Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/94

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж

Улсын яллагч: Б.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Э

Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овгийн Б А холбогдох 1912.......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган  сумын 5 дугаар баг, Наранбулагийн 06-13 тоотод оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Г овгийн  Б А /РД:/ 

 

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.А нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, матемантик сургуулийн байрны 02-07 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Л.О эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөрдөн байцаалтын үед:

 

    Хохирогч Л.О өгсөн: ...Би 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн орчимд дэлгүүр орох гээд гараад явсан. Дэлгүүр орчихоод гэртээ ороход манай нөхөр А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд “чи чинь одоо яахаараа архи дарс уудаг байна” гээд би үглэхэд манай нөхөр А “хоолоо идэж байснаа гэнэт хоолоо шидээд юу гээд байгаа юм бэ чи, би гэр орондоо ямар сайхан сэтгэгдэлтэй орж ирлээ чи яагаад үглээд байгаа юм бэ яадгийн би архи дарс уугаа л биз гээд гэрийнхээ эд хогшлыг өшиглөөд муухай муухай орилж байснаа намайг барьж аваад хувцас хунараас татаж зулгаагаад хана руу түлхсэн. Тэгээд би хэсэг манарч байснаа ухаан ороход манай нөхөр А цагдаад дуудлага өгч байсан. Цагдаа нар ирээд А эрүүлжүүлсэн. Намайг манай нөхөр А цохиж зодсон. Барьж аваад хана руу түлхсэн түлхэх үед нь би толгойгоороо хана мөргөөд манарсан. Мөн хувцас хунараас зулгааж татаад байсан. Намайг манай нөхөр А өмнө нь цохиж зодож байсан. Тэр өдөр би архи согтууруулах ундаа зүйл хэрэглээд ирсэн болохоор нь чи архи дарс уулаа уухгүй байж болдоггүй юм уу гэж хэрүүл маргаан хийсэн. А бид хоёр өмнө нь хэрүүл маргаан хийж байсан. Тэр өдөр манай гэрт хүү А /2 настай/, хүү Ж /10 настай/ нар болон нөхөр, бид дөрөв байсан... манай нөхөр А гэртээ согтуу ирэхлээр нь би уурлаад хэдэн үг хэлчихсэн чинь л манай нөхөр уурлаад, намайг нэг удаа гараараа түлхэх үед би хана мөргөж унасан. Намайг гар болон хөлөөрөө цохиж зодоогүй идэж байсан тавагтай хоолоо над руу шидээд уурлаж босч ирээд намайг гараараа цээж рүү нэг удаа түлхэж ор руу унагаасан. Би ор руу унах үедээ толгой зүүн шанаа орчмоороо хана мөргөж гэмтсэн. Миний зүүн шанаа хавдаж хөхөрсөн байсан. Манай нөхөр урьд өмнө надад огт гар хүрч байгаагүй бас намайг айлгаж дарамталж ширүүн догшин авирлаж байгаагүй. Анх удаа л ийм зүйл болчихлоо. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 3-4 хуу, 11-12 хуу/ 

Б.Агийн яллагдагчаар өгсөн:…2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр би өөрийн хуучны танил найзтайгаа таараад нэг шил архи хувааж уусан. Тэгээд гэртээ орой 19-20 цагийн үед харьсан. Тэр үед би нилээд согтсон байсан. Би гэртээ очиход эхнэр гэртээ байхгүй байсан. Гэртээ сууж байтал эхнэр гаднаас орж ирээд намайг архи уулаа гэж уурлаад надтай жаахан маргалдсан. Хэрүүл маргаан хийгээд байхаар нь би уурлаад эхнэр О ийг гараараа цээж рүү нь нэг удаа түлхсэн чинь манай эхнэр ор руу унах шиг болсон. Орны цаана байшингийн хана байсан хана мөргөсөн байж магадгүй гэхдээ би хаашаа унасан талаар нь сайн санахгүй байна. Манай эхнэр миний урдаас загнаж туйлаад угаасаа болохгүй байсан юм тэгэхээр нь би энэ чинь угаасаа болохгүй нь энэ асуудал удаан үргэлжлээд байвал би өөрийнхөө эхнэрийг уурнаасаа болж гэмтээж магадгүй байдалд хүрэх нь гэж бодоод би өөрөө өөрийгөө цагдаад дуудлага өгч цагдаа дээр ирж эрүүлжүүлэгдсэн. Ерөнхийдөө би тухайн өдөр архи жаахан уусан байсан үүнээс болж манай гэрт эхнэр бид хоёрын хооронд хэрүүл маргаан үүссэн. Би архи уусан жаахан согтолттой байсан. Манай эхнэр эрүүл байсан. Тэр үед манай хоёр хүүхэд хамт байсан. Манай эхнэр О ор руу унах үедээ хана мөргөж уг гэмтлийг авсан байх гэж бодож байна. Од учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан. Урьд өмнө манай эхнэр ямар нэгэн гэмтэл бэртэлгүй эрүүл байсан. Уг асуудал болсоны маргаашнаас зүүн зовхи шанаа нь хавдсан байсан. Би урьд өмнө ийм асуудал огт гаргаж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 154 дугаартай дүгнэлт:

1. Л.О биед зүүн зовхины гадна булан, шанааг хамарсан зөөлөн эдийн няцрал, баруун гарын дунд хурууны 2-р үенд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна. Баруун дунд хурууны 2-р үений цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 7 хуу/ 

 

Б.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 20 хуу/ 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 23 хуу/

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-

ийн 22 хуу/

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 31-32 хуу/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.А холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, матемантик сургуулийн байрны 02-07 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Л.О эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний биед зүүн зовхины гадна булан, шанааг хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.А үйлдсэн болох нь хохирогч Л.Он”...А гэртээ согтуу ирэхлээр нь би уурлаад хэдэн үг хэлчихсэн чинь намайг нэг удаа гараараа түлхэх үед би хана мөргөж унасан. Намайг гар болон хөлөөрөө цохиж зодоогүй идэж байсан тавагтай хоолоо над руу шидээд уурлаж босч ирээд намайг гараараа цээж рүү нэг удаа түлхэж ор руу унагаасан. Би ор руу унах үедээ толгой зүүн шанаа орчмоороо хана мөргөж гэмтсэн. Миний зүүн шанаа хавдаж хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 154 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.А нь хохирогч Л.Оийг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан зүүн зовхины гадна булан, шанааг хамарсан зөөлөн эдийн няцрал, гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 154 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

 

Аймгийн Прокурорын газраас Б.Ан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна. 

 

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ. 

Иймд шүүгдэгч Б.А нь гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Л.О эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна. 

 

Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 35-36 хуу, 37 хуу/  гарын үсэг зуржээ.   

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.   

 

Хохирогч Л.О нь мөрдөн байцаалтын үед “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж хүсэлт / хх-ийн 12 хуу/ гаргасан, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн  /хх-ийн 31 дүгээр хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8,9 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

                                             

                                                     ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Г овгийн Б Аг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар торгох ялын 500.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын хугацаанд сар бүр 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.А үүрэг болгосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 

1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

              6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь 

хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ОТГОНЦЭЦЭГ