Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 229

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Ч.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, зохих бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ч.Г нь 2007 онд Батлан хамгаалахын их сургуулийг Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр төгссөн. Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Бичиг хэрэг, архив, даргын туслахын албан тушаалд томилогдон ажилласан бөгөөд 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдрөөс Сургалт, сурталчилгаа, сургалтын байгууллага хариуцсан мэргэжилтэн, мөн оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж, хөдөлмөр эрхлэлтийн салбарт зохих ажил, мэргэжлийн туршлага хуримтлуулсан. 

2013 онд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, мөн оны 5 дугаар сарын 06-ны өдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Ажиллаж байх хугацаандаа 2013, 2014, 2015 онд Хөдөлмөрийн яам болон бусад байгууллагаас зохион байгуулсан шаталсан, сертификатжуулсан сургалтуудад хамрагдан өөрийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлж ажилласан. Ч.М нь Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаал /түр орлон гүйцэтгэгч/-ыг хүлээж авснаас хойшхи хугацаанд хэлтсийн нэг ч мэргэжилтэнтэй уулзаж ажил, байдалтай биечлэн танилцалгүй, бүтэц, орон тоонд орсон өөрчлөлтийн талаар урьдчилан мэдэгдэлгүйгээр 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тушаал гарган төрийн жинхэнэ албан хаагчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Энэхүү тушаал нь төрийн албаны хууль тогтоомжийг зөрчиж гаргасан гэж үзэж, Төрийн албаны зөвлөлийн даргад 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гомдлоо гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөл 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1180 тоот албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад асуулга тавьсан боловч хариу ирүүлээгүй учир тус зөвлөл 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1340 тоотоор шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсний дагуу шүүхэд нэхэмжлэлийг гаргаж байна.

2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/52 дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон холбогдох мэдээлэл өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт заасныг үндэслэл болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хуулийн хугацааны өмнө мэдэгдэл өгөөгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтад заасны дагуу төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт хийж, түүний нийгмийн баталгааг хангах талаар хуульд заасан арга хэмжээ аваагүй байна. Уг тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь заалтад заасны дагуу захиргааны актад тавигдах шаардлага, 40.4 дэх хэсэгт заасны дагуу бодит нөхцөл байдлыг огт заагаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу ажил хүлээлцсэн өдрүүдийг ажилласан өдөрт оруулж тооцоогүй зэрэг зөрчилтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар төрийн алба тогтвортой байх зарчимтай. Ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн яам болон Архивын ерөнхий газар, Нийслэлийн архивын газар, Хөдөлмөрлөх, судалгаа үйлчилгээний төв, холбогдох төрийн бус сургалтын байгууллагуудад мэргэжлээ дээшлүүлэх зорилгоор сургалтад хамрагдаж зохих ёсны сургалтын гэрчилгээ авч байсан. Мөн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын худалдан авах тендер шалгаруулалтад ажлын комиссод багтах зорилготойгоор ажилладаг.  

Миний ажиллаж байсан газар Хөдөлмөр, хадгаламж үйлчилгээний хэлтэс шинэчлэн байгуулагдсантай холбоотойгоор урьд эрхэлж байсан албан тушаал хэвээр хадгалагдсаар байхад эгүүлэн томилоогүй. Мөн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “улс, төрийн албан хаагчийг сонгон шалгаруулсны дагуу авч ажиллуулна” гэсэн заалтыг зөрчин намайг ажлаас чөлөөлөн өөр Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан Ж.Б гэх хүнийг томилсон байдаг. 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дарга Ч.М-т “гэр бүл зохиогоод удаагүй, шинэ хүүхэдтэй болсон, байр болон цалингийн зээлтэй” байгаа талаар хэлсэн. Тэгтэл эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр шууд ажлаас чөлөөлсөн үйлдэлд гомдолтой байна. Ажиллаж байх хугацаандаа Монголын Залуучуудын холбооны хөдөлмөрийн алтан медаль, Баянгол дүүргийн Засаг даргын нэрэмжит хүндэт өргөмжлөл, дүүргийн шилдэг залуу ажилтнаар, Хөдөлмөрийн яамны жуух бичгээр тус тус шагнагдаж байсан. Урлаг спортын хувьд ажлынхаа тэмцээнд оролцож өөрийн идэвхи зүтгэлийг гаргаж оролцон, ажиллаж байсан. 2016 оны хагас жилийн үр дүнгээр 94.1 хувиар А үнэлгээтэйгээр үр дүнгийн гэрээг хамгаалсан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. 

Баянгол дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн шуурхай зөвлөгөөн лхагва гараг бүрт болдог байсан. 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нийт хэлтсийн ажилчид, хороодын ажилчдыг цуглуулан хэлтсийн дарга ерөнхий байдлаар бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж байгаа талаар мэдэгдэл хийсэн байдаг. Өөрчлөлт орж хоёр хэлтэс нийлж байгаа тул 2016 оны 09 дүгээр сарын 29, 30-ны өдөр хөдөлмөрийн хэлтсийн ажилтнуудад бүх ширээ, сандал, бичиг баримт, компьютер, түүний кодыг бичин халамжийн хэлтэс рүү оруулахыг даалгасан. Даалгасны дагуу хураалгасан. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн орой 19 цагийн үед нийт ажилчдыг тарж болохгүй талаар мэдэгдсэн. Албаны дарга тухайн албан хаагч тус бүрт гарсан актыг уншиж танилцуулан гарын үсэг зуруулсан байдаг. Түүнээс биш урьдчилан мэдэгдсэн зүйл байдаггүй. Мөн сонгон шалгаруулалт зарлах тул тэнцсэн нь үлдэх боломжтой гэж хэлсэн боловч сонгон шалгаруулалтыг зарлаагүй. Хэрэгт авагдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хариу тайлбарт “Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/01 тушаалаар хэлтсийн албан хаагчдийг бүтэц орон тооны дагуу шинээр томилж чөлөөлсөн тухай” тайлбар ирүүлсэн. Уг тушаалд ямар нэг байдлаар ажилтныг чөлөөлсөн зүйл байхгүй, бүтэц орон тоог баталсан, ажлын байрны тодорхойлолтыг 2016 оны 10 дугаар сарын 10-нд бэлэн байлгахыг даалгасан албан тушаал байсан. 

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргыг А/01 тоот тушаалыг гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/129 дүгээр тушаалын хавсралтаар баталсан дүүргийн хөдөлмөр, нийгэм халамжийн хэлтсийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2-т “хэлтсийн дүрмийг Хөдөлмөр, нийгэм хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, зохион байгуулалт, бүтэц орон тооны дээд хязгаарыг сайдын зөвшөөрснөөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын ерөнхий дарга батална” гэж заасан. Уг дүрмийг зөрчин эрх мэдлээ хэтрүүлэн бүтэц, орон тоог баталсан байна.

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буудсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ”, Дээд шүүхийн тайлбарын 17 дугаар зүйлд “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасан сарын өмнө мэдэгдэх заалтыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлах тухай ажил олгогч нь ажилтанд 45 хоногийн өмнө бичгэн хэлбэрээр мэдэгдсэн байхыг” гэсэн заалтыг тус тус зөрчсөн. Захиргаа, төрийн албанаас чөлөөлөгдөж байгаа этгээдийн эрх, хууль ёсны эрх, ашгийг зөрчсөн акт гаргасан. Уг актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг сайн судлах ёстой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.”Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4 “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1.2 “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах”, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2.1 “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх”, 27.5 “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна”, 31 дүгээр зүйлийн 31.1 ”Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй” гэж заасан заалтыг хэрэгжээгүй гэж үзэж байна.

2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/52 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэсэн заалтыг баримтлах ёстой байсан.

Гэтэл мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэсэн заалтыг баримтлан судалж үзэлгүйгээр автоматаар тушаалыг гаргасан байдаг. 

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 “хууль дээдлэх”, 4.2.5 “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” гэсэн зарчмуудыг зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 “хуульд үндэслэх”, 4.2.3. “хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх”, 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6 “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн зарчмыг зөрчсөн. Залуу хүн тул халагдаж магадгүй гэж бодож даргадаа учирлаж хэлсэн байхад удирдах албан тушаалтан нь өөрөөс нь илүү шаардлага хангаж байгаа хүний талаар огт мэдэгдээгүй байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 38.3, 40.4-т заасны дагуу уг захиргааны актын тэмдэглэлийн хэсэгт “акт гарах болсон бодит нөхцөл байдлыг тодорхойлоогүй”. Мөн тушаалын захирамжлах хэсэгт “Ч овогтой Г-ийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болгож албан тушаалаас чөлөөлнө үү” гэж заасан нь Ч.Г-ийг ямар албан тушаалаас чөлөөлж байгааг тусгаагүй. Ч.Г-ийг дуусгавар болго гэдэг нь ажлаас нь халаад цаазал гэсэн утгатай юм уу, яг юу гэсэн утгатай нь ойлгогдохгүй байна. Бичиг баримт боловсруулах дүрэм, журам, зааварт заавал тусгахаар заасан байдаг. Мөн Ч******* овогтой Г******* гэж бичигдсэн байдаг. Ч******* бол эцгийн нэр. Иймд утга, агуулга, үг үсгийн тухайд илэрхий алдаатай захиргааны акт гарсан. Гуравдугаар заалтад нь 5 хоногийн дотор ажил хүлээлцэн, тооцоо хийж дуусгахыг нягтланд даалгасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “ажилтан ажил хүлээлгэж өгсөн сүүлийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж заасан. Дээд шүүхийн тайлбарт “43.2-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан өдрийг ажил олгогчийн шийдвэр, тушаалд заахдаа тухайн ажилтны ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын хоногийг урьдчилан тооцож, түүнд ажил хүлээлцэх хоногийг нэмж, сүүлчийн хэлбэрээр тогтооно” гэж заасан. Гэтэл ээлжийн амралтын хоногийг тооцоогүй байдаг. Оногдох ээлжийн амралтын хугацааг нэхэмжлэх шаардлагатай гэж үзэж байна.

Ч.Г нь 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус хэлтэст ажиллаж эхэлсэн, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр халагдсан байдаг. Ээлжийн амралтын мөнгийг ажилласан жилээр нь тооцдог. 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгчид гурван удаагийн ээлжийн амралт байсан. Эдгээр амралтын хугацааг тооцож бодоогүй байдаг. Тушаалын дөрөв дүгээр заалтад тушаалын биелэлтийг хангаж ажиллахыг үүрэг болгосон боловч эзэн бие нь байдаггүй. Хүмүүс юм зөөж байх хойгуур нь яарч, садран уг тушаалыг гаргасан мэт байгаа юм. Мөн тавдугаар заалтад гомдлыг хэдий хугацаанд гаргах талаар зааж өгөөгүй  байдаг.

Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд 13.1.9 “албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэж үүрэг болгосон. 14 дүгээр зүйлийн 14.1.5 “өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах” гэж эрх олгосон заасны дагуу уг байгууллагад хандах ёстой. Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх” гэж заасан тул нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл байхгүй юм.

Тухайн үед хөдөлмөрийн хэлтэс 34 орон тоотой байсан. Үүнээс 30 хүнийг ажлаас халсан байдаг. Энэ байдлыг харж үзвэл ямар нэг байдлаар улс, төрийн нөлөө орсон гэж үзэхээр байна. Халамжийн асуудлын тухайд нийгмийн даатгалын санг бий болгоход хүн өвдсөн, хөдөлмөрийн чадвараа алдсан үед төлбөр авахаар урьдчилан шимтгэл төлдөг. Өөртөө хуримтлал бий болгож ажилгүйдлийн тэтгэмж төлж өндөр насны тэтгэвэрт гарахдаа эргүүлэн авахаар шимтгэл төлдөг. Үүнийхээ дагуу тэтгэмж авсан. Үүнийг ялгаж ойлгох ёстой. Төрийн албаны тухай хуулийн 35.1.2-т зааснаар “төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн З9.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлд хандсан. Үүний хариуд шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж хариу өгсөн. Тиймээс шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан юм. Хуулийг буруу хэрэглэсэн нь хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон зохион байгуулсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 дугаартай тушаалын хавсралтаар орон тооны дээд хязгаарыг 70 гэж баталж өгснөөр 30 ажлын байрны орон тоо цөөрсөн. Хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн  2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/01 дугаар тушаалаар хэлтсийн албан хаагчдыг шинэ бүтэц, орон тооны дагуу томилж, чөлөөлсөн. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасныг үндэслэн Ч.Г*******ийг ажлаас чөлөөлж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын А/11 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаал Ч.Г-ийн өмнө эрхэлж байсан албан тушаал юм. Гэхдээ эрүүл ахуй гэсэн үг хасагдсан.

Мөн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүдэд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 тоот хэлтсийн шинэ бүтэц, орон тооны тушаалыг танилцуулан, бүтцийн өөрчлөлт болон орон тоо хасагдсан талаар мэдэгдэн сонсгол хийсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Г “Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар Ч.Г-ийг Хөдөлмөрийн хэлтсийн  Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилжээ . 

Үүний дараа Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Б/52 дугаар тушаалаар Ч.Г-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн  бөгөөд уг маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Засгийн газрын бүтцийн тухай хуулийн 1 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4.1.1, Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 1 дэх заалт, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/653 дугаар захирамжийн 1 дэх заалт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 дүгээр тушаал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/129 тоот дүрмийн 3 дугаар зүйлийн 3.6 дахь заалтуудыг тус тус үндэслэжээ.  

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/653 дугаар захирамжаар дүүргүүдийн Засаг дарга нарын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийг нийлүүлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон өөрчлөх шийдвэр гарсантай холбогдуулан шинээр Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоог Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар  баталсан байна.

Уг орон тоог батлахаас өмнө Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар  Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тоо 23 байхаар тогтоосон бөгөөд үүнд Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо байжээ.  

Мөн Баянгол дүүргийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын  2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар  Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоог 69 байсан байна.

Дээрх 2 байгууллагыг нийлүүлэн Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар  уг байгууллагын нийт орон тоог 70 байхаар тогтоосон бөгөөд үүнд Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний орон тоог баталжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар  Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн ажлын байр хасагдаж, шинээр Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгосон. Энэ нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалаас өөр бөгөөд эрүүл ахуйн асуудал нь тусдаа болсон гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/01 дүгээр тушаалаар баталсан Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал хасагдсан гэж үзэх үндэслэлгүй, ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаж байна. 

Өөрөөр хэлбэл Маргаан бүхий захиргааны акт болох 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/52 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 “... тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө”, 27 дугаар зүйлийн 27.2.4 “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд... 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж зааснаар нэхэмжлэгчийн ажлын байрны орон тоо хасагдсан гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй, орон тоо хасагдаагүй байна. 

Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 15 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн... гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ” гэж тайлбарласан байх тул “эрүүл ахуй” гэсэн нэршил хасагдсанаар орон тоо хасагдсан гэж үзэхгүй. 

Дээрх албан тушаалд Баянгол дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан хүнийг шинээр томилжээ. 

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/52 дугаар тушаалд “Ч.Г-ийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон” гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт зааснаар “Утга агуулгын илэрхий алдаатай” гарсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй байна. 

Иймд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бий болоогүй байх тул иргэн Ч.Г-ийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Харин Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар Ч.Г-ийн ажиллаж байсан албан тушаалын нэр Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн болсон байх тул Ч.Г-ийг Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр томилохыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч нь нийт ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалин 4,078.974 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилжээ. Гэвч нэхэмжлэгч Ч.Г нь Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт Сууц өмчлөгчдийн холбоо хариуцсан мэргэжилтнээр 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар  тогтоогдож байна. 

Иймд ажилгүй байсан хугацааны цалинг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх цалин 2,858.867 төгрөгийг Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс гаргуулах нь зүйтэй.

Түүнчлэн  Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг 10 сарын цалин гэсэн утгаар 1,549.989 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн байх тул түүнд олгох цалин хөлснөөс уг тэтгэмжийг хасч олгох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч Ч.Г ажилгүйдлийн тэтгэмж гэж Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 657.140 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 337,570 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 270,056 төгрөг, нийт 1,264.766 төгрөгийг авсан байх бөгөөд уг тэтгэмжтэй холбоотой асуудлаа Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэстэй тооцоо хийж дуусгах нь зүйтэй. 

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас цалин хөлсний зарим хэсгээс бусад шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Мөн нэхэмжлэгч Ч.Г ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүйн улмаас олгогдох мөнгийг иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэв. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйл, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.1, , Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн 27.2.4 дэх заалтыг тус тус баримтлан Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, уг хэлтэст Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр Ч.Г-ийг томилохыг Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга /Ч.М/-д даалгасугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт хэсэгт заасныг тус тус баримтлан Ч.Г-ийн ажилгүй байсан хугацааны цалин 2,858.867 /хоёр сая найман зуун тавин найман мянга, найман зуун жаран долоо/ төгрөгийг олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид олгосон 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 1,549.989 /нэг сая таван зуун дөчин есөн мянга есөн зуун наян ес/ төгрөгийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалингаас хасч тооцож, шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж, Ч.Г-т олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

    ШҮҮГЧ                             Л.ӨЛЗИЙЖАРГАЛ