Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 208/МА2024/00022

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 149/ШШ2024/00028 дугаартай шийдвэр

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 8,000,000 төгрөг гаргуулах тухай,

Хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагч ******* нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ******* нь найз ******* хамт удаа дараа олон удаа манайд ирээд самарт 2 ачаа хийх газар үзээд ирлээ. 10,10 хүнтэй, хоол хүнс, бензин, масло, тос бусад эд материалын зарлагаа 2 талаасаа тэнцүү гаргаад самарт явъя. Танай ЗИЛ-131 маркийн машинаар 2 ачаа хийж нэг нэгээр нь авъя гээд тохиролцоод хамтарч самарт явсан билээ. Гэтэл ******* нь хоол хүнс, бензин бусад зардлаа тооцож үзэн 50%-д ноогдох зардлаа өгье. Манай эхнэрт 8,000,000 төгрөг байгаа. Машин авах гээд мөнгө нь хүрэхгүй учир авгайгаас авчих гээд ******* намайг явуулсан. Эхнэр ******* нь 3,000,000, 5,000,000 төгрөг өгсөн. Танайх Prius-30 маркийн машинаа манай эхнэрт үлдээчих, самраас орж ирээд машинаа авчих. Шатна гэж байхгүй. Их самартай газар үзээд ирсэн гэж хэлээд явах гэж байсан учир *******т итгэж эхнэрт нь машинаа үлдээсэн. Ууланд 22 хүнтэй 50 хоног яваад шатаад ирэхэд манай Prius-30 машиныг ******* самарт гаргасан 8,000,000 төгрөгт барьцаалаад өгөхгүй 7,8 сар эдэлж унаж хэрэглээд хураалгасан. Хамгийн аюултай эхнэр ******* нь худлаа гэдгийг нь мэдээд надад өгсөн мөнгөндөө баталгаа хийлгэж гарын үсэг зуруулсан. Би итгэсэн учир гэнэдээд гарын үсэг зурж дээр нь машинаа өгч алдаад маш их хохирсон. ******* нь самарт гаргасан зардлынхаа 8,000,000 төгрөгийг ******* миний биеэр гаргуулах шүүхийн шийдвэр гаргуулсанд надад маш их гомдолтой байна. ******* нь: Самрын хүнс 12,000,000 төгрөг, Онги дэлгүүрт 7,000,000 төгрөг, Prius-30 маркийн 1 жилд төлсөн 16,400,000 төгрөг нийт 35,400,000 төгрөгөөр намайг маш ихээр хохироосон. Иймд би гомдолтой байгаа тул самарт гаргасан 12,000,000 төгрөгийн зардал, Онги дэлгүүрт 3,500,000 төгрөгт машинаа барьцаалж тавьсан нийт зардлын 15,500,000 төгрөг зарцуулсан. *******аас нийт зардлынхаа 50%-ийг тооцож 8,000,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* нь ******* намайг самартай газар байгаа 2 ачаа хийнэ. Ашгаа хуваая гэж худал мэдээлэл өгч нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн хариуг эсэргүүцэж байна. *******гийн өгсөн нэхэмжлэлд нэг ч үнэн зүйл байхгүй тул үүнд маш их гомдолтой байна. ******* нь манайхаас авсан 8,000,000 төгрөгөндөө анхан болон давж заалдах шүүх хурлаас манайд төлөх шийдвэр гарчхаад байхад өгөхгүй байж увайгүй санаа гаргаж ******* намайг худал гүтгэж байна. Иймд *******гийн нэхэмжлэлийг эсэргүүцэж хариу тайлбар бичлээ гэв.

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 149/ШШ2024/00028 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дэх хэсэг, Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар Нэхэмжлэгч *******гээс гаргасан хариуцагч *******аас 8,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг Орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 01 сарын 17-ны өдөр 149/ШШ2024/00028 тоот Мандал сум дахь сум дундын шүүгчийн шүүх хурлын шийдвэрийн тогтоолыг эсэргүүцэж гомдолтой байгааг уламжилж байна. Учир нь ******* би

-Хуш модны самар бэлтгэх 2021.10.06-ны өдрийн гэрээтэй

-20 хүний тус бүрийн лавлагаа цагдаагийн бүртгэлээр шалгагдаж орсон тамга тэмдэглэгээтэй бүртгэл

-Хан хэнтийн пост, Ерөө пост тус тусын бүртгэлийн хураамжтай

-Мандал сум Байгаль орчны зөвшөөрлийн бичиг

-Онцгой, галын зөвшөөрлийн бичиг гэх мэт зохих журмын дагуу бүгдийг бүрдүүлж хуш модны самарт явсан энэ баримт бэлэн гэрчийн мэдүүлгээ өгөх санал тавьсан боловч авч хэлэлцээгүй.

-*******тай хамтарч тус бүр 10 хүнтэй хуш модны самарт явсан гэдгийг шүүгч Аlтанцэцэг нь үл ойшоож өөрийн хувийн үзэл бодлоор зөвшөөрөлгүй хулгай самарт хууль бусаар явсан гэж буруутгасан, Миний шүүхэд нэхэмжлэл гаргасан 8,000,000төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, *******ын 10 хүний лавлагаа, бусад материал нь хэргийн материалд байгаа.

Нэхэмжлэгч ******* би Эрүүгийн иргэний давж заалдах шүүхэд чинь сэтгэлээр хандаж миний 8,000,000төгрөг нэхэмжилсэн хэргийг хянан үзэж үнэн зөвөөр шүүж өгөхийг хүсэж байна.

Хариуцагч ******* нь 35.400.000 төгрөгөөр намайг хохироосон. Эхнэр ******* нэхэмжилсэн 4 удаагийн шүүх хурлын материал, *******ын шүүх хурлын материалаас харагдаж нотлох болно.

Хавсралт

1. Хуш модны гэрээ

2. 22 хүний цагдаагаар орсон лавлагаа

3. Байгаль орчны 1.050.000 төгрөгийн хураамж /постонд хураагдсан/

4. Онцгой галын бичиг /постонд хураагдсан гэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн дагуу гараагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар талуудын мэтгэлцэх зарчмыг хангаж өгөөгүй. ... Шүүгчийн шийдвэр хоёрдмол утгатай. Яагаад гэвэл үндэслэх хэсэг дээрээ хамтран ажиллах гэрээний гол нөхцлийг хүмүүс дурдаагүй байгаа учраас тэдгээрийн хооронд энэ төрлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй юм гэж дүгнэж байгаа. Дараа нь хэдийгээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондын тохиролцоо нь хамтран ажиллах гэрээний шинжийг агуулж байгаа бол гээд, хуулийн дагуу үүсээгүй тохиролцоо юм гэж байгаа юм. Нэг бол хамтран ажиллах гэрээ нь үнэн байна гэж үзээд шинжийг нь хангачихсан гэж байгаа. Эсхүл хамтран ажиллах гэрээний шинжийг хангахгүй байна гэж хоёр дүгнэлт үндэслэх хэсэг дээрээ хийсэн байгаа юм.

... шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь ойлгомжгүй учир үндэслэл бүхий байх шүүхийн шийдвэрийг гаргаагүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэв.

 Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүх зөв зүйтэй шийдсэн гэж бодож байна гэв.

 ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг тус тус зөрчөөгүй, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн боловч талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 2.Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан 8,000,000төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэн, харин ойгоос хуш модны самар түүж бэлтгэхийг Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон холбогдох журмаар хуш модны самар бэлтгэж ашиглахыг зөвхөн Аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгож үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгүүлдэг болохыг тайлбарлан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

3.Нэхэмжлэгч нь давж заалдах гомдлын үндэслэлээ ....хуш модны самрыг би зөвшөөрөлтэй, сум орон нутгийн засаг захиргааны байгууллагатай гэрээ хэлцэл байгуулсны үндсэн дээр бэлтгэсэн... гэж 22 хуудас бүхий нотлох баримтууд гаргаж ирүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсжээ.

 4.Хэргийн үйл баримт болон нотлох баримтын талаар:

Нэхэмжлэгч *******гээс хариуцагч *******ын эхнэр Б.******* нь зээлийн гэрээний дагуу 8,000,000төгрөг гаргуулахаар тус шүүхэд хандаж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, түүнээс 8,000,000 төгрөгийг гаргуулан Б.*******т олгохоор шүүхийн шийдвэр гарсан байна.

Нэхэмжлэгч ******* хариуцагч Б.*******ээс 8,000,000 төгрөг зээлдэж аваагүй, харин түүний нөхөр *******тай хамтран ажиллаж, ууланд 2 бригад гарган хуш модны самрыг бэлтгэж борлуулан, олсон ашгаа тэнцүү хэмжээгээр хуваан авахаар тохиролцож 35,400,000 төгрөгний зардал гаргаад ашиг олж чадаагүй, Б.*******ээс 8,000,000 төгрөгийг ажилчдын хүнс хоол, бинзений зардал, ажилчдын цалин зэрэгт зарцуулахаар тохиролцож авсан, барьцаанд нь өөрийн эзэмшлийн приус 30 маркийн машинаа үлдээсэн байсныг ******* унаж яваад хураалгасны улмаас хохирсон гэж тайлбарлан *******аас 8,000,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч тэдний хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн хавтаст хэргийн 4-10 дугаар талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж заасан шаардлагыг хангаагүй хуулбар баримтууд ирүүлсэн, түүнийг үнэлэх шаардлагагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн анхан шатны шүүхээс зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй, ойгоос хуш модны самар бэлтгэх үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр, нутаг дэвсгэрийн захиргааны эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр явагддаг үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн нь Иргэний хуульд заасан хэлцлийн хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй боловч энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй, хамтран ажилласан гэх үйл баримт тогтоогдоогүй нөхцөлд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заагдсан Хүчин төгөлдөр бус байх хэлцэл буюу 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх, тухайн хуулийн зүйл заалтыг баримтлах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдолд хавсаргаж ирүүлсэн 22 хуудас нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй болохыг дурьдав.

Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 149/ШШ2024/00028 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

 1 дүгээр заалтыг:

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй хариуцагч *******т холбогдох 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөлт оруулан бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ

Bottom of Form