Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
Хэргийн индекс | 150/2023/00163/И |
Дугаар | 208/МА2024/00020 |
Огноо | 2024-04-02 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 208/МА2024/00020
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 150/ШШ2023/00178 дугаар шийдвэртэй
Хариуцагч ******* ******* ТӨХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын байраар хангуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 40,644,504 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай
Хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , /цахим/, тэдний өмгөөлөгч , нарыг оролцуулан, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ******* хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:
1. Ажил үүргээ гүйцэтгэх явцад компанийн удирдлага, өмчийн хэлбэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан ******* ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай тушаал гарч намайг албан тушаал бууруулан Маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулалтын ажилтнаар томилсон хэдий ч 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн байдаг.
Миний бие ажлаас чөлөөлсөн тушаалыг холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн, үндэслэлгүй гэж үзэж Шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр холбогдох нэхэмжлэлийг гаргасантай холбогдуулан 3 шатны шүүхээр шийдвэрлүүлж өнөөдрийг хүрлээ.
2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Иргэний Хэргийн Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, 001 /ХТ2023/00101 дугаартай тогтоол гарсан бөгөөд тус тогтоолд намайг ажлаас чөлөөлсөн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 тоот тушаалаар томилогдсон Маркетинг, борлуулалтын хэлтсийн Борлуулалтын ажилтнаар эргүүлэн тогтоолгох асуудлыг нээлттэй орхих нь зүйтэй гэж Шүүх бүрэлдэхүүнээс үзэж дүгнэсэн болно.
Монгол Улсын Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 001/XT2023/00101 дугаартай тогтоол гарсантай холбогдуулан миний бие 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ******* ******* ТӨХК-д, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ******* ******* ТӨХК-ийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст тус тус хандаж дараах хүсэлтийг гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна.
1.Ажлаас чөлөөлсөн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 тоот тушаал хүчингүй болсонтой холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 тоот тушаалаар томилогдсон Маркетинг, борлуулалтын хэлтсийн Борлуулалтын ажилтны албан тушаалд ажиллах хүсэлтэй байгаа тул ажлын байраар хангаж өгнө үү.
2.2022 оны 04 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртлэх хугацааны цалинг ажилласнаар тооцон олгож, эрүү,л мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хийж, баталгаажуулж өгнө үү.
Иймд ажил олгогчийн зүгээс хуулийн хугацаанд хүсэлтийн хариу өгөөгүй, өнөөдрийг хүртэл хугацаанд ажлын байраар хангахгүй байгааг намайг ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа тул Борлуулалтын ажилтнаар томилуулж, 2022 оны 04 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртлэх ажиллаагүй хугацааны нөхөн төлбөрийг олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хийж, баталгаажуулахыг шүүхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
1. *******ыг албан тушаал буруулсан буюу маркетинг борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтнаар 2022 оны 04 сарын 13-ны өдөр тушаал гарсан. Дараа нь гарсан албан тушаалаас чөлөөлсөн тушаалыг Улсын дээд шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өмнө нь ******* нь маркетинг борлуулалтын хэлтсийн ажилтнаар ажиллах хүсэлт сонирхлоо илэрхийлсэн бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх боломжтой байсан.
Өнөөдрийг хүртэл, Улсын дээд шүүхийн тогтоол гарах хүртэл хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй, үргэлжлүүлээд явах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар Борлуулалт логистикийн хэлтсийн борлуулалтын ажилтны сул орон тоо байхгүй. *******ыг ажилд эргүүлэн томилох боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Түрүүн миний хэлсэн хүсэлттэй холбоотой дараагийн тайлбар гарч ирнэ. Хөтөл компани болон ******* ******* ТӨХК нь маргалдагч 2 тал болсон. Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгуулах түүнтэй холбоотой гарсан Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийг хүчингүй болгох чиглэлээр Хөтөл компанийн хувьцаа эзэмшигч Тулга захиргааны хэргийн шүүхэд хандан гомдол гаргаад явж байгаа. Зарим хэрэг нь хэрэгсэхгүй болж Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гээд маргаад явж байгаа.
******* хэлэхдээ давхар албан тушаал эрхлэх нь хэн бүхний эрх гэсэн. Гэхдээ энийгээ ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захиралтай зөвшилцөх ёстой. Хөдөлмөрийн хууль болон дотоод журмаар давхар ажил эрхлэх тохиолдолд ажил олгогчтой зөвшилцөж харилцан тохиролцож гэрээ байгуулах боломжтой. *******ыг зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй гэж хэлсэн. ******* ******* ТӨХК бүх ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Ээлжийн ажил хийлгэх буюу 12 цаг ажиллуулаад 36, 48 цаг амраах хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжтой. Гэвч Хөтөл компанитай гэрээтэй ажилладаг бол энэ хүнийг ажилд авах боломжгүй. Маргааны 2 тал болж байгаа тул ашиг сонирхлын асуудал үүснэ. Маргалдагч талын төлөөлөл болж ажилладаг *******ыг авч ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цалин хөлсний асуудал байна. Гэтэл нэхэмжлэгч 8 сарын 2-ны өдөр борлуулалтын ажилтны албан тушаалд ажиллах хүсэлт сонирхлоо илэрхийлсэн. Тэрнээс биш анх ажлаас чөлөөлөгдсөн цагаас эхлэн хөдөлмөрийн хөлсийг олгох боломжгүй гэж үзэж байна гэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 150/ШШ2023/00178 дугаартай шийдвэрээр:
Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн 42.1.1-д тус тус зааснаар ******* ******* ТӨХК-ийн захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 тоот ажиллагсдыг ажилд томилох тухай тушаалын *******д холбогдох хэсгийг биелүүлэхийг ******* ******* ТӨХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 40,64,4504 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахтай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ******* ТӨХК-аас 70200 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:
...Анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай тушаалын дагуу ******* ******* ТӨХК нь ажилтан *******той Маркетинг борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтны албан тушаалд шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй гэж дүгнэж нөхөн олговор олгох Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах үндэслэлгүй гэж үзэж энэ хэсэгт холбогдох хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Үүнд:
Хариуцагч компани нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай тушаалын дагуу нэхэмжлэгч *******ыг Борлуулалтын хэлтсийн даргын ажил албан тушаалыг бууруулан сэлгүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байгаа тул хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй байхад шүүхээс Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Ажил олгогч нь ажилтан *******той 2020 оны 03 дугаар сард байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байгаа нь шинээр гэрээ байгуулаагүй ч урьд нь байгуулсан гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэж үзсэн байхад шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч *******ын тухайд 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай тушаалын дагуу анх ажилд орж байгаа ажилтан биш бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу өөр ажилд сэлгүүлэн ажиллуулахаар ажил олгогчийн дангаараа шийдвэрлэсэн тушаалын дагуу ажилд Борлуулалтын ажилтны ажил, албан тушаалд томилогдоод байгаа ажилтан учраас хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 59.6 дугаар зүйлд ажилтан сэлгэн ажиллахаас татгалзсан үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахыг хориглоно гэж заасан байгаа тул хуулийн энэ зүйл заалтыг үндэслэн Улсын Дээд Шүүх энэ ажил албан тушаалд нь эргүүлэн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэсэн бөгөөд үүнтэй холбоотой эрх зүйн үр дагаврыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхисон байна.
Улсын дээд шүүхээс сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай тушаалын дагуу томилсон ажилд нь эргүүлэн тогтоосон байгаа тул үүнтэй холбоотой эрх зүйн үр дагавар нь ажилгүй байсан хугацааны олговор, төлөгдөөгүй эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх л асуудал гэдэг нь ойлгомжтой байна.
Ийм учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 дугаартай тушаалыг хүчингүйд тооцсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажлыг нь гүйцэтгүүлэх хүртэлх хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу 2022 оны 04 дүгээр 13-ны өдрөөс эхлэн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны нөхөн олговрыг гаргах эрх зүйн зохицуулалтай байхад шүүх үүнд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах зүйлийг үндэслэн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №150/ШШ2023/00178 дугаартай шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, 2022 оны 04 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын өдрийн 150/ШШ2023/00178 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн 42.1.1 -д заасныг тус баримтлан ******* ******* ТӨХК-ийн захирлын 2022.04.13-ны өдрийн Б/163 тоот Ажиллагсдыг ажилд томилох тухай тушаалын *******д холбогдох хэсгийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 40,644,504 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахтай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д /Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй/ 43.2.3 дах хэсэгт энэ хуульд заасны дагуу хувь хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан шаардлага, стандартад нийцсэн, ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид ажлын байраар хангах гэж; зүйлийн 43.2.6 дах хэсэгт ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх гэж;
Мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1. дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж тус тус хуульчлан заасан.
Дээрх хуулийн дагуу ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байраар хангах, мөн ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж зэргээр хангах үүрэгтэй байна. Гэтэл энэ хэргийн хувьд ажил олгогч энэхүү үүргүүдийг биелүүлээгүй, ажилтныг эрх үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй, энэхүү нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байхад шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байна.
******* ******* ТӨХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаар тушаалын 3 дах заалтад ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх ажлыг нэн даруй зохион байгуулахыг Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга А.Галбаатарт даалгасан байх бөгөөд энэ тушаалын 9 дүгээр хавсралтаар *******ыг Маркетинг борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтнаар томилсон.
Нэхэмжлэгч *******ыг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 р сарын 05-ны өдрийн Б/229 дугаар тушаалыг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01/ХТ2023/00101 дүгээр тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан борлуулалтын менежерээр /хуучнаар борлуулалтын ажилтан/ тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Өнөөдрийг хүртэл ******* ******* ТӨХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаар тушаал хүчингүй болоогүй байхад ажилтанг ажилд эгүүлэн авч ажиллах боломжийг олгохгүй байгаа ажил олгогчийн буруутай үйлдлийг ажилтанд хохиролтойгоор шийдвэрлэх үндэслэл болохгүй юм. Ажилд томилсон боловч ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлөөр хангаагүй, цалин хөлс олгоогүй байгаа нөхцөл байдлыг ажлаас халсантай адилтгаж үзэж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгож шүүх шийдвэрлэдэг. Үүнтэй адилаар шүүх ажилтны эрх, ашиг сонирхлыг хамгаалан шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дах Сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 150/ШШ2023/00178 дугаар шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
Монгол Улсын иргэн *******ын нэхэмжлэлтэй, ******* ******* ТӨХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс иргэн *******ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Нэхэмжлэгч давах гомдолдоо: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 150/ШШ2023/00178 дугаартай шийдвэрийг ******* ******* ТӨХК нь ажилтан *******той Маркетинг борлуулалтын хэлтсийн борлуулагчийн албан тушаалд шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй гэж дүгнэж нөхөн олговор олгох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэхийг даалгах үндэслэлгүй гэж үзэж энэ хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэсэн байх бөгөөд гомдол нь дараах үндэслэлээр няцаагдаж байна. Үүнд:
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 124 дүгээр тогтоолын дагуу ******* ******* ХК нь Төрийн өмчит хувьцаат компани болж өөрчлөгдсөнөөр Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор компанийн орон тооны дээд хязгаарыг 768 болгон зохион байгуулалтын бүтцийг баталж, тогтоолын биелэлтийг хэрэгжүүлэхийг Гүйцэтгэх захиралд даалгасан болно. /хх-ийн 53-55 тал/
Уг тогтоолын дагуу Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/28 дугаартай Компанийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай тушаалаар компанийн бүтэц, зохион байгуулалт, нэгж, орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан ба нэхэмжлэгч *******ын ажиллаж байсан 10 орон тоо бүхий Борлуулалтын хэлтсийг Маркетинг, борлуулалтын хэлтэс болгон өөрчилж, орон тоог 9 байхаар тогтоосон байна. /хх-ийн 76-79/
Улмаар Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн "Ажиллагсдыг ажилд томилох тухай Б/163 дугаар тушаалаар *******ыг Маркетинг, борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтнаар шилжүүлэн томилсон бөгөөд Компанийн Гүйцэтгэх захирлын дээр дурдсан тушаалыг компанийн нийт ажилтнуудад 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сайхан сумын Соёлын төвд танилцуулахад нэхэмжлэгч тухайн үед Улаанбаатар хотод байсан тул тус арга хэмжээнд оролцоогүй байдаг.
Ийнхүү бүтцийн өөрчлөлтийн дагуу өөр ажилд шилжүүлэн томилсон тухай Гүйцэтгэх захирлын тушаал гарснаас хойш буюу 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 22 хоногийн хугацаанд ажлын байран дээрээ ирээгүй бөгөөд нэхэмжлэгчид дээрх Б/163 тоот тушаалыг өөрт нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдсэн мөн өөрөө шүүх хуралдаан дээр ч энэ тухайгаа үгүйсгээгүй байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь уг ажил албан тушаалд огтоосоо ажиллагаагүй бөгөөд харин ч урьд ажиллаж байсан борлуулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийг Сайхан сум дахь Сум дундын шүүхэд хандан гаргаснаар Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2023/00101 тоот тогтоолын Хянавал хэсгийн 19-д: "...Хариуцагч ******* *******" ТӨХК нь эрх бүхий этгээдээс олгосон эрх хэмжээний хүрээнд ******* ******* ТӨХК-ийн зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн нь баримттай байх бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн тухай хуулийн зөрчөөгүй байна... Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д ....ажлын байр хасагдсан орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохыг заасан бөгөөд ажил олгогч эрхийн дагуу компанид бүтцийн зохион байгуулалт хийж, үүний улмаас Борлуулалтын хэлтсийн даргын орон тоо хасагдсаж, шинэ чиг үүргийг хэрэгжүүлэх Маркетинг борлуулалтын хэлтсийн даргын орон тоо бий болсон гэж үзэх үндэслэл бий болсон байна... Иймээс хариуцагч ******* ******* ТӨХК нь нэхэмжлэгч *******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Борлуулалтын хэлтсийн даргын ажлаас халсан нь хууль зөрчөөгүй бөгөөд харин түүнийг өөр ажлын байраар хангаж, Маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулагчаар ажиллуулахаар Б/163 дугаар тушаал гаргасан байна гэж дүгнээд Гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэснээр тогтоол хүчин төгөлдөр болсон. /х/х-ийн 44-55-р талд/
Мөн хүчин төгөлдөр болсон тогтоолыг хүлээн авснаас хойш тушаалын эрх зүйн үр дагаврыг арилгуулах гомдол, нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Гэвч шүүгчийн захирамжийн дагуу хийсэн шүүхийн үзлэгээр Б/163 тоот тушаалыг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр цахим хаягаар мэдэгдсэн байдал тогтоогдсон гэж дүгнээд тушаалыг гардан авснаас хойш 2022 оны 06 сарын 02-ны өдрийн дотор гомдлоо гаргах ёстой байсан бөгөөд 2022 оны 06 сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 тоот тушаал хүчин төгөлдөр болсон гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага заавар дор тодорхой ажил үүргийг энэ хуульд зааснаас тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ, мөн хуулийн 41.2-д зааснаар ажилтны гүйцэтгэх үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад харилцааг харилцан тохиролцох ёстой байх бөгөөд нэхэмжлэгч дээрх борлуулагчийн албан тушаалд огт ажиллагаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээгээ ч байгуулаагүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй болохыг дурдах нь зүйтэй байх. Ийнхүү огтоосоо хийгээгүй ажил албан тушаал, хөдөлмөрийн гэрээгээрээ цалин хөлсөө ч тохироогүй тул ямар цалин хөлсөөр тооцож нөхөн олговор олгож, нөхөн бичилт хийх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болно.
Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 150/ШШ2023/00178 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Ажилгүй байсан нөхөн олговрыг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 192 дугаартай журмын дагуу тооцсон байгаа. Ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргаж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...*******ыг ажлын байраар хангаагүй, ажил үүргийг гүйцэтгүүлэх боломжийг олгоогүй нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгож өгөөч ээ гэж хүсэж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт гаргасан учраас уг гомдлыг биелүүлэх үндэслэлгүй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Борлуулалтын хэлтсийн мэргэжилтэн гэдэг албан тушаал нь хэвээр байсан. Энэ хүсэл зоригоо 2022 оны 08 дугаар сард илэрхийлээд байгаа юм. Энэ хүртэл хугацаа буюу 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл борлуулалтын хэлтсийн мэргэжилтнээр ажилдаа орно гэж нэг удаа хүсэл зоригоо илэрхийлээгүй. Борлуулалт хэлтсийн мэргэжилтнээр ажиллаагүй. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй, хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахаар тухайн ажилтны ажил албан тушаал нь авах цалин, хаана ажиллах гэж байгааг, ямар нөхцөлөөр ажиллах гэж байгааг, хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөлүүдийг тогтоогоогүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажилтан өөрөө ажилдаа ирж ажилласан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 47, 48 ,49 дүгээр зүйлээр заагаад байгаа юм. Тэгтэл нэг өдөр ирж ажиллаагүй, хүсэл зоригоо илэрхийлээгүй учир энэ хүнд ямар цалин хөлс олгох вэ?. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хөдөлмөрийн гэрээ гэдэг нь иргэний эрх зүйн харилцааны хувьд хоёр талын хүсэл зориг нийлж байж гол нөхцөлүүдээ тохиролцдог. Тэгэхээр шүүхийн шийдвэрээр энэ хүнийг борлуулалтын мэргэжилтнээр томил гэх шийдвэр гараагүй байхад хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй тул үүсээгүй харилцаа дээр нэг ч өдөр ажиллаагүй байж тухайн цалин хөлсийг гаргуулах нь хууль зүйн үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд ажилтны үндсэн эрх үүргийг тайлбарласан байдаг. Нэг талаас эрхтэй ч гэсэн нөгөө талаас үүрэгтэй байгаа гэдгийг хэлмээр байна. *******оос үүргээ нэг ч биелүүлээгүй атлаа би эрхтэй гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, маргааны зүйлийг зөв тогтоож, эрх зүйн дүгнэлтийг хийсэн, холбогдох хуулийн зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
3.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Улаанбаатар хот ******* дүүргийн ***** дугаар хороо **** дүгээр хороолол **** дүгээр байр **** тоотод оршин суух ******* овогт ******* ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан суманд үйл ажиллагаа явуулдаг ******* ******* ТӨХК-д холбогдуулан Ажлын байраар хангуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай Ажиллагсдыг ажилд томилох тухай тушаалын *******д холбогдох хэсгийг биелүүлэхийг тус компанид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 40.644.504 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчид эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
4.Үйл баримтын талаар: Гомдол гаргагч ******* нь Хөтөлийн ******* ******* хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/119 дугаартай тушаалаар борлуулалтын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан.
Монгол улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Хөтөлийн цемент ******* ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай 124 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаартай Хувьчлалыг хүчингүйд тооцох, компанийн эрх, эд хөрөнгийг хураан авах тухай тогтоолоор Хөтөлийн ******* ******* ХК нь Төрийн өмчит хувьцаат компани болж өөрчлөгдсөн байна.
Хуулийн этгээдийн өмчийн хэлбэр өөрчлөгдсөнөөр ******* ******* ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор гүйцэтгэх захирал томилох, Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай тогтоолууд гарсан байна.
******* ******* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор компанийн орон тооны дээд хязгаарыг 768 байхаар тогтоож, 01 дугаартай хавсралтаар ******* ******* ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцийг баталсан байна. Тус тогтоолоор ...Маркетинг, борлуулалтын хэлтэстэй байхаар шийдвэрлэж, тогтоолын биелэлтийг хэрэгжүүлэхийг гүйцэтгэх захиралд даалгажээ.
Дээрхи тогтоол гарснаар урьд үйл ажиллагаа явуулж байсан хуулийн этгээдийн /******* ******* ХК-ийн/ зохион байгуулалт бүтэц орон тоонд өөрчлөлт орсон байна.
******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/28 дугаартай Компанийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай тушаал гарч тушаалаар Марктенг, борлуулалтын хэлтсийн бүтэц орон тоог 10 дугаар хавсралтаар баталж, орон тооны нэгтгэлийг хавсралт 1-р Марктенг, борлуулалтын хэлтсийн бүтэц орон тоог 9 байхаар тус тус тогтоосон байна.
******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай Ажиллагсдыг ажилд томилох тухай тушаалын 1 дэх заалтаар ...Марктенг, борлуулалтын хэлтсийн ажилтнуудын нэр, ажлын байрыг 9 дүгээр хавсралтаар заасны дагуу томилж, тушаалын 9 дүгээр хавсралтаар *******ыг борлуулалтын ажилтнаар томилжээ.
Ингэснээр гомдол гаргагч ******* нь хуулийн этгээдийн өмчийн хэлбэр өөрчлөгдөн түүний ажлын байранд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орсноор урьд Борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан нь өөрчлөгдөн Маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулалтын ажилтнаар томилогдсон байна.
5.Дээрхи тушаалыг гомдол гаргагч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан байх ба борлуулалтын ажилтнаар томилсноос хойш 20 хоног ажилдаа ирээгүй ажлаа тасалсан гэсэн үндэслэлээр түүнийг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 дугаартай тушаалаар цуцалсан байна. Мөн ажлаас халсан тухай тушаалыг 2022 оны 05 сарын 09-ний өдөр гомдол гаргагч *******ын цахим хаяг болон Улаанбаатар хот дахь оршин суух хаягаар хүргүүлжээ.
6.Хэрэгт авагдсан баримтаар: Гомдол гаргагч ******* нь дээрх тушаалыг хүлээн авснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан ажилгүй байсан хугацааны нөхөн олговор авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх даалгах тухай нэхэмжлэл гаргаж уг маргаан анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдэж Улсын Дээд Шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2023/00101 тоот тогтоолоор шийдвэрлэгджээ.
Дээрх тогтоолоор ...******* ******* ТӨХК-д холбогдох Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор 27,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба дээрх үйл баримтуудад дурьдагдсан зарим тушаал шийдвэр энэхүү хавтаст хэрэгт авагдаагүй боловч шүүхийн шийдвэрүүдэд дурьдагдсан, компани төрийн өмчид шилжсэнтэй холбоотой асуудлууд нийтэд илэрхий болсон үйл баримтууд байгаа бөгөөд талууд энэ талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дугаар сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай Ажиллагсдыг ажилд томилох тухай тушаалд нэхэмжлэгч *******ын зүгээс гомдол гаргах хугацаа өнгөрсөн, уг тушаал хүчин төгөлдөр болсон тул уг тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, түүнийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд нэхэмжлэгч *******ыг тус компанийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтнаар томилсон тушаал хүчин төгөлдөр үйлчилж байх тул дээрх тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг биелүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.
7.Нэхэмжлэгч ******* түүний өмгөөлөгч нарын ... Анхан шатны шүүх Иргэний болон Хөдөлмөрийн хуулийн зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн, ...Өнөөдрийг хүртэл ******* ******* ТӨХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаар тушаал хүчингүй болоогүй байхад ажилтанг ажилд эгүүлэн авч ажиллах боломжийг олгохгүй байгаа ажил олгогчийн буруутай үйлдлийг ажилтанд хохиролтойгоор шийдвэрлэх үндэслэл болохгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, 2022 оны 04 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж өгнө үү... гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь: Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хөдөлмөрлөх эрхийн харилцаанд хэрэглэгдэж буй нэр томъёо, хөдөлмөрлөх эрхийн харилцаа үүсэх талаарх хуулийн зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгч *******, хариуцагч хуулийн этгээдийн хооронд хөдөлмөрлөх эрхийн харилцаа үүсээгүй, гэрээ байгуулагдаагүй, гол нөхцөл болох цалин хөлс тохиролцоогүй тул тохиролцоогүй цалин хөлсийг шүүхийн зүгээс тооцоолон бодож олгох үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.
8.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэж, хариуцагч байгууллагын хариу тайлбар болон талуудаас гаргаж ирүүлсэн нотлох баримтуудад дүгнэлт хийж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчдийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 150/ШШ2023/00178 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Б.ЭРДЭНЭХИШИГ
Bottom of Form