Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2019/0138

 

 

 

Б.Т-ийн нэхэмжлэлтэй,

Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Л.Атарцэцэг

                  Г.Банзрагч

                  Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                           Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:            Д.Долгордорж   

Нэхэмжлэлийн шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 76 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох Захиргаа удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа болох 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргад даалгах” 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0747 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2019/0141 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч  Б.Т,  түүний өмгөөлөгч  Ч.Нямцоож,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0747 дугаар шийдвэрээр: Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т-ийн “Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 76 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох Захиргаа удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа болох 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийн 82.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 04-ний хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2019/0141 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0747 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т-ийн” гэснийг “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т-ийн” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол      

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2019/0141 дүгээр магадлалаар миний нэхэмжлэлтэй Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн билээ.

4. Тус шүүхийн 221/МА2019/0141 дүгээр магадлалыг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гардан авч, судалж үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6, 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасан “...шүүхийн шийдвэрт хяналтын журмаар гомдол гаргах;...” эрхийнхээ хүрээнд энэхүү гомдлыг шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1.1-т заасан үндэслэлээр гаргаж байна.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс үүдэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, ажил олгогчийн хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлсэн шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул дор дурдсан үндэслэл, шалтгааны улмаас магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тодруулбал,

6. Давж заалдах шатны шүүх: “...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1.-д заасныг баримтлан түр чөлөөлсөн шийдвэр нь хүсэлт гаргагчийн өөрийн хүсэлтэд үндэслэж, захиргааны байгууллага нь өөрийн эрх хэмжээний хүрээнд ажлаас түр чөлөөлсөн гэж үзэхээр байна....” гэх агуулга бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

7. Миний бие Санхүүгийн зохицуулах хороонд анх 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ажилд орж, ажиллаж байгаад үндэслэлгүйгээр халагдсан ба Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор хариуцагч намайг хууль зөрчиж, ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон. Энэ шийдвэрийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 54 дүгээр тушаалаар тус байгууллагын Захиргаа удирдлагын газарт мэргэжилтнээр эгүүлэн томилсон боловч ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөл, баталгаагаар хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомжид заасан бусад үүргээ зохих ёсоор, бүрэн биелүүлэхгүй, үр гэрээг шинэчлэн байгуулахгүй байсаар дахин 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 76 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр чөлөөлсөн.

8. Хариуцагч дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний хүсэлтийн дагуу албадан биелүүлэх ажиллагаа явуулж биелүүлэхэд хүрсэн ч хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг тэд дүр эсгэн биелүүлсэн. Энэ нь шүүхэд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн 2/15427 тоот албан бичгээс тодорхой харагддаг ба одоог хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаагаагүй байгаа болно.

9. Маргаан бүхий тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.3.1. “хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” гэх заалтыг үндэслэсэн бөгөөд бодит байдалд надад ийм удаан хугацаагаар чөлөө авах зайлшгүй хэрэгцээ, шаардлага байгаагүй.

10. Би 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан өргөдөлдөө “...СЗХ-нд Б.Т миний биеийг Захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн ажлын байран дээр эргүүлэн томилогдож ажиллах шийдвэрийг Улсын дээд шүүхээс тогтоосон. Тиймээс миний бие эргэж ажлын байр, албан тушаал дээрээ ажиллах гэсэн боловч ажлын байрны орон тоо, бүтэц бүрэлдэхүүн /Захиргаа удирдлагын газарт/ дүүрсэн...” гэдгээр шалтаглан намайг ажиллуулахгүй байгаа тухай дурдаад “...ажлын байр, орон тоо байхгүй, ажиллах ширээ сандал, компьютер, орчин нөхцөл зэргээр хангагдаагүй учир...” ажиллах ямар ч боломжгүй байгаагаа тайлбарлаад, хэрвээ намайг одоохондоо ажиллуулах боломжгүй байгаа бол “...*******-д эмчилгээнд явах шаардлагатай байгаа учраас дотоод зохион байгуулалт, орон тооны асуудал шийдэгдтэл хүлээх /СЗХ-ны Захиргаа удирдлагын газрын/ зуураа буюу тус эмчилгээнд яваад эргэж ирээд 2018 оны 11 дүгээр сард эргэж ажилдаа орох хүсэлтэй байгаагаа уламжилж байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэснээс бус шууд тодорхой хугацаагүйгээр чөлөөлж өгөхийг хүсээгүй. Тухайн үед ажил олгогч байгууллагын дотоод журамд заасан хугацаагаар чөлөө өгсөн эсхүл ажиллах орчин нөхцөл, баталгаагаар хангасан бол би ажлаа үргэлжлүүлэн хийх эсвэл заасан хугацаанд хүлээх бүрэн боломж байсан.

11. Дээрх өргөдлийг гаргахаас өмнө хэд хэдэн удаа удирдах албан тушаалтнуудад нөхцөл байдлаа танилцуулж, уулзаж байсан боловч тэд өргөдлөө өгөөд хүсэлтээрээ чөлөөлөгд, чамтай хамтарч ажиллахгүй гэх зэргээр шахалт үзүүлэхээс өөрөөр ажиллах орчин нөхцөл, баталгааг хангах талаар ямар ч зүйл хийгээгүй учир өргөдөл гаргахаас өөр сонголт надад үлдээгүй.

12. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх “...чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан...” гэж намайг буруутгахдаа хүсэлт гаргах болсон урьдач шалтгаан, нөхцөлийг бодитой үнэлээгүй. Өөрөөр хэлбэл ажилтан захиргаан /ажил олгогч/-ы аливаа шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан хүсэлтээр эрхэлж буй төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан эсэх, мөн хуульд заасанчлан 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон эсэх, энэ нь тогтоогдож буй эсэх, үүнийг ажил олгогч тодруулж, тогтоосон эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой байсан болно.

13. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0747 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2019/0141 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

14. Жич: Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт биеэр оролцох хүсэлттэй байгаа тул шүүх хуралдааны товыг мэдэгдэнэ үү. Мөн миний бие өмнө шүүхэд хэргийн үйл баримт, үүссэн нөхцөл байдлын талаар удаа дараа холбогдох тайлбарыг бичгээр хүргүүлж байсныг анхаарч, гомдолд тусгасан үндэслэлүүдийг дэлгэрүүлэн судалж, хэргийг шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр, магадлал хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

16. Нэхэмжлэгчээс “Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа хийлгүүлж байгаа... намайг ажиллах ажлын байр, орчин нөхцөл, боломжоор минь бүрэн хангаж өгөхгүй, цалин хөлс бодож өгөхгүй байсаар, намайг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт огт гаргаж уламжлаагүй байхад 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 76 тоот тушаалаар “өөрийнх нь хүсэлтийг үндэслэн” хэмээн дахиад үндэслэлгүйгээр намайг ажлаас минь чөлөөллөө” гэж, хариуцагчаас “Б.Т Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албанд 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “...*******-д эмчилгээнд явах шаардлагатай байгаа учир 2018 оны 11 дүгээр сард ажилдаа эргэн орох хүсэлтэй байна...” гэсэн утгатай өргөдлийг гаргасан байдаг...эмнэлгийн шалтгаанаар 2018 оны 11 сар хүртэл чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул ...түүний эрх ашигт хамгийн таатай нөхцөлөөр буюу ...ажлаас нь түр чөлөөлж шийдвэрлэсэн...” гэж тус тус маргажээ.

17. Нэхэмжлэгч Б.Т-г Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 76 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, Улсын Их Хурлын 2006 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм”-ийн 4.5.4, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 160 дугаар тушаалаар баталсан “Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.11.3, ажилтны өөрийнх нь хүсэлтийг тус тус үндэслэн “*******-д удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон” тул Захиргаа удирдлагын газрын мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлжээ.

18. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д зааснаар “хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” бол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас түр чөлөөлж, төрийн албан хаагчийг нөөцөд авах учиртай.

19. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Т нь Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албанд хандаж 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан өргөдөлдөө “Санхүүгийн зохицуулах хороонд Б.Т миний биеийг Захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн ажлын байран дээр эргүүлэн томилогдож ажиллах шийдвэрийг Улсын дээд шүүхээс тогтоосон. Тиймээс миний бие эргэж ажлын байр, албан тушаал дээрээ ажиллах гэсэн боловч ажлын байрны орон тоо, бүтэц бүрэлдэхүүн /Захиргаа удирдлагын газарт/ дүүрсэн, ажлын байр, орон тоо байхгүй, ажиллах ширээ сандал, компьютер, шаардлагатай орчин нөхцөл зэргээр хангагдаагүй учир мөн миний бие *******-д /Солонгос/ эмчилгээнд явах шаардлагатай байгаа учраас дотоод зохион байгуулалт, орон тооны асуудал шийдэгдтэл хүлээж, мөн тус эмчилгээнд яваад эргэн ирээд 2018 оны 11 сард эргэн ажилдаа орох хүсэлтэй байгааг уламжилж байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Жич: Холбогдох баримт /3 хуудас/-уудыг хавсаргав” гэсэн байна.

20. Нэхэмжлэгчээс хариуцагчид хандаж гаргасан өргөдөл нь эрүүл мэндийн шалтгаан болон бусад шалтгааны улмаас 2018 оны 4-11 дүгээр сар хүртэл чөлөө авах тухай байжээ. 

21. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн  11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно”, 80.2-т “Чөлөөтэй байгаа хугацаанд тэтгэмж олгох, эсэх асуудлыг хамтын ба хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар зохицуулна” гэж тус тус заасны дагуу шийдвэрлэхээр байна.  

22. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгчээс 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан өргөдөлдөө 11 дүгээр сард ажилдаа эргэн орох тухай хүсэлт илэрхийлсэн нь “1 жилээс дээш хугацаанд” хамаарахгүй байгаа нь өргөдлийн агуулгаас тодорхой харагдаж байхад Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хуулийн заалтад нийцээгүй байна.

23. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн энэ заалтыг буруу тайлбарлаж, маргааны үйл баримтад хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэгчийн “Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 76 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох Захиргаа удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулах нь зөв юм.

            24. Хариуцагч нь нэхэмжлэгчийн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй тохиолдолд чөлөө өгөхөөс татгалзах, эсвэл Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-д заасан зохицуулалтын дагуу цалинтай, цалингүй чөлөө өгөх, тэтгэмж олгох эсэх асуудлыг шийдэх бүрэн эрхтэй байсныг дурдах нь зүйтэй.

25. Харин нэхэмжлэгчийн хүсэл зориг нь ажлаа үргэлжлүүлэн хийх биш, тодорхой хугацааны чөлөө авах хүсэлтэй байсан учир “ажилгүй байсан хугацаа болох 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

26. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” тохиолдолд мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тус тус заасан байна. 

27. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0747 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2019/0141 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 80 дугаар зүйлийн 80.1, 80.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т-ийн “Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 76 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох Захиргаа удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “ажилгүй байсан хугацаа болох 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 

             ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН