Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/95

 

                                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж

Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Ц Бид холбогдох 1912........ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: Б овгийн Ц Б /РД:/  

 

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ц.Б нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ....тоотод хохирогч Д.М толгойн зулай хэсэгт хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун ташаа, баруун бугалганд жижиг цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөрдөн байцаалтын үед:  

  Хохирогч Д.М өгсөн:...2019 оны 02 дугаар сарын 28-ны 22 цагийн үед Б манай хашааг даваад хамт явж байсан хоёр согтуу хүнтэйгээ орж ирсэн. Өөрөө ч гэсэн нилээн согтуу байсан. Цагаан сараас хойш орж ирээгүй байсан тул манай хүнтэй золгосон. Тэгээд цай уугаад нэг шил архи гаргаж өгсөн. Тэр архинаас нэг хоёр л уусан байх, гэрт агсараад, чанга чанга дуугараад орилоод байсан. Өндөр настай ээжийн минь бие жаахан тааруу унтаж байсан. Хөгшин ээжийн маань бие жаахан тааруу байгаа шүү, Баа жаахан дуугаа намсгаарай гэтэл босч ирээд архитай шил авч манай нөхрийг цохих гэж далайхад нөхөр гараараа хаасан. Гэтэл бугуйн дээр нь цохиод тэр хоёр барьцалдаж аваад манай нөхрийн цамцыг урсан. Хамт явсан хүмүүс нь салгаж чадахааргүй согтуу байсан. Тэгээд манай гэрээс гарсан. Гэтэл малгайгаа авах гээд манай гэрт буцаж орох гээд байсан би ороод дахиад барьцалдаж зодолдоно гээд хориглотол намайг түлхээд үснээс зулгаасан. Ийм л асуудал болсон. Миний биед учирсан гэмтлийг Б учруулсан. Б нь айл амьтан амарч байхад орж ирж ийм асуудал болчихоод үүнийгээ ойлгоосой гэж бодож байна. Ирж уулзаагүй уучлалт ч гуйгаагүй. Бид нэг дор байдаг улсууд учир нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуу/ 

      Гэрч Н.Л өгсөн:...2019 оны 02 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед би өөрийн эхнэрийн хамт гэртээ амрах гэж байсан. Тэгтэл гаднаас манай хашааг даваад нэг эрэгтэй хүн ороод ирсэн. Би хаалгаа тайлтал өмнө надтай хамт морь уядаг байсан, Б гэх залуу байсан. Би тэгээд гэртээ оруулаад цай хийж өгөөд цагаан сараас хойш орж ирээгүй байсан болохоор нь нэг шил Соёрхол гэх 0,5тай архи задалсан. Тэгтэл Б би  хоёр хүнтэй хамт явж байгаа тэр хоёрыгоо оруулаад ирэх үү гээд байсан. Тэгэхээр нь би тэг тэг гээд гэр рүүгээ оруулсан. Тэр хоёр гаднаас орж ирээд бид нар морь яриад сууцгааж байсан. Б орилоод л яриад байсан. Тэгтэл манай эхнэр Б чи аяархан ярь гээд хэлтэл ууж байсан архиныхаа шилээр намайг толгойн тус газарт нэг удаа цохисон. Би шилийг нь бариад автал намайг нэг гараараа үсдээд авсан. Манай эхнэр намайг салгах гээд голоор орж ирэхэд Б манай эхнэр М үснээс атгаж аваад чирээд гэрээс гадагшаагаа гарсан. Тэгээд би цамцаа өмсөөд гартал манай эхнэрийг гаргаад үсийг нь тугаар нь унагачихаад гараад явсан. Тухайн үедээ миний морь хурдан та нар муу сайн юмнууд юу вэ гээд онгироод орилоод байсан. Миний шингэн үснээс татаад унагаад хаясан. Мтолгой нь өвдөөд өвчтэй байгаа.  Б бид хоёрыг зодсон. Архи дарс уугаагүй үедээ дөлгөөхөн, архи уухаараа их агсан юм билээ. Би өөр зүйлийг сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуу/ 

Гэрч Б.Ц өгсөн:...2019 оны 02 дугаар сарын 28-ны орой Б ах болон найз О нарын хамт бид гурав явж байгаад Л гээд Б ахын таньдаг айлд нь орсон. Цагаан сараас хойш орж ирээгүй гээд идээ цагаа болоод архи гаргаж өгсөн. Тэгээд Б ах Л хоёр морь малнаас болж маргалдаад Б ах ширээн дээр байсан шилтэй архийг нь аваад шидчихсэн чинь Л ах уурлаад Б ахыг нэг цохиод авсан. Тэгтэл тэр хоёр барьцалдаад авсан. Тэгээд би юу болж байгаа юм бэ гээд салгаад аваад гарсан. Б ах малгайгаа авах гээд орох гэхэд нь эхнэр нь үүдэн дээрээ оруулахгүй гээд Б ах тэр хоёр маргалдаад эхнэрийг нь түлхчих шиг болсон. Тэгээд малгайг нь аваад явцгаасан. Тэр хоёр хоёулаа том биетэй учраас маш хурдан заамдалцаад авсан. Бийг Л нүүр рүү нь цохилцоод авсан, тухайн үед хэн нь хэнийхээ хаана хаана нь хэдэн удаа яаж цохисныг нь санахгүй байна. Маргааш Бийн нүд нь хөхөрсөн, чихэн дээр нь халцарсан байсан. Тухайн үед би Бтай хамт байсан оруулахгүй гээд байхаар нь би ороод авъя гэсэн тэгтэл аль алийг нь ч оруулахгүй байсан. Тэгээд Б ах маргалдаад эхнэрийг нь түлхчихсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуу/ 

Гэрч Ц.О өгсөн:... 2019 оны 02 дугаар сарын 28-ны орой Б ах дүүтэйгээ хамт бид гурав явж байгаад Б ах Л гээд таньдаг хамт морь уядаг айлдаа орно гээд Б ах хаалгыг давж ороод Лтэй хамт гарч ирсэн. Тэгээд бид гурав гэрт нь  орсон. Гэрт ороход Л гуай нэг шил архи гаргаж өгсөн. Б ах зуухных нь хажууд сууж байгаад дээшээ гарч ширээнийх нь хажууд очоод суутал охин нь та ямар хаашаа юм бэ айлд суух суухгүй газар байдаг, чанга чанга яриад гэтэл Б ах аягалаж байсан шилтэй архийг нь ширээн дээр чанга тавьтал Л нь уурлаад, тэд хоорондоо маргалдаад барьцалдаад авсан. Тэгээд бид гэрээс гараад Б ах малгайгаа авна гээд орох гэтэл эхнэр нь оруулахгүй гээд байх шиг байсан. Тэгээд малгайгаа аваад гараад яваад өгсөн. Тэр хоёр хоёулаа том биетэй учраас маш хурдан заамдалцаад авсан. Нэг нэгэнтэйгээ харилцан цохилцоод байсан. Хэн нь хэнийхээ хаана, хаана нь хэдэн удаа яаж цохисныг нь санахгүй байна. Маргааш нь Б ийн нүд нь хөхөрсөн, чихэн дээр нь халцарсан байсан. Тухайн үед би хашааны гадна байсан учраас юу болсон талаар хараагүй. Ямар ч байсан оруулахгүй гээд л байх шиг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн  17-18 дугаар хуу/

Ц.Бийн яллагдагчаар өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 28-ны 21 цагийн үед Л гэрт нь орж золгосон. Тэгээд тэднийх нэг шил архи өгсөн. Гэрт нь сууж байхад пийшин нь халаад байхаар нь пийшингээс нь зайлаад дээшээ суусан. Гэтэл охин нь хүн суудгүй газар суулаа, чанга чанга яриад байна гэхээр нь шилтэй архийг нь ширээн дээр нь чанга тавьтал Л намайг нүд, чих шанаа руу цохисон. Лд цохиулаад гэрээс нь гарсан. Гарч ирээд малгайгаа авъя гэтэл М нь гартаа тоосго юм уу чулуу бариад оруулахгүй гээд байсан. Тэгэхээр шилийн хүзүүн дээрээс нь түлхсэн. Ийм л асуудал болсон. Тухайн үед нь миний нүд харахгүй шахам хавдсан шүд хүртэл цуурсан, чихний арьс зулгарсан байсан. Би өөрийн биеэр үзүүлсэн. Надад гомдол байна. Миний шүд жавж цуурсанг шинжээчийн дүгнэлтэд бичээгүй байна. Нүд чих хоёроо үзүүлсэн. Тухайн үед Амгаланбаатар байцаагч Л, М нарыг гомдолгүй гээд байсан болохоор нь би шүд жавж хоёроо үзүүлээгүй. Тухайн үед үзүүлж байхад О эмч наад хүнийхээ шүдийг үзээрэй, цуурсан байна гэж эмчид хэлж байсан. Би ч гэсэн энэ хүмүүс нь гомдолгүй гэсэн шүд жавж хоёроо үзүүлээд яахав гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 44-47 дугаар хуу/ 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 126 дугаартай дүгнэлт:

1.  Д.М биед толгойн зулай хэсэгт хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун ташаа баруун булгалганд жижиг цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох, үснээс зулгаах үед үүсэх боломжтой.

3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.  

     4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар толгойн хуйхны гэмтэл нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь тус бүр 2.6-д зааснаар ыиеийн эрүүл мэндийг сарниулахгүй, биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 

   5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 127 дугаартай дүгнэлт:

1.  Н.Л биед толгойн хуйх, зүүн бугуйн ар хэсэгт жижиг цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох, үснээс зулгаах үед үүсэх боломжтой.

3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.  

     4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар дээрх гэмтэл нь тус бүр биеийн эрүүл мэндийг сарниулахгүй, биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 

   5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаартай дүгнэлт:

1. Ц.Бийн биед гэмтэл учирчээ. 

2. Ц.Бийн биед баруун нүдний эргэн тойронд цус хуралт, зүүн чихний 

дэлбэнгийн ирмэгт жижиг зулгаралт гэмтлүүд учирчээ.

3. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 

4. Баруун нүдний эргэн тойронд цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн ирмэгт жижиг зулгаралт нь  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 

5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй.

  6. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа үзлэг хийх үед хуучин гэмтэл байх бөгөөд хэрэг гарсан үед үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуу/

 

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 22-23 хуу, 29-30 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 47 дугаар хуу/

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48 дугаар хуу/ 

Ц.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуу/

Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 50 дугаар хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 51-53 дугаар хуу/

Хохирогч Д.М, шүүгдэгч Ц.Б нарын хүсэлт /хх-ийн 54-55 дугаар хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Бид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.  

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Баянбулагийн 02-10 тоотод хохирогч Д.М толгойн зулай хэсэгт хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун ташаа, баруун бугалганд жижиг цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

 

Шүүгдэгч Ц.Б нь мөрдөн байцаалтын үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Д.М, гэрч Н.Л, Б.Ц, Ц.О нарын мэдүүлэг, шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 126 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь  гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн хувьд маргаагүй тул түүний мэдүүлгийг шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.   

 

  Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Д.Мг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдээс толгойн зулай хэсэгт хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун ташаа баруун булгалганд жижиг цус хуралт бүхий гэмтлүүд нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 126 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Ц.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна. 

 

Аймгийн Прокурорын газраас Ц.Бийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 59 дүгээр хуу/  гарын үсэг зуржээ. 

 

Хэрэгт цуглуулсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүгдэгч Ц.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг  харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.  

 

Хохирогч Д.М нь “надад гомдол санал байхгүй” гэж /хх-ийн 54 дүгээр хуу/ хүсэлт гаргасан, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн  /хх-ийн 51 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

                                             

                                                     ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б овгийн Цн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар  торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр 150.000 төгрөгөөр төлж барагдуулахыг шүүгдэгч Ц.Бд үүрэг болгосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ОТГОНЦЭЦЭГ