| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0060/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/91 |
| Огноо | 2019-04-09 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2019/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж
Улсын яллагч: Н.Ц
Хохирогч: Д.О
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.П
Шүүгдэгч: М.Б, Д.Г, Д.Пнарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Дн П, Б овгийн Дн Г, Н овгийн М н Б нарт холбогдох 1812........ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Н овгийн М Б /РД:/
Шүүгдэгч: Б овгийн Д Г /РД:/
Шүүгдэгч: Г овгийн Д П /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч М.Б, Д.Г, Д.П нар нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоот гэх газраас иргэн Д.Огийн 1 тооны нас нийлсэн адууг бүлэглэн хулгайлж, иргэн Д.О 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед:
Хохирогч Д.О...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 09-нд шилжих шөнө манай хонгор морийг ачаад Архангай аймагт ирсэн байсан, цагдаагаас эзэн нь олдохгүй хонгор морь байна гэхээр нь очоод үзэхэд манай хонгор морь байсан. Эдгээр хүмүүс надад 1.000.000 төгрөг өгсөн, миний хувьд 1.500.000 төгрөг, мөн бензиний мөнгө нэхэмжилж байна гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Д.О өгсөн: ... Би 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоот гэх газар бэлчээрээсээ өөрийн адуунуудаас хонгор зүсмийн зөв талын гуяндаа монгол Б үсгэн тамгатай нас гүйцсэн морио хулгайд алдсан. 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Архангай аймгийн төвд Цагдаа дээр байхад манай нутгийн Сэргэлэн гэдэг залуу дуудаад Архангай аймгийн Цагдаагийн журмын хашаанд урд шөнө хулгайд алдагдсан хонгор морины эзэн нь гарч ирэхгүй байна. Чи очоод үзээч гэхээр нь тээврийн хэрэгсэл саатуулах журмын хашаанд эхнэр Аптанцэцэгийн хамт очоод үзэхэд манай хонгор морийг нядлаад давхар кабинтай ачааны машин дээр аччихсан байсан. Тэгээд би өөрийн алдсан адуугаа таньсан. Миний алдсан морь нь нас гүйцсэн, хонгор зүсмийн тарган, бүдүүн морь байгаа юм. Зөв талын гуяндаа монгол Б үсгэн тамгатай. Их тарган морь, харин хурдан морь бол биш. Алдсан адуугаа зах зээлийн ханшаар 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Манай адуу хүч тарган тэжээлтэй байсан. Тухайн үед манай адуу Хануй багийн Зүүн гэх газар бэлчиж байсан. Хануй багийн Зүүн гэх газраас Согоот хүртэл 10 гаруй км зайтай тэр газраас хөөж аваачиж нядалсан байх гэж бодож байна. Миний адууг Б, П, Г нар хулгайлсан байх, би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/
Гэрч Д.Оын өгсөн...2018 оны 10 дугаар сарын 08-ны үеэр манай дүү О Улаанбаатар хотод байхад Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Баруун ам гэх газар байсан адууг Согоот гэх газар руу Б, П, Г нар тууж очоод тарган хонгор морийг нь хулгайлж нядлаад аймгийн төв рүү машинаар ачаад явсан. Нас гүйцсэн хонгор зүсмийн зөв гуяандаа Б үсгэн тамгатай адуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/
Гэрч Д.Бн өгсөн: ...О манайхтай айл саахалт байсан. О гэр бүлээрээ Улаанбаатар хотод байх хойгуур нь мал хариуцах эзэнгүй байхад нь голын урдаас Согоотын 3 залуу ирээд Согоот руу тууж айлын өвөлжөөн дээр нядлаад Архангай аймаг руу ачаад явсан байсан. Тэр нядалдсан адуу нь Огийн хонгор зүсмийн, нас гүйцсэн тарган морь байсан. О морийг Б, П, Г нар хулгайлсан. Алдсан морь нь хонгор зүсмийн тарган зөв гуя Б үсгэн тамгатай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/
Гэрч Э.Гн өгсөн...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутгаар 22 цагаас 04 цагийн хооронд шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Замчин буудлын урд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад зам дээр 13-78 БРА улсын дугаартай, цагаан өнгийн пронтер маркийн автомашин гэр хорооллын гудамж руу орсон. Араас нь очиж шалгахад хамт явсан нэг залуу нь зугтаасан жолоочийг нь хаанаас юу ачиж явж байна вэ гэж асуухад жолооч Б нь эхнэр маань төрсөн өөрийнхөө адуунаас нэг адуу гаргаад хоол цай, мах шөлний юм бэлдэж авчирч байна гэсэн. Жолоочийн бичиг баримтыг шалгахад жолооны үнэмлэх байхгүй болохоор тухайн тээврийн хэрэгслийг журмын хашаанд түр саатуулсан. Бээс утсаар хамт явсан П гэдэг зугтаасан залууг дуудуулсан. Б П нарыг цагдаагийн газар авчирч дахин тодруулж ямар учиртай мах ачиж яваа талаар асуухад 10 дугаар сарын 08-ны өдөр Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоот гэх газраас Догоо гэх айлын хээр азаргатай 20 гаруй тооны адуунаас хонгор зүсмийн адууг Б гэх айлын хашаанд Б, П, Г хамтаар гурвуулаа хашиж барьж аваад Хулхи гэх газар Энхээ гэх айлын хашаанд гаргаж гэдэс дотрыг жорлон руу нь хийсэн талаар ярьсан. Ямар учраас айлын адуу мал хулгайлах болсон талаар асуухад хүнээс 500.000 төгрөг зээлсэн байсан нөгөө хүн нь мөнгөө нэхээд байхаар нь хулгай хийсэн гэж ярьсан. Тэгээд эрүүгийн цагдаагийн албанд хүлээлгэж өгсөн. Уг машин дээр адууны мах хар бараан өнгийн даавуугаар хучиж ачсан байсан, өөр запас дугуй эд зүйлс байсан. Тэр үед машин дээр адууны мах байсан. Өөр мах байгаагүй, толгой шийр байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/
Гэрч Б.Чн өгсөн:...Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багт оршин суух М овогтой Б, Д овогтой П нар нэг тооны адуу нядалж машин дээрээ тээвэрлэж явсныг асууж тодруулахад Архангай аймгийн Өндөр-Улаан Хануй баг Согоот гэх газраас Догоо гэх айлын хээр азаргатай 20 гаруй тооны адуунаас хонгор зүсмийн нас гүйцсэн тарган морийг барьж авч Батзориг гэх айлын хашаанд хашиж барьж аваад Хулхи гэх газар Энхээгийн хашаан дээр гаргаад гэдэс дотрыг нь тухайн өвөлжөөний жорлонд хийсэн, П тай Архангай аймгийн төв рүү тээвэрлэн авчирсан гэж ярьсан. Г бид хоёрыг шалгахад П зугтаачихсан, Бийн машиныг журмын хашаанд саатуулсны дараа Бээр яриулж Пыг цагдаагийн газар авчирсан. Цагдаагийн газар ирээд асуухад Г, Б, П гурав хамт хулгай хийгээд Гийгээ үлдээсэн гэж ярьсан. Эрүүгийн албанд холбогдох хүмүүсийг шилжүүлэн өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/
Гэрч Ч.Т өгсөн:.. Миний өмчлөлд 13-78 БРА улсын дугаартай, Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгсэл байсан. 2011 онд Архангай аймаг руу хадам аав Баярмагнайд зарсан. Одоо хэд хэдэн хүний гар дамжсан юм шиг байна. Миний өмчлөлд бол байхгүй. Тухайн үедээ 4.500.000 төгрөгөөр зарсан. Тухайн тээврийн хэрэгслийг хадам аав унаж байсан болохоор шилжилт хөдөлгөөнийг нь тэгж байгаад хийлгэнэ гэж байгаад хийж амжаагүй зарагдсан байсан. 2018 оны зун 7 сард Архангай аймаг ороод шилжүүлэг хийлгэхээр Нотариат, замын цагдаа, тээвэр зохицуулалт гэх газруудаар ороод шилжүүлэг хийж чадаагүй.Уг тээврийн хэрэгсэл одоо хаана байгаа талаар мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/
Гэрч Д.Мн өгсөн:.. 13-78 БРА улсын дугаартай автомашин бол миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би энэ машиныг 2006 онд Архангай аймгийн Ихтамир сумын иргэн Б гэх хүнээс худалдаж авсан юм. Баярмагнай бид хоёрын хооронд автомашин худалдсан, худалдан авсантай холбоотой ямар нэгэн тооцоо байхгүй. Намайг уг автомашиныг худалдан авах үед Т гэх Улаанбаатар хотын Багануур дүүргийн харъяа хүний нэр дээр байсан. Би энэ жил шилжүүлэг хийлгэх гээд бичиг баримтыг нь аваад Улаанбаатар хот явсан. Тэгээд шилжүүлэг хийж амжаагүй байтал манай ахын дүү Б унаж яваад цагдаад хураалгачихаад бичиг баримт хэрэг болоод гэхээр нь буцаагаад аймаг руу явуулчихсан. Би 2018 оны 10 дугаар сард Ихтамир суманд машинаа орхичихсон байсан юм. Тэгсэн М ах чиний машинаар ойр зуур юм хийж баймаар байна гэхээр нь та 2.500.000 төгрөг өгөөд авахгүй юу гэж хэлсэн. Одоо бол машиныхаа мөнгийг ахаасаа аваагүй байгаа. Ах өөрөө миний машиныг унахгүй, хүү Бтээ унуулж байсан юм билээ... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/
Гэрч Ч.Б өгсөн:.. 13-78 БРА улсын дугаартай автомашин М өмчлөлд байдаг. Машиныхаа шилжүүлгийг хийж амжаагүй болохоос бид нарын дунд ямар нэгэн мөнгөний авлагын асуудал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуу/
М.Б яллагдагчаар өгсөн:... 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй баг Согоот гэх газар байдаг Гийнд ирсэн юм. Би уг нь аймаг явах гэж байсан юм. Тэднийд сууж байтал тэдний гадаа 20 гаруй тооны адуу гараад ирсэн. Тэгээд Г бид хоёр адуунуудыг хараад нэг морийг нь гаргаад аймаг руу оруулж заръя гэж ярилцаад, үдэш болохоор нөгөө адуунууд руу Гийн мотоциклийг унаад очсон. Бид хоёрыг тэр адуунууд руу явж байхад П үхэр хураагаад явж байсан. Бид хоёр Пд хандаж “энэ адуунуудаас хашиж, нэг адууг нь барьж авах гэж байгаа юм, чи хашилцаадахаа” гэж хэлээд дагуулаад явсан. Бид гурав нөгөө адуунуудыг Батзориг гэх айлын хашаанд оруулж хашиж байгаад нэг тооны хонгор зүсмийн нас нийлсэн адууг нь барьж аваад бусад адууг нь байсан газар руу туучихаад, нөгөө адуугаа Өндөр-Улаан сумын Хануй багийн Хулхи гэх газар байх Энхтөр гэх айлын хашаанд оруулж нядлаад махыг нь ачаад аймгийн төв рүү оруулж ирсэн. Уг адууны гэдэс дотрыг жорлон руу хийчихсэн. Би аав ээж хоёроос нуугаад Гийн хамт 500.000 төгрөгийн өр тавьчихсан байсан. Тэр өрөө өгөх гэж хулгай хийсэн. Тухайн хулгай хийж авсан адуу хар голтой хонгор зүсмийн нас гүйцсэн адуу байсан. Бүдэг тамгатай байсан тухайн үедээ сайн анзаараагүй. Тухайн адуугаа П гэрээс авчирсан бор иштэй тонгорогоор гаргасан. Тэр хутгийг Өндөр-Улааны хэсгийн төлөөлөгч М хурааж авсан. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй баг Согоот гэх газар Хулхи гэх газар хоорондоо 1 км орчим зайтай, гүвээний наана, цаана байдаг юм. Уг морийг П өөрийнхөө гэрээс авчирсан хазаараар хазаарлаад зайдан унаад явсан. Уг хазаарыг Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч хурааж авсан. Адууг хулгайлахдаа Г бид хоёр, Гийн гэрийн гаднаас хар өнгийн мустанг маркийн улсын дугааргүй мотоцикльтой яваад адууныхаа махыг миний давхар кабинтай пронтер маркийн машинаар аймгийн төв рүү оруулж ирсэн. Гийн гэрийн гаднаас унаж явсан мотоцикль нь Гийн мотоцикль байгаа юм. Одоо Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй баг Согоот гэх газар байх Гийн гэрийн гадаа байгаа. Миний хулгайлсан адуугаа аймгийн төв рүү ачиж ирсэн автомашин бол миний аавын төрсөн дүүгийн машин байгаа юм. Бид нар Ц гэж дууддаг юм. Ц ах энэ машиныг бас хүнээс худалдаж авчихаад шилжилт хөдөлгөөн хийлгээгүй байсан юм билээ. Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрээ Ч овогтой Т гэх хүний нэр дээр байдаг харагдсан. Хулгай хийх санааг Г бид хоёр хоорондоо ярилцаад гаргасан. Бид хоёр Пыг үхэр хурааж явахад нь таараад “бид хоёр Б ахад өртэй юм, энэ адуунуудаас нэг адууг нь нядлаад аймаг оруулж зарах гэсэн юм” гэж хэлсэн. Бид хоёрыг айлын адуунаас хулгай хийж байгааг П мэдэж байсан. Бид гурав Од учруулсан 1.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Би тухайн адуунуудыг хараад О адуу байна гэж мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 64-68 хуу/
Д.Г яллагдагчаар өгсөн:...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 19 цаг 00 минутын үед манай найз Б аймаг орох гэж байгаа гээд манай гэрт ирсэн юм. Манай гэр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй баг Согоот гэх газар байдаг. Б бид хоёр нутгийн Бгэх ахад 500.000 төгрөгийн өртэй байсан юм. Баатарсүх ах өрөө нэхээд тухайн үед бид хоёрт өрөө өгөх мөнгө байхгүй байсан. Бид хоёр яаж өрөө төлөх вэ гээд ярилцаад байж байтал манай доороос 20 гаруй тооны адуу гараад ирсэн. Бид хоёр тэр адуунуудыг хараад энэ адуунуудаас нэг адууг нь барьж аваад нядалж зараад өрөө өгье гэж ярилцсан. Нөгөө адуунууд руу мотоцикльтой очих гэж яваад Пыг үхрээ хураагаад явж байхад нь таарсан. П бид хоёр “энэ адуунуудаас нэг адууг нь гаргах гэж байна, чи хэний адуу гэдгийг нь мэдэх үү” гэж асуухад “би сайн танихгүй, Д гэх хүний адуу байж магадгүй” гэж хэлсэн. Тэгээд гурвуулаа ярилцаад нөгөө адуунуудыг З гэх айлын хашаанд оруулж хашиж байгаад хонгор зүсмийн адууг барьж аваад Пад унуулаад Хулхи гэх газарт байх Энхтөрийн хашаа руу явуулсан. Б надтай хамт манай гадаа очоод тэндээс өөрийнхөө машиныг унаад Б машинтайгаа, би мотоцикльтойгоо Энхтөр гэх айлын хашаан дээр очсон. Бид гурав нөгөө барьж авсан адуугаа тэнд нядлаад махыг нь Бийн машинд ачаад Б, П хоёр аймаг руу аваад явсан. Би буцаад гэр рүугээ явсан. Б бид хоёр нутгийн ах Б зээлсэн 500.000 төгрөгийн өрөө дарах гэж хулгай хийсэн. Бид нарын хулгайлсан адуу хар дэлтэй хонгор морь байсан. Би тэр адууны им, тамгыг мэдэхгүй байна. Тухайн хулгайлсан адуугаа Пын гэрээс авчирсан тонгорогоор нядалж гаргасан. Одоо тэр хутгыг хаана байгаа талаар би мэдэхгүй байна. Тухайн үед би гэрийнхээ гаднаас өөрийн эзэмшлийн мотоциклийг унаад Энхтөр гэх айлын хашаан дээр очсон, одоо тухайн мотоцикль Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багт байх манай гэрийн гадаа байгаа. Адууны мах ачаад явсан автомашин Бийн машин байх. Б надад хэлэхдээ тэр машиныг авсан гэж ярьж байсан. Бид нар бусдад учруулсан хохирлоо барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 75-79 хуу/
Д.П яллагдагчаар өгсөн:.. Би 2018 оны 10 дугаар сарын 08-ны орой 18 цаг 00 минутын үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Тоором гэх газар үхрээ хураагаад явж байтал Г, Б нар ирсэн. Тэр үед Өлөнгөөс хэсэг адуу гарч ирж байгаа харагдсан. Г, Б хоёр надад “энэ адуунуудаас нэг адуу барьж аваад гаргах гэж байна” гэж хэлсэн. Бид гурав адуунуудыг хашиж байгаад хонгор зүсмийн адууг барьж аваад бусад адууг нь гаргаж буцааж залчихаад би хонгор адууг унаад Хулхи гэх газар байх Энхээ гэх айлын хашаанд аваачиж тэндээ уг адууг гурвуулаа гаргаж нядалсан. Хулгайлсан адуу хонгор зүсмийн адуу байсан. Би им, тамгыг нь анзаараагүй. Б Г нар адуу хулгайлах гэж байгаа талаараа надад хэлсэн. Би хоёр найздаа тусалсан юм. Бид гурав Тооромт гэх газар тааралдаад тэр адуунаас хулгайлах тухайгаа ярилцчихаад манай гэр рүү явж хүрэн иштэй тонгорог, мөн хазаар аваад буцаж нөгөө адуунууд дээр ирсэн. Миний өөрийн хазаар хутга байгаа юм. Тэр хутга, хазаар Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч Мөнтулгад байгаа.Надад ямар нэг мөнгө төгрөг өгнө гэж тохироогүй. Би тэр хоёрт зүгээр тусалсан. Г, Б нар хохирогчид 2.500.000 төгрөг, 500.000 төгрөг өгсөн гэсэн. Би аав, ээжийн хамт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоот гэх газар мал маллаж амьдардаг. Манай ээж Н бие их тааруухан байгаа болохоор энэ өвөл манайх аймгийн төвд өвөлжиж байгаа юм. Манайх 300 гаруй тооны малтай байх. Би нарийн сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 84-88 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 хуу, 8 хуу, 21 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 хуу, 9 хуу, 22-23 хуу/
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 14-15 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 17-18 хуу/
Илтгэх хуудас /хх-ийн 40 хуу, 48 хуу, 115 хуу/
Д.П иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 95 хуу/
Д.Г иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 96 хуу/
М.Б иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 97 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98-100 хуу/
Зөрчлийн лавлагаа /хх-ийн 103-104 хуу/
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 105-107 хуу/
А дансны хуулга /хх-ийн 108-110 хуу/
Автотээврийн үндэсний төвийн тодорхойлолт /хх-ийн 113 хуу/
Шинжээчид ажлын хөлс төлсөн баримт /хх-ийн 125 хуу/
Хохирогч Д.О хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 127-128 хуу, 177-179 хуу/
Оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 116-118 хуу, 126 хуу, 129-131 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч М.Б, Д.Г Д.П нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б, Д.Г Д.П нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоот гэх газраас иргэн Д.Огийн 1 тооны нас нийлсэн адууг бүлэглэн хулгайлсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч М.Б, Д.Г Д.П нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Огийн“...тээврийн хэрэгсэл саатуулах журмын хашаанд эхнэр Адтанцэцэгийн хамт очоод үзэхэд манай хонгор морийг нядлаад давхар кабинтай ачааны машин дээр аччихсан байсан. Тэгээд би өөрийн алдсан адуугаа таньсан...миний адууг Б, П, Г нар хулгайлсан байх...”гэх мэдүүлэг, гэрч Д.Он “...Согоот гэх газар руу Б, П, Г нар тууж очоод тарган хонгор морийг нь хулгайлж нядлаад аймгийн төв рүү машинаар ачаад явсан...”гэх мэдүүлэг, гэрч Д.Б “... Огийнх гэр бүлээрээ Улаанбаатар хотод байх хойгуур нь мал хариуцах эзэнгүй байхад нь голын урдаас Согоотын 3 залуу ирээд Согоот руу тууж айлын өвөлжөөн дээр нядлаад Архангай аймаг руу ачаад явсан байсан. Тэр нядалдсан адуу нь Огийн хонгор зүсмийн, нас гүйцсэн тарган морь байсан. Огийн морийг Б, П, Г нар хулгайлсан....”гэх мэдүүлэг, гэрч Э.Г “...ямар учиртай мах ачиж яваа талаар асуухад 10 дугаар сарын 08-ны өдөр Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоот гэх газраас Догоо гэх айлын хээр азаргатай 20 гаруй тооны адуунаас хонгор зүсмийн адууг Батзориг гэх айлын хашаанд Б, П, Гийн хамтаар гурвуулаа хашиж барьж аваад Хулхи гэх газар Энхээ гэх айлын хашаанд гаргаж гэдэс дотрыг жорлон руу нь хийсэн талаар ярьсан...гэх мэдүүлэг, гэрч Б.Ч “...Цагдаагийн газар ирээд асуухад Г, Б, П гурав хамт хулгай хийгээд Гийгээ үлдээсэн гэж ярьсан...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас М.Б, Д.Г Д.П нарыг бусдын малыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч М.Б, Д.Г Д.П нарыг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоот гэх газраас иргэн Д.Огийн 1 тооны нас нийлсэн адууг бүлэглэн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Д.Од 800.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож шүүх хуралдааны үед 1.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилсэн бөгөөд мөрдөн байцаалтын үед /хх-ийн 127-128 хуу/ 80.000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт гаргаж өгчээ.
Хохирогч Д.О нь шүүгдэгч нараас хохиролд тооцож шүүх хуралдааны үед 1.000.000 төгрөг авсан талаараа шүүх хуралдааны үед мэдүүлэг өгсөн байна. Мөн шүүгдэгч нар нь шүүх хуралдааны үед хохирогчид 1.000.000 төгрөг өгсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хохирогч нь уг мэдүүлгийг үгүйсгээгүй байна.
Иймд хохирогчийн шүүх хуралдааны үед нэхэмжилсэн 1.500.000 төгрөгөөс шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын үед өгсөн 1.000.000 төгрөгийг хасаж, үлдэх 500.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй, шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б, Д.Г Д.П нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б, Д.Г Д.П нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй хутга нэг ширхэгийг устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг хураан авч, прокурорын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож уг мотоциклийг улсын төсөвт шилжүүлэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овгийн М Б, Б овгийн Д Г, Г овгийн Д П нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч М.Б, Д.Г Д.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг хураан авч прокурорын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, уг мотоциклийг улсын төсөвт шилжүүлэх, албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Д.Г Д.П нар нь тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд тус тус заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Б, Д.Г Д.П нарыг тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч М.Б, Д.Г Д.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, Д.Г, Д.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ