зааснаар Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 7 дугаар баг, *****дугаар байрны ***** тоот 38 мкв 2 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх тухай 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож уг 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж өгөхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн газар даалгах тухай *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөг, 211,150 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ төлсөн 70,200 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 544,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч ******* би Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлийн тухай

1.1 Хариуцагч ******* би 2023 оны 09 сарын 04-ны өдөр тус шүүхэд хүсэлт гаргасан ба миний гаргасан хүсэлтээс ....Монгол улсын Гадаад харилцааны яамнаас тус тус ******* нь хэзээ, хэнтэй, ямар визэнд орж байсан талаарх баримтыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргуулж өгнө үү. Миний хариу тайлбараа нотлох, *******ы үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг няцаах зорилготой нотлох баримт бөгөөд надад өөрт олдохгүй баримтууд юм гэсэн хүсэлтийг анхан шатны шүүх хангаагүй тул би гомдол гаргасан, шүүхийн тогтоолоор захирамжинд гомдол гаргах эрхгүй байсан гэж үзэн гомдлыг хэлэлцэхгүй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шүүгч хурал дуусаж шийдвэрээ танилцуулсны дараа шийдвэрээ амаар танилцуулсан. Тэгэхэд анхан шатны шүүхийн шүүгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тайлбарлахдаа *******ыг гадаад улс руу виз хөөцөлдсөн гэж хариуцагч маргадаг боловч энэ талаар нотлож чадаагүй, нотлох баримт байхгүй байсан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо гэж хэлсэн. Гэтэл энэ тайлбараа шийдвэртээ бичгээр буулгаж дүгнэж тайлбарлаагүй байна. Хариуцагчаас *******ы хэзээ, хаашаа виз мэдүүлсэн талаарх баримтыг гаргуулахаар хүсэлт гаргасан ба энэ баримт нь хариуцагчид өөрт олдох боломжгүй, хувь хүний нууцтай холбоотой баримт байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэх заалтыг анхан шатны шүүх зөрчиж хэргийн оролцогчийн тэгш мэтгэлцэх эрх, нотлох баримтаа өөрсдөө гаргаж бүрдүүлэхээр гаргаж буй хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бий болсон гэж үзэж байна.

1.2 Бэлэглэлийн гэрээний дагуу тохирсон тохиролцоо бол 70,000,000 төгрөгний үнэтэй байр орон сууцны тавин хувийг буюу 35,000,000 төгрөгийг бэлэглэсэн байхад өнөөдрийн үнэ ханшаар буюу 94,525,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн *******ээс 47,262,500 төгрөгийг гаргуулж, энэ талаар маргаагүй гэж үзэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой гэтэл анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг үндэслэл бүхий тайлбарлаж дүгнэж чадаагүй гэж үзэж байна.

 Хоёр: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлийн тухай

2.1 Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3- т заасан дүр үзүүлж хийсэн, бусад хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэн тайлбарлан мэтгэлцэж, ах *******ы гадаад улс руу виз гаргуулахад үл хөдлөх хөрөнгөтэй байх шаардлагатай тэгвэл виз гарах магадлал өндөр болдог гэсэн гуйлтын дагуу бэлэглэлийн гэрээг бэлэглэж буй байдлаар дүр үзүүлэн хийсэн гэж тайлбарлаад байхад анхан шатны шүүх зөрчлийн хэрэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг мөн эцэг *******ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг зэргийг дүгнэлт болгож байгаа нь дээрх хуулийг буруу тайлбарлан хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэхээр байна.

Хариуцагчаас бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл гэж үзэх талаар мэтгэлцэхдээ зөрчлийн хэргийг, гар утсанд хийсэн тэмдэглэл зэргийг дурдсан боловч нэхэмжлэлийн үндэслэл бол гадаад улс руу виз гаргахын тулд бэлэглэлийн гэрээг хуурамчаар хийсэн гэх үндэслэлийг гаргаж мэтгэлцэж байхад энэ тал дээр анхан шатны шүүхээс огт үгүйсгэж тайлбарлаагүй, учир нь *******ыг гадаад улс руу виз хөөцөлдсөн эсэхийг тогтоолгох хүсэлтийг хангаагүйтэй холбоотой гэж үзэж байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ Хууль зүйн үндэслэлийн хувьд талуудын хооронд байгуулагдсан дээрх бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан хэлцлийн хэлбэр .................тус тус заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр бэлэглэлийн гэрээ гэж үзнэ гэж тайлбарласан. Гэтэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дах хэсэгт заасан хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзээгүй болохыг тайлбарлаагүй.

Харин шүүхийн шийдвэрт ******* нь ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа болон, нэхэмжлэгчийн татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлоогүй гэж үзнэ гэж үндэслэлгүй дүгнэсэн. Хариуцагч сөрөг нэхэмжлэлээ нотлохын тулд хүсэлт гаргаад байхад шүүхээс хангаагүй нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон тухай урд нь тодорхой тайлбарласан. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шуүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэгдүгээрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний улмаас хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлийн тухайд гэвэл хариуцагч ******* 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд хүсэлт гаргасан. Уг хүсэлтэд нэхэмжлэгч *******ы гадаад улс руу виз мэдүүлсэн эсэх, виз мэдүүлсэн бол гэж байгаад тодорхой улсуудыг нэрлэн зааж виз мэдүүлж байсан эсэхийг тодруулж өгнө үү гэх хүсэлтийг анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

...анхан шатны шүүх бидний гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ танилцуулахдаа амаар ...гадагшаа виз мэдүүлж байгаагаа нотолж чадаагүй... гэх агуулгыг хэлсэн. Үүнийг шүүх танхимд байсан оролцогчид болон шүүх хуралдааны нарийн бичиг, цагдаа нар сонссон. Гэтэл шүүхийн шийдвэрт энэ талаар нэг үг, өгүүлбэр дурдаагүй. Харин ч эсрэгээрээ анхан шатны шүүх гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, зөрчлийн материал 2 нь дүр үзүүлж хийсэн хэлцэлд хамаарахгүй гэж дүгнэсэн. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бий болсон гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан бидэнд хувь хүний нууцтай холбоотой баримт олдох боломжгүй тул хувь хүний нууцтай холбоотой баримтыг шүүхээр хүсэлт гаргаж шүүхээр бүрдүүлэхээс өөр өөрсдөө нотлох баримтыг цуглуулах боломжгүй байсан.

...Хэрэв хүсэлтийг хангаж, тухайн хүсэлтэй холбоотой ирсэн нотлох баримттайгаар анхан шатны шүүх хуралдаанаар мэтгэлцээн явагдсан бол өнөөдөр анхан шатны шүүхийн гаргасан шийдвэр өөрчлөгдөх, сөрөг нэхэмжлэл бүрэн хангагдах боломжтой байсан. Яагаад гэвэл анхан шатны шүүх дээр нэхэмжлэгч ******* ...би визний мэдүүлэг өгч байсан. Япон улс руу виз өгсөн... гэдгээ тодорхой хэлдэг. Бид нэхэмжлэгчийг Япон улс руу виз мэдүүлэхдээ 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш буюу бэлэглэлийн гэрээ хийгээд үл хөдлөх хөрөнгөтэй болсноос хойш гадаад улс руу виз мэдүүлэг өгсөн бол сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах боломжтой байсан. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэдэг гомдлын шаардлага гаргасан. Мөн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэж шийдвэр гаргадаг. Магадгүй хэргийг буцаахгүйгээр үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэл хангагдах боломжтой байсан гэдгийг харгалзаж үзэх боломжтой гэж үзэж байна гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэдэг байр суурьтай байна. Тус шүүхийн 8 хуудас шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрлэсэн үндэслэлээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт маш тодорхой, хууль хэрэглээний хувьд алдаа гаргахгүй шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг хангасан шийдвэр гэж хэлмээр байна... гэв.

 Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний ах болох ******* ..манай аав, ээж 2-оос бид 2-т өгсний үндсэн дээр бид 2 хувааж авахаар гэрээ хийсэн... гэж байна. Архиваас шүүж үзвэл манай ахын нэр огт байгаагүй. Манай ах надаас ...ах нь визэнд ормоор байна... гэж гуйсан. Гэтэл аав, ээж өөд болсны дараа ...манай аав, ээж 2-т өгсөн... гэж байна. Тийм зүйл байхгүй. Архивын баримтаас харвал манай ахын нэр огт байхгүй. Ерөөсөө миний нэр дээр байсан. Ах визэнд орно гэж гуйсны дагуу гэрээ хийсэн. Одоо ах гэрт эзэн суучхаад намайг гэрт оруулдаггүй. Түрхүүрийг нь аваад явчихсан. Би гэртээ орж чадалгүй 2 жил болж байна. Манай ээжийг өөд болсноос хойш намайг гэрт оруулаагүй. Би ...ээжийнхээ цагаалга будаалгыг хийе... гэж гуйгаад ч оруулаагүй. Би энэ дээр маш гомдолтой байна. Одоо ч гэсэн гэртээ ормоор байхад түлхүүр байхгүй. Энэ талаарх баримт хэрэгт тодорхой байгаа гэж бодож байна. Өөрөө шүүх хуралдаанд ирээгүй, түлхүүр аваад явчихсан нөхцөл байдалтай байна. Хавтаст хэрэгт бүх зүйл тодорхой байдаг гэв.

 ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ы нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Хэдийгээр шүүх талуудын маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдоос ирүүлсэн нотлох баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтад зохих дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

3.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс хоёр хүний өмч болох орон сууцны өөрт ногдох хувь болох 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 12,262,500 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 47,262,500 төгрөг гаргуулах, *******т байрны тал хувь болох 47,262,500 төгрөг өгч, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Ганзам 7 дугаар багт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* бүртгэлтэй **** дугаар байрны **** тоотын гэрчилгээг ******* өөрийн нэр дээр шилжүүлж авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй гэж марган улмаар *******, ******* нарын хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Орон сууцны өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцож, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар баг, Ганзам, Ардчиллын гудамж ****** дугаар байрны ***** тоот, 38 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны гэрчилгээг *******ийн нэр дээр гаргаж өгөхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 276 дугаар зүйлиЙН 276.1, 487 дугаар зүйлийн 487.1, 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар *******ээс 47,262,500 төгрөгийг гаргуулж *******д олгож, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 7 дугаар багт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1317004676 дугаар 38 мкв 2 өрөө орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 7 дугаар баг, ***** дугаар байрны **** тоот 38 мкв 2 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх тухай 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож уг 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж өгөхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн газар даалгах тухай *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэснийг хариуцагч ******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдлын үндэслэлээ ....Бидний хооронд хийгдсэн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн орон сууцны өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх тухай гэрээ нь дүр үзүүлж өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл юм. Ах ******* гадаад улсын визэнд орохын тулд үл хөдлөх хөрөнгөтэй байх ёстой учраас ахыгаа гэрчилгээндээ нэр оруулаад өгөөч гэж гуйсны дагуу оруулсан, одоо буцаад мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Ахыг визэнд орж байсныг нотлуулахаар шүүхээр ажиллагаа хийлгэхээр хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үйлдэл юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэжээ.

4.Үйл баримтын талаар: Хариуцагч ******* нь 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, Ганзам, Ардчиллын гудамж ****** дугаар байрны ***** тоот, 38 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлийн Ү-1317004676 тоот дугаарт бүртгүүлж, 000146993 тоот гэрчилгээний дагуу ганцаараа өмчилж байсан ба 2019 оны 09 дүгээ сарын 13-ны өдөр дээрх 70.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцныхаа тал хувийг буюу 35.000.000 төгрөгт ногдох хэсгийг Орон сууцны өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ-гээр өөрийн ах *******д өгснөөр тухайн орон сууны хамтран өмчлөгчөөр бүртгэл хийлгэж 000703580 дугаар бүхий гэрчилгээг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргуулан авчээ.

Ийнхүү маргаан бүхий орон сууц нь хоёр өмчлөгчтэй болсон байх ба 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч ******* дээрх маргаан бүхий байрыг худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, улсын бүртгэлд бүртгүүлэх, лавлагаа хүсэх, хүлээн авах үйлдлийг өөрийнх нь өмнөөс 3 жилийн хугацаанд төлөөлөн хийх эрхийг хариуцагч *******т олгож итгэмжлэл өгч байсан үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Дээрх итгэмжлэлийн дагуу хариуцагч ******* уг байрыг худалдах, барьцаалах зэрэг ямар нэгэн үйлдэл хийгээгүй байх ба 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр уг байрнаас өөрт ногдох хэсгээ гаргуулахаар ******* нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч ******* уг байрны өөрт ногдох хэсгээс тал хувийг ах *******д бэлэглэж, хамтран өмчлөгч болгосон шалтгаанаа ах *******ы гуйлтаар тус болох зорилгоор гадаад улсад визэнд ороход үл хөдлөх хөрөнгөтэй харагдуулах агуулгатай байсан, энэ нь өөрийнх нь хүсэлтээр нэр бүхий 7 орны элчин сайдын яамнаас түүнийг визэнд орж байсан эсэх талаар лавлагаа авснаар нотлогдох байсан гэж давж заалдах гомдлын агуулгаа тайлбарлаж байгаа боловч анхан шатны шүүхээс уг хэрэгт хамааралгүй, ач холбогдол багатай гэж хүсэлтийг хангахгүй шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Учир нь: Нэхэмжлэгчийн хүсэлтээр нэр бүхий гадаадын улс орнуудын элчин сайдын яаманд тухайн хугацаанаас хойш визэнд орж байсан эсэхийг тодруулснаар нэхэмжлэгчид тус болох зорилгоор хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн үйл баримт нотлогдоход учир дутагдалтай гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хариуцагч ******* нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцыг сайн дурын үндсэн дээр Орон сууцны өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээг байгуулан ахыгаа хамтран өмчлөгчөөр бүртгүүлж, 2 хүний дундын өмчлөлийн хөрөнгө болгосон байх ба үүнийг гадаад улсад зорчих визэнд орох байдлыг халхавчлан дүр үзүүлэн хийсэн гэрээ хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин хариуцагч ******* нь ахыгаа визэнд орсны дараа орон сууцны өмчлөгчөөс нь хасуулах байсан гэж үзвэл 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд орон сууцыг захиран зарцуулах эрхийг нэхэмжлэгч ******* хариуцагч *******т олгосон байхад тухайн эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд зохигчдын хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн орон сууц бэлэглэх гэрээ хүчин төгөлдөр гэж үзлээ.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч ******* тухайн орон сууцны өмчлөгч тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь тус орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулахаар шаардлага гаргасан нь хуульд нийцсэн байна.

5. Нэхэмжлэгч *******аас нотлох баримт болгон маргаан бүхий орон сууцны зах зээлийн үнэлгээг хөрөнгө үнэлгээний Ашид билгүүн ХХХ-ийн үнэлгээний тайланг ирүүлсэн байх ба анхан шатны шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ дээрхи шинжээчийн үнэлгээг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэн, хөрөнгийн үнэлгээн дээр талууд маргаж байгаа тул зохигчдын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан Орон сууцны өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээний үнийн дүн буюу 70.000.000 төгрөгөөр хөрөнгийг үнэлгээг үндэслэн хамтран өмчлөх хөрөнгөөс ногдох хэсгийг тодорхойлох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* нь хамтран өмчлөх үл хөдлөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг хариуцагч *******ээс гаргуулахаар нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

5.1.Шүүхээс хөрөнгө үнэлгээний Ашид билгүүн ХХК-ий орон сууцны зах зээлийн үнэлгээний тайланг нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэрлэсэн, хариуцагчаас үнэлгээний талаар маргасан үнэлгээ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхээс томилогдсон шинжээч биш, шинжээч нь нэг талын эрх ашгийг хамгаалж хийгдсэн гэсэн зохигчдын маргаан зэргийг харгалзан тус шинжээчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

5.2.Зохигчдын хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны орон сууцны өмчлөлөөс өөрт ногдох хэсгийг бэлэглэлийн гэрээ нь хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн, ямар нэгэн гэрээ хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул тус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хуулийн үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч нь дундаа өмчлөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай гаргасан шаардлагыг нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 -д дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй. гэж заасны зохигчдын дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох 70.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, Ганзам, Ардчиллын гудамж ****** дугаар байрны **** тоот, 38 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлийн Ү-1317004676 дугаартай хөрөнгийн 50 хувь буюу 35.000.000 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ******* нь үл хөдлөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулан авсан тул Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, Ганзам, Ардчиллын гудамж ***** дугаар байрны **** тоот, 38 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлийн Ү-1317004676 дугаартай хөрөнгийн өмчлөгчийн бүртгэлээс *******г хасаж өөрчлөлт оруулахыг Эд хөрөнгийн улсын бүртгэлд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсэг хангагдах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

 1 дэх заалтыг:

1.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д зааснаар хариуцагч *******ээс 35.000.000 төгрөгийг гаргуулж *******д олгож, нэхэмжлэгчийн Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 7 дугаар багт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1317004676 дугаар 38 мкв 2 өрөө орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг:

2.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 7 дугаар баг, ***** дугаар байрны **** тоот 38 мкв 2 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх тухай 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 7 дугаар багт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1317004676 дугаар 38 мкв 2 өрөө орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс *******ыг хасаж бүртгүүлэхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн газар даалгах тухай хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай гэж,

3 дахь заалтыг:

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөг, 211,150 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ төлсөн 70,200 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр буюу 35,000,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 332,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдолд 394,262 төгрөг төлснийг дурьдаж, гомдлын шаардлага хангагдсан хэмжээгээр буюу 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төсвийн орлогоос буцаан гаргуулж хариуцагчид олгож, үлдэх 324.062 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ

Bottom of Form