Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 208/МА2024/00026

 

******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 148/ШШ2024/00113 дугаартай шийдвэр

Нэхэмжлэгч ******* ******* ХК,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14,222,063.96 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,145,661 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 107,852.15 төгрөг, нотариатын зардалд 3,200 төгрөг, нийт 16,478,777.11 төгрөг гаргуулах тухай,

Хэргийг хариуцагч *******ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнаран, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1.Зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар нь ХААН *******ны Сэлэнгэ салбарын Ерөө тооцооны төвөөс 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ/202247710906 дугаартай зээлийн гэрээ байгуулж 17,637,388.53 төгрөгийг жилийн 13.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хувийн хэрэгцээний зориулалтаар авсан.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр БГХ/202247710906 дугаартай барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан.

Зээлдэгч нар нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 3,415,324.57 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,150,587.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,104.09 төгрөг, нийт 4,572,016.62 төгрөг төлсөн.

Зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар нь зээлээ хугацаандаа төлөөгүй 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нийт 382 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн, мөн зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, хүү төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна.

Иймд ******* Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна. Үүнд:

1. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт:

А/ Үндсэн зээлийн төлбөр 14,222,063.96 төгрөг

Б/ Зээлийн хүүгийн төлбөр 2,145,661 төгрөг

В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 107,852.15 төгрөг

Г/ Нотариатын зардал 3,200 төгрөг

Нийт 16,478,777.11 төгрөгийг гаргуулах.

Улсын тэмдэгтийн хураамж 240,345 төгрөг гаргуулах.

Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ.

2022 оны 04 сарын 13-ний өдрийн зээлийн гэрээгээр 17, зээлийн гэрээ байгуулж цалингийн зээл авсан. 2023 оны 11 сар хүртэл 380 хоног хугацаа хэтэрсэн байсан. Нийт 16,478,777.11 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

 Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

1.Тухайн үед би ажил хийдэггүй байсан. Энэ хүнд би өрөө дараарай гээд авто машинаа өгөөд явуулсан. Сүүлд авсан 8,000,000 төгрөгнөөс би мөнгө аваагүй. Би өрх толгойлсон 4 хүүхэдтэй. Энэ зээлийг төлвөл хүүхдүүдээ тэжээх боломжгүй байдалд хүрнэ гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 148/ШШ2024/00113 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ******* овогт ******* //, ******* овогт *******ийн ******* /*******/ нараас Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14,222,063.96 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,145,661 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 107,852.15 төгрөг, нотариатын зардалд 3,200 төгрөг, нийт 16,478,777.11 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХААН ******* ХК-нд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар төлсөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,345 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 240,345 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо:

******* *******ны нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох Зээлийн төлбөрт 16.478.777,11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 148/шш2024/00113 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч доорхи үндэслэлээр хариуцагчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байна.

Тус шийдвэрийн Үндэслэх хэсэгт ....хариуцагч *******, ******* нараас тэнцүү дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулах нь зүйтэй байна... гэжээ.

Гэтэл Тогтоох хэсэгт... *******, ******* нараас ...16.478.777,11 төгрөгийг гаргуулж ******* *******инд олгосугай гэж заажээ.

Миний бие нь *******ээс гэрлэлтээ цуцлуулсан ба өрх толгойлсон 4 хүүхэдтэй үлдсэн. Нэгэнт гэрлэлт цуцлагдсан учраас зээлийн үүргийн хувьд тус тусдаа хүлээх үүрэгтэй болсон. Шүүхийн шийдвэр нь бусдад ойлгомжтой, эргэлзээ төрүүлэхгүй байх ёстой.

Нэгэнт шүүх дээрхи төлбөрийг тэнцүү хэмжээгээр гаргаж байгаа нөхцөлд Тогтоох хэсэгтээ 16.478.777,11 төгрөгийг хувааж дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд дээрхи мөнгийг хуваагаагүй байдлаас шалтгаалж заавал 16.478.777,11 төгрөг нь бүрэн төлөгдөж байж миний үүрэг дуусахаар ойлгогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас энэ талаар лавлахад "Шүүхээс тогтоох хэсэгтээ төлбөрийг тэнцүү заагаагүй нөхцөлд тал мөнгийг намайг төлсөн ч үүргээс чөлөөлөгдөхгүй гэж хэлсэн. Иймээс шүүхийн шийдвэрт хууль, утга агуулгын өөрчлөлт оруулж үнийн дүнг тэнцүү хэмжээгээр тусгаж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гомдолд дурдснаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт *******, *******т нарт тэнцүү дүнгээр нэхэмжлэлийн шаардлага гаргуулах нь зүйтэй гэж байгаа. Гэтэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт *******, ******* нараас 16,478,777.11 төгрөг гаргуулсугай гээд гарчихсан. Энэ нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасан тогтоох хэсэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана гэж заасан. Тогтоох хэсэгт хариуцагч нар ямар эрх, үүрэгтэй вэ гэдгийг тус тусад нь тусгаж өгөх ёстой байсан. Шууд хоёулангаас нь гаргахаар заагаад өгчихсөн. Энэ нь өөрөө шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр очихоор ойлгомжгүй болж ирнэ. Хэрвээ миний үйлчлүүлэгч *******ийн хувьд дансыг барьлаа гэж бодоход нэхэмжилсэн мөнгийг гартал нь дансыг нь нээхгүй ба шүүхийн тогтоох хэсэгт ингэж заасан учир тогтоох хэсгийн заалтыг баримтална гэсэн эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгаа учраас тогтоох хэсэгт тэнцүү хэмжээгээр оролцуулж өөрчлөлт оруулж өгнө үү. Үнийн дүнд ямар нэгэн маргаан байхгүй гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хуулийн 240 дугаар зүйлийн 240.1.2-д заасан заалтын дагуу зээлийн гэрээнд тусгагдаж байгаа. Үүнд адилхан үүрэг хүлээнэ гэж байгаа. Аливаа нэгэн зээлийн гэрээг хувааж төлнө гэсэн үүргийг хүлээхгүй. Тийм учраас уг зээлийн төлбөрийг төлж дуусах хүртэл ижил үүрэг хүлээж зээлийг дуусгах ёстой гэв.

 ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* ******* ХК-ийн Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг тус тус зөрчөөгүй боловч хэргийн үйл баримтыг зөв тогтоож, эрх зүйн дүгнэлтийг зөв хийсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

3.Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэл, давж заалдах гомдлын талаар:

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Сэлэнгэ салбар нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,222,063.96 төгрөг, зээлийн хүү 2,145,661 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 107,852.15 төгрөг, нотариатын зардал 3,200 төгрөг, нийт 16,478,777.11 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/202247710906 тоот зээлийн, БГХ/202247710906 тоот барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан, үндсэн зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нараас гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

Хариуцагч ******* ...Хүлээн зөвшөөрч байна. гэж,

Хамтран үүрэг гүйцэтгэгч ...Уг зээлийг би өөрөө аваагүй, Тухайн үед би ажилгүй байсан. Одоо гэрлэлтээ цуцлуулж тус тусдаа үүрэгтэй болсон тул зөвшөөрөхгүй... гэж маргасан байна.

******* ******* ХК-ийн Сэлэнгэ салбар болон хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх хуульд заасан шаардлагуудыг хангасан, энэ талаар анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Зээлдүүлэгч ******* ******* ХК-ийн Сэлэнгэ салбар нь зээлийн гэрээний дагуу 17,637,388.53 төгрөгийг зээлдэгч *******т олгосон бөгөөд ******* нь тус гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, гэрээний талууд гэрээ байгуулсан талаар маргаангүй, харин уг гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч ******* уг мөнгийг аваагүй тул төлөхгүй гэж маргажээ.

Зээлдэгч нь 17,637,388.53 төгрөгийн зээлийн гэрээг 30 сарын хугацаатай байгуулсан байх ба үндсэн зээлдэгч ******* зээлээ 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нийт 382 хоног хугацаа хэтрүүлж үүргийн зөрчил гаргасан байна.

Зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийг үүргээ зөрчсөн, зээлдүүлэгч нь үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлж, үүргийн зөрчил гаргасан гэж нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай шаардлага гаргах эрхтэй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч нь зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

Хариуцагч ******* нь зээлийн гэрээний хугацаанд төлбөрийн хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээл 14,222,063.96 төгрөг, зээлийн хүү 2,145,661 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 107,852.15 төгрөг, нотариатын зардал 3,200 төгрөг, нийт 16,478,777.11 төгрөгийн төлбөртэй болох нь тогтоогдсон тул зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нараас үүрэг биелүүлэхээр гаргасан шаардлага үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж зааснаар дүгнэсэн боловч хэнээс хэдэн төгрөг гаргуулах талаар тодорхой дүгнэлт хийхгүйгээр зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нараас 16,478,777.11 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь энэхүү хэргийн үйл баримтанд тохироогүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч нарт гэрээний үүрэг болох 16,478,777.11 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу тавь тавин хувиар хариуцуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь: Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь гэр бүлийн хамтын амьдралтай, 4 хүүхдийн эцэг эх байх хугацаандаа дээрх зээлийг авсан байх бөгөөд амьдралын явцад гэрлэлтээ цуцлуулан эх ******* 4 хүүхдээ өөрийн асрамжинд авсан, зээл авах үед зээлдэгч тогтмол орлоготой ажил эрхэлдэг байсан боловч одоогоор ажилгүй байгаа тул хамтран үүрэг гүйцэтгэгчийг одоо тогтмол орлоготой ажил эрхэлдэг болсон гэдэг үндэслэлээр бүх хариуцлагыг ногдуулах нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д .. үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэсэн заалтад нийцэхгүй байх тул шүүхээс зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нарын гэрээгээр хүлээсэн үүргийг тэнцүү хэмжээгээр хариуцуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.

Зээлдэгч *******, хамтраг үүрэг гүйцэтгэгч ******* нь гэрлэлтээ цуцлуулсан, тэдгээрийн хамтын амьдрал дуусгавар болсон болох нь тэдгээрийн тайлбараар нотлогдсон энэ талаар талууд маргаангүй байгаа болно.

 Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 148/ШШ2024/00113 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, хариуцагч *******ийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагч *******ийн гомдлыг хангасан тул түүний давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүх захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 148/ШШ2024/00113 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

 1 дэх заалтыг:

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 242 дугаар зүйлийн 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ******* овогт ******* ээс // 8,239,389 төгрөг, ******* овогт *******ийн *******ээс /*******/ 8,239,389 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХААН ******* ХК-нд олгосугай гэж,

2 дахь заалтыг:

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар төлсөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,345 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 120,173 төгрөгийг, *******ээс 120,173 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ