| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0087/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/92 |
| Огноо | 2019-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2019/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж
Улсын яллагч: С.Б
Хохирогч: Э.А
Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгч: Г.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Г Од холбогдох эрүүгийн 1912........ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овгийн Гн О /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.О нь Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг Татур хороолол гэх газар 2018 оны 12 дугаар сарын 26-ны орой 19 цагийн орчим иргэн Э.А хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед:
Шүүгдэгч Г.Оаас..2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай сумын шинэ жил болсон. Би сумын шинэ жилд оролцоогүй. Би дүүтэйгээ хоёулаа амьдардаг. Тухайн өдөр би дүүтэйгээ гэртээ байж байхад манай найзууд манайд орж ирцгээсэн, тэгээд хоол хийгээд өгөөч гэхээр нь манай дүү хоол хийж өгсөн, би тухайн үед гэрээс гараад явсан байсан. Буцаад гэртээ ирэхэд манай найзууд унтаж байсан. Манай найзын утас дуугараад байхаар нь утсыг нь авахад А эгч байсан. А эгчийг согтуу байгааг мэдээгүй, чи хаана байна гэхээр нь гэртээ байна гэж хэлсэн, танайх хаана билээ гэхээр нь манайх монголд байдаг гэж тоглоод хэлсэн. Тэгсэн намайг хүүхэд яагаад архи уулгаад байгаа юм бэ, танайх хаана байдаг юм бэ гээд хэл амаар доромжлоод байхаар нь би харилцан маргалдаж байгаад утсаа салгасан. Удаагүй манай гадаа машин ирсэн, А эгч намайг асуугаад их ууртай манай ахынд орохоор нь хамгийн зүүн талын гэр гэж ах зааж өгөөд гаргасан гэсэн. Манай дүү ширээн дээрээ хичээлээ хийгээд, би хойд орон дээрээ хэвтэж байсан чинь А эгч орж ирсэн. Тэгээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би харилцан маргалдсан, намайг цохиод авахаар нь би хаалга руу түлхсэн, гараараа самардах гээд байхаар нь хоёр гарын нь барьж авахад өшиглөсөн, тэгээд гэрээсээ чирч гаргаад гэртээ орж ирээд толинд нүүрээ харсан чинь миний нүүрийг самардсан байсан. Гэрт А орж ирээд дахиад хэл амаар доромжлоод байхаар нь гэрээс чирч гаргасан, гадаа мөн хэл амаар доромжлоод байхаар нь нэг удаа алгадсан, тухайн үед А ална гэсэн зорилгоор ирсэн юм шиг байсан, намайг ална л гээд байсан гэв.
Хохирогч Э.Ааас...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Золжаргал гээд манай дүүгийн эхнэр залгаад манай дүүг асуухаар нь дүүгээ олох гээд хайсан, тэгээд дүүгийн утас руу залгаад хэн бэ, гэсэн чинь хүн байна гэхээр нь хүн болоод утас авч байгаа биз дээ чи хаана байгаа юм гэхэд би монголд байна гэхээр нь монголд байгаа болоод монголоор ярьж байгаа биздээ чи яасан их зантай юм гэж хэлсэн. Тэгээд Оын гэрийн гадаа ирээд ахынд нь ороод манай Догсом байна уу, гэхэд Оынд архи ууж байсан гэж хэлсэн. Би О хаана байна гэж асуугаагүй, Оынд ороход О хоймрын хоёр талын орон дээр нь 4 хүн унтаж байсан. Оын дүү нь ширээн дээрээ хичээлээ хийгээд байж байсан, би Оаас чи яахаараа эгчийгээ утсаар ярьсны төлөө хэл амаар доромжилдог билээ гэсэн чинь хэл амаар доромжлоод багалзуурдаад авсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, О унтаагүй сэрүүн байсан, намайг багалзуурдсан байж байгаад О гэрээс чирч гаргаад газар дагзаар минь цохиод байсан. Миний ухаан балартаад хэсэг газар хэвтэж байгаад явъя гэж байгаад малгайгаа авах гээд гэрт нь орсон чинь урдаас хэл амаар доромжлоод гэрээс чирээд гарсан. Тухайн үед Золбаяр, Догсом хоёр сэрсэн байж байгаад араас гарч ирсэн. Тэгээд чи намайг ямар учраас зоддог билээ гэсэн чинь урдаас ирээд цохиод авсан. Догсом Оыг цааш нь аваад явсан, тэгээд би цагдаа дээр очсон. Би Оаас хохирол төлбөрт 447.900 төгрөг нэхэмжилнэ. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн мөнгөө дараа нь нэхэмжилнэ гэв.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Э.Аийн өгсөн:..2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн үед би төрсөн дүү Н хаана юу хийж байгааг нь асуух гээд хамт явж байсан З гэх хүний утас руу залгасан чинь өөр хүн утасыг нь авсан. Тэгэхээр нь би хэн бэ гэж асуусан чинь хүн байна гээд нэрээ хэлэхгүй миний урдаас үг сөрөөд хэрүүл хийх гээд байхаар нь чамтай хамт Н байна уу, наад утсаа эзэнд нь өгөөдөх, чи хэн юм бэ гэсэн чинь З утсаа орхиод гараад явчихсан байна гэснээ өөрийгөө О байна гэж хэлсэн. Би Оаас чи хаана байгаа юм бэ, чамтай хамт манай дүү байна уу гэж асуухад урдаас монголд байна гээд хэрүүл хийгээд байхаар нь муу шар царайтай юм чинь яасан их зантай юм бэ гэж хэлтэл намайг банзал минь ална шүү гэснээ утсаа тасалсан. Надруу дүү Н эхнэр Г залгаад танай дүү чинь гэртээ ирэхгүй алга болчихлоо гэхээр нь дүүгээ хайгаад З руу залгасан юм. Би Отай утсаар ярьчихаад Н тэдний гэрт байж магадгүй гэж бодоод яваад очтол миний дүү тэдний гэрт байсан. Би гэрт ороод Оад хандаж чи манай дүүг байхгүй гэж хэлсэн, яах гэж худлаа яриад байгаа юм бэ гэсэн чинь хүн гуйгаад байхад гэрээсээ хөөж гаргалтайн биш гээд урдаас хэрүүл хийсэн. Би урдаас нь ууралсан чинь босч ирээд намайг янхан минь ална шүү гэж багалзуурдаж барьж аваад миний хоолойг боогоод гэрийн баруун талын орон дээр унагаагаад дээрээс дараад байсан. Тухайн үед гэрт байсан хүмүүс согтуу унтаад сэрэхгүй байсан. О 3-4 удаа миний хоолойг багалзуурдаж дарж авсан. Би гэрт унтаж байсан З, Н хоёрыг цохиж сэрээсэн чинь О намайг гэрээс чирч гаргаад газар унагаагаад дахиж хоолой боогоод ар дагзаар 5, 6 удаа газар мөргүүлсэн. Оыг надаас салахаар нь би босч ирсэн чинь гэрээс З, Н хоёр гарч ирсэн. Би тэр хоёрыг аваад явах гэсэн чинь О дахиж хүрч ирээд миний зүүн талын нүд рүү гараараа цохисон. Н Оыг надаас салгаад цааш нь түлхэж холдуулсан. Тухайн үед миний зүүн талын нүд халуун оргиод өвдөөд байсан. Би цагдаад дуудлага өгчихөөд сумын эмнэлэг орж үзүүлсэн тэр шөнө толгой, хоолой гээд хамаг бие өвдөөд унтаж чадаагүй. Тэгээд маргааш нь аймгийн эмнэлэгт үзүүлж эмнэлэгт хэвтсэн. Тэр өдөр О согтуу байсан. Тэгээд намайг ороход урдаас хэрүүл хийгээд намайг зодсон. Бид хоёрын хооронд өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Оын гэрт З, Н, Б, Ц, Д тэгээд О нар байсан. О намайг зодсоныг Дээдээ харсан байх. Тухайн үед зурагт үзээд сууж байсан. Бусад нь согтуу унтаж байсан. О намайг зодох үед Н, З хоёр гэр хувцсаа өмсөөд гэрт байсан байх. О намайг багалзуурдаад толгойгоор олон удаа газар мөргүүлсэн, зүүн талын нүүр рүү нэг удаа цохисон, мөн гэрээс чирч гаргасан. О намайг багалзуурдаад байхаар нь өөрөөсөө холдуулах гэж нүүрийг нь самардсан. Би маш их гомдолтой байна. Эмчилгээний бүх зардлаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 хуу/
Гэрч А.Цы өгсөн:...2018 оны 12 дугаар сарын 26-ны орой би Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг наадмын дэнж хороололд найз Оын гэрт согтуу унтаж байсан чинь нэг эмэгтэй хүн орилох чимээ гарсан би сэрээд харсан чинь гэрт Батжаргал унтаж байсан өөр хүн байгаагүй. Гэрийн гадаа эмэгтэй хүн орилоод байсан Тэгээд удалгүй О гэртээ орж ирсэн чинь нүүрээ хүнд самардуулсан юм шиг халцарсан байдалтай орж ирсэн. Тэгээд би буцаад унтчихсан. Хэсэг хугацааны дараа Оын гэрт цагдаа ороод ирсэн. Өөр мэдэх зүйл байхгүй. А Отай ямар учраас хэрүүл хийсэн, юу болсон талаар надад мэдэх зүйл огт байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/
Гэрч Б.З өгсөн...О Аийн гэрээс чирээд аваад гарсан. Н бид хоёр босоод гэрээс гарсан чинь А, О хоёр зууралдаад А нь газар уначихсан байсан. Н явж очоод тэр хоёрыг салгасан чинь А Оыг чи миний нүд рүү цохьчихлоо гээд орилоод байсан. Тэгээд А цагдаа дуудах гээд явсан. Удалгүй сумын цагдаатай хамт ирээд Оыг аваад явсан. А намайг унтаж байсан чинь миний утас руу залгаад О миний утасыг авч тэр хоёр хоорондоо хэрэлдсэн байсан. О Аийн хаана нь юугаар цохисныг би хараагүй. Ямар ч байсан гэрээс гарах үед О Аийн нүд рүү цохисон юм шиг байсан, О нүд рүү цохьчихлоо гээд А уйлаад байсан. Оын нүүр 5,6 газар шалбарсан байсан. А О хоёр хоёулаа эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Гэрч Э.Н өгсөн...О А эгчийг гэрээсээ чирч гаргаад эргэж орж ирээд толинд нүүрээ харсанаа буцаад гараад явсан. Би босоод араас нь гартал О А эгчийг газар унагаасан заамдаад дараад авсан байсан. Би очоод Оыг салгасан Тэр хооронд А эгч босоод иртэл О А эгчийн нүүр рүү цохисон. Тэгтэл А эгч газар унасан. Би Оыг яаж байгаа юм бэ гээд салгаад холдуулсан. Манай эгч хашаанаас гараад явсан. Удалгүй манай эгч цагдаад дуудлага өгчихсөн сумын цагдаа ирээд Оыг аваад явсан. Манай эгч А намайг асуух гээд З утас руу залгасан чинь О утасыг нь аваад ярьсан байсан. Тухайн үед З бид хоёр унтаж байсан утас дуугарсаныг би мэдээгүй. О манай эгчтэй утсаар ярихдаа хоорондоо маргалдсан байсан. Тэгээд А эгч уурандаа Оын гэрт хүрээд ирсэн байсан. Зодоон болох үед Ц, З, Б, Д, би тэгээд О бид хэд байсан. А эгчийг гэрт орж ирэх үед О, Д хоёроос бусад хүмүүс нь унтаж байсан. Намайг сэрсэнээс хойш О А эгчийг гэрээс нь чирээд гаргасан. Гэрийн гадаа гараад А эгчийг газар унагааж байгаад толгойгоор 2,3 удаа газар мөргүүлсэн. Баруун гараараа зүүн талын нүд хэсэг рүү нь нэг удаа цохисон. Оын нүүр нь шалбарсан байсан. А эгч хумсаараа урсан юм шиг байсан. хэзээ нь яаж урсаныг мэдэхгүй. Өөрөөр цохисон зүйл байхгүй. А, О хоёулаа эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/
Насанд хүрээгүй гэрч Б.Дн өгсөн...тухайн үед манай гэрт ахын найзууд болох З, Н, Ц, Б, манай ах О нар байсан. О ахаас бусад нь унтаж байсан. Тэгтэл З ахын утас дуугарсан чинь О ах утасыг нь авч ярьсанаа нөгөө хүнтэйгээ утсаар маргалдаад байсан. Удалгүй манай гэрт А эгч орж ирээд манай ах Оыг хэл амаар доромжлоод пизда гуйлгачин гээд янз бүрээр доромжлоод, нүүрийг нь самардаад дайраад байсан. О ах А гэрээс чирээд гаргасан чинь А эгч эргэж орж ирээд дахиад хэрүүл хийгээд байсан. тэр хооронд Н, З нар сэрсэн. О ах А хоёр гэрээс дахиад гарсан, араас нь Н гарсан. Гадаа гараад юу болсныг мэдэхгүй. Гаднаас удалгүй О ах, Н хоёр орж ирсэн, хэсэг хугацааны дараа цагдаа ирээд манай ахыг аваад явсан. Яагаад хэрүүл хийснийг нь би мэдэхгүй. О ах гэртээ байхдаа А эгчийг цохиогүй. А манай ахын нүүрийг самардаад урчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/
Г.Оын яллагдагчаар өгсөн...миний үйлдэл тохирч байна. Би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.2018 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 19 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Татур хороололд гэртээ байж байсан чинь манай найз З утас дуугарсан. Тухайн үед манай гэрт манай төрсөн дүү Д, Н, Б, Ц, З нар байсан. Д бусад нь унтаж байсан. Тэгэхээр нь би Зн утсыг аваад ярьсан чинь Н эгч А байсан. А эгч Н танайд байна уу гэхээр нь би манайд байхгүй утсаа үлдээгээд гараад явчихсан байна гэж хэлсэн. Тэгтэл А эгч уурлаад байгаа бололтой танайх хаана байдаг билээ гэхээр нь би тоглоод манайх Монголд байдаг гэж хэлсэн чинь намайг элдвээр хэлээд доромжлоод байхаар нь би уурлаад битгий хуцаад байгаарай банзал минь гэж хэлээд утсаа салгасан. Тэгтэл хэсэг хугацааны дараа А манайд орж ирээд чи муу намайг доромжилдог хэн бэ гээд над руу шууд хүрч ирээд намайг босохын завдалгүй миний нүүрийг хумсаараа маажсан. Би босч ирээд Аг гэрийнхээ баруун талд Н, З хоёрын унтаж байсан ор руу түлхсэн чинь намайг гараараа маажих гээд байсан. Би хоёр гарыг нь бариад авсан чинь намайг өшиглөсөн. А над руу дайраад салахгүй болохоор нь гэрээсээ чирч гаргаад буцаад гэртээ ороод ирсэн чинь миний араас гэр рүү дахиад ороод ирсэн. Манайд унтаж байсан Н, З, Ц нар сэрчихсэн байсан. Би гэртээ орж ирээд нүүр хорсоод байхаар нь толинд харсан нүүрийг маань урчихсан, миний нүүрнээс цус гарчихсан байсан. Тэгтэл А намайг дахиад янз бүрээр доромжлоод байхаар нь миний уур хүрээд барьж аваад дахиад чирч гаргаад биеэсээ холдуулах гэсэн чинь надаас зуураад тавихгүй байсан. Тэгэхээр нь би түлхээд унагаатал хоёр хөлөөрөө миний хоёр мөрөн дээгүүр давуулаад гараараа энгэрээс зуураад байсан. Тэр үед Н, З хоёр гэрээс гарч ирээд бид хоёрын дундуур орж салгасан. Тэр үед А надаас салгаад аваад явах гэсэн чинь намайг дахиж барьж аваад зуураад байхаар нь нүүр рүү нь гараараа нэг удаа алгадсан. Өөр зүйл болоогүй. А надтай утсаар хэрэлдсэнээ уурлаад манайд орж ирээд надтай хэрүүл хийгээд миний нүүрийг самардсан. Би Аийн зүүн талын хацар руу гараараа нэг удаа алгадсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би гэрээс хоёр ч удаа чирч гаргасан. Сүүлд нь чирээд гаргасан чинь надаас зуураад байсан. Тэгэхээр нь газар унагаасан. Ар дагз руу нь зориуд газар мөргүүлсэн асуудал байхгүй. Хавирч унагаах үед А хоёр гараараа дээлийн энгэрээс зуураад хоёр хөлөөрөө миний мөрөн дээгүүр давуулаад зууралдаад байсан. Тэр үед толгой цээж хэсэг нь газар хүрсэн байсан. Намайг зуураад байсан учир би доошоо тонгойсон байдалтай байсан. Тэгээд Н, З хоёр ирээд А надаас салгасан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаартай дүгнэлт:
1. Э.Аийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, цээжний
зүүн дээд хэсэгт жижиг цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл нь
тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээжний зүүн дээд хэсгийн жижиг цус хуралт нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй
6. Шинжлүүлэгчийн 3-р шатлалын эмнэлгийн онош тодруулсан баримт ирвэл
дүгнэлтийг нэмэлтээр гаргана...гэх дүгнэлт /хх-ийн 20 хуу/
Хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой болон эмнэлэгт үзүүлсэн баримтууд /хх-ийн 21-22 хуу/
Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43 хуу/
Г.Оын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 41 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 44 хуу/
Хохирогчийн гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй талаар дурдсан хүсэлт /хх-ийн 44 хуу/
Хохирогчийн шинээр гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой баримт /хх-ийн 66 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 45-46 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Оад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.О нь Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг Татур хороолол гэх газар 2018 оны 12 дугаар сарын 26-ны орой 19 цагийн орчим иргэн Э.А хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, цээжний зүүн дээд хэсэгт жижиг цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.О үйлдсэн болох нь хохирогч Э.Аийн”...О 3-4 удаа миний хоолойг багалзуурдаж дарж авсан. Би гэрт унтаж байсан З, Н хоёрыг цохиж сэрээсэн чинь О намайг гэрээс чирч гаргаад газар унагаагаад дахиж хоолой боогоод ар дагзаар 5, 6 удаа газар мөргүүлсэн. Би тэр хоёрыг аваад явах гэсэн чинь О дахиж хүрч ирээд миний зүүн талын нүд рүү гараараа цохисон. Н Оыг надаас салгаад цааш нь түлхэж холдуулсан. Тухайн үед миний зүүн талын нүд халуун оргиод өвдөөд байсан. Би цагдаад дуудлага өгчихөөд сумын эмнэлэг орж үзүүлсэн тэр шөнө толгой, хоолой гээд хамаг бие өвдөөд унтаж чадаагүй....” гэх мэдүүлэг, гэрч А.Ц...гэрийн гадаа эмэгтэй хүн орилоод байсан Тэгээд удалгүй О гэртээ ирсэн чинь нүүрээ хүнд самардуулсан юм шиг халцарсан байдалтай орж ирсэн...гэх мэдүүлэг, гэрч Б.З-ын...А, О хоёр зууралдаад А нь газар уначихсан байсан. Н явж очоод тэр хоёрыг салгасан чинь А Оыг чи миний нүд рүү цохьчихлоо гээд орилоод байсан. Тэгээд А цагдаа дуудах гээд явсан..” гэх мэдүүлэг, гэрч Э.Н...О А эгчийг гэрээсээ чирч гаргаад эргэж орж ирээд толинд нүүрээ харсанаа буцаад гараад явсан. Би босоод араас нь гартал О А эгчийг газар унагаасан заамдаад дараад авсан байсан. Би очоод Оыг салгасан. Тэр хооронд А эгч босоод иртэл О А эгчийн нүүр рүү цохисон...гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас Г.Оын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Г.Оыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Э.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож 447.900 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд тухайн нэхэмжлэл нь нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Г.Оаас 447.900 төгрөг гаргуулан хохирогч Э.Ат олгуулж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Г.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Гын Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг өдөрт 4 цагаас дээшгүй цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлын 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оаас 447.900 төгрөг гаргуулан хохирогч Э.Ат олгож, хохирогч нь бусад эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.О хохирогч Э.Ат шийтгэх тогтоолоор гаргуулахаар заасан 447.900 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Шүүгдэгч Г.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ