Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
Хэргийн индекс | 147/2016/0306/и |
Дугаар | 320 |
Огноо | 2016-09-05 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 320
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016 оны 09-р сарын 05 Дугаар 320 Баруун-Урт
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт оршин суух, /РД:ЛЮ84031868, утасны дугаар 99515555/, Ува овогт Пүрвээгийн Уянгын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд оршин суух, Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд төлөөлөгч ажилтай тоотод оршин суух /утасны дугаар 99058842/, Нармандах овогтой Шинэбаярт холбогдох
“Зээлийн үлдэгдэл 2 078 104 төгрөг, зээлийн хүү 226 428 төгрөг, нийт 2 304 533 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ува овогт Пүрвээгийн Уянга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Н.Шинэбаяр миний 99515555 дугаар руу залгаж зээлэх мөнгө байна уу? албаны орон сууцны барилгийн материал авах хэрэгтэй байна, 15 000 000 төгрөг олоод өгөөч, ШШГА зээлж байгаа болохоор найдвартай өгнө чи машинаа зарсан гэсэн албанд түр 5 хоногийн хугацаатай зээлдүүлж тус болооч гэхээр нь би надад 4 000 000 төгрөг байна, өөр хүнээс зээлбэл хүүтэй олдох байх гэхэд Шинэбаяр төд удалгүй залгаж дарга болно гэж байна гэж хэлсэн. Ингээд би ШШГА-нд тус болдог мундаг хүн болох гээд өөрийн танил байнга мөнгө зээлдэг Алтаа эгчээс 4 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 10 хоногийн хугацаатай зээлэхээр болсон. Маргааш өглөө нь албаны дарга над руу залгаж мөнгө зээлдүүлнэ гэсэн олсон уу? хурдан төлөөлөгч Шинэбаярын данс руу хий гэж ярьсан. Тэгээд Шинэбаярын ХААН банкны 5630375513 тоот дансанд 8 000 000 төгрөг шилжүүлсэн. Ингээд миний зовлонт амьдрал эхэлсэн дээ. Төлөөлөгч Шинэбаяр надтай харилцан тохиролцсон 10 хоног дотор 8 000 000 төгрөг хүүтэй нь өгнө гэсэн амлалтаа мартаж би гэдэг хүн бөөн өр төлбөрт орж арга буюу цалингийн зээл авч бүх өрөө дарсан. Ингээд миний цалингийн зээлийг ШШГА-ны нягтлан бодогч байсан Жавзандулам хагас хугасыг нь төлсөн. Цааш бичвэл зөндөө асуудал байна. Одоо үлдэгдэл 2 078 104 төгрөг, зээлийн хүү 226 428 төгрөг, нийт 2 304 533 төгрөгийн үлдэгдэл үлдээд байна. Иймд дээрх зээлийн үлдэгдлийг Н.Шинэбаяраар төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч П.Уянга 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: П.Уянга миний бие Н.Шинэбаяраас 2 304 533 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Хариуцагч Н.Шинэбаяр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч сайн дураараа биелүүлсэн байх тул П.Уянга би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Тайлбар гаргасан П.Уянга гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Уянга нь хариуцагч Н.Шинэбаярт холбогдуулан “Зээлийн үлдэгдэл 2 078 104 төгрөг, зээлийн хүү 226 428 төгрөг, нийт 2 304 533 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Н.Шинэбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 304 533 /хоёр сая гурван зуун дөрвөн мянга таван зуун гучин гурав/ төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч П.Уянгаас тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээсээ татгалзаж буй тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 51 825 төгрөгний тал хувь болох 25 912 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ува овогт Пүрвээгийн Уянгын нэхэмжилсэн 2 304 533 /хоёр сая гурван зуун дөрвөн мянга таван зуун гучин гурав/ төгрөгийг хариуцагч Нармандах овогтой Шинэбаяр нь төлж барагдуулсан тухай нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 51 825 төгрөгний тал хувь болох 25 912 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ