Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 278

 

В.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Батцэрэн, Б.Цогт, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярхүү, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 35 дугаар магадлалтай, В.Бт холбогдох эрүүгийн 2018004550017 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2016 оны 03 дугаар сарын 16-нд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял шийтгүүлсэн, Боржигон овогт В.Б нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос В.Бт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 2.1 болгон өөрчилж,

шүүгдэгч В.Быг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хөгжлийн бэрхшээлтэй хүнийг байнга зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 1 жил 3 сар хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 4 сар 10 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 76 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Х.Мгийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, толгой болон гарын сарвууны рентген зураг, гутал зэргийг буцаан олгож, DVD тоглуулагчийг устгахаар шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх прокуророос В.Бт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг  Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1 болгон өөрчилж, шүүгдэгч В.Быг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 1 жил 3 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулжээ.

Хяналтын шатны шүүхэд Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүх хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн нэг бүлэгт заасан 2 гэмт хэргийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэх шинжүүд нь давтагдаж хүндэрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах” шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж дүгнэж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн хохирогч Х.Мг зодож хөнгөн гэмтэл учруулж байгаа байдал нь нэг санаа зорилгоор, тодорхой хугацааны завсарлагатайгаар, нэг объектод халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үргэлжлүүлэн үйлдсэн байна гэж дүгнэж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн хувьд халдагч этгээдийн үйлдэл нь тооны хувьд 3-аас дээш удаа буюу байнгын шинжийг хангаж, эдгээр үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байвал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн тохирох хэсгээр давхар зүйлчлэн шийдвэрлэх шүүхийн практик тогтсон гэж ойлгож, хэргийг шийдвэрлэж ирсэн боловч дээрх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдэд “нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгүүлэх зарчимд нийцэхгүй, давхар зүйлчлэгдэхгүй, нэг объекттой үргэлжилсэн гэмт хэрэгт тооцох” гэсэн өөр хоорондоо зөрүүтэй агуулгаар тайлбарлаж, шийдвэрлэж байгааг анхаарч үзнэ үү.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлт болон хэргийн зүйлчлэл өөр өөр байгаа нь шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд 75 дугаартай шийтгэх тогтоол, 35 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа хэлсэн саналдаа: Прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй санал нэг байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Б.Баярхүү хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 782 дугаар, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 820 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 921 дугаар дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч В.Б хамтран амьдрагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Х.Мг 2020 оны 07 дугаар сарын 31-нээс 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 4 удаа зодож, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн, мөн уг гэмт хэргийг үйлдэхдээ 3 удаагийн үйлдлээр Х.Мгийн эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжтэй үйл баримт нотлогдсон байна.

Шүүдэгч В.Бын үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч, хөгжлийн бэрхшээлтэй Х.Мг тооны хувьд 3-аас дээш удаа буюу 4 удаа зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хөгжлийн бэрхшээлтэй хүнийг байнга зодох” гэмт хэргийн шинжийг, мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар Х.Мгийн эрүүл мэндэд үргэлжилсэн үйлдлээр, өөр өөр цаг хугацаанд 3 удаа хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтад тулгуурлалгүйгээр хэргийн бодит байдалд нийцээгүй хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгох тухай прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэндийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн В.Бт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч В.Б нь 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө, 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч, хөгжлийн бэрхшээлтэй Х.Мг зодож, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн,

мөн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Х.Мг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч В.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэх гэмт хэргийн объектод хүний эрүүл мэндийн халдашгүй байдлаас гадна гэр бүлийн ашиг сонирхол хамаарах бөгөөд хууль тогтоогч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан, харин Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, эсхүл хүнд хохирол учруулсныг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгож хуульчлаагүй болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасны дагуу гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэмтлийн зэргээс хамааран Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлээс гадна Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Энэ талаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэндийн бичсэн эсэргүүцлийг хүлээж авах үндэслэлтэй боловч прокуророос шүүгдэгч В.Бт холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдаж байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасан журмын дагуу В.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч В.Б нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсныг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 35 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч В.Бт холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч В.Быг даруй суллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт мэдэгдсүгэй.

 

         

                        ДАРГАЛАГЧ                                    С.БАТДЭЛГЭР       

                        ШҮҮГЧ                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                    Б.ЦОГТ

                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН