Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/93

 

                                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж

Улсын яллагч: Б.М

Шүүгдэгч: И.Н нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн И Н холбогдох 1912....... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: Б овгийн И Н /РД:/

 

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч И.Н нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны оройн 18 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг дэвсгэр, Наадмын дэнж хороололд оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Б.О эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөрдөн байцаалтын үед:

 

    Хохирогч Б.О өгсөн: ... 2019 оны 03 дугаар сарын 18-ны орой 18 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг Наадмын дэнж хороололд гэртээ байсан чинь манай нөхөр Н согтуу орж ирээд намайг хоол халаагаад өг гэхлээр нь би гал унтарсан байна, дээр нь халуун цай хийгээд ид гэсэн чинь надад уурлаад надруу аягатай хоолоо шидээд миний баруун талын шанаа руу цохисон. Тэгээд босож ирээд гараараа миний зүүн нүд рүү цохисон. Тэгтэл манай хүүхдүүд болох Б, Б хоёр босож ирээд Н ыг барьж аваад надаас холдуулсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн, тухайн үед манай хажуу айлын Ц эгч орж ирсэн. Удалгүй цагдаа ирээд Н авч яваад эрүүлжүүлсэн. Манай нөхөр архи уухаараа надад агсан тавиад хэрүүл хийдэг. Гэхдээ урд өмнө намайг зодож цохиж миний биед гэмтэл учруулж байгаагүй. Н над руу хоолтой байсан тагшан бор аяга шидэж миний баруун талын шанаа руу нэг удаа цохисон. Гараараа нэг удаа миний зүүн талын нүд рүү цохисон. Өөр газар цохиогүй. Манай нөхөр Н хүүхдүүдээ зодож, цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг асуудал байхгүй. Намайг хүнтэй харилцахыг хязгаарладаг асуудал байхгүй, миний эд хөрөнгөө захиран зарцуулах эрхэнд халддаг асуудал байхгүй. Энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү....эхлээд миний баруун талын шанаа руу модон аяга шидэж цохисон аягаар цохисон газар хөндүүрлээд бага зэрэг хавдсан байсан, хэсэгхэн газар халцарсан байсан. Дараа нь гараа атгаж байгаад миний зүүн талын нүд рүү нэг удаа цохисон. Урд өмнө намайг зодож байгаагүй. Гэрийнхээ эд зүйлийг эвдэж устгасан асуудал байхгүй.. Надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу, 16-17 хуу/

    Гэрч Д.Н өгсөн: ...Би Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг Наадмын дэнж хороололд гэртэй байж байсан чинь 2019 оны 03 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед байх манай хөрш айлын Н хүү Б гэх хүүхэд манайд орж ирээд манай аав ээжийг зодоод байна гэхлээр нь гэрт нь яваад ортол Н согтуу орилоод байсан, О охин Багийн хамт Ныг дараад авсан байсан. Би Н О салгаж холдуулсан. Тэгээд юу болсон талаар асуутал Н агсан тавиад О зодсон гэсэн, О зүүн талын нүд нь хавдсан байсан учраас цагдаад дуудлага өгөөд Н эрүүлжүүлсэн. Намайг орж ирэхээс өмнө О зодсон байсан, аягатай хоолоо шидээд О толгой руу нь цохиод, зүүн нүд рүү нь гараараа цохисон гэсэн. Тухайн үед нүд нь хавдсан байсан. Хүүхдүүдээ зодож, цохисон зүйл байгаагүй. Урд өмнө эхнэр хүүхдээ зодож, цохиж байгаагүй байх, гэхдээ архи уухаар агсан тавих гээд, хэрүүл хийх гээд байдаг юм байна билээ...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/ 

Гэрч Н.Б өгсөн: ....2019 оны 03 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед манай аав Н гэртэй согтуу орж ирээд хоол идмээр байна хоол халаагаадах гээд ээжийг аашлаад байсан. Ээж урдаас нь гал унтарчихсан байна хоолон дээр цай хийгээд ид гэж хэлтэл аав аягатай хоолоо ээж рүү шидээд ээжийн толгой руу нь цохисон, Тэгээд босож ирээд ээжийн нүд рүү нь гараа цохисон. Тэгэхлээр нь би аавыг бариад авсан, манай дүү Б хүн дуудах гээд гараад явсан. Аав ээжийг дахиад зодох гээд байсан учир ээж бид хоёр аавыг элбээд газар унагааж байгаад дээрээс нь дарсан. Удалгүй манай хажуу айлын Н эгч орж ирээд, ээж утсаараа цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирээд аавыг аваад явсан. Аав эхлээд модон тагшин аяга шидэж ээжийн толгой руу цохисон, дараа нь гараараа зүүн талын нүд рүү нь цохисон. Тухайн үед манай ээж Озүүн нүд нь хавдсан байсан. Манай аав архи уухаараа хааяа агсан тавих гээд ээжтэй хэрүүл хийгээд байдаг. Гэхдээ зодож цохидог зүйл байхгүй. Надад болон манай дүү нарт гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/     

И.Н яллагдагчаар өгсөн: …2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би цэргийн баяр тэмдэглээд сумын төвд гудамжинд 0.75 литртэй нэг шил архи уучихаад гэртээ ирсэн. Намайг гэртэй орж ирэх үед манай эхнэр О, манай охин Б, хүү Б нар байсан. Би эхнэрийг хоол хийгээд өг гэсэн чинь манай эхнэр гал унтарсан байна, хоолон дээрээ цай хийгээд ид гэхлээр нь миний уур хүрээд аягатай хоолоо О рүү шидсэн. Би тухайн үед архи уугаад согтсон байсан болохоор зарим зүйлийг нь сайн санахгүй байгаа юм. Би эхнэрт уурлаад босож ирээд нүүр хэсэг рүү цохисоноо санаж байна. Тэрнээс хойш юу болсоныг нь санахгүй байна. Намайг сумын цагдаа ирээд авч яваад эрүүлжүүлсэн. Маргааш өдөр нь эрүүлжүүлэхээс гараад харьсан чинь О зүүн талын нүд нь хөхрөөд хавдсан байсан. Би архи уусандаа өөрийнхөө үйлдлийг жолоодох чадваргүй болоод эхнэртээ агсан тавьж зодсон байсан. Би тэр өдөр сумын төвийн хөрөө арааманд мод татаж өгөөд ажил хийж байгаад орой нь ядраад гэртээ харьсан. Би эхнэрийг хоол халаагаад өг гэсэн чинь халааж өгөхгүй байхаар нь уурласандаа болоод эхнэрийгээ зодсон. Би урд өмнө эхнэрийгээ зодож, цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30  хуу/ 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 150 дугаартай дүгнэлт:

1. Хохирогч Д.О биед тархи доргилт, зүүн нүдний эргэн тойронд зөөлөн эдэд няцралт, алимны салстад цус хуралт, 2 шанааны зөөлөн эдэд няцралт, баруун гарын шууны ар хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл учирчээ. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг гарсан гэх цаг 

хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 

3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна.  

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 23 хуу/ 

 

  Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10 хуу/

Гэрэл зураг /хх-ийн 11 хуу/ 

И.Н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34  хуу/ 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 35 хуу/

Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 36 

хуу/

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 38-39 хуу/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч И.Н холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч И.Н нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны оройн 18 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг дэвсгэр, Наадмын дэнж хороололд оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Б.О эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний биед тархи доргилт, зүүн нүдний эргэн тойронд зөөлөн эдэд няцралт, алимны салстад цус хуралт, 2 шанааны зөөлөн эдэд няцралт, баруун гарын шууны ар хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч И.Н үйлдсэн болох нь хохирогч Б.О”... Н над руу хоолтой байсан тагшан бор аяга шидэж миний баруун талын шанаа руу нэг удаа цохисон. Гараараа нэг удаа миний зүүн талын нүд рүү цохисон...”гэх мэдүүлэг, гэрч Д.Н:..аягатай хоолоо шидээд О толгой руу нь цохиод, зүүн нүд рүү нь гараараа цохисон гэсэн. Тухайн үед нүд нь хавдсан байсан...гэх мэдүүлэг, гэрч Н.Б:...аав эхлээд модон тагшин аяга шидэж ээжийн толгой руу цохисон, дараа нь гараараа зүүн талын нүд рүү нь цохисон. Тухайн үед манай ээж О зүүн нүд нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 150 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч И.Н нь хохирогч Б.О зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, зүүн нүдний эргэн тойронд зөөлөн эдэд няцралт, алимны салстад цус хуралт, 2 шанааны зөөлөн эдэд няцралт, баруун гарын шууны ар хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 150 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

 

Аймгийн Прокурорын газраас И.Н үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна. 

 

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ. 

 

Иймд шүүгдэгч И.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

 

Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 41-42 хуу, 43 хуу/  гарын үсэг зуржээ.   

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүгдэгч И.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч И.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн модон аяга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.   

 

Хохирогч Б.О нь мөрдөн байцаалтын үед “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж хүсэлт / хх-ийн 17 хуу/ гаргасан, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн  /хх-ийн 38 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8,9 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

                                             

                                                     ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б овгийн И Н гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Н 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч И.Н үүрэг болгосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн модон аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

              7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ОТГОНЦЭЦЭГ