Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/97

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,  

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж

Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э

Шүүгдэгч: Ү.Б нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овгийн Үгийн Бт холбогдох 1812......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: , Б овгийн Үн Б /РД:а/ 

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ү.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн ЭрдэнэБ сумын 3 дугаар баг, Цогт-Уулын ,,, тоот байшингийн цонхыг хагалж, нууцаар хууль бусаар нэвтэрч зурагтны хүлээн авах станцыг хулгайлан авч 45.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч Н.Б өгсөн: ...Би Архангай аймгийн Хүнсний зах дээр мах ачдаг юм. 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр намайг ажил дээрээ байх хугацаанд Цогт-Уулын 30-06 тоотод байх гэрт хулгай орсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Тэр өдөр би ажлаа тараад гэртээ ирсэн чинь байшингийн цонхны гялгар уутыг нь ураад шилийг нь хагалж, цонхны рамыг нь хүртэл хугалсан байсан. Тэгээд байшинд ороод байшингийн хойморт байсан зурагтыг орон дээр орхиод станцыг нь хулгайлсан байсан. Мөн хашааны гадаа хар өнгийн куртик малгайтай орхисон байсан. Тэр куртикийг нь манай гэрээс урд руу байдаг Ү овогтой Б өмсдөг юм. Тухайн үед би цагдаад сэжиглэж байгаа хүнээ хэлж бариулсан. Тэгээд хэрэг гарсны маргааш орой нь Ү Б манайд ирж уучлалт гуйж зурагтын станцыг маань өгч хагалсан цонхыг маань шиллэж хохиролгүй болгосон. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

Гэрч Ү.Б өгсөн:..2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би Архангай аймгийн зах дээр явж байхад манай дүү Б хөдөөнөөс ирсэн гээд жаахан халамцуу явж байсан. Тэгэхээр нь чи ахдаа нэг шил архи аваад өг гэсэн чинь Б нэг шил архи аваад бид хоёр тэр архиа хувааж уучихаад Бор толгой руу гэр рүүгээ явсан. Тэгээд Б хойшоо Цогт-Уулын гудамж руу айлд очъё гэхээр нь дагаад явтал Цогт-Уулын хашаанд нэгэн эзэнгүй айлын хашаанд очсон. Би Быг эзэнгүй айлд орж яах гэж байгаа юм бэ гэж хэлэхэд би мэдэж байна гэж хэлээд байшингийн цонхны гялгар уутыг нь ураад цонхыг нь хагалсан. Тэгэхээр нь боль гэж хэлээд куртикнээс нь татаж чангаасан боловч миний үгэнд ороогүй. Тэгэхээр нь би хаячихаад яваад өгсөн. Дараа нь сонсоход Б тэр айлын цонхоор нь ороод зурагтны станц авсан байсан. Өөр зүйл мэдэхгүй. Тухайн үед Быг хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаар мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/

Гэрч Ү.М өгсөн:..Миний төрсөн дүү Б нь танил Бн гэрт согтуу очоод цонхыг нь хагалж зурагтын хүлээн авагчийг хулгайлсан байсан. Би түүнийг нь дараа нь сонсож мэдсэн. Бын ах байшингийн цонхыг шиллэж өгсөн, хохирогч гомдолгүй болсон. Миний төрсөн дүү Б нь 8 хүүхэдтэй айлын бага хүүхэд бөгөөд 1999 онд Архангай аймгийн төвд төрж байсан. Б мэргэжлийн сургалтын төвд барилгын засал чимэглэл мэргэжлээр төгссөж байсан. Зан байдлын хувьд энгийн даруухан хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/

 

Ү.Б яллагдагчаар өгсөн:...2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би өөрийн төрсөн ах Б Архангай аймгийн төвд архи уусан юм. Архи уухаас 14 хоногийн өмнө би Б гэдэг хүнтэй утсаар яриад хоорондоо хэрэлдсэн. Архи ууж согтуу болчихоод Б тай уулзаж маргаанаа шийдэх санаатай Б ахтай хамт Бын гэр рүү буюу ЭрдэнэБ сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 30-06 тоот руу явсан. Бын хашааны гадна талд очиход хашаа байшинд нь хүн байхгүй цоожтой байгаа харагдсан. Би хашааг нь давж дотор талд нь орохдоо өөрийнхөө малгайг газарт унагаачихсан, тэр үед Б ах намайг эзэнгүй айлд орж яах гээд байгаа юм гэж өмсөж байсан куртикнээс татсан. Би Б ахаас зөрөөд гэрт нь орчихоод хүн байна уу үзчихээд гараад ирнэ гэж хэлсэн. Тэгээд би Бын байшингийн урд талын цонхны хажууд очтол гялгар уутаар цонхоо бүрсэн байхаар нь гялгар уутыг гараараа ураад цонхыг нь гараараа цохиж хагалтал Б ах чи эзэнгүй айлын цонхыг хагалж яах гээд байгаа юм бэ гээд миний куртикнээс татахаар нь би байшин дотор хүн байна уу гэдгийг ороод мэдчихээд гарч ирнэ гээд Б ахаас зугтааж өмсөж байсан куртикээ тайлж зугтаасан. Тэгээд Б ах яваад өгөх шиг болохоор нь би Бын хашаанд ортол хүн байгаагүй бөгөөд том өрөөнд нь ороод зурагтыг нь авч орон дээр нь тавиад доод талд нь байсан зурагтны хүлээн авагч станцыг аваад байшингаас буцаж гарсан. Би өөр зүйл аваагүй. Б хашаанаас гараад ирсэн Б ах явчихсан байсан бөгөөд би станцаа өөрийнхөө гэрийн ойролцоо байдаг эзэнгүй хашаанд нуучихаад гэртээ орсон. Тэгээд байж байсан орой цагдаа нар ирээд чиний куртик малгай 2 чинь Бын хашааны хажууд байна. Чиний хувцас гэдгийг Б таньж байна. Чи гэрээс нь станц хулгайлсан уу гэж асуухаар нь би бүх зүйлийг үнэн зөвөөр яриад Б станцыг буцааж өгөөд өөрийнхөө куртик малгайг буцааж авсан. Би Б ахаас уучлалт гуйж гомдолгүй болгосон. Мөн хагалсан цонхыг шиллэж өгсөн. Би хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би Бтай уулзах гэж гэрт нь очсон бөгөөд гэртээ байхгүй байхаар нь уурандаа цонхыг нь хагалж гэрт нь ороод станцыг нь авчихсан юм. Би хэрэг үйлдэх үедээ хар өнгийн савхин куртик, хар өнгийн малгай өмсөж явсан бөгөөд тэр хоёр Бын хашаанд үлдчихсэн байсан. Би согтуу байсан учраас хувцасаа үлдээсэн байсан. Би хулгай хийх гэж байгаагаа хэлээгүй. Хүнтэй уулзана гэж хэлээд дагуулж явсан юм. Б ах намайг айлын цонх хагалахаар шууд яваад өгсөн. Мөн намайг эзэнгүй айл руу оруулахгүй гэж куртикнээс татахаар нь би куртикээ тайлаад зугтаачихсан. Б ах манай эгч Мөнгөнсайханы найз болохоор нь таньдаг. Мөн манай гэрийн ойролцоо Болдбатаарын гэр байдаг болохоор би гэрийг нь мэддэг байсан. Тухайн үед би бараг тасарчихсан ухаангүй шахам байсан. зарим зүйлээ мартаж санаад байгаа юм...гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-36 хуу/

 

Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтээр зурагтны хүлээн авагч станцын үнэлгээг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар нийт 45.000 төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /хх-ийн 110 хуу/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 хуу/ 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 107 хуу/

Гэрэл зураг /хх-ийн 5-6 хуу, 108 хуу/

Архангай аймгийн ЭрдэнэБ сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 37 хуу/

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 44 хуу/

Шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 47-54 хуу/

Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 55-56 хуу, 113-114 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ү.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ү.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэ Б сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 30-06 тоот байшингийн цонхыг хагалж, нууцаар хууль бусаар нэвтэрч зурагтны хүлээн авах станцыг хулгайлан авч 45.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ү.Б үйлдсэн болох нь хохирогч  Н.Бын “....Тэр өдөр би ажлаа тараад гэртээ ирсэн чинь байшингийн цонхны гялгар уутыг нь ураад шилийг нь хагалж, цонхны рамыг нь хүртэл хагалсан байсан. Тэгээд байшинд ороод байшингийн хойморт байсан зурагтыг орон дээр орхиод станцыг нь хулгайлсан байсан. Мөн хашааны гадаа хар өнгийн куртик малгайтай орхисон байсан. Тэр куртикийг нь манай гэрээс урд руу байдаг Ү овогтой Б өмсдөг юм...”гэх мэдүүлэг,  гэрч Ү.Бы “...би Быг эзэнгүй айлд орж яах гэж байгаа юм бэ гэж хэлэхэд би мэдэж байна гэж хэлээд байшингийн цонхны гялгар уутыг нь ураад цонхыг нь хагалсан. Тэгэхээр нь боль гэж хэлээд куртикнээс нь татаж чангаасан боловч миний үгэнд ороогүй. Тэгэхээр нь би хаячихаад яваад өгсөн. Дараа нь сонсоход Б тэр айлын цонхоор нь ороод зурагтны станц авсан байсан...”гэх мэдүүлэг, гэрч Ү.М “...миний төрсөн дүү Б нь танил Бын гэрт согтуу очоод цонхыг нь хагалж зурагтын хүлээн авагчийг хулгайлсан байсан…”гэх мэдүүлэг, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэ Б сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 30-06 тоотод оршин суух Н.Бын гэрээс зурагтны станц алдагдсан болох нь нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Ү.Б нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 45.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.  Гэмт хэргийн улмаас 45.000 төгрөгийн хохирол учирсан ба бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үйлдлийн улмаас бага хэмжээний буюу 300.000 төгрөгийн хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй боловч энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарна. Харин энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт хамаарахгүй болно.  

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ү.Бын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна. 

 

Иймд шүүгдэгч Ү.Быг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулах үндэслэлтэй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хорих ялыг хөнгөрүүлэх хорих ялаас чөлөөлөх албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

 Шүүгдэгч Ү.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн энэ хэрэгт 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бт 45.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч Н.Бын...ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/, мөн хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэргийн материалтай танилцуулах үедээ “..гомдолгүй..” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Ү.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Ү.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Үгийн Быг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 45.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Быг 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Бт оногдуулсан 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Ү.Быг энэ хэрэгт 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ОТГОНЦЭЦЭГ