Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2016/05162/и |
Дугаар | 5162 |
Огноо | 2016-07-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 5162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Н.Сарангүн, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 36 байр, 67 тоотод оршин суух Боржигон овогт Цэвээний Баасанхүү /Регистрийн дугаар УЕ43120506/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 6/1 байр, 1 тоотод оршин суух Боржигон овогт Лхагвасүрэнгийн Пүрэвсүрэн / Регистрийн дугаар ЦЖ70041606/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл нийт 8,700,000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, Ц.Баасанхүүгээс нийт 1,425,235 төгрөгийн хохирлыг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Баасанхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Золзаяа, хариуцагч Л.Пүрэвсүрэн, иргэдийн төлөөлөгч Ж.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Баасанхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“Би Л.Пүрэвсүрэнд 2014 оноос 2015 оны хооронд Хас банкнаас 25,000,000 төгрөгийг өөрийн өмчлөлийн орон сууцны гэрчилгээгээ тавьж байгаад зээл авч өгсөн. Тухайн үед Л.Пүрэвсүрэн нь бизнес эрхэлдэг байсан. Миний бие нь Л.Пүрэвсүрэнгийн аав, ээжтэй 50 жилийн турш найзалсан найзууд тул ээжтэйгээ ирж, хувийн сууц барих гэсэн юм гэж гуйхад нь уг асуудлыг нь дэмжиж сайхан сэтгэл гарган тус болсон. Л.Пүрэвсүрэн нь 2 жилийн хугацаанд 12,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байхад төлөөгүй учраас Хас банкнаас надаас зээлээ нэхэж байсан. Тухайн үед би ходоодны хорт хавдартай, биеийн эрүүл мэнд муу байсан. Хас банкнаас мөнгөө нэхээд, дуудаад байна гэж Л.Пүрэвсүрэнд хэлж байсан. Хас банкнаас дуудахаар нь би Л.Пүрэвсүрэнг аваад л очдог байсан. 2015 оны 08 сард утсаар Л.Пүрэвсүрэн яриад Налайхын Хаан банк надад зээл өгнө гэсэн, үүнийг аваад Хас банкны зээлийг төлье гэж хэлсэн. Би маргааш нь яваад очтол Л.Пүрэвсүрэн байхгүй байсан тул өдөржингөө хүлээгээд ирэхгүй болохоор нь гэртээ ирээд утсаар ярьтал надад Хаан банкнаас зээл өгөхгүй байна. Хас банкны зээлийг төлөхөөр Хаан банк зээл өгнө гэж хэлсэн. Тухайн үед Хаан банкны зээлийн эдийн засагчтай Л.Пүрэвсүрэн 3, 4 цаг ярилцаад тохиролцохгүй гарч ирсэн. Гэтэл Л.Пүрэвсүрэн надаас надад тэтгэврийн зээлээ гаргаад өгөөч гээд нэхэхэд нь би өвчтэй, үнэтэй эм тан уудаг өгөх боломжгүй гэж хэлсэн. Өөр зээл авах боломжийн газар байна уу гээд асуухад би загнаад надад байхгүй гэж хэлсэн. Хаан банкнаас гараад бид харилцан ярилцсан. Тухайн үед Л.Пүрэвсүрэн Хаан банкийг шүүхэд өгнө гэж байсан. Би хадгаламж зээлийн хоршооноос газраа барьцаанд тавиад 5,000,000 төгрөгийг 1,2 хувийн хүүтэй зээл авсан тохиолдолд чи зөвшөөрөх юм уу гэхэд Л.Пүрэвсүрэн зөвшөөрнө гэж хэлсэн. 5,449,223 төгрөгийг 18 сарын хугацаанд эргэн төлөх юм байна, чи зөвшөөрч байна уу гээд хадгаламж зээлийн хоршоонд элсэн орж, зээл авахад шаардлагатай бүрдүүлсэн баримтуудыг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үзүүлэхэд зөвшөөрөөд бид зээлийн гэрээ байгуулсан. Материал бүрдүүлэхэд 46,000 төгрөг, хадгаламж зээлийн хоршоонд элсэн ороход 100,000 төгрөгийг тушаасан. Бид харилцан гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан зээлийн гэрээг хэргийн материалд өгсөн байгаа. “Бумбан толгой” хадгаламж зээлийн хоршооноос надад данс нээж 5,000,000 төгрөгийг байршуулсан. Л.Пүрэвсүрэн надад 800,000 төгрөг өгөөч, би Хаан банкийг шүүхэд өгөх гэж байгаа тул надад тэмдэгтийн хураамж төлөх мөнгө хэрэгтэй байна гээд авсан. Л.Пүрэвсүрэн бид Хас банк дээр ирээд мөнгийг би өгсөн. Л.Пүрэвсүрэн нь 10 сарын 09-ний өдөр 350,300 төгрөг төлсөн. Хадгаламж зээлийн хоршооны дансны хуулгаар гарч ирнэ. 11 сард 391,167 төгрөгийг төлсөн. 12 сарын 09-ний өдөр 385,300 төгрөг төлөх байснаас 85,300 төгрөгийг төлөөгүй, яасан гэхэд Л.Пүрэвсүрэн надад мөнгө алга, та өгчих гэхлээр нь би 2 хуваагаад төлсөн. Үлдсэн саруудыг хийхгүй байж байгаад 2 сар болж цагаан сар болох гэж байна, чи мөнгө төлөөч гэж хэлэхэд Л.Пүрэвсүрэн 378,768 төгрөг төлсөн. Нийт 1,425,225 төгрөгийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлсөн. Миний зүгээс 12 сард 85,300 төгрөгийг 1 сард 382,900 төгрөгийг, 3 сард 371,000 төгрөгийг тус тус нийт 1,210,668 төгрөгийг төлсөн. Би төлөх чадваргүй болж 4, 5 дугаар саруудын мөнгийг төлөөгүй байгаа тул хадгаламж зээлийн хоршоо намайг шүүхэд өгөх гэж байна. Би ингээд өрөнд ороод байна гэж Л.Пүрэвсүрэнд хэлэхэд та намайг мөнгөө төлөөд явж байхад шүүхэд өгсөн тул шүүхээрээ шийдүүл гэж хэлсэн. Би Л.Пүрэвсүрэнгээс 8,700,000 төгрөгийг нэхэмжилж байна. Өмнө 7,500,000 төгрөгийн эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Анх эвлэрэхдээ 3,700,000 төгрөгийг орхигдуулаад эвлэрсэн байсан. Өмнө нь Л.Пүрэвсүрэнгийн 25,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 3,700,000 төгрөгийг нэхэмжлэх нь зүйтэй юм. Зээлээ эргэн төлөхгүй байх тул Иргэний хуулийн 284 дүгээр 284.1 “Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөхгүй бодит нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй” гэж заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, үндсэн төлбөр 5,000,000 төгрөг болон 2013 оны 12 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл болох 3,700,000 төгрөг, нийт 8,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Л.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Ц.Баасанхүүгийн нэхэмжлэлтэй Л.Пүрэвсүрэнд холбогдох иргэний хэрэгт дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
1. Ц.Баасанхүүтэй 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу би Ц.Баасанхүү эгчээс нэг ч төгрөг мөнгө аваагүй. Мөнгө авсан өгсөн баримт байхгүй. Зүгээр л зээлдэнэ гэсэн гарын үсэг бүхий хэрэгжээгүй цаас байдаг юм. Хүлээн зөвшөөрөхгүй байна.
2. Ц.Баасанхүүгээс зээлдэж авсан зээлийн гэрээний асуудлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016.01.14-ний өдрийн 101/ШШ2016/00607 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа....
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Л.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“Ц.Баасанхүү нь намайг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 5,000,000 төгрөг авсан мэтээр мөнгө аваагүй байхад худал нэхэмжлэл шүүхэд гаргасан. Харин би Ц.Баасанхүү эгчийн “Бумбан толгой” хадгаламж зээлийн хоршооноос авсан 5,000,000 төгрөгний зээлээ төлөх гэсэн юм мөнгө өгөөч гээд байхаар нь 2015.10.09-ний өдөр 355,300 төгрөг, 2015.11.09-ний өдөр 391,167 төгрөг, 2015.12.09-ний өдөр 300,000 төгрөг, 2016.02.09-ний өдөр 378,768 төгрөг, нийт 1,425,235 төгрөг өгсөн. Ц.Баасанхүү эгч надад 1,425,235 төгрөгний хохирол учруулаад байна. Уг өгсөн мөнгөө эргүүлж авах сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Мөнгө өгсөн баримт, “Бумбан толгой” хадгаламж зээлийн хоршооноос шүүхэд гаргаж өгсөн баримт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа. 300,000 төгрөгний баримт, Ц.Баасанхүү “Бумбан толгой” хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан баримтыг нэхэмжлэлд хавсаргасан. Би “Бумбан толгой” хадгаламж зээлийн хоршооноос мөнгө аваагүй, аваагүй талаар эзэн нь гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Ц.Баасанхүүгээс “Бумбан толгой” хадгаламж зээлийн хоршооноос авсан 5,000,000 төгрөгний зээлд 2015 оны 10 сарын 09-ний өдөр төлсөн 355,300 төгрөг, 2015 оны 11 сарын 09-ний өдөр төлсөн 391,167 төгрөг, 2015 оны 12 сарын 09-ний өдөр төлсөн 300,000 төгрөг, 2016 оны 02 сарын 09-ний өдөр төлсөн 378,768 төгрөг, нийт 1,425,235 төгрөгний хохирлыг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Нэхэмжлэгч Ц.Баасанхүү сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“Бидний асуудал төлөөд, өгөөд, аваад байсан. Би өгсөн нь үнэн, Л.Пүрэвсүрэн төлж байсан нь үнэн. Нэг ч мөнгө илүү нэхэхгүй, надад нас алга, 3 өрөө байраа Налайхын шүүхээр ороод хураалгах дээрээ хугацаа авсан байгаа тул байраа авахын тулд хичээж байна. Аваагүй гэж намайг гүжирдэж, сөрөг нэхэмжлэл гаргаад, үүгээрээ явж байна. Мөнгөө аваад байраа буцааж аваад нүд анивал боллоо. Залилаад илүү мөнгө авах сэтгэл, чадал алга, ээжтэй нь үерхэж байсан тул өгч байсан. Ээж нь ямар ч хамаагүй, Л.Пүрэвсүрэн Хас банкин дээр дагаж очоод, мөнгөө хүлээж авч, гарын үсэг зурж байсан. Миний нэхэмжлэлийн дүнг хангуулаад өгөөч, би хураагдах гэж байгаа 3 өрөө байраа аваад хүүхдүүддээ үлдээгээд нүд анихыг хүсэж байна. Би ходоодны хорт хавдартай, өндөр хэмжээний сахартай хүн” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Баасанхүү нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 3,700,000 төгрөг, нийт 8,700,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,
хариуцагч Л.Пүрэвсүрэн нь “Бумбан толгой” хадгаламж зээлийн хоршоонд Ц.Баасанхүүгийн өмнөөс мөнгө төлсөн тул өөрт учирсан хохиролд 1,425,235 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Нэг. Л.Пүрэвсүрэнгээс Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 5,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 3,700,000 төгрөг, нийт 8,700,000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн тухай
Ц.Баасанхүү нь 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүрэг дэх Хас банкны салбараас өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалан 25,000,000 төгрөгийг зээлэн уг мөнгийг Л.Пүрэвсүрэнд зээлсэн ба зохигчид 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Хавсралт гэрээ, Хувь хүмүүсийн хоорондын” гэх нэр бүхий гэрээг байгуулан Хас банкнаас зээлсэн 25,000,000 төгрөгийн 1,500,000 төгрөгийг Ц.Баасанхүү авч үлдэх хэсэг болох 23.500.000 төгрөгийг Л.Пүрэвсүрэн, Ё.Долгормаа нар Ц.Баасанхүүгээс зээлж, 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийг банканд төлж, тооцоог хийж дуусгахаар харилцан тохиролцсон байна. /хх-11 дүгээр тал/ Энэ талаар зохигчид маргаагүй, хариуцагч уг зээлийг өөрийн төрсөн ээж Ё.Долгормаагийн хамт зээлж авсаныг хүлээн зөвшөөрч, банканд зээлийг төлөх үүрэг хүлээсэн болохоо үгүйсгээгүй болно.
Зохигчдын байгуулсан дээрх тохиролцоо бүхий гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 193 дугаар зүйлийн 193.1-д “үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг ... шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ” гэсэн заалтын аль алинд нь нийцсэн, зээлийн гэрээний үндсэн шинжийг агуулсан гэрээ байна.
Нэхэмжлэгч нь “...Хас банкны салбараас зээлсэн Ц.Баасанхүүгийн нэр дээрх зээлийг Л.Пүрэвсүрэн төлөх үүргийг хүлээсэн боловч хугацаанд нь төлөх үүргээ биелүүлэхгүй байсан бөгөөд банк гэрээний үүргээ гүйцэтгэхийг Ц.Баасанхүүгээс шаардаж байсан, Ц.Баасанхүү нь Л.Пүрэвсүрэнг зээлээ төлөхийг шаардаж байсан боловч Л.Пүрэвсүрэн төлөх боломжгүй байгаа тухайгаа түүнд мэдэгдэн мөнгө зээлэх боломж байгааг асууж байсан. Ц.Баасанхүү нь хадгаламж зээлийн хоршооноос газраа барьцаалан 5,000,000 төгрөгийг 1,2 хувийн хүүтэй зээлэх боломж байна гэснийг Л.Пүрэвсүрэн хүлээн зөвшөөрсөн. “Бумбан толгой” Хадгаламж зээлийн хоршооноос 5,000,000 төгрөгийг мөн Ц.Баасанхүүгийн нэрээр зээлсэн ба Л.Пүрэвсүрэн нь Хаан банкинд холбогдуулж нэхэмжлэл гаргах тул 800,000 төгрөгийг тэмдэгтийн хураамж гэж авсан . Үлдэх мөнгийг Хас банкинд төлсөн...” гэх тайлбарыг өгсөн.
Ц.Баасанхүү нь “Бумбан толгой” хадгаламж зээлийн хоршооноос 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 37 дугаартэй Зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, 1,2 хувийн хүүтэй зээлж авсан байна. /хх-73 дугаар тал/
“Бумбан толгой” хадгаламж зээлийн хоршооноос 5.000.000 төгрөг Ц.Баасанхүүгийн нэрээр зээлж талууд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгийг 15 сарын хугацаатай, сарын 1.2 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй зээлийн гэрээг байгуулсан байна. /хх-6 дугаар тал/
Хариуцагч нь Ц.Баасанхүүгээс мөнгө аваагүй, мөнгө авсан баримт байхгүй тул 5,000,000 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Ц.Баасанхүү нь зээлж авсан 5,000,000 төгрөгнөөс 4,200,000 төгрөгийг Хас банкинд зээлийн эргэн төлөлтөд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлсөн нь Хас банкны харилцагч Ц.Баасанхүүгийн 1280012843 дугаартай дансны хуулгаар нотлогдож байна. /хх-12 дугаар тал/
Ц.Баасанхүү нь 4,200,000 төгрөгийг Л.Пүрэвсүрэнд өөрт нь шилжүүлэн өгөөгүй боловч Хас банканд Л.Пүрэвсүрэнгийн төлөх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн тул уг мөнгийг Л.Пүрэвсүрэнд шилжүүлэн өгсөнд тооцох үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч нь уг зээлсэн мөнгөнөөс 800,000 төгрөгийг Л.Пүрэвсүрэнд өгсөн тухай тайлбарыг гаргасан бөгөөд энэ талаар хариуцагч Л.Пүрэвсүрэн тухайлан эсэргүүцэж тайлбар гаргаагүй, маргаагүй болно.
Л.Пүрэвсүрэн нь Ц.Баасанхүүгийн нэрээр 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хас банкнаас зээлсэн 25,000,000 төгрөгнөөс өөрийн ээж Ё.Долгормаагийн хамт зээлсэн 23,500,000 төгрөг, Л.Пүрэвсүрэнгийн төлөх ёстой Хас банкны зээлийг төлөх зорилгоор “Бумбан толгой” хадгаламж зээлийн хоршооноос зээлсэн 5,000,000 төгрөгийг тус тус төлөх үүрэг хүлээсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Л.Пүрэвсүрэн нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний дагуу Ц.Баасанхүүгээс мөнгө аваагүй, мөнгө авсан баримт байхгүй, мөнгө зээлнэ гэсэн гарын үсэг бүхий хэрэгжээгүй цаас, ...хүчээр гарын үсэг зуруулсан учраас уг зээлийн гэрээний дагуу мөнгө төлөх үндэслэл байхгүй гэх тайлбарыг өгсөн боловч энэ талаарх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй болно.
Налайх дүүрэг дэх Хас банкны салбараас 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ц.Баасанхүүгийн нэр дээр зээлсэн 25,000,000 төгрөгийн зээлийг Л.Пүрэвсүрэн төлөх үүргийг хүлээсэн ч тэрээр дээрх үүргээ биелүүлэхгүй байсан тул Ц.Баасанхүү нь 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл 7,500,000 төгрөгийг Л.Пүрэвсүрэнгээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Зохигчид 7,500,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 607 дугаартай захирамжаар тэдний эвлэрлийг баталгаажуулсан байна. /хх-19 дүгээр тал/
Нэхэмжлэгч нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээр дурьдсан нэхэмжлэлийг гаргахдаа 3,700,000 төгрөгийг орхигдуулан буруу тооцож нэхэмжлэл гаргасан байсан тул хариуцагчаас 3,700,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарласан.
Нэхэмжлэгч нь 3,700,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй болно.
Иймд нэхэмжлэгч Ц.Баасанхүүгийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, 3,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хоёр. Ц.Баасанхүүгээс нийт 1,425,235 төгрөгийн хохирлыг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухай
Хариуцагч Л.Пүрэвсүрэн нь “Бумбан толгой” хадгаламж зээлийн хоршоонд Ц.Баасанхүүгийн өмнөөс 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 355,300 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 391,167 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 300,000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 378,768 төгрөг, нийт 1,425,235 төгрөгний хохирлыг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Ц.Баасанхүү, түүний өмгөөлөгч Л.Золзаяа нар “...Л.Пүрэвсүрэн нь “Бумбан толгой” хадгаламж зээлийн хоршооноос авсан зээлийг төлөх байтал зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхгүй байсан тул шүүхэд хандсан. Хүү, алдангийг нэхэмжлээгүй” гэх тайлбарыг өгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Ц.Баасанхүү нь нь “Бумбан толгой” хадгаламж зээлийн хоршооноос 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 37 дугаартэй Зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, 1,2 хувийн хүүтэй зээлж авсан байна. /хх-73 дугаар тал/ Уг мөнгийг Л.Пүрэвсүрэнд зээлдүүлж, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгийг 15 сарын хугацаатай, сарын 1.2 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй зээлийн гэрээг байгуулсан байна. /хх-6 дугаар тал/
Зохигчдын хооронд Зээлийн гэрээ байгуулагдсанаар Ц.Баасанхүү нь “Бумбан толгой” хадгаламж зээлийн хоршоонд төлөх ёстой “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийг Л.Пүрэвсүрэнд өгч /хх-52 дугаар тал/, Л.Пүрэвсүрэн нь хоршоонд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүргийг хүлээсэн байна. Л.Пүрэвсүрэн нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 355,300 төгрөг /хх-34 дүгээр тал/, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 250,000 төгрөг /хх-36 дугаар тал/, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 141,200 төгрөг /хх-35 дугаар тал/, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг /хх-53 дугаар тал/, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 378,800 төгрөг /хх-33 дугаар тал/, нийт 1,425,300 төгрөгийг “Бумбан толгой” хадгаламж зээлийн хоршоонд төлсөн байна.
Хариуцагч Л.Пүрэвсүрэн нь нэхэмжлэгч Ц.Баасанхүүтэй 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-ний дагуу 5,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөнд 5 удаагийн шилжүүлгээр нийт 1,425,300 төгрөгийг “Бумбан толгой” хадгаламж зээлийн хоршоонд үүргийнхээ дагуу төлсөн байх тул уг мөнгийг нэхэмжлэгч Ц.Баасанхүүгээс гаргуулах үндэслэлгүй.
Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 211 дүгээр зүйлийн 211.1 -д заасныг баримтлан, хариуцагч Л.Пүрэвсүрэнгээс 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Баасанхүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,700,000 /гурван сая долоон зуун мянган/ төгрөг гаргуулах, хариуцагчийн нийт 1,425,235 /нэг сая дөрвөн зуун хорин таван мянга хоёр зуун гучин таван/ төгрөгний хохирлыг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,754 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Пүрэвсүрэнгээс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР
ШҮҮГЧИД Н.САРАНГҮН
Э.ЭНЭБИШ