Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 208/МА2024/00025

 

 

******* ******* ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 58 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 18,962,897.19 төгрөг гаргуулах тухай

Хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтантуяа, түүний өмгөөлөгч Б.Азжаргал, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Энхтөр нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1.Нэхэмжлэгч ******* инвестмент ББСБ ХХК нь *******д холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 8,267,074.15 төгрөг, зээлийн хүү 10,695,823.04 төгрөг, нийт 18,962,897.19 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн ******* нь ******* инвестмент ББСБ ХХК-с 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ЗГ2019070034 тоот зээлийн гэрээгээр 12,400,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Зээлдэгч ******* нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө огт төлөөгүй бөгөөд манай зүгээс ковид 19-н нөхцөл байдлыг харгалзан уян хатан байдлаар шийдвэрлэж 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлийн хугацааг 24 сараар сунган зээлийн график шинэчлэн өгсөн боловч тухайн өдрөөс хойш ердөө 2 удаа зээлийн төлөлт төлсөн. Иймд үндсэн зээлийн 8,267,074.15 төгрөг, түүний хүү болох 10,695,823.04 төгрөг нийт 18,962,897.19 төгрөгийг зээлдэгч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би приус 20 машин зээлээр авсан нь үнэн. Тухайн үед авсаны дараа 2-3 удаа төлсөн. Би Өмнөговь аймагт шалаанз том машин барьдаг байсан. Ковидоос болж ажил зогсоод зээлийн төлөлтөө хийж чадаагүй. ******* банк бус байгууллагатай нэг удаа очиж уулзсан. Тэр үед би хувиараа нэг ажил хийж байсан. Тэр газраасаа цалин мөнгөө авч чадаагүй. Дараа нь Автобус 2 ХХК-д ажилд орсон. 2022 оны 10 дугаар сард самарт явж төлбөрөө төлье гэсэн чинь манай захирал зөвшөөрөхгүй байна. Чамайг шүүхэд өгнө гэж мессеж үлдээсэн байсан. 2022 оны 8 сард зээлийн гэрээ сунгах хүсэлт гаргасан боловч ахин сунгах боломжгүй байна гээд хүсэлтийг минь хүлээн аваагүй гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 58 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас үндсэн зээлийн 8,267,074.15 төгрөг, зээлийн хүү 8.996.978.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 358,355.15 төгрөг, нийт 17,622,408.12 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* инвестмент ББСБ ХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,340,489.07 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,765 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 246,062 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* инвестмент ББСБ ХХК олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ББСанхүүгийн байгууллагаас ******* надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд 2024-01-18 өдрийн 58 дугаартай шийдвэрээр надаас 18.962.897 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Миний бие уг шийдвэрээс 6.562.286 төгрөгийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй учир нь Иргэний хуулийн 232-ын 4-т заасны дагуу АНЗ нь торгууль алданга гэсэн төрөлтэй байна. Анз нийт гүйцэтгээгүй дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй гэсэн заалттай нийцээгүй учир дээр дурдсан 5.652.286 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хянан хэлэлцэж өгнө үү. Анх зээл авснаас хойш нийт 10 гаруй сая төгрөгийг төлсөн. Төлснөөс хойш буцаад хүүтэйгээ нийлээд 8,000,000 төгрөг үлдсэн. 8,000,000 төгрөг үлдсэнээс Ковид-19 нөхцөл байдлаас болж ажилгүй болж, төлж чадахгүй удаан хугацаа өнгөрсөн. Сүүлд надтай холбогдохдоо шүүхэд өгнө гэж хэлсэн. Шүүхэд өгөхийг хүлээж мөн хугацаа алдсан. Гэнэт 10,000,000 төгрөгийн хүү нэхсэн. 8,000,000 төгрөг дээр 10,000,000 төгрөгөө нэмээд нийт 18,000,000 төгрөг нэхээд ороод ирсэн. Миний хувьд нийтдээ хүлээн зөвшөөрвөл 27,000,000 төгрөг төлөхөөр болчихоод байна. Нэг бүтэн нугалсан хэмжээгээр төлөхийг зөвшөөрөхгүй байна. Надад хэцүү байна гэв.

 Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй. Давж заалдах шатны шүүхээс оролцож байна.

Нэгдүгээрт шүүх процессын алдаа гаргасан гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргахгүй этгээд уг нэхэмжлэлийг гаргсан байхад шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн.

Нэхэмжлэлийг гүйцэтгэх захирлаар ******* гэдэг хүн гаргаад гэтэл энэ хүн тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх талаар хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй. Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэх удирдлага нь хувьцаа эзэмшигчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр явуулна гэж заасан. Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.2-г бариад итгэмжлэл олгоод байгаа нь хууль зөрчсөн. Нэхэмжлэл гаргаж буй этгээд нь тухайн байгууллагын төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Хоёрдугаарт нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх тодруулаагүй. Нэхэмжлэгчээс хариуцагчийн зээлийн төлөлтийн хэмжээ хэдний өдөр зээл олголоо, ийм хэмжээтэй хугацаанд төллөө, хугацааг сунгалаа гэсэн байдлаар банк юм уу бусад байгууллагууд нэхэмжлэл гаргаад байдаг.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад энэ хүн 10,000,000 төгрөг төлчихсөн. Үүнийг тодруулж хэдээс хэдэн сарын хооронд хэдэн төгрөгийн хүүтэй мөнгө төлсөн бэ гэдгийг тодруулж байж гаргахгүй бол таавар маягтай зүйл явсаар байгаад шүүх хуралдаан болоод, шүүхийн шийдвэр дээр тодорхой тусгагдаагүй асуудлууд байна.

Зээлийн гэрээ 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 12,400,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 36% хүүтэй байгуулсан. Дахин уян хатан байдалтайгаар сунгалаа гэж байгаа юм. Корона вирус өвчин гарсантай холбогдуулан уян хатан байдлаар сунгаж өгнө үү гэх хариуцагчийн хүсэлтийг харвал тодорхой өвчин гарсантай холбогдуулаад, хүү алданги зогсоох гэж өөрт ашигтай байдлаар хүсэлт гаргасныг ярьж байна.

Гэтэл дахин үндсэн хүү дээрээ хүү тооцуулаад дахин шинээр гэрээ хийгээд 8,267,000 хийж явчихаж байгаа юм. Үүнээс хойш төлөгдсөн 3 удаагийн төлөлтийг 8,000,000 төгрөгөөсөө хасахгүй байгаа вэ. Өмнөх 5,000,000 төгрөгөөс хассан гэж хэлдэг. Өмнөх 5,000,000 төгрөг ямар учиртай мөнгө байгаад байна вэ. Өмнө нь 5,000,000 төгрөг байсан бол гэрээгээ шинэчилсэн асуудал дээрээ оруулж нэмээд 13,000,000 төгрөг гэж орж ирэх байсан. Үүнээс хүү тооцоод 10,665,000 төгрөг буюу их хэмжээний мөнгө гарчихаад байна.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийг харахаар 5,000,000 төгрөгийн үлдэгдэл мөн байгаа гэж хэлээд байгаа. Уг 5,000,000 төгрөг ямар учраас гараад байгаа нь ойлгомжгүй. Хариуцагчийн хэлээд байгаа санаа нь гэрээнд заасан хугацаа дууссан байхад гэрээг сунгахгүй байж байгаад хүү бодогдож их хэмжээний мөнгө гараад ирсэн.

Үүрэг гүйцэтгүүлэгчтэй холбоотой Иргэний хуулийн 224 дүгээр заалтад үүрэг гүйцэтгүүлэгч нь хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагавар гэж заасан байгаа. Мөн хуулийн 223 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь хугацаа хэтрүүлснээс учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дээр мөнгөн төлбөр үүрэг ёсоор хүү анз авах эрхээ алдана гэж байгаа юм. Өөрсдөө хугацаа хэтрүүлчихээд уг мөнгөө тооцуулах гээд байгаа нь үүрэг гүйцэтгүүлэгчийн буруутай үйл ажиллагаа учраас хүү нэхэмжлэх асуудал нь тодорхойгүй байна. Тийм учраас хуулийн хүрээнд шийдэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг тус тус зөрчөөгүй боловч хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч ******* инвестмент ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 8,267,074.15 төгрөг, зээлийн хүү 10,114,053.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 581,770 төгрөг, нийт 18,962,897.19 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хариуцагч зээлийн хүү үндэслэлгүй тооцсон гэж маргасан байна.

3. Анхан шатны шүүхээс хариуцагч *******аас үндсэн зээл 8,267,074.15 төгрөг, зээлийн хүү 8,996,978.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 358,355.15 төгрөг, нийт 17,622,408.12 төгрөгийг гаргуулахаар шийдвэррлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

4. Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэжээ.

5. Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаар:

Нэхэмжлэгч ******* инвестмент ББСБ ХХК нь хариуцагч *******тай 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр авто тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар жилийн 36 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай ЗГ2019070034 дугаартай зээлийн гэрээ байгуулж 12,400,000 төгрөгийн зээл олгосон байна. Зээлийн гэрээний хугацаа дуусах үед хариуцагчаас гэрээний хугацааг сунгах тухай хүсэлт гаргасан байх ба 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлнийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ2019070034 дугаартай зээлийн өөрчлөлтөөр гэрээний 2.1 дэх заалтад өөрчлөлт оруулж үндсэн зээлийн үлдэгдэл 8,267,074.15 төгрөг байх, зээлийн хүү, хугацаа нь үндсэн гэрээний нэг адил үйлчлэхээр тус тус тохиролцсон байна.

6. Хариуцагч ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай гаргасан шаардлага үндэслэлтэй байна.

7. Хариуцагч ******* нь гэрээний хугацаа сунгасны дараа зээлийн гэрээний үүрэгт төлбөр хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч төлбөр хийсэн тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

8. Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүсссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон талуудын хооронд байгуулсан гэрээний нэмэлт өөрчлөлтийн талаар дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэснийг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй гэж үзлээ.

9. Хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдлын үндэслэлээ нэхэмжлэлийг нэхэмжлэгч ******* инвестмент ББСБ ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гаргасан байхад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууллийн 65 дугаар зүйлийн 65.1.5 зааснаар хүлээн авахаас татгалзах атал шүүх хүлээн авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар ******* инвестмент ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон М.Солонго нь хүндэтгэн үзэх шалтгаанаар үүргээ тодорхой хугацаагаар гүйцэтгэх боломжгүй байгаа тул компаний хувьцаа эзэмшигчийн тогтоолоор Ч.*******г гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тухай баримтыг ирүүлсэн тул Ч.*******г тухайн компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэхгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын энэ хэсгийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэсэн хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

10. Нэхэмжлэгч ******* инвестмент ББСБ ХХК нь хариуцагч *******тай 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр жилийн 36 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай ЗГ2019070034 дугаартай зээлийн гэрээ байгуулж 12,400,000 төгрөгийн зээл олгосон зээлийн гэрээний хугацаанд хариуцагчаас зохих төлөлт хийж байсан боловч гэрээний хугацаа дуусах үед үндсэн зээл 8,267,074.15 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд талууд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрээний хугацааг үндсэн гэрээний хугацаагаар сунгахаар гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Зохигчид нь зээлийн гэрээний үүргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ2019070034А дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр үндсэн зээл 8,267,074.15 төгрөгийг үндсэн гэрээний нөхцөлөөр буюу сарын 3 хувийн хүүтэй 24 сарын хугацаагаар сунгасан байна.

Нэхэмжлэгч нь үндсэн зээл 8,267,074.15 төгрөгт гэрээний дагуу зээлийн хүү гэж 10,695,823.04 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 18,962,897.19 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх ба зээлийн хүүг ямар хугацаагаар хэрхэн тооцож нэхэмжилж байгаа тухай тооцооллоо ирүүлээгүй мөн хуульд зааснаар нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлага гаргаагүй, зөвхөн зээл, зээлийн гэрээний хүү гаргуулах шаардлага гаргасан тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс хариуцагчаас гэрээний үүрэг болох зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг ямар хугацаагаар, хэрхэн тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн талаараа тодорхой дүгнээгүй, нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлага гаргаагүй байхад шүүх гаргуулахаар заасан нь үндэслэлгүй болжээ.

11. Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ2019070034 дугаартай гэрээ, 2021 оны 12 сарын 09-ны өдрийн ЗГ2019070034А дугаартай зээлийн гэрээг /нэмэлт өөрчлөлтөөр/ үндэслэн хариуцагч *******аас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-т зааснаар үндсэн зээлийн үндсэн төлбөр 8,267,074.15 төгрөг, зээлийн хүүг гэрээнд заасан хэмжээгээр буюу сарын 3 хувиар тооцон нийт 23 сарын хүү /8,267,074.15 х 3% =248,012.22, 1 сарын хүү 248,012.22 х 23 сар = 5,704,281.16 / 5,704,281.16 төгрөг нийт 13,971,355.31 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* инвестмент ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас 4,991,541.87 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 58 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг :

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн үндсэн төлбөр 8,267,074.15 төгрөг, зээлийн хүү 5,704,281.16 төгрөг нийт 13,971,355.31 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* инвестмент ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас 4,991,541.87 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж

2 дахь заалтыг:

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,765 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 227,807 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* инвестмент ББСБ ХХК олгосугай. гэж тус тус өөрчилж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 119,947 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН