Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2016/05243/и |
Дугаар | 5243 |
Огноо | 2016-07-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 5243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, зүүн Ард Аюуш 12 гудамж, 354б тоотод оршин суух Боржгин овогт Цэнд-Аюушийн Мөнхөө /регистрийн дугаар АВ82052214/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Эрдэнэтолгой 36 гудамж, 25 тоотод оршин суух Боржигон овогт Монхоожийгийн Энхбаяр /регистрийн дугаар УВ65051509/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 20,075,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Мөнхөө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, хариуцагч М.Энхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мөнхөө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Ц.Мөнхөө миний бие өөрийн танилын төрсөн эгч болох М.Энхбаяртай харилцан тохиролцсоны үндсэн дээр түүнд 2015 оны 11 сарын 26-ны өдөр 13,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн бөгөөд бид ярилцаад мөнгөнийхөө хүүнд М.Энхбаярын байранд суухаар харилцан тохиролцсон юм. Ингээд би түүнд 13.000.000 төгрөгийг 2015 оны 11 сарын 26-ны өдөр хүлээлгэн өгсөн болно. Хэсэг хугацааны дараа М.Энхбаяр эгч надад хандан эгчдээ дахин тус болооч, эгчид нь мөнгө хэрэг болоод байна, хүүтэй мөнгө зээлээч хэмээн гуйгаад байхаар би түүнтэй ярилцаад түүнд хүүтэй мөнгө зээлдүүлэхээр болсон. 2015 оны 12 сарын 12-ны өдөр би М.Энхбаярт 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн болно. Энэ мөнгөнөөс М.Энхбаяр эгч 4,800,000 төгрөгийг надад өгсөн болно. 2015 оны 3 сарын 12 болоод би мөнгөө нэхэхэд М.Энхбаяр нь одоо удахгүй мөнгийг чинь өгнө гэсээр удаад байхаар нь би арга буюу 2 гэрээгээ шинэчлэн 2015 оны 4 сарын 23-ны өдөр хийж, нотариатаар орж баталгаажуулсан. Хугацаагаа нэг сараар сунгаж хийсэн боловч М.Энхбаяр нь хугацаанаасаа өмнө мөнгөө өгчихнө гэж байсан боловч одоо болохоор мөнгийг чинь өгөх боломжгүй мэтээр ярих болсон тул шүүхэд хандаж байна. М.Энхбаяраас 2015 оны 11 сарын 26-ны өдөр зээлдүүлсэн 13,000,000 төгрөг, 2015 оны 12 сарын 12-ны өдрийн гэрээний мөнгөний үлдэгдэл 7,075,000 төгрөг, нийт 20,075,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Мөнхөө болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“10,000,000 төгрөг нь 3 сарын хүүтэйгээ 11,500,000 төгрөг болсноос 4,800,000 төгрөгийг хасаж тооцсон. 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 1 сар 8 хоногийн хугацаатай 7,075,000 төгрөг дээр гэрээ хийгдсэн. 375,000 төгрөг нь 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээний хүү юм. Нийт 6,315,000 төгрөгийг 10,000,000 төгрөгнөөс өгсөн байгаа. М.Энхбаяраас 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 13,000,000 төгрөг, тохиролцсон ёсоор 6 сараар байранд нь суусан учраас хүүгээ нэхэмжлээгүй, 13,000,000 төгрөгөө бүтэн нэхэмжилж байна. Сүүлийн 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний үлдэгдэл 5,560,000 төгрөг гээд нийт 18,560,000 төгрөгийг одоо нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлага үндсэндээ багасаж байгаа юм. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 1,515,000 төгрөгийг өгсөн учир өнөөдрийн байдлаар 18,560,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Хариуцагч М.Энхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:
“М.Энхбаяр миний бие Ц.Мөнхөөгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. М.Энхбаяр миний бие Ц.Мөнхөөгөөс 2015 оны 11 сарын 26-ны өдөр 13,000,000 төгрөг, мөн 2015 оны 12 сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг зээлж авсан минь үнэн бөгөөд авсан мөнгөө дараах байдлаар цувуулан төлсөн байна. Би Ц.Мөнхөөд байрны түрээсийн мөнгийг нь сарын 540,000 төгрөгний түрээсийн төлбөрийг 7 сар өгч, нийт 3,780,000 төгрөг байрны түрээст өгсөн байна. 2016 оны 03дугаар сарын 26-нд 3,000,000 төгрөгийг бэлнээр данс руу нь шилжүүлсэн байна. 2016 оны 05 дугаар сард 480,000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. 2,000,000 төгрөгийг манай дүү М.Гэрэлцэцэг өгсөн. 800,000 төгрөг бэлнээр өгсөн байна. Ингээд байрны түрээсийн мөнгөтэй нийлээд нийт 10,060,000 төгрөг өгсөн байна. Одоо үлдэгдэл төлбөр болох 12,940,000 төгрөгөө төлөх болно, гэхдээ би лангуугаа Наранчимэг гэх хүнд хураалгачихсан. Энэ асуудал нь шүүхээр явж байгаа тул санхүүгийн ямар нэг эх үүсвэр байхгүй байна” гэжээ.
Хариуцагч М.Энхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“М.Энхбаяр нь Ц.Мөнхөөгөөс 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 13,000,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус зээлж авсан. 13,000,000 төгрөгийн зээлийн хугацаа нь 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй гэж тохиролцоод хүүнд нь М.Энхбаярын түрээслэж байсан байранд Ц.Мөнхөөгийн ээжийг нь байлгаад, сар болгоных нь байрны түрээсийг төлөхөөр тохиролцсон байдаг. 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлж авсан мөнгө нь 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй гэж зээлж авсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь М.Энхбаяр нь өөрөө бичиг үсгийн чадваргүй, боловсролгүй хүн байгаа. Бичиг, үсэг мэддэггүй. Зээлийн гэрээнд М.Энхбаяр өөрөө гарын үсэг зураагүй, дүү М.Гэрэлцэцэг гарын үсэг зурсан. Тийм учраас энэ зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ гэж үзээд, өгсөн мөнгөө Ц.Мөнхөөгөөс авсан мөнгөнөөс дараах байдлаар хасаж тооцож байгаа 10,000,000 төгрөг авсан гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзээд, хүү төлөх ёсгүй гэж үзэж байна. Өмнөх 13,000,000 төгрөгийн зээлээс М.Энхбаяр нь Ц.Мөнхөөгийн амьдарч байсан байрны түрээс 3,780,000 төгрөгийг төлсөн байдаг. Дансаар 3,000,000 төгрөг, 480,000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сард дансаар, 2,000,000 төгрөгийг дүү М.Гэрэлцэцэгтэй тохиролцсоны үндсэн дээр М.Гэрэлцэцэг нь Ц.Мөнхөөд шилжүүлсэн. 800,000 төгрөгийг Ц.Мөнхөөд бэлнээр өгсөнд байдаг. Сүүлд нь 1,515,000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш өгсөн. Ингээд нийт 20,750,000 төгрөгнөөс 8,535,000 төгрөгийг хасахаар 11,540,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Байрны түрээсэнд өгсөн 3,780,000 төгрөгийг үндсэн 13,000,000 төгрөгнөөс хасуулж, энэ мөнгөнөөс гадна 6,315,000 төгрөгийг Ц.Мөнхөөд өгсөн тул 11,540,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мөнхөө нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зээлдүүлсэн 13,000,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний мөнгөний үлдэгдэл 7,075,000 төгрөг, нийт 20,075,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч М.Энхбаяр эс зөвшөөрч зээлийн үлдэгдэл 11,540,000 төгрөгийг л төлөх үндэслэлтэй гэж маргажээ.
М.Энхбаяр нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 13,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй Ц.Мөнхөөгөөс зээлж, зээлийн хүүнд нь байрандаа суулгах, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 13,000,000 төгрөгийг буцаан өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. /хх-4 дүгээр тал/ Мөн 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ц.Мөнхөөгөөс 10,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлж, зээлийг 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. /хх-6 дугаар тал/
Зохигчдын байгуулсан дээрх тохиролцоо бүхий гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 193 дугаар зүйлийн 193.1-д “үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг ... шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ” гэсэн заалтын аль алинд нь нийцсэн, зээлийн гэрээний үндсэн шинжийг агуулсан гэрээ байна.
2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Ц.Мөнхөө, М.Энхбаяр нар өмнө нь байгуулсан хоёр зээлийн гэрээг шинэчлэн 13,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй Зээлийн гэрээ /хх-5 дугаар тал/, 10,000,000 төгрөгийн үлдэгдэл 7,075,000 төгрөгийг 1 сар 8 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй Зээлийн гэрээг /хх-7 дугаар тал/ байгуулж, нотариатаар баталгаажуулсан байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байдаг бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Ц.Мөнхөө, М.Энхбаяр нарын хооронд хийгдсэн 13,000,000 төгрөгийн гэрээг нөхөж байгуулсан, 7,075,000 төгрөгийн гэрээг бодит байдал дээр зээл олгогдоогүй, урьд гэрээгээр олгогдсон зээлийн хүүг давхардуулан тооцсон, олгогдоогүй зээлд хүү тооцсон байх тул эдгээр зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчаас мөнгө нэхэмжлэх эрхгүй гэж үзнэ.
Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 13,000,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг зээлж, зээлдүүлсэн талаар маргаагүй.
Шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар талууд 13,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж, зээлүүлэхээр харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байх бөгөөд энэ тохиролцоо нь тухайн үед зохигчдын хүсэл зоригийн чөлөөт илэрхийлэл байсан байна.
Нэхэмжлэгч Ц.Мөнхөө нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 13,000,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөгийг М.Энхбаярын данс руу шилжүүлсэн болох нь Хаан банкны харилцах дансны гүйлгээ /хх- 18, 21 дүгээр тал/-ний хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагч “...2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10,000,000 төгрөгийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж, уг гэрээний дагуу хүү төлөх ёсгүй. Учир нь М.Энхбаяр нь бичиг үсэг мэдэхгүй, уг гэрээнд өөрөө гарын үсэг зураагүй, түүний дүү М.Гэрэлцэцэг гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр бус гэрээ...” гэх тайлбарыг өгсөн.
Зохигчдын хооронд 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хийгдсэн гэрээн дээр ”...Гэрээ хийсэн гэсэн бичиглэлийн ар талд Энхбаяр гэж гарын үсэг зуран, доод талд нь “Боржигон Монхоожий Энхбаяр” гэсэн тэмдэг дарсан байна. /хх-6 дугаар тал/
Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон М.Гэрэлцэцэг “...өөрөө гарын үсэг зураад зөвшөөрсөн байдаг... манай найз гомдол мэдүүлээд, тэрний дагуу бичгийн хэвний шинжээчид бичгээ өгөхөд миний гарын үсэг биш гэдэг нь тогтоогдсон...” гэж мэдүүлсэн.
Хариуцагч “...2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хийгдсэн гэрээн дээр гарын үсэг зураагүй...” гэх тайлбарыг өгсөн боловч энэ талаарх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Хариуцагч нь 13,000,000 төгрөг, 10,000,000 төгрөгийг хүлээн авснаар тухайн мөнгийг захиран зарцуулах эрх үүсч, энэ үеэс зээл, зээлийн хүүг төлөх үүрэг бий болно.
Зохигчид хүү, анз тогтоосон зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байх ба зээлсэн 13,000,000 төгрөг, 10,000,000 төгрөгт тус тус хүү тооцох, хугацаа хэтрүүлсэн тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх үндэстэй гэж үзнэ.
М.Энхбаяр 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 13,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй зээлж, зээлийн хүүнд нь Ц.Мөнхөөг байрандаа суулгахаар тохиролцсон байх тул гэрээний дагуу М.Энхбаяр нь зээлийн хүү төлөхгүй, үндсэн зээл 13,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлсэн байх тул зээлдэгч зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлд 10,000,000 төгрөг, 3 сарын хүү 1,500,000 төгрөг, нийт 11,500,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 6,315,000 төгрөгийг төлсөн байна. Ц.Мөнхөө нь зээлийн гэрээний дагуу алданги нэхэмжлээгүй болно.
Хариуцагч 10,060,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэх тайлбарыг өгсөн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад төлбөрийн тооцоог дахин нягтлан тооцоолсны үндсэн дээр 6,315,000 төгрөг төлсөн гэх тайлбарыг өгсөн.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,315,000 төгрөг төлсөнийг зохигчид хүлээн зөвшөөрч, энэ талаар маргааүй. Харин хариуцагч нь нэхэмжлэгчийн зээлийн гэрээний дагуу амьдарч байсан байрны түрээсийн төлбөрт төлсөн 3,780,000 төгрөгийг зээлээс хасч тооцох ёстой гэж маргасан боловч өөрийн тайлбар, татгалзлыг баримтаар нотлоогүй болно.
Иймд хариуцагчаас 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 13,000,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 11,500,000 төгрөг төлөхөөс зээлдэгчийн төлсөн 6,315,000 төгрөгийг хасч 5,185,000 төгрөг, нийт 18,185,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,890,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10,000,000 төгрөгийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байгаа талаар тайлбарыг гаргасан боловч гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан, хариуцагч М.Энхбаяраас 18,185,000 /арван найман сая нэг зуун наян таван мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Мөнхөөд олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,890,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,325 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд нийцэх 248,875 төгрөгийг хариуцагч М.Энхбаяраас гаргуулан нэхэмжлэгч Ц.Мөнхөөд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР