Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 5166

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх    дүүрэг, 10 дугаар хороо, 2б хэсэг, Төмөр замын гудамж, 46 тоотод оршин суух, Боржигон овогт Сайнбилэгийн Эрдэнэбаяр /Регистрийн дугаар ЧЗ79082711/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2б хэсэг, Төмөр замын гудамж, 45 тоотод оршин суух, Шаравынх овогт Жанчивын Энхбат /Регистрийн дугаар ХИ69111338/-д холбогдох,

 

Бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас газар чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2 б хэсэг, Төмөр замын гудамж, 46 тоот хаягт байршилтай, 18650309959722 нэгж талбарын дугаартай 379 м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204023558 дугаарт бүртгэж, №000321449 тоот гэрчилгээг надад олгосон. Гэтэл манай хажуу айл үндэслэлгүйгээр газрын талаар маргаж миний өмчлөлийн газарт өөрийн нүүрсний агуулах барьсан, уг асуудлаар хариуцагчид удаа дараа шаардлага тавьсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй, шаардлагыг биелүүлээгүй. Уг асуудлаар Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд өргөдөл гаргасан бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 790 тоот албан бичгээр өргөдлийн хариуг ирүүлсэн. Уг өргөдлийн хариу албан тоотод “...иргэн Ж.Энхбат та иргэн С.Эрдэнэбаярын өмчилж буй газрыг чөлөөлж өмчлөх эрхийг бүрдүүлж өгнө үү” гэжээ. Түүнээс хойш иргэн Ж.Энхбат нь өнөөдрийг хүртэл газар чөлөөлж өгөхгүй миний өмчлөх эрхийг зөрчсөөр байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсэн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж, мөн 106.3 “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэжээ. Иймд иргэн Ж.Энхбатын хууль бус эзэмшил, ашиглалтаас миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2 б хэсэг, Төмөр замын гудамж, 46, Г-2204023558 тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг албадан чөлөөлүүлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч С.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2 б дүгээр хэсэг, Төмөр замын гудамж, 46 тоот хаягт байрлах 379 м.кв газраа хашаа барин битүүлэх гэтэл Ж:Энхбат нь амбаар барьж орох, гарах гарцыг хаагаад байгаа тул газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Дүүргийн газрын албанд хандаж, газрын албанаас өгсөн албан бичгийн дагуу хашаагаа 2016 оны 03 сард барихад Ж.Энхбат нь хашааг нураагаад, явах газраараа яв гэсэн. Газрын албаны зүгээс бичиг л хийж өгдөг, газар чөлөөлдөггүй тул иргэний шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай газрын 40 м.кв газарт жорлон, амбаар бариад 2 жил болж байна. Анх манайх, Ж.Энхбатын газар эзэмшлийнх байсан, би дараа нь өмчилж авсан. Маргааны зүйл болсон газрыг би хажуу айлаасаа худалдаж авсан юм. Тухайн үед манайх газраа өмчилж авлаа гэж хэлэхэд шууд амбаар бариад эхэлсэн. Манай орц, гарц байна ш дээ гэж хэлэхэд юу ч хэлэхгүй, шууд амбаараа хоёр хүүхэдтэйгээ барьсан. “Полигонометр” ХХК-ийн хийсэн орц, гарц хаасан хашаа, жорлон хашаа тус бүрээр нь хэдэн м.кв орсон тухай баримт байгаа. Манай хашаа руу хэт орсон байдалтай байгаа. Миний өмчлөл лүү орсон 40 м.кв газрыг чөлөөлүүлэх хүсэлтэй байна” гэв.

 

Хариуцагч Ж.Энхбат шүүхэд гаргасан тайлбартаа:

“Миний бие Жанчив овогтой Энхбат нь 1991-2016 оныг хүртэл хүүхдүүдийн хамт БЗД-ийн 10-р хороо, 2б хэсэг, ТЗ-ийн гудамж, 45 тоотод амьдарч байгаа болно. Манай хөрш болох Х.Гантөмөр гэгч /ЗЗМС-д вагон найруулагчаар ажиллаж байсан/ амьдарч байсан юмаа. Ингээд би өөрийн байрыг тойруулан хашаа барьж иргэн Х.Гантөмөрт удаа дараа хашаа барь, гарцаа гарга гэж удаа дараа хэлж байсан боловч хашаа барих, гарц гаргах тал дээр юу ч хийгээгүй болно. Иймд би өөрийн эзэмшил болох 700 м.кв газраас өгөх шаардлага байхгүй гэж үзэж байна. Иймд миний энэ гомдлыг хүлээн авч үнэн зөвөөр шийдэж өгнө үү “гэжээ.

   Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Эрдэнэбаяр нь Ж.Энхбатад  холбогдуулан Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2 б хэсэг, Төмөр замын гудамж, 46, Г-2204023558 тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Ж.Энхбат нь нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхийг хүссэн газар нь түүний хууль ёсны дагуу эзэмшиж буй газар тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч С.Эрдэнэбаяр нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2 б дүгээр хэсэг, Төмөр замын гудамж, 46 тоот хаягт байрлах 379 м.кв, 18650309959722 нэгж талбарын дугаартай газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/213 дугаар захирамжаар эзэмшиж байгаад, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/985 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилжээ. Газар өмчлөх эрхийн Г-2204023558 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 379 м.кв газрын Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000321449  дугаартай гэрчилгээг 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр авсан байна. /хх-6 дугаар тал/

 

Хариуцагч Ж.Энхбат нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2 б дүгээр хэсэг, Төмөр замын гудамж, 45 тоот хаягт байрлах 409 м.кв, 18650309950731 нэгж талбарын дугаартай газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/348 дугаар захирамжаар эзэмшиж байна. Ж.Энхбатад 409 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000519801 дугаартай гэрчилгээг 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр олгожээ. /хх-17 дугаар тал/

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу бүрджээ.

 

            Нэхэмжлэгч нь түүний өмчлөлийн газар дээр хариуцагч Ж.Энхбат нь хашаа, амбаар, жорлон барьж газар өмчлөх эрхийг нь зөрчсөн гэх тайлбарыг өгсөн.

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэбаяр нь хариуцагч Ж.Энхбатын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн газраа чөлөөлүүлэхээр Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж байсан байх бөгөөд тус албаны 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 790 дугаартай албан бичигт “...Иргэн С.Эрдэнэбаяр, Ж.Энхбат нарт олгогдсон газар нь ямар нэгэн давхцалгүй, маргаангүй газар өмчлөх, эзэмших эрх үүссэн байна. Иймд иргэн Ж.Энхбат та иргэн С.Эрдэнэбаярын өмчилж буй газрыг чөлөөлж өмчлөх эрхийг бүрдүүлж өгнө үү” гэжээ.

 

             Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “Полигонометр” ХХК-ийн хийсэн “Эргэлтийн цэгүүдийг газарт нь бэхэлсэн нэгж талбарын зурагт иргэн С.Эрдэнэбаярын өмчлөлийн газар дээр иргэн Ж.Энхбат нь 24.0 м.кв хэмжээтэй талбайд хашаа, 8.0 м.кв хэмжээтэй талбайд амбаар, 8.0 м.кв хэмжээтэй талбайд жорлон, хашааны хэсгийг оруулан барьсан болох нь тогтоогдож байна. /хх-43 дугаар тал/

 

Хариуцагч нь 700 м.кв газрыг эзэмшдэг гэх тайлбарыг өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч нотлох баримтаар нотлоогүй болно.

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гарчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “...газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ....тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан байна.

 

Хариуцагч Ж.Энхбатад 700 м,кв газрыг эзэмшүүлсэн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр байхгүй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “...эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2 б дүгээр хэсэг, Төмөр замын гудамж, 46 тоот хаягт байрлах 379 м.кв газрын өмчлөгч С.Эрдэнэбаяр нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн газар болон түүнчлэн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй юм.

 

Хариуцагч Ж.Энхбат нь нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу өмчилж буй газраас хууль бусаар эзэмшиж, ашиглаж нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хөрш залгаа газрын өмчлөгч нар байна.

 

Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д “ хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ”, 134.2-т “хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй” гэж заасан.

 

Хариуцагч нь хууль ёсны дагуу олгогдоогүй газрыг эзэмших эрхтэй гэж үзэн, хөрш газар өмчлөгчийн газар дээр орц гарцыг нь хааж хашаа, амбаар, жорлон барьсан үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2 б дүгээр хэсэг, Төмөр замын гудамж, 46 тоот хаягт байрлах  С.Эрдэнэбаярын өмчлөлийн 379 м.кв газраас хууль бусаар эзэмшиж буй 40 м.кв газрыг хариуцагч Ж.Энхбат, түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэгч С.Эрдэнэбаярт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжад урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Энхбатаас улсын тэмдэгтийн хураамжад 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Эрдэнэбаярт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЦЭРЭНДОЛГОР