Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 133

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Жавхлант баг, Шар довын 7-3 тоотод оршин суух Ногоонууд овогт Энэрэлтийн Баасанжав /РД:КБ69060718/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Жавхлант баг, Хөөвөрийн 2-3 тоотод оршин суух Дүнчин овогт Бадамзавын Ган-Эрдэнэ /РД:КЙ91012411/-д холбогдох 1.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Баасанжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баасанжав би 2015 оны 02 дугаар сарын 25-нд Б.Ган-Эрдэнэтэй тохиролцон өөрийн хувийн унаж байсан приус-11 маркийн цэнхэр өнгөтэй автомашиныг 3 сарын хугацаатай мөнгийг нь авахаар 4.500.000 мянгаар худалдсан юм. Гэвч тохиролцсон хугацаа нь аль хэдий нь өнгөрсөн боловч 2016 оны 02 сарын 05-нд 3.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл 1.500.000 мөнгийг одоо болтол өгөхгүй байгаа.

Иймд миний хохирлыг барагдуулж Б.Ган-Эрдэнээс машины үлдэгдэл 1.500.000 төгрөгийг гаргуулан өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.950 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Ган-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Баасанжавын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийн үлдэгдэл болох 1.500.000 төгрөгийг төлж барагдуулах болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Баасанжав нь тээврийн хэрэгсэл худалдсан гэх хэлцлийн  үлдэгдэл төлбөр болох 1,500,000 төгрөгийг хариуцагч Б.Ган-Эрдэнээс гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Ган-Эрдэнэ нь 2015 оны 12 дугаар сарын 25-нд нэхэмжлэгч Э.Баасанжаваас тоёота приус-11 маркийн тээврийн хэрэгслийг 3 сарын хугацаатай 4,500,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцон худалдаж авсан бөгөөд 1,500,000 төгрөгийн төлбөр үлдсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тухай хариу тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Б.Ган-Эрдэнэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Э.Баасанжавын нэхэмжилсэн 1,500,000 төгрөгийг төлж барагдуулахаар шүүхэд хариу тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Тээврийн хэрэгсэл худалдсан аман хэлцлийн үлдэгдэл төлбөр 1,500,000 төгрөг гаргуулах тухай Э.Баасанжавын нэхэмжлэлийг хариуцагч Б.Ган-Эрдэнэ хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгөөс 19,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын 211000020815 тоот данснаас 19,475 төгрөг, хариуцагч Б.Ган-Эрдэнээс 19,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Баасанжавд олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                        Г.СОЛОНГО