Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2017/01130

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

      Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/00830 дугаар шийдвэр,                                             Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2017/01139 дүгээр магадлалтай,

           “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           “О” ХХК-д холбогдох,          

            91.985.630 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Даваахүүгийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхбаатар, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

          “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2013 онд  “О” ХХК-н үндсэн гүйцэтгэгчээр ажиллах, Хүй долоон худаг, Төмөр замын 361 дүгээр гарам чиглэлийн 8.5 км авто зам барих ажлын 0.5 км зам барих ажилд хариуцагчийн  хүсэлтээр туслан гүйцэтгэгчээр ажилсан. 0.5 км замыг асфальтан хучилт хийхээс бусад бүх ажлууд болох хуулсан байсан өнгөн хөрсийг тээвэрлэж зайлуулсан, чулуун далан барьсан, цементээр бэхжүүлсэн суурь хийсэн, үерээс хамгаалах шуудуу татсан, хөвөө байгуулсан, карьер нөхөн сэргээх ажил хийсэн. Тухайн үед Улсын баяр наадмаас өмнө зам ашиглалтанд орох хугацаатай учраас “О” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүйгээр ажлаа эхлүүлж, явц дунд гэрээ байгуулсан. Манайх гэрээ байгуулъя гэхэд “О” ХХК захиалагчтай гэрээ байгуулаагүй гэх шалтгаанаар хойш тавьсан. Ажил гүйцэтгэх явцад “О” ХХК-ийн захиралтай хэд хэдэн удаа уулзсан боловч тэрээр ямар нэгэн шалтаг хэлж хойшлуулсаар гэрээ байгуулаагүй. Манайхыг 2013-06-04-ний өдөр ажилдаа гарахад “О” ХХК ажилдаа гарсан. Гэрээ байгуулахыг хүлээхгүйгээр ажлаа эхлүүл гэж даамал А.Алтан-Од улаан шугам татаж замын зургийг өгснөөр ажлаа эхэлсэн. Улаан шугам татаж өгсөнтэй холбоотой баримт байдаг эсэхийг мэдэхгүй. Бид хийсэн ажлынхаа талаар маргаагүй, гагцхүү  ажлын хөлсийг улсын стандарт болон батлагдсан төсвөөс 3 дахин багасгаж өгсөнтэй маргаж байна.   Мэргэшсэн төсөвчин Р.Батцолмонгийн гаргасан төсвөөр манай компани 0.5 км зам барих ажилд 161 985 630 төгрөгийн зардлаар ажил хийсэн нь тогтоогдсон. 70 сая төгрөг авсан, үлдэгдэл 91 985 630 төгрөгийг өгөөгүй. Зам барилгын ажилд зөвлөх компаниар ажилласан “Танил санаа” ХХК манай хийсэн ажлыг тодорхойлж өгсөн. Шүүхээс шинжээчээр томилогдсон “Зам тээврийн хөгжлийн төв”-ийн дүгнэлт, Гудамж төслийн ажил хүлээн авсан акт зэрэг баримтаар манай хийсэн ажлыг үнэлэх боломжтой учир санхүүгийн анхан шатны баримт шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, замын ажлын зардалтай холбоотой санхүүгийн баримт хэрэгт хамааралгүй гэж үзсэн. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2011 оны 200-р тушаалаар батлагдсан Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв зохиох зааврыг бүх төсөвчин баримтлан төсөв зохиох ёстой. Гудамж төслийн хүрээнд 1.5 км авто зам барилгын ажил гүйцэтгэхэд “О” ХХК нь гүйцэтгэгчээр оролцсон, манайхтай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй тул ажил хүлээн авсан актад “Х” ХХК огт дурдагдаагүй. Харин манайх гүйцэтгэсэн ажлаа 2013-07-05 -ны өдөр хүлээлгэж өгсөн байдал уг замын ажилд хяналт тавьж, зөвлөхөөр ажиллаж байсан “Танил санаа” ХХК-ийн өдөр тутмын тэмдэглэлд тусгагдсан байх учиртай. Үүнээс гадна манайд шаардлага өгч байсан талаарх баримт “О” ХХК-ийн гүйцэтгэлд авагдсан байх ёстой. Төслийн хүрээнд 1.5 км зам барилгын ажил 964 444 598 төгрөгийн өртөгтэй гэдэгтэй танилцсан учраас уг ажилд 3 компани хамтран оролцоход бидэнд ашигтай. Өөрөөр хэлбэл, батлагдсан төсвийн 1/3 нь ногдоно гэж үзэж уг ажилд оролцсон. “О” ХХК нь замыг өөрсдийн хүчээр хийж гүйцэтгэж чадахгүй болсон учраас манайхыг туслан гүйцэтгэгчээр орохыг хүссэн, мөн Нийслэлийн Авто замын газар, “Танил санаа” ХХК-иас ажиллах санал тавьсан. Манайх Хүй долоон худагт үйлчилгээний талбайг цементийн зуурмагаар цутгасан бөгөөд замын ажлын нөхөн сэргээлттэй холбоотой ажил хийгээгүй. “О” ХХК нь 2013-07-06-ны өдөр 30 сая  төгрөг өгсөн. Дээрх замын ажилд 162 143 013 төгрөг зарцуулсан боловч Р.Батцолмонгийн гаргасан 161 985 630 төгрөгийн төсөвтэй болох нь тогтоогдсон. Гэтэл “О” ХХК захиалагчаас ажлын хөлс 964 444 598 төгрөг авсан боловч 70 сая төгрөг төлснийг хасч ажлын хөлсний үлдэгдэл 91 985 630 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбарт: “Х” ХХК нэхэмжлэлдээ хуулсан байсан өнгөн хөрсийг тээвэрлэж зайлуулсан, чулуун далан барих, цементээр бэхжүүлсэн суурь хийсэн, үерээс хамгаалах далан барих, хөвөө байгуулах, карьер нөхөн сэргээсэн зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн ба дээрх ажлын нийт өртөг 161 985 630 төгрөг гэжээ. “О” ХХК нь 2013-06-20-ны өдөр захиалагч Гудамж төслийн нэгж, Нийслэлийн авто замын газар, санхүүжүүлэгч Монгол Улсын Хөгжлийн банктай №С-ГТ-5 2013-78 тоот Хүй Долоон худаг дахь тээврийн хэрэгслийн Ү зогсоолоос Төмөр замын 361 дүгээр гарам хүртэлх автозамын 1.5 км-ын авто зам барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. “О” ХХК нь тус гэрээнд заасан 1.5 км авто зам барилгын ажлын 0.5 км замд хамаарах далангийн дүүргэлтийн ажил, хөлдөлтөөс хамгаалах үеийн ажил, цемент бетон суурийн ажил, тээвэр, машин механизмын зардал зэрэг ажлыг “Х” ХХК-иар гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 72 483 000 төгрөгийг төлсөн. Гэтэл нэхэмжлэгч өөрийн хийж гүйцэтгэхээр тохиролцоогүй ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон, уг ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Учир нь, нэхэмжлэлийн шаардлагад чулуун далан барих, хөвөө байгуулах, карьер нөхөн сэргээх зэрэг ажлуудыг “Х” ХХК бус “Дамас” ХХК, Байгаль орчин ногоон хөгжлийн газар зэрэг байгууллагуудаар хийж гүйцэтгүүлэн, ажлын хөлсийг нь дээрх байгууллагад тухай бүр төлсөн. Тус компани чанарын шаардлага хангахгүй ажил гүйцэтгэсэн бөгөөд түүнийгээ засан сайжруулж бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгч ажлаа дүгнүүлж акт үйлдэхгүйгээр ажлаа хаяад явсан. Харин манайх дутуу ажлыг гүйцээж 2013-07-08-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч 2013 оны 6 дугаар сард манайхтай байгуулсан гэрээ, төсөвгүйгээр ажил гүйцэтгэсэн байх бөгөөд уг ажлынхаа талаар маргаан үүсгэхдээ хожим мэргэшсэн төсөвчин Р.Батцолмонгийн 2015 онд зохиосон 161 985 630 төгрөгөөр тооцож, үлдэгдэл 91 985 630 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй. “Х” ХХК нь О” ХХК-ийн туслан гүйцэтгэгч болохоос №С-ГТ-5 2013-78 тоот гэрээний оролцогч биш тул уг гэрээний дагуу төсвөөр үнэлгээг тооцох боломжгүй. “О” ХХК-иас “Х” ХХК-тай 161 985 630 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгүүлэхээр тохиролцоогүй бөгөөд манай байгууллагатай тохиролцон батлаагүй төсвийг үндэслэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. “Х” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын төлбөрөөс илүү 72 483 000 төгрөгийг шилжүүлсэн. “Х” ХХК-д 84 263 502 төгрөгийн төсөвтэй ажил хийх санал тавьсан боловч нэхэмжлэгч нь ажлаа дутуу хаяаад явсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа шинжээчийн дүгнэлт гаргасан, эдгээр дүгнэлтээр нэхэмжлэлд дурдсан хэмжээний ажил хийсэн нь тогтоогоогүй. Харин 1.5 км замын ажлыг “О” ХХК бүрэн гүйцэд хийж дуусгаад улсын комисст хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. “Х” ХХК 0.5 км зам барих ажилд 163 143 013 төгрөгийн зардал гаргасан гэх боловч  баримтаа ирүүлээгүй. Нэхэмжлэгч өөрөө ямар ажил хийснээ тодорхойлж мэдэхгүй байснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр 3 ажил хийсэн нь тогтоогдсон гэж байгаа нь үндэслэлгүй.  Нэхэмжлэлд бичигдсэн 6 төрлийн ажлаас алийг нь гүйцэд хийсэн, аль ажлаа дутуу хийсэн, тэдгээр ажил ямар төсөвтэй байсан, ажлаа хүлээлгэж өгснөө нотолж чадахгүй байна. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулах талаар “О” ХХК-д мэдэгдэл, хүсэлт, шаардлага гаргаж байсныг нотлоогүй, даамал  улаан шугамыг хэзээ хэрхэн тавьж өгсөнтэй холбоотой баримтгүй. Өөрийн хийж гүйцэтгэсэн гэх ажлаа уг ажлын зөвлөхөөр ажиллаж байсан “Танил санаа” ХХК-д хүлээлгэж өгсөн бол хүлээлгэж өгсөн талтайгаа хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй, учир нь талууд хийх ажлынхаа талаар тохиролцсон бол шинжээчийн дүгнэлт яригдах ёстой. Нэхэмжлэгч тухайн үед Хүй долоон худагт үйлчилгээний зогсоол дээр ажил гүйцэтгэсэн бөгөөд 0.5 км замын ажлыг хийх гэж оролдоод орхиод явчихсан. Эдний компанийг тодорхой эрх бүхий албан тушаалтны гуйлтаар ажиллуулсан. “Очирням” ХХК, “Хайвэй Интернэшнл” ХХК-иар нөхөн сэргээлт хийсэнтэй холбоотой баримтыг ирүүлсэн, гэтэл энэ нь түүний үйлчилгээний талбайд ажил гүйцэтгэсэнтэй холбоотой баримт. Манайх ажлыг өөрсдийн санхүүжилтээр 2013-05-30-ны өдөр эхэлж, 2013-07-03-ны өдөр эхний санхүүжилтээр 30 сая төгрөгийг урьдчилгаа болгож шилжүүлсэн. Иймд “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/00830 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасныг баримтлан “О” ХХК-иас 91 985 630 төгрөг гаргуулах “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар “Х“ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 617 880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар  сарын 15-ны өдрийн 210/МА2017/01139 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/00830 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Даваахүү гомдолдоо:  Иргэний хуулийн 344.2, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011-07-18-ны өдрийн 200-р тушаалын хавсралтаар батлагдсан “Авто зам, замын байгууламжийн барилга засварын ажлын төсөв зохиох заавар"-ын 5-н заалтыг шүүх анхаарсангүй. Х ХХК болон О ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарын хоорондын гэрээний харилцаа үүссэн гэдгийг шүүх зөв дүгнэсэн боловч хууль зүйн хувьд ийм зохицуулалт бүхий харилцаанд тухайн автозам барилгын ажлыг гүйцэтгэх төсвийг захиалагч Нийслэлийн автозамын газраас нэгэнт зохиосон байсан төсвөөс өөр төсөв зохиох эрхгүй гэдгийг анхаараагүй, дүгнэлт хийгээгүй ба ажил гүйцэтгэх төсөв, ажлын хөлсний хэмжээг анхнаасаа харилцан тохиролцоогүй гэдэг нь буруу юм. Өөрөөр хэлбэл, уг төсвөөс өөр төсөв Х ХХК болон О ХХК нарын хоорондын харилцаанд зохиогдох үндэслэлгүй. Мөн Нийслэлийн авто замын газар болон О ХХК-ийн хооронд байгуулсан гэрээгээр тохиролцсон ажлын хөлсний хэмжээг буруу ойлгосон буюу 1.5 км авто замыг 161.985.630 төгрөг гэж маш буруу бичсэн байна. Монгол Улсын хэмжээнд 2013 оны байдлаар 1.5 км урттай замыг 162 орчим сая төгрөгийн төсөвтэйгээр хийж байсан тохиолдол огт байхгүй. Харин хэрэгт авагдсан баримтаас харахад энэхүү 1.5 км урттай замын төсөв нь 1 тэрбум шахуу төсөвтэй бөгөөд үүнийгээ О ХХК бүрэн хүлээж аваад байгаа.  Давж заалдах шатны шүүх  Х ХХК-ийн зүгээс нэхэмжилж буй хийсэн ажлын нэр төрөл, тоо хэмжээ, үнэлгээг огтхон ч ойлгоогүй байна. Учир нь далан дүүргэлтийн ажил, хөлдөлтөөс хамгаалах ажил, цемент бетон суурийн ажил хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй гэж бичсэн байгааг нэг бүрчлэн задаргаа хийж тайлбарлах шаардлагатай болж байна. Үүнд: Технологийн хувьд далан дүүргэлтийн ажил гэдэгт: Ул хөрсийг нягтруулах, Буталсан чулуу, шороон суурь, Хөлдөлтөөс хамгаалах үе, Хайрган хөвөө байгуулах, Цемент бетон суурь. Эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэснээр авто замын далан барих ажил хийгдэж дуусдаг. Өөрөөр хэлбэл, далан барих гэдэг нь дээр дурдсан ажлуудын нийлбэр юм. Буталсан чулуу, шороон суурийг хийхдээ материалаа карьераас ухаж, автосамосвалаар тээвэрлэж авчраад үүгээрээ замын далангийнхаа хамгийн доод суурь хэсгийг барих, дараа нь үүнийхээ дээгүүр нь хөлдөлтөөс хамгаалах үеийн хучилтыг давхарлаж хийдэг, гэтэл хөлдөлтөөс хамгаалах ажил хийсэн гэж бичсэн байх бөгөөд хөлдөлтөөс хамгаалах ажил хийдэггүй, үүний дараа хөлдөлтөөс хамгаалах үеийн хучилтын дээгүүр давхарлаж цемент бетон суурийн үеийн хучилтыг хийдэг. Ингээд далангийн дүүргэлт буюу далан барих ажил хийгдэж дуусдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх далан барих, далан дүүргэх гэж хоёр тусдаа өөр ажлууд мэтээр ойлгож дүгнэсэн нь буруу байна. Хөлдөлтөөс хамгаалах үеийн тухайд магадлалд бичихдээ хөлдөлтөөс хамгаалах ажил хийсэн гэсэн байгаа нь манай компанийг хөлдөлтөөс хамгаалах үе хийсэн бус хөлдөлтөөс хамгаалах ажил хийсэн гэж ойлгосон байгаа нь давж заалдах шатны шүүх зам барих технологийн талаар анхан шатны ямар ч ойлголтгүйгээр хэргийг шийдвэрлэж, манай компанийн хийсэн ажлын нэр төрөл, тоо хэмжээ, үнэлгээний талаар юу ч ойлгохгүйгээр магадлал гаргажээ. Магадгүй хөлдөөхгүйн тулд гал түлсэн ч юм уу, өөр ямар нэгэн халаалтын хэрэгсэл зуны ид халж байдаг 6 дугаар сард авч хэрэгжүүлсэн болж таарах гээд байна. Х ХХК-ийг тухайн нэр төрөл бүхий ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнээд байгаа атлаа ажлын хөлсөө нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь туйлын ойлгомжгүй байна. Шүүх  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах гэснийг хангаж байгаа эсэхийг хэрхэн ойлгож шийдвэрийг хянасан нь ойлгомжгүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад Танил санаа ХХК-ийн тодорхойлолт, Нийслэлийн авто замын газрын ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан баримт; хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбар, Зам тээврийн хөгжлийн төвд О ХХК-иас гаргаж өгсөн “Хүй долоон худаг, 1.5 км хатуу хучилттай авто замын Х ХХК-ийн гүйцэтгэсэн 0.5 км зам барилгын ГША-ын гүйцэтгэл” нэртэй баримтуудаар хангалттай нотлогддог. Тэгэхээр Х ХХК-ийг ажлын гүйцэтгэлээ хүлээлгэн өгөөгүй гэх дүгнэлтийг бид хүлээн зөвшөөрөхгүй байна.   ИХШХШХ-ийн  38.5-д нотлох баримтыг хууль бусаар цуглуулсан бол нотлох чадваргүй гэж заасан байх ба харин тухайн дурдаж буй нотлох баримтыг хэн хэрхэн яаж хууль бусаар цуглуулсан талаар  шүүхэд зохигч талууд огт маргаагүй, манай компанийг тухайн нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулсан гэж хэн ч гомдол гаргаагүй, тийм байхад яагаад нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулсан гэж дүгнэсэн нь огтхон ч тодорхойгүй, шүүх ИХШХШХ-ийн 38.5-ыг хэрэглэх ёсгүй байсан. Иймд  шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

           “Х” ХХК 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажил гүйцэтгэх гэрээний хөлс 161.985.630 төгрөгөөс үлдэгдэл  91.985.630 төгрөгийг  “О" ХХК-с шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдэжээ.

        Нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Х ХХК нь  2013 онд  Хүй долоон худаг, Төмөр зам 361-р гарам чиглэлд автозам барих ажилд О ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж, хариуцагч нэхэмжлэгчид 70 сая төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй, харин хийсэн ажлын талаар маргажээ.

         Тодруулбал, Х ХХК нь Хүй долоон худаг, Төмөр зам 361-р гарам чиглэлд автозам барих ажилд О ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллахдаа 0,5 км замыг асфальтан хучилт хийхээс бусад бүх ажлыг гүйцэтгэсэн буюу “... хуулсан байсан өнгөн хөрсийг тээвэрлэж зайлуулсан, чулуун далан барьсан, цементээр бэхжүүлсэн суурь хийсэн, үерээс хамгаалах шуудуу татсан, хөвөө байгуулсан, карьер нөхөн сэргээсэн...” /хх1/ гэснийг хариуцагч зөвшөөрөөгүй байна.        

      Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно. Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлсийг төлнө.

        Х ХХК нь  0.5 км автозамын  ажилд туслан гүйцэтгэгчээр ажил хийсэн хэдий ч нэхэмжлэгч нь  ямар ажил гүйцэтгэхээр хариуцагчтай тохиролцсон болох нь тогтоогдохгүй байна. Түүнчлэн, гүйцэтгэсэн гэх ажлаа Х ХХК нь захиалагчид хүлээлгэн өгсөн баримт хэрэгт байхгүй байв.

        Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 343-348-р зүйлүүдийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул гомдлыг хангахгүй орхино.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

      1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/00830 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2017/01139 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

        2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 618.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ