Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 208/МА2024/00021

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 150/ШШ2023/00204 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч ******* ******* ТӨХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай

Хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар, Ц.Ихбаяр /цахим/, тэдний өмгөөлөгч П.Сумъяа, Галтаа нарыг оролцуулан, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1....******* би сонгон шалгаруулалтад тэнцэж тус компанийн Маркетинг, хэвлэл мэдээллийн хэлтэст маркетингийн мэргэжилтнээр 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн ажилласан. ...2022 оны сүүл, 2023 оны 01 дүгээр сараас эхлэн тус компанийн хэмжээнд гүйцэтгэх удирдлага түүний багийн хууль зөрчсөн үйл ажиллагаатай холбоотой хууль зөрчсөн асуудал хөндөгдөж эхэлсэн байдаг. Хөтөлд ЕББДС дүүргэсэн. 2-3 үе дамжин тус компанид ажиллаж байгаа залуу ИТА, олон жил ажилласан ахмад ИТА нарын зүгээс сэлбэг материалыг урьд нь авч байсан болон зах зээлийн үнээс хэд дахин нугалсан өндөр үнээр, хууль зөрчин шууд худалдан авалтаар авч байгаа, технологийн зөрчил гарч байгаа, техник, тоног төхөөрөмж түүний дотор Чулуунцрын зуухны засвар үйлчилгээ, доторлогооны чанар байдал, мөн санхүүгийн зөрчил удаа дараа гаргаж байгааг шүүмжилж, зөрчил дутагдал гаргуулахгүй гэсэн зүй ёсны шаардлагыг тавьж буйг гүйцэтгэх удирдлага хүлээн авахгүй тэднийг ямар нэг байдлаар буруутган ажлаас бөөнөөр нь халах болсон. Гүйцэтгэх удирдлага түүний удирдлагын багийн хууль зөрчсөн үйлдэл нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хийсэн Төрийн аудитын шалгалтаар сөрөг дүгнэлт гарсан байдлаар нотлогдсон хэдий ч гүйцэтгэх удирдлагын зүгээс шударга шаардлага бүхий асуудлыг гаргаж тавьсан ИТА нарыг ажлаас халах компанит ажил өрнүүлсэн бөгөөд үүнд би ч мөн өртөөд байгаа юм. Миний төрсөн ах ******* нь тус компанид ерөнхий инженерээр ажиллаж байхад нь 2022 оны 03 дугаар сард ажлаас халсан бөгөөд намайг мэдээлэл дамжуулж байна гэж гүйцэтгэх захирал ******* нь хий хардаж, надад огт хамааралгүй асуудлуудыг хамааруулан удаа дараа намайг гүтгэх болсон. Намайг 2023 оны 01 дүгээр сараас эхлэн ажил хийхэд хүндрэлтэй байдалд оруулж, хардаж гүтгэх болсны улмаар миний орон тоог цөөрүүлж хассан ба надтай маркетингийн ахлах мэргэжилтний орон тоон дээр 2 сарын хугацаатай туршилтын гэрээ байгуулсан нь намайг ажлаас халах, халахдаа хуулийн хүрээнд хугацаатай гэрээний хугацаа дууссан мэтээр харагдуулах санаа зорилготой байсан нь илэрхий болсон. Тухайн үед надад өөр ажил өгнө түр зуур энэ ажил албан тушаал дээр ажиллаж бай гэж хуурч, надад итгэл үнэмшил төрүүлж, төөрөгдөлд оруулж 2 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусмагц энэ ажил албан тушаалд тэнцэхгүй гэж үзэж хөдөлмөрийн гэрээ цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул компанийн дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан боловч уг комисс нь хууль бус бүрэлдэхүүнтэйгээр уг маргааныг хянан хэлэлцэж намайг ажилд эргүүлэн тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан тул шүүхэд хандаж байна.

******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн Б/315 дугаартай тушаал нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр үүссэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болсон нь хангалттай нотлогдож байгаа тул уг тушаал нь дор дурдсан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1.Үндсэн ажилтнаар жил гаруй хугацаанд ажилласан, ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил, ажлын доголдол гаргаагүй, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж байсан ажилтантай туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь үндэслэлгүй юм. Мэргэжилтнийг ахлах мэргэжилтэн болгож дэвшүүлэн ажиллуулж байгаа нь мерит зарчим тул заавал туршилтын хугацаа заах шаардлагагүй байсан.

2.Намайг түр хугацаагаар ахлах мэргэжилтний орон тоон дээр 2 сарын хугацаатай томилон ажиллуулахдаа цаашид өөр ажил өгнө гэж хууран мэхэлж хугацаатай гэрээ байгуулсан ба 2 сар өнгөрмөгц өөр ажил албан тушаал өгөлгүй шууд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ХҮ23/28 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй тул уг гэрээг цуцалсан *******-******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/315 дугаартай тушаалыг хүчингүй гэж үзэж байна.

3.Намайг маркетингийн ахлах мэргэжилтний орон тоон дээр 2 сарын хугацаатай томилохдоо байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ХГ 23/28 дугаартай гэрээг анхнаасаа хугацаатай гэрээний хугацаа дуусмагц гэрээг цуцална гэсэн үндэслэлээр байгуулсан, цаашид хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үргэлжлүүлэх санаа зорилго байгаагүй дүр үзүүлж хийсэн хэлцэл болох нь намайг ажил үүргээ хангалттай ямар ч алдаа дутагдалгүй биелүүлж байхад гэрээг сунгах эсхүл амласны дагуу өөр ажил албан тушаалд томилохгүйгээр шууд цуцалж байгаа байдлаар нотлон тогтоогдож байгаа тул уг гэрээг ИХШХШТ хуулийн 56-р зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох бүрэн үндэслэлтэй байна. Монгол Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах талаар гаргасан зөвлөмжид Хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан нийтлэг үндэслэл нь бусад гэрээний нэгэн адил түүнд хамаардаг байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн гэрээ нь хэлцлийн нэг хэлбэр учир хэлцэл хийхэд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан буюу гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох ёстой гэж тусгасан ба хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргаанд гэрээний нөхцөлүүдийг хэрхэн тохиролцсныг шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ харгалзан үзэх нь чухал байна гэж зааж өгчээ.

Иймд *******-******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн Б/315 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 9,127,085 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж миний хөдөлмөрлөх эрхийг сэргээж өгнө үү... гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

1. ...******* нь *******-******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн Б/315 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөж уг тушаалыг хүчингүйд тооцуулж нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэлд нотлох баримтаар тогтоогдохгүй өргөн хүрээний асуудал мэдээлэл тусгасан байдаг. Өөрийн төрсөн ах *******ыг ерөнхий инженерээр ажиллаж байсан гэж байна. Энэ бол үнэн. ******* нь сонгон шалгаруулалтгүйгээр ерөнхий инженерээр томилогдсон байж байгаад ТУЗ, Засгийн газрын хэрэг эрхлэх шалгалтаар газрын албан тушаалын шаардлагад нийцэхгүй ажилтныг чөлөөлөх, ажлын байрны тодорхойлолтыг бүх нэгжийн дарга нарт ижил жигд баталж мөрдүүлэхээр заасан тул албан тушаал буурсан байдаг. Тухай буурсан албан тушаалд зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлөгдсөн. Энэ үйл процесстой ******* өөрийгөө холбож гомдол гаргасан байна. ******* нь ерөнхий инженерээр ахынхаа нөлөөгөөр тухайн албан тушаалд буюу маркетингийн албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдож ажилласан. Энэ тушаал гараагүй ч гэсэн Засгийн газрын хэрэг эрхлэх газраас чиглэл хүргүүлэх албан бичиг ирж шүүр ажиллагаа хэрэгжиж хүмүүсийг албан тушаалаас чөлөөлсөн байдаг. Хэрэв тухайн албан тушаалд ажиллаж байсан бол шүүр ажиллагаанд өртөх боломжтой байсан. ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн Б/315 дугаартай тушаал нь үндэслэл бүхий тушаал болсон. ******* нь *******-******* ТӨХК-ийн ТУЗ-ын 2022 оны 11 сарын 10-ний өдрийн компанийн зохион байгуулалтын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай 20 дугаартай тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А291 дугаартай компанийн зохион байгуулалтын бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай тушаалаар компанийн бүтцүүдэд өөрчлөлт орсон. Маркетингийн хэлтэс нь маркетинг хэвлэл мэдээллийн хэлтэс болж хэвлэлийн ажилтан нэмэгдэж маркетингийн менежерийн орон тоо хасагдаж, маркетингийн ахлах менежерийн орон тоог баталсан. Уг тушаалыг эсэргүүцсэн, хүчингүй болгох өөрчлөх талаар өнөөдрийг хүртэл компанийг бусад ажилтнуудаас гомдол гараагүй. Энэ тушаалыг хүлээн зөвшөөрч байгаа хүчин төгөлдөр үйлчлээд явж байгаа тушаал гэж ойлгогдоно. ******* нь 2023 оны 02 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж туршилтын хугацаагаар гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн хуульд туршилтын хугацааг дээд тал нь 3 сарын хугацаатай байгуулахаар заасан. Манай компанийн хөдөлмөрийн дотоод журамд туршилтын гэрээг 2 сарын хугацаатай байгуулна гэж заасны дагуу 2 сараар байгуулсан. *******ын ярьж байгаагаар хууран мэхэлж чөлөөлөх санаа зорилготой байсан бол 1 сар болоод эсхүл сунжруулах маягаар 3 сараар юм уу, илүү удаан хугацаагаар туршилтын хугацаагаар жинхлэхгүйгээр ажиллуулах хуулийг боломж нөхцөл компанид байсан. Гэвч хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд зааснаар бүх ажилтнуудтай 2 сарын хугацаагаар туршилтын гэрээ байгуулдагаараа байгуулсан. Тухайн үед туршилтын гэрээтэй ажиллаж байхад төрсөн ах болох ******* нь сахилгын зөрчлөөр албан тушаалаас чөлөөлөгдсөн. Ингэж чөлөөлөгдсөний дараа төрсөн ахыг нь ажлаас чөлөөлөхөөр хүний сэтгэл санаанд өөрчлөлт орох нөхцөл байдал үүссэн байж болзошгүй. Магадгүй үүнтэй холбоотой байдлаар нэхэмжлэлд дурдаад байна. Ийм асуудал байхгүй. Туршилтын хугацааны ажлын тайланг үндэслэж албан тушаалд жинхлэн томилж ажиллах асуудлыг дотоод журмаар зохицуулдаг. Үүний дагуу Маркетинг хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Ганчимэг, тухайн хэлтсийн дээд нэгж болох Бизнес удирдлагын газрын дарга нар сонсох ажиллагаа хийж тайлангийн үнэлгээг хангалтгүй гэж дүгнэж тухайн баримтаа Хүний нөөцийн хэлтэст ирүүлж гүйцэтгэх захирлын тушаал гарч ажлаас чөлөөлсөн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль болон компанийн дотоод хэм хэмжээний зохицуулалтын хүрээнд шийдэгдсэн. Гүйцэтгэх захирлын тушаал туршилтын хугацааг дуусгавар болгож албан тушаалаас чөлөөлөх энэ тушаал нь хуульд заасны дагуу гаргасан тул хүчин төгөлдөр юм. *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалин 9 сая төгрөг гаргуулах шаардлага нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа хүн ямар нэг тооцоо байхгүй дүн гаргаж орж ирж байна. Өдрийн цалин хэд вэ, сарын цалин хэд вэ, ямар хугацаагаар үржүүлээд хэд гарах энэ тооцооллыг огт гаргахгүй байна. Нэмэлт шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 150/ШШ2023/00204 дугаартай шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч *******ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй хариуцагч ******* ******* ТӨХК-д холбогдох ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/315 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эргүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин 9,127,085 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 150/ШШ2023/00204 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч доорхи үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Туршилтын гэрээний талаар:

Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж, ******* ******* ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.6-д Компанид шинээр ажилтан авахдаа туршилтын 2 сар хүртэл хугацаагаар ажиллуулах гүйцэтгэх захирлын тушаал гаргана. Туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтанд албан тушаалын үндсэн цалин олгоно, 5.7-д Ажилтан туршилтын хугацаанд эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан чин шударгаар ажиллан, гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулж нэгжийн даргын саналыг харгалзан гүйцэтгэх захирлын тушаалаар тухайн албан тушаалд үндсэн ажилтнаар томилно. гэж тус тус заажээ.

Гэтэл нэхэмжлэгч ******* нь тус компанид шинээр ажилд орсон ажилтан биш хуучин уг мэргэжлээр ажиллаж байсан ажилтан юм.

Хөдөлмөрийн хуулийн зохицуулалт, Хөдөлмөрийн дотоод журмын зохицуулалттай зөрчилдсөн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-д Энэ хуулийн 2.3-т заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ. гэж зааснаар энэ тохиолдолд Хөдөлмөрийн дотоод журмын зохицуулалтыг баримтална. Хөдөлмөрийн дотоод журамд шинээр ажилтан авахдаа туршилтын гэрээ байгуулахаар заасан ба хуучин ажилтныг албан тушаал дэвшүүлэх, эсхүл ажлын байр нь хасагдсан тохиолдолд өөр ажил санал болгох, ажлын байрны нэршил өөрчлөгдсөн боловч хийдэг ажил нь хэвээрээ байхад туршилтын гэрээ байгуулах тухай зохицуулалт байхгүй байхад туршилтын гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн байна.

Ийнхүү туршилтын гэрээ байгуулсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр сонгон шалгаруулалт зарлах хүртэл туршилтын гэрээ байгуулсан гэсэн агуулгатай тайлбар гаргасан нь уг гэрээ нь туршилтын гэрээ биш харин хугацаатай байгуулсан гэрээ байсныг нотолж байна.

Хоёр. Ажлын байр хасагдаагүй, харин ажлын байрны нэршил нь өөрчлөгдсөн талаар:

******* ******* ТӨХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Компанийн зохин байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 20 дугаар тогтоолоор компанийн нийт ажилчдын тоо 765 буюу өөрчлөгдөөгүй хэвээрээ батлагдаж, нэхэмжлэгч *******ын ажиллаж байсан марктенгийн хэлтэс нь 4 орон тоотой байснаа 5 орон тоотой болж өөрчлөгдснөөр орон тоо хасагдаагүй, харин нэмэгдсэн байдаг. Тодруулбал 1 Хэлтсийн дарга, 1 марктенгийн мэргэжилтэн, 2 дизайнерийн орон тоотой байснаа 1 хэлтсийн дарга, 1 марктенгийн ахлах мэргэжилтэн, 1 хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, 2 дизайнер гэсэн орон тоо батлагдсан ба марктенгийн мэргжилтэнгүй марктенгийн хэлтэс болж өөрчлөгдсөн. Энэ талаар хариуцагчаас шүүх хуралдаан дээр ...ахлах мэргэжилтэн нь өөрөө давхар хийж гүйцэтгээд бусад мэргэжилтэндээ үүрэг чиглэл егч ажиллах үүднээс марктенгийн мэргэжилтэн ажиллах шаардлагагүй. Ахлах мэрэжилтэн давхар хийх боломжтой гэж үзсэн... гэж тайлбар өгсөн. / ХХ-89/

Дээрх тайлбараараа хариуцагч нь нэхэмжлэгч *******ын эрхэлж байсан ажлын нэршил өөрчлөгдсөн боловч түүний хийдэг ажил өөрчлөгдөөгүй болохыг хүлээн зөвшөөрсөн.

Харин марктенгийн мэргэжилтэн болон ахлах мэргэжилтний ялгааг ...марктенгийн мэргэжилтэн бүр байхгүй болоод ахлах мэргэжилтэн гэж шинээр бий болсон... Хөдөлмөрийн гэрээ шинэчлэх тохиолдолд *******ын эрх зүйн байдалд өөрчлөлт орсон. Бусад мэргэжилтнээ ахлах, ажил үүрэгт хяналт тавих давхар ажил үүргийн хуваарь хариуцлага бий болж байгаа тул шинээр бий болсон гэж үзнэ гэж хариуцагч шүүх хурал дээр тайлбарласан боловч үүнийг нотлох баримт болох ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг шүүхэд ирүүлээгүй.

Гэтэл анхан шатны шүүх ...ажлын байрны тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдолтой нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь нэхэмжлэгч *******тай ахлах мэргэжилтний албан тушаалд ажиллуулах гэрээ байгуулахдаа ажил олгогч нь ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж гарын үсэг зуруулаагүй тул нэхэмжлэгч талаас уг баримтыг гаргаж өгөх боломжгүй байсан. Ажилтан ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй гэж маргаж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажилтанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх; гэж заасан ажил олгогчийн үүргийн дагуу ажилтны гарын үсгээр баталгаажуулсан ажлын байрны тодорхойлолтыг гаргаж өгөх нь хариуцагч талын нотлох баримт гаргах үүрэгт хамаарна.

Иймд ...ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж хуульд заасан байхад ажлын байрны тодорхойлолтгүйгээр ажилтныг ажиллуулчихаад туршилтын хугацаанд тэнцээгүй гэх үндэслэлээр ажилтныг халсныг зөвтгөх үндэслэл байхгүй байна.

Гурав. Гүйтцэтгэлийн тайлан үндэслэлтэй эсэх талаар:

******* ******* ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.7-д туршилтын хугацаанд ажилласан тайлангаа ажилтан өөрөө тавихаар зохицуулсан байна.

Гэтэл хавтаст хэргийн 95 дугаар талд МХМХ-ийн ахлах мэргэжилтэнгийн туршилтын хугацааны гүйцэтгэлийн тайлан гэх баримт авагдсан боловч уг баримт дээр *******ын гарын үсэг байхгүй байгаагаас харахад нэхэмжлэгчийн өмнөөс МХМХ-ийн дарга ******* нь өөрөө бичсэн нь тогтоогдож байна.

Уг тайлангийн хүснэгтийн 1-3-р мөрөнд бичигдсэн 3 төрлийн ажлын төлөвлөгөөг баталсан баримт болон ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт анхнаасаа байхгүйн улмаас нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлийг ямар шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн нь ойлгомжгүй байх тул хэлтсийн даргын үзэмжээр дүгнэсэн гэж үзэхэд хүргэдэг.

Иймд нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлийг дүгнэхийн тулд хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын гүйцэтгэлээр олгох цалин хөлсийг нь олгож байсан эсэх нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж нэхэмжлэгч талаас мэтгэлцсэн.

Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний 1.5-д ажил олгогч нь ажилтанд 2,487,800 төгрөгийн цалин олгоно, 1.5.1-д Үндсэн цалин 1,741,460 төгрөг, ажлын гүйцэтгэлээр олгох цалин 746,340 төгрөгөөс бүрдэнэ гэснээс харахад нэхэмжлэгч ажлаа муу хийвэл зөвхөн үндсэн цалингаа авч, ажлын гүйцэтгэлээр авах цалингаа авахааргүй нөхцлөөр гэрээ хийгдсэн байна. /Хх-90-92/

Гэтэл *******ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор туршилтаар ажиллах хугацаандаа 2023 оны 2 дугаар сард 2,589,438 төгрөгийн цалин буюу үндсэн болон ажлын гүйцэтгэлээр авах цалингаа бүрэн авч, 2023 оны 3 дугаар сард 2,109,434 төгрөгийн цалин буюу үндсэн цалингаасаа гадна ажлын гүйцэтгэлээр 378,366 төгрөгийн цалин авсан байна. Өөрөөр хэлбэл цалингийн хэмжээгээр нэхэмжлэгч ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байсан нь тогтоогдож, 2023.03.09-ний МХМХ-ийн ахлах мэргэжилтэнгийн туршилтын хугацааны гүйцэтгэлийн тайлан гэх баримт нь үгүйсгэгдэж байна. /XX-15, XX-95/

Дээрх байдлаар авсан цалин болон ажлын гүйцэтгэл нь хоорондоо холбоотой учраас Маркетинг хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга ******* нь туршилтаар ажиллаж байсан 2023 оны 2, 3-р сарын *******ын ажлын гүйцэтгэлийг КPI үзүүлэлтээр дүгнэсэн баримтыг хариуцагч компанийн төлөвлөлт эдийн засгийн хэлтэст хадгалагдаж байгаа цалингийн баримт \архив\ -аас гаргуулах, гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А\150 Цалин хөлсний журам батлах тухай тушаалаар батлагдсан ******* ******* ТӨХК-ийн цалин хөлсний журмыг, уг журмын дагуу хавсралтын дагуу гаргасан *******ын гарын үсэг бүхий сарын ажлын төлөвлөгөө, ажлын гүйцэтгэлийн үр дүнгийн тайланг /X-118-121/ нотлох баримтын шаардлага хангуулан хариуцагчаас гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хангахаас татгалзсан нь нэхэмжлэгчийн мэтгэлцэх эрхэд сөргөөр нөлөөлсөн.

Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ТӨХК ******* ******* ХХК болж хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдсөн. Гэтэл шүүх хуралдаанд ******* ******* ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийг зөрчсөн.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Намайг хууран мэхэлсэн. Шинэ ажлын байранд томилно гэж хэлсэн. Би албан тушаал мэргэжилээрээ гологдохгүй. Аль ч хэлтэс дээр томилогдоод ажиллах боломжтой байсан. Би яагаад гэвэл хосолсон мэргэжилтэй. Хоёуланд нь ажлын туршлага хангалттай бий. Эхний шатанд би тайлбар мэдээллээ хэлж чадаагүй учир зөв шударгаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн төлөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг үнэн зөв гарсан гэдэг байр суурьтай байна. Хөдөлмөрийн дотоод журам болон хууль хоорондоо зөрчилдсөн зүйл байхгүй. Ажилтныг авч ажиллуулахад туршилтын гэрээ байгуулах нь ажил олгогчийн өөрийнх нь эрх. Яагаад ажилтныг авч ажиллуулах нөхцөл бүрдсэн гэхээр өмгөөлөгч өөрөө хэлсэн байдаг. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын тогтоолыг үндэслэж, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаал гарснаар маркетингийн хэлтсийн маркетинг хэвлэл мэдээллийн хэлтэс болгож 4 орон тоотой байсныг 5 орон тоо болгосон. Тухайн тушаал дээр маркетингийн мэргэжилтэн гэдэг орон тоог хасаж маркетингийн ахлах мэргэжилтэн болгож бусад ажилтнуудыг удирдан ажиллах боломжтой гэдэг байдлаар захирлын зөвлөлийн хуралдаан баталсны үндсэн дээр гүйцэтгэх захирлын тушаал гарч албажиж явсан. Энэ хүрээнд маркетингийн хэлтсийн мэргэжилтэн гэдэг орон тоо энэ бүтцээр цомхотгож байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулснаар *******ыг ажлаас чөлөөлсөн. ... нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Сумъяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан учир давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэсэн байр суурьтай тайлбар хэлье. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтаар туршилтаар ажиллуулбал хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж заасан байдаг. Ингэж байгуулахдаа тухайн ажилтан 3 сараас илүүгүй хугацаагаар байгуулна. Нэг удаадаа сунгаж болно. ******* ******* ТӨХК-н хөдөлмөрийн дотоод журмаар 2 сар хүртэлх хугацаагаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж байгаа юм. Нэхэмжлэгчийн хувьд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс маркетингийн мэргэжилтэн гэдэг ажилтнаар туршилтаар ажиллуулж цаашдаа ажиллах боломжтой гэж үзсэн учраас хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Гэтэл 2022 оны 12 дугаар сард бүтцийн өөрчлөлт хийгдсэн байдаг. ******* ******* ТӨХК нь төрийн өмчит компани учраас тузаас тогтоосон орон тоо бүтцийнхээ хувьд өөрийн эрх хэмжээний хүрээнд өөрчлөлт оруулсан. Өөрчлөлт оруулахдаа маркетингийн хэлтэс 4 байсныг 5 болгосон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хэргийн оролцогчийн хуульд заасан эрх хязгаарлагдсан, мэтгэлцэх зарчим хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан суманд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг ******* ******* ТӨХК-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар ...уг гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, ахлах мэргэжилтний орон тоонд 02 сарын хугацаагаар томилогдсон байсан орон тоонд ажлаа хууль журмын дагуу зохих ёсоор гүйцэтгээгүй, гүйцэтгэлийн үнэлгээний тайлан зохих ёсоор үнэлэгдээгүй тул ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлтэй... гэж маргажээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ ...Зохигчдын хооронд 02 сарын хугацаатай туршилтын гэрээ байгуулсан нь үндэслэлгүй, анхнаасаа хуурч мэхэлж хийсэн гэрээ юм, *******ын ажиллаж байсан ажлын байр хасагдаагүй, харин нэршил нь өөрчлөгдсөн. Ажлын байрнаас чөлөөлөх үндэслэл болсон гүйцэтгэлийн тайланг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөөгүй байхад хуурамч тайланг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, Шүүхэд хэрэг хянагдах явцад хариуцагч компаний хэлбэр өөрчлөгдсөн байхад өмнөх компаний итгэмжлэлээр хариуцагчийн төлөөлөгч нар оролцсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь: Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Намайг 2023 оны 01 дүгээр сараас эхлэн ажил хийхэд хүндрэлтэй байдалд оруулж, хардаж гүтгэх болсны улмаар миний орон тоог цөөрүүлж хассан ба надтай маркетингийн ахлах мэргэжилтний орон тоон дээр 2 сарын хугацаатай туршилтын гэрээ байгуулсан нь намайг ажлаас халах, халахдаа хуулийн хүрээнд хугацаатай гэрээний хугацаа дууссан мэтээр харагдуулах санаа зорилготой байсан нь илэрхий болсон.

Тухайн үед надад өөр ажил өгнө түр зуур энэ ажил албан тушаал дээр ажиллаж бай гэж хуурч, надад итгэл үнэмшил төрүүлж, төөрөгдөлд оруулж 2 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусмагц энэ ажил албан тушаалд тэнцэхгүй гэж үзэж хөдөлмөрийн гэрээ цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул компанийн дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан боловч уг комисс нь хууль бус бүрэлдэхүүнтэйгээр уг маргааныг хянан хэлэлцэж намайг ажилд эргүүлэн тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан тул шүүхэд хандаж байна.

...Намайг маркетингийн ахлах мэргэжилтний орон тоон дээр 2 сарын хугацаатай томилохдоо байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ХГ 23/28 дугаартай гэрээг анхнаасаа хугацаатай гэрээний хугацаа дуусмагц гэрээг цуцална гэсэн үндэслэлээр байгуулсан, цаашид хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үргэлжлүүлэх санаа зорилго байгаагүй, дүр үзүүлж хийсэн хэлцэл болох нь намайг ажил үүргээ хангалттай ямар ч алдаа дутагдалгүй биелүүлж байхад гэрээг сунгах эсхүл амласны дагуу өөр ажил албан тушаалд томилохгүйгээр шууд цуцалж байгаа байдлаар нотлон тогтоогдож байгаа тул уг гэрээ нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох бүрэн үндэслэлтэй байна. ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн Б/315 дугаартай тушаал нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр үүссэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болсон нь хангалттай нотлогдож байгаа тул уг тушаал нь дор дурдсан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна.... гэж тайлбарласан байна.

 Гэтэл анхан шатны шүүхээс маргаан бүхий эрх зүйн харилцааг шийдвэрлэхдээ үүссэн хэргийн үйл баримтын заримыг тогтоож эрх зүйн дүгнэлтийг хийсэн боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй, талуудын хооронд байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ХГ 23/28 дугаартай гэрээг анхнаасаа хугацаатай гэрээний хугацаа дуусмагц гэрээг цуцална гэсэн үндэслэлээр байгуулсан, хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай, ...******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/315 дугаартай тушаалаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр үүссэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хангалттай нотлогдож байгаа тул угаасаа хүчин төгөлдөр бус тушаал юм... гэх нэхэмжлэлийн шаардлагуудад эрх зүйн дүгнэлт хийгээгүйн дээр зөвхөн зохигчдын хооронд ахлах мэргэжилтний орон тоон дээр туршилтын хугацаагаар гэрээ байгуулсан уг гэрээний хугацаа дуусгавар болсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, хэргийн үйл баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүй, нэхэмжлэлийн шаардлага бүрт эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгчээс 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй, биеийн эрүүл мэндийн байдал муу даралт ихэссэн хэвтрийн дэглэм сахих шаардлагатай гэж эмчийн магадлагаа ирүүлсэн байхад уг эмнэлгийн магадлагааг хуурамч эсэхийг тогтоох ажиллагааг явуулалгүйгээр шууд нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэн, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгчийг оролцуулалгүй шүүх хуралдааныг явуулсан нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, мэтгэлцэх болон талуудын тэгш эрхийн зарчим алдагдсан байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл Хөтөлийн эрүүл мэндийн төвөөс олгогдсон эмнэлэгийн магадлагаанд ерөнхий эмчийн гарын үсэг, тамгагүй байгаа нь Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын эмнэлэгийн магадлагаа гаргах журмыг зөрчсөн байж болох боловч үүнд нэхэмжлэгч ******* ямар хамааралтай болох, уг магадлагаа хуурамч үйлдэгдсэн эсэхийг тогтоолгүйгээр нэхэмжлэгчийг эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг түүний эрхийг хязгаарласан гэж үзнэ.

4.Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлоогүй, үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

5.Тус шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн шийдвэрлэлтийн талаар дүгнэлт хийгээгүй болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 150/ШШ2023/00204 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ

Bottom of Form