Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 5350

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

 

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж-25, өөрийн байранд байрлах Хаан банк /Улсын бүртгэлийн дугаар 9016001011, регистрийн дугаар 2693321/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 30 гудамж, 749 тоотод оршин суух Боржигин овогт Даваасүрэнгийн Энхриймаа /Регистрийн дугаар МЮ75111502/-д холбогдох,

Зээлийн гэрээ цуцалж, зээлийн төлбөрт 15,324,051.49 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөрөндэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Хаан банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Ч.Бямбасүрэн, Д.Энхриймаа нар нь 2012 оны 09 сарын 14-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулан 23,000,000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хашаа байшин худалдах худалдан авах зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 26 дугаар гудамжны 293 тоот, 192 м.кв сууц, 388.07 м.кв газрын хамт /Ү-2204016380, Г-2204002474/ барьцаалуулсан. Зээлдэгч үндсэн зээлд 10,960,407,63 төгрөг, зээлийн хүүнд 12,470,995.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0 төгрөг, нийтдээ 23,431,699.97 төгрөгийг төлсөн байдаг. Зээл хэвийн төлөгдөж байгаад зээлдэгчийн барьцаа хөрөнгө галд шатсан, цаашид зээлийг хэвийн төлөх боломжгүй болсон тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар банкинд хүсэлт гаргасан бөгөөд банк зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрч байгаа болно. Иймд банк шүүхэд 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийг гаргаж байна. 2012 оны 09 сарын 14-ний өдрийн ОСЗГ/1345 тоот  зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах. Үндсэн зээлийн үлдэгдэл 12,039,295.37 төгрөг, хүүгийн төлбөрт 3,163,947.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 120,808 төгрөг, нийтдээ 15,324,051.49 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,570 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Зээлийн барьцаа хөрөнгө болох байшин галд шатсан тул үлдсэн барьцаа хөрөнгө болох газрыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгөөч гэсэн хүсэлттэй байна. Зээлдэгч Ч.Бямбасүрэн бол Д.Энхриймаагийн өгсөн мэдээллээр Швед улсад байгаа гэсэн, Д.Энхриймаа нь хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу Д.Энхриймаагаас үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилж байна” гэв.

            Хариуцагч Д.Энхриймаа шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 30 гудамжны 749 тоотод харьяалагдаж асан Боржигон овгийн Даваасүрэнгийн Энхриймаа миний бие “Хашаа байшин худалдан авах” зориулалтаар 60 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй /сарын 2,2 хувь/ барьцаат зээлийн гэрээг байгуулж, зээлийг 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр уг банкинд нээгдсэн зээлийн дансанд хүлээн авсан. Зээлийн төлөлт хэвийн, үүргийн гүйцэтгэл хугацаандаа явагдаж байтал 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэр хорооллын цахилгаан гэрлийн шонгийн холболтоос үүсэлтэй гал түймэрийн аюул гарч манай хашаа байшин, гэрийн эд хогшил, хувцас хунар бүгд уг түймэрт шатсан. Энэ галын аюул гарсантай холбогдуулан улсын галын байцаагчийн 412/2988 тоот актад дурдсанаар ...хэрэглэгчийн буруугаас биш нөхцөл байдлаас гал гарсан...гэж тогтоосон.

Ийнхүү үүргийн гүйцэтгэлийг хангахад давагдашгүй хүчин зүйлд хамаарагдах ноцтой үйл явдал үүссэнийг Хаан банкны Сонгинохайрхан салбарын ахлах эдийн засагч болон захиралд нь мэдэгдэж, болсон үйл явдлыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан тохиролцохоор хүсэлт тавьсан боловч хэн ч хүлээж аваагүй. Би галын аюул гарсанаас хойших хугацаанд орох оронгүй, оочих аягагүй, өмсөх хувцасгүй болсон хэдий ч өөрийхөө аль болох боломжоороо зээлээ их бага хэмжээгээр төлж ирсэн. /Хаан банкнаас ирүүлсэн хуулганд тодорхой байгаа/ энэ бүхнээс үүдэн маш олон төлөвлөөгүй зардалууд гарсан тул зээлийг цаашид төлөх чадваргүй болж байгаа учраа хэлж гэрээгээ цуцалж өгөөч, арга ядахад зээлийн хүүг зогсоож гэрээндээ өөрчлөлт оруулж, харж үзээч гэж олон удаа гуйсан. Гэвч банкны зүгээс ойшоож хүлээж аваагүй. Хаан банкнаас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хуульч хүмүүст танилцуулахад ...энэхүү нэхэмжлэлийн шаардлага байдаг л зүйл, харин зээлийн ба барьцааны гэрээ зөвхөн нэг талын эрх ашгийг хамгаалсан гэрээ байна. Аливаа гэрээ нь тэгш эрхтэй, харилцан ашигтай, бие биенээ хүндэтгэсэн байх зарчимтай, тэр зарчим алдагдаж зэвхөн нэг талын эрх ашгийг хамгаалж хийгдсэн байна. ...Ялангуяа энэ гэрээнд талууд гэнэтийн ноцтой байдал үүсэх буюу давагдашгүй хүчин зүйл бий болоход болзошгүй эрсдлийг хэрхэн даван туулах талаар заавал тусгах ёстой атал тусгаагүй байна гэж зөвлөж байх юм. Гэтэл гэрээнд тийм зүйл байх ёстой талаар зээл хүссэн би мэдэхгүй, миний хууль эрх зүйн мэдлэг ч хүрэхгүй. Харин зээл олгогч тал сайн мэддэг атлаа уг асуудлыг гэрээнд тусгаж өгөөгүй нь санаатай үйлдэл мэт ойлголтыг төрүүлж байна. Ийн хэлэхийн учир нь банкны зээлийн ажилтан мэргэжилтэн бүхэн гэнэт үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар сайн мэддэг төдийгүй гэрээнд зааж тодотгон оруулахыг Монгол банкны ерөнхийлөгч, Санхүү эдийн засгийн сайдын “Активыг ангилах, түүнийг ангилж эрсдлийн сан байгуулах тухай” 2004 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хамтарсан тушаалаар үүрэг болгосон байхыг сая олж мэдлээ. Энэ тушаалыг би өөрийн ойлголтоор эрэгцүүлж үзэхэд аливаа зээл эрсдэлд орсон нөхцөлд эрсдэлийн сангаас тухайн зээлийг нөхөж улмаар зээлийн хүү цаашид бодогдохгүй байхаар зохицуулагдсан байх юм. Мөн зээлийн барьцааны зүйлийг эрсдлээс хамгаалж даатгуулах ажиллагаа бол зээл олгогчийн хийх ёстой зүйл гэдэг нь барьцааны гэрээнд тодорхой зааж цагаан дээр хараар бичээтэй байгааг одоо л олж харж, ойлгож мэдлээ. Чухамдаа зээл авч байх үед банкны ажилтнууд гэрээний утга агуулгыг нэг бүрчлэн тайлбарлаж өгөөгүй, зээл авч байгаа миний бие баярласандаа ..энд зур .. гэсэн болгон дээр гарын үсэг зураад л байсан даа. Үүнийг зээл олгогч банкны хуульч, эдийн засагч нар мэдэхгүй байна гэж байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжилж байгаа 15,324,051 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөрөндэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орон сууцны зориулалтаар 23,000,000 төгрөгийг зээлэн авсан нь бодит үнэн тул маргаагүй. Хэвийн төлөлттэй байсан. Ч.Бямбасүрэн Солонгост ажиллаад мөнгөө шилжүүлээд хэвийн төлөлт хийж байсан. Гэнэт давагдашгүй хүчин зүйл боллоо гэдгийг албан ёсоор Хаан банкны Сонгинохайрхан дүүргийн салбарт мэдэгдсэн байдаг ч хүлээж аваагүй байдаг. Зээлсэн мөнгөө авах нь үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх боловч гэрээг нь харах байсан. Гэрээ нь тэгш эрхтэй харилцан ашигтай байдаг. Зээлийн гэрээнээс харахад гэрээний нөгөө талын эрх ашгийг хөндсөн гэрээ хийсэн байдаг. Хоёр даатгалын асуудал орхигдсон байдаг. Зээлийн гэрээнд дараах нөхцөл байдлыг хангасан тохиолдолд банк зээл олгоно гэсэн байдаг. Гэрээний 3.2-т заасны дагуу банк даатгуулах ёстой тухай хариуцагчид хэлж шаардах, 3.3.8 хүртэлх заалтуудыг биелүүлэхийн тулд даатгалын байгууллагатай гэрээ байгуулаагүй байна, байгуулаад зээлээ ав гэж шаардах байсан ч хэлж өгөөгүй байна. Тухайн үед болсон зүйлийн тухай 2 удаа бичгээр 2015 оны 01 сарын 05-ны өдөр Ч.Бямбасүрэнгийн гаргасан өргөдөл байна. Зээлийн төлбөр төлөх хугацааг 2 жилээр хойшлуулж өгнө үү гэж бичсэн байдаг. 2015 онд Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн яамны сайд нарын хамтарсан тушаалд энэ асуудлыг зохицуулах тухай заасан байдаг. Уг зохицуултаар найдваргүй зээл эсэхийг, бүх зүйлийг дахин хянаж шийдвэрлэх боломжтой байхад хангаж өгөөгүй. Хүсэлтийг энэ оны 2016 оны 01 сард гаргаагүй, 2015 оноос хойш гаргаад үргэлжлээд яваад байсан. Энэ нь нэг талдаа оролцогчийн эрх ашгийг хөндөөд байсан. Барьцааны  гэрээний дагуу орон сууцыг газрын хамт гэж заасан байгаа нь Иргэний хуулийн 83, 84 дүгээр зүйлүүдэд заасны дагуу бие даасан объект гэдэг утгаараа хамтаар нь банк 16,500,000 төгрөг гэж үнэлээд авсан байна. Иймд би гүйцэтгэлийг газраас гаргуулна гэж ойлгохгүй байна. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасны дагуу дээр нь байсан байшин нь шатсан нэгэнт барьцаанд байгаа тул банкны асуудал. Газрыг зарах худалдаалах эрх байхгүй тул тодорхой ажиллагаа хийгдэх байх. Газрыг аваад үүрэг дуусгавар болно гэсэн бол нэг өөр асуудал. Төлбөрийн чадваргүй нөхцөл байдалд хүрсэн байна. Зээлийн шийдвэрийн хураангүй гэх бичигт заачихаад хэрэгжүүлэх эрхийн акт байхгүй байна. Д.Энхриймаагийн ээжийг хамтран гүйцэтгэгчээр оролцуулах эсэх нь банкны мэдэх асуудал биш. Ээж нь хамтран зээлдэгчээр орох эсэх саналыг аваагүй банкны тулгаснаар оролцуулах асуудал биш асуух байсан. Монгол банкны ерөнхийлөгч, сангийн сайдын хамтарсан тушаалын дагуу 100 хувь найдваргүй зээлийн асуудал, уг 2008 оны 08 сарын 11-ний өдрийн тушаалын 3.5.4-д заасны дагуу мөн хавсралтын 1а, 1в-д заасны дагуу муу ангилалд хамааран 2.3 в дэх хэсэгт заасны дагуу активын эрсдлийн сан байгуулаад үүнийг өгүүлэх боломж байхад банк санаачлага гаргаагүй, төл төл гэсэн байдалтай байсан” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Д.Энхриймаад холбогдуулан 2012 оны 09 сарын 14-ний өдрийн ОСЗГ/1345 тоот  зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 12,039,295.37 төгрөг, хүүгийн төлбөрт 3,163,947.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 120,808 төгрөг, нийтдээ 15,324,051.49 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Д.Энхриймаа нь зээлийн гэрээний барьцааны зүйл болох хувийн сууц галд шатсан, энэ нөхцөл байдлыг банк харгалзан үзэж холбогдох арга хэмжээ аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Хариуцагч Д.Энхриймаа, түүний нөхөр Ч.Бямбасүрэн нар нь Хаан банктай 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ОСЗГ1345 дугаартай Орон сууцны зээлийн болон БГ1345 дугаартай барьцааны гэрээг тус тус  байгуулж 23,000.000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-6-10 дугаар тал/

            Зээлийн барьцаанд Ч.Бямбасүрэнгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 26 дугаар гудамжны 293 тоот, 192 м.кв талбайтай хувийн сууц /Ү-2204016380/, 18644314282851 нэгж талбарын дугаартай 388.07 м.кв газар /Г-2204002474/-ын  хамт барьцаалсан нь хэрэгт авагдсан барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд, зохигчдын шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов. /хх-9-10, 12-13 дугаар тал/

Зээлийн барьцаанд барьцаалагдсан Ч.Бямбасүрэнгийн өмчлөлийн дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр нь улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх-9-10 дугаар тал/

 

Дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ.

Зээлийн гэрээний дагуу Хаан банк нь 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 23,000,000 төгрөгийг Ч.Бямбасүрэнгийн Хаан банкан дахь данс руу шилжүүлсэн нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. /хх-11 дүгээр тал/

2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зээлийн барьцаа хөрөнгө болох Ч.Бямбасүрэнгийн өмчлөлийн хувийн сууц галд шатсан байна. /хх-21-23 дугаар тал/ Хариуцагч нь “...барьцаа хөрөнгө шатсантай холбогдуулан Хаан банкны Сонгинохайрхан салбарын ахлах эдийн засагч болон захиралд нь мэдэгдэж, болсон үйл явдлыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан тохиролцохоор хүсэлт тавьсан боловч хэн ч хүлээж аваагүй. ... маш олон төлөвлөөгүй зардалууд гарсан тул зээлийг цаашид төлөх чадваргүй болж байгаа учраа хэлж гэрээгээ цуцалж өгөөч, арга ядахад зээлийн хүүг зогсоож гэрээндээ өөрчлөлт оруулж, харж үзээч гэж олон удаа гуйсан. Гэвч банкны зүгээс ойшоож хүлээж аваагүй” гэх тайлбарыг өгсөн.

Хаан банкнаас Ч.Бямбасүрэн, Д.Энхриймаа нарын зээлийн хувийн хэргийг эх хувиар нь гаргуулан шинжлэн судлаж үзэхэд 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ч.Бямбасүрэн Хаан банкны Сонгинохайрхан тооцооны төвд өргөдөл гаргаж барьцаа хөрөнгө шатсаны улмаас мөнгө санхүүгийн хүнд байдалд орсон тул зээлийн төлбөр төлөх хугацааг 2 жилээр хойшлуулж өгөхийг хүсч байсан байна. /хх-73 дугаар тал/ 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр П.Энхриймаа Хаан банканд хандан “...зээлийн үлдэгдлийн хугацааг сунгаж өгнө үү...” гэж хүсэлт гаргасан байна. /хх-62 дугаар тал/

Хаан банк 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн шийдвэрээр “Ч.Бямбасүрэнгийн 12,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй хашаа байшин худалдан авах зээлийн хугацааг 12 сараар сунгаж, нийт зээлийн хугацааг 36 сард зээлийн хүү 21.6 хувь, эргэн төлөлт эхний 12 сарын төлбөр 300,000 төгрөг, үлдэх саруудад тэнцүү төлөх нөхцөлөөр шийдвэрлэв. Энхриймаагийн ээжийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зуруулж, ЗГБӨ оруулсаны шимтгэл авах” гэж шийдвэрлэжээ. /хх-38 дугаар тал/

Нэхэмжлэгч нь “Энэ шийдвэрийн дагуу зээлийн гэрээг шинэчлэн байгуулах боломжтой байсан боловч зээлдэгч Д.Энхриймаа ирж зээлийн гэрээг шинэчлэн байгуулаагүй, шийдвэр биелэгдээгүй байгаа” гэх тайлбарыг өгсөн.

Хариуцагч нь “...талуудын хооронд 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ зөвхөн нэг талын буюу банкны эрх ашгийг хамгаалсан гэрээ байна, гэрээний 3.2-т заасны дагуу банк даатгуулах ёстой тухай хариуцагчид хэлж шаардах, 3.3.8 заалтуудыг биелүүлэхийн тулд даатгалын байгууллагатай гэрээ байгуулаагүй байна, байгуулаад зээлээ ав гэж шаардах байсан ч хэлж өгөөгүй байна. ...Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн яамны сайд нарын хамтарсан тушаалд энэ асуудлыг зохицуулах тухай заасан байдаг. Уг зохицуулалтаар найдваргүй зээл эсэхийг, бүх зүйлийг дахин хянаж шийдвэрлэх боломжтой байхад хангаж өгөөгүй “ гэх тайлбарыг өгсөн.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл, түүний үр төл, үр шим устсан, гэмтсэний эрсдлийг өмчлөгч хариуцна”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас барьцааны зүйл гэмтэх, устах эрсдлийг барьцаалуулагч хүлээнэ” гэж тус тус заасан.

Д.Энхриймаа, Ч.Бямбасүрэн, Хаан банкны хооронд 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан Орон сууцны зээлийн болон барьцааны гэрээнд зээлдэгч, хамтран зээлдэгч нь даатгалын байгууллагатай даатгалын гэрээ байгуулахыг үүрэг болгосон байгаа боловч даатгалын гэрээ байгуулаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Даатгалын гэрээ байгуулаагүй нь зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.  

            Хариуцагч нь Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын дагуу банк арга хэмжээ авах ёстой байсан гэх тайлбарыг өгсөн.

Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2010 оны 474/182 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам” нь банк, банк бус санхүүгийн байгууллага учирч болзошгүй алдагдлаас хамгаалах эрсдэлийн сан байгуулж, зарцуулах харилцааг зохицуулсан байх бөгөөд уг журмаар банкны зээлдэгч, зээлдүүлэгчийн хооронд зээлийн гэрээний дагуу үүссэн харилцааг зохицуулахаар заагаагүй байна.

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“,

Мөн хуулийн  452 дугаар зүйлийн 452.1-т “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно“, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж заажээ.

Хаан банк болон хариуцагч Д.Энхриймаа, Ч.Бямбасүрэн нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нь үндсэн зээлд 23,000,000 төгрөг, зээлийн хүүнд 18,394,871 төгрөг, зээлийн төлбөрт нийт 41,394,871 төгрөг төлөх үүрэгтэйгээс үндсэн зээлд 10,960,704.63 төгрөг, зээлийн хүүнд 12,470,995.34 төгрөг, нийт 23,431,699.97 төгрөг төлсөн нь Хаан банкны зарлагын ордер зэрэг баримтаар нотлогдож байна, зохигчид энэ талаар маргаагүй.

Хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл  12,039,295.37 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр 3,163,947.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 120,808 төгрөг, нийт 15,324,051.49 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна.

2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ОСЗГ1345 дугаартай Орон сууцны зээлийн болон БГ1345 дугаартай барьцааны гэрээг Ч.Бямбасүрэн нь зээлдэгчээр, Д.Энхриймаа нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаар Д.Энхриймааг татсан байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаар Д.Энхриймааг татсан нь хууль зөрчөөгүй байна.

Иймд хариуцагч Д.Энхриймаагаас үндсэн зээл  12,039,295.37 төгрөг, зээлийн хүү 3,163,947.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120,808 төгрөг, нийт 15,324,051.49 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь барьцааны эд хөрөнгө болох газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн байх тул Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны хөрөнгийг худалдан борлуулж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон             

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Энхриймаагаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 15,324,051.49 /арван таван сая гурван зуун хорин дөрвөн мянга тавин нэгэн төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөгийг гаргуулан Хаан банкинд олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.Энхриймаа нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан зээлийн барьцаа хөрөнгө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 26 дугаар гудамжны 293 тоотод байршилтай, 18644314282851 нэгж талбарын дугаартай 388.07 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-2204002474 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234,570  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Энхриймаагаас 234,570  төгрөг гаргуулан Хаан банкинд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЦЭРЭНДОЛГОР